“Хар нүдэн бүсгүй”, “Насны намар”-ын амилсан түүх

2021-03-17 1524 0

“Хилийн заставын хар нүдэн бүсгүй
Хээр талын хээн­цэрхэн сарнай
Хэний ч хүүгийн хайрыг булаасан
Хэнзхэн соёолох ганган сарнай” хэмээх “Хар нүдэн бүсгүй” дууг мэдэхгүй хүн үгүй. Одоогоос 35 жилийн өмнө Соё­лын гавьяат зүт­­гэлтэн, яруу найрагч Ш.Дул­маа Цэргийн ансамблийн хөгжмийн удир­даач гавьяат Д.Бадарч, хөгж­мийн зохиолч Л.Магсар­жав, “морины” хэмээн алдарш­­сан гавьяат Г.Бат­баяр, н.Амга­лан нарын уран бүтээлчид Сулин хээрийн заставт очжээ.

Тэднийг оройн хоол зооглох үед хөөрхөн алаг нүдтэй бүсгүй хоол зөөж байж. Тэр бүсгүй хаан найргийн хатан Дулмаа ахайтны хараанд өртжээ. Найрагч маань үзэсгэлэнт бүсгүйг хамгийн бага офицерын гэргий гэдгийг сонссон байна. Тухайн үед Ш.Дулмаа “Шувуу ч нисэхгүй энэ газар ийм хөөрхөн бүсгүй хань ижлээ дагаад ирж дээ” хэмээн ихэд бодлогоширсон гэдэг.

Гэтэл маргааш өглөө нь
“…Зүүдэнд гийх саран байгаарай
Зүрхэнд гэрэлтэх наран байгаарай…” хэмээх бадаг санаанд нь буусан аж. Тэгээд найрагч “Зүрхний наран” хэмээх дуу бичээд, хөгжмийн зохиолч Л.Магсаржавт үзүүлэхэд ихэд олзуурхаж аялгуу хийсэн түүхтэй аж.

Хилийн заставын хар нүдэн бүсгүйг Хүрэнбандийн Эгиймаа гэдэг. Тэрбээр залуу насаа Дорноговь аймгийн Сулинхээрийн хилийн заставт, заставын дарга, нөхөр Дамдины Энхжаргалын хамт элээжээ. Эгиймаа бүсгүй Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрж, өссөн бөгөөд сумынх нь 80 жилийн ойн номон дээр “Эрдэнэдалай сумын сайхан бүсгүй” гээд зуны ажлаар очсон залуус барааг нь харахаар гүйлддэг байсан тухай бичээд зургийг нь тавьсан байдаг гэнэ.


Энэчлэн дуу бүхэн түүхтэй. Хөгжмийн зохиолч Б.Магсаржавын ардын дуу мэт түгсэн нэгэн сайхан уран бүтээл бол “Насны намар” дуу. Б.Магсаржав хилийн цэр­гийн­­хэнтэй Хэнтий аймагт тог­­лолтоор явж байхуйд Увсын хязгаарт суусан ижий нь таалал болсон гунигт мэдээ иржээ.

Ижийтэйгээ уулзаж амжилгүй алдчихаад уйлан хайлан байхад нь яруу найрагч Дүгэрийн Амгалан таарч “Миний дүү сэтгэлээ барь. Хорвоогийн жам хойно яая гэхэв. Ах нь нэг дууны шүлэг бичиж өгье” гээд удаа ч үгүй
“Үсний минь сор мөнгөрөх тусмаа
Үгүйлэн санах юм төрсөн нутаг аа
Уулзаж амжаагүй ээжээ бодохоор
Уугуул нутаг минь хагсраад байх юм аа
Насны намар гадаа ирэхээр
Нартын жамыг ухаарах л юм даа…” гэж алгын чинээхэн цааснаа дурайлгаад өгчээ.

Увс руу онгоцоор нисэх замдаа тухайн шүлэгт ая хийж дууны нот, эх бичмэлээ ижийнхээ дэрэн дор нутаглуулсан гэдэг юм билээ. “Ах нь нэг шүлэг бичиж өгье. Түүнд ая хийж ижийдээ дуун суварга босго доо” гэхэд сэтгэлийг минь засч худлаа хэлж байна гээд итгээгүй хэмээн хөгжмийн зохиолч өгүүлсэн нь бий.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улс тунхагласны түүхт 100 жилийн ойн барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн бай гардана

Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож бай

2024-11-22

“Талын түмэн адуу” фестиваль энэ сарын 21-нд болно

Хэнтий аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Талын түмэн

2024-11-13

Дархан аварга А.Сүхбатыг нэг сая төгрөгөөр торгожээ

УИХ-ын гишүүн асан, Дархан аварга А.Сүхбат хоёр машин, арав гаруй хүний хамтаар Увс аймгийн Өндөрхан

2024-11-07