АН-ын даргын сонгууль хоёр тусдаа явагдаж, хоёр даргатай боллоо. Ер нь бол намын дарга, үүрэг гүйцэтгэгч хоёр “Хэн нь түрүүлж Дээд шүүхэд намаа бүртгүүлэхийг та нар харна аа” гэсэн бооцоо тавиад өрсөлдөх шиг боллоо. Хэн нь ч бүртгүүлэхгүйн төлөө хийсэн ажил гэж хэлэх хүн ч бас байна.
2020 оны наймдугаар сард зарлагдаад байсан АН-ын даргын сонгууль хугацаанаасаа бараг найман сараар хоцорч, ирэх дөрөвдүгээр сарын 25-нд явуулахаар зарлагджээ. Тухайн үед Дотоод сонгуулийн хорооны дарга байсан И.Мөнхжаргалын гарын үсэгтэй “Сонгууль товлон зарлах тухай” тогтоол 2021.02.24-нд гарсан байна.
Үүнээс найм хоногийн дараа буюу 2021.03.04-нд АН-ын ҮБХ хуралдаж, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Дотоод сонгуулийн хорооны зарим гишүүдийг чөлөөлж, шинээр томилжээ. Шинэ бүрэлдэхүүн томилогдсоны дараа И.Мөнхжаргалыг ДСХ-ны даргаас чөлөөлж, Х.Алтангэрэлийг томилсон юм байна. Өөрөөр хэлбэл, үүнээс хойш намын дотоод сонгуулийг зохион байгуулах ажлыг Х.Алтангэрэл хариуцахаар болсон гэсэн үг.
Гэтэл И.Мөнхжаргал нь тамгаа авч гараад намын даргын сонгуулийг дахин сунгаа зарлаж, дөрөвдүгээр сарын 25-нд зарлагдаад байсан санал хураах өдрийг наашлуулан гуравдугаар сарын 28-нд болгож наашлуулаад, 19-нөөс бүртгэл эхлэх ёстой байсан нэр дэвшигчдийг 4, 5-нд бүртгээд сунгааг эхлүүлсэн билээ.
ҮБХ хуралдсаны маргааш буюу 5-ны өдөр /Намын Х Их хурлыг дүрмийн бусаар зохион байгуулсан, Их хурлаар хэлэлцээгүй дүрмийн өөрчлөлтийг УДШ-д хүргүүлсэн хэргээр үүрэг гүйцэтгэгчээс нь чөлөөлснөөс хоёр сарын дараа/ “АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Ц.Туваан АН-ын дарга С.Эрдэнэд намын тамгыг хүлээлгэн өгсөн” тухай мэдээг намын хэвлэлийн албанаас тараасан ч тэр нь худлаа болсон. Өнгөрөгч нэгдүгээр сард хуралдсан ҮБХ-ны хурлаас “АН-ын дараагийн даргыг сонгож, намын Их хурлаар батламжлах хүртэл тус намыг төлөөлөх эрх С.Эрдэнэд хадгалагдана” хэмээн шийдвэрлэсэн боловч намын тамга одоо хэр нь Ц.Туваанд байгаа. Харин С.Эрдэнэ хуучин тамгатайгаа яг адилхан дугаартай тамга хэвлүүлээд барьж байгаа юм байна.
Сүүлд С.Эрдэнэ нь “намын гишүүдийн хүсэлтээр намын эв нэгдлийг хангах үүднээс хоёр тусдаа зарлагдсан сунгааг нэгтгэн явуулахаар” нөгөө талаа урьсан боловч тэр нь ч гэсэн бүтэлгүйтэж, сонгууль хоёр тусдаа явсан нь энэ. Нэг нь цахимаар, нөгөө нь цаасаар. Цаасаар санал өгсөн гишүүдийн тоо нийт гишүүдийн 46,9 хувь гэж байгаа бол цахимаар өгсөн санал 20 гаруйхан хувь. Хоёр тусдаа явуулсан сонгуулиас хоёр намын дарга тодроод одоо УДШ-эд бүртгүүлэхээ хүлээж байна. Түүнээс наана намын Их хурлаар батламжлах ёстой, мэдээж аль нэгийг нь.
Хэрэв хоёр тал намын Их хурал дээр хайнаагаа хагалж чадахгүй бол аль аль нь Дээд шүүхэд бүртгэгдэхгүй гэсэн үг. Тэр нь хуулийн асуудал болохоос гадна улс төрийн ч асуудал болчихоод байгаа. Хэрвээ АН-ын шинэ даргыг УДШ бүртгэж авбал АН ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хууль ёсны эрхтэй болно. Аль аль нь хуулийн шаардлага хангаагүй буюу маргаантайд тооцогдож, бүртгэхээс татгалзвал АН сонгуульд оролцохгүй. АН сонгуульд оролцохгүй байх нь хэнд ашигтай вэ? МАН-д ашигтай. Харин шүүх хэний талд вэ?
Тийм болохоор АН-ын хувьд хамгийн боломжтой хувилбар нь сая болж өнгөрсөн хоёр сонгуулийн дүнг намынхаа Их хурлаар хэлэлцээд аль нэгийг нь УДШ-д өргөн барих. Тэгж байж Ерөнхийлөгчийн сонгуульд орох эрхээ олж авах. Нэр дэвшигч нь хэн байх хийгээд ялах, ялагдах нь чухал биш. Ямар ч байсан 30 жил сөргөлдсөн МАН-даа өрсөлдөгчгүй бууж өгч болохгүй гэдэг л нэг зүйл. Сонгуулийн дараа наадам өнгөрөөгөөд дотоодынхоо “дайнд” орно биз. Дахиад гурван жил сайхан дайтах хугацаа байна.
Харин нөгөө нэг хувилбар нь энэ чигээрээ хоёр тийшээ хараад УДШ дээр очих, тэгээд сонгууль дуустал тэндээ хадагдах. Муу юманд ч сайн тал бий гэдэг болохоор АН-д ч гэсэн тэр нь дээр биз. Сүйрэл нь хурдан ирж байж эргэж сэргэх нь ч гэсэн арай хурдан байна биз дээ. Тэртэй тэргүй нэг туган дор нэгдэх боломжгүй болсон хүмүүс эртхэн салан тусгаарлаад өөр өөрийн намыг байгуулсан нь дээр.
Ялангуяа АН-ын дарга С.Эрдэнийн нэр дэвшигчдийн сурталчилгааны сүүлчийн өдөр буюу өнгөрөгч баасан гаригт хийсэн Х.Баттулгатай холбоотой мэдэгдэл энэ нам хэний нам болсон, хэн намын шийдвэрийг гаргадаг вэ гэдгийн бэлээхэн нотолгоо болсон. Түүнийг өчигдөр болсон сонгуулийн санал хураалтын дүн давхар батлаад өглөө.
Сая болсон сонгуулиас харвал АН дотроо албан ёсоор хоёр, албан бусаар гурав хуваагдчихаад байна. С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар нь нэг тал болж аваад Х.Баттулгатайгаа үзэлцсэн боловч намын бусад лидерүүд, бусад бүлэг фракциас нэг нь ч үүнд нь оролцсонгүй. Тэр нь хоёр талын зодоонд оролцохгүй гуравдагч тал бас бий гэсэн үг. Тэгэхээр АН одоо хуваагдлаа гэхэд хоёр биш, гурав хуваагдаж таарах нь. Тэднээс ядаж нэг нь АН-ын өнгөрсөн 30 жил тээж тэвэрч ирсэн, алдаж асгаж явсан үнэт зүйл гээч юмыг авч үлдэж гэмээн тэр нь торойх ганц зүйл болох юм даа.
Б.СЭМҮҮН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй