Монголын хувьд Коронавирусээс илүүтэй уушигны хатгалгаа, H3N2 вирус аюулын харанга дэлджээ. Энэ өвчний улмаас 2019 онд 78 мянга гаруй хүн өвчилж, 400 хүний амийг авч одсон гашуун мэдээллийг ЭМЯ-аас дуулгасан. Харин урд хөршид дэгдэж, дэлхийн 10 гаруй улсад тархаад буй коронавирүсээр өвчлөгсдийн тоо өдрөөс өдөрт тааварлах аргагүйгээр өсөн нэмэгдэж байна. Гэхдээ дэлхий дахинд үхлийн аюултай гэгдээд буй коронавирүсийн улмаас нас барагсдын тоог Монголд уушигны хатгалгаагаар амиа алдсан хүмүүстэй харьцуулахад бага тоо гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу. Өнөөдөр Монголд хатгалгаа тусаагүй, хүүхэд нь ханиад хүрч, өндөр халуурч үзээгүй хүн байхгүй.Уушигны хатгалгаагаар өвчлөгсдийн тоо жилээс жилд өсч, нас баралтын шалтгааны дээгүүрт эрэмблэгдэж байхад эрүүл мэндийн байгууллага, тэр дундаа салбарын яам нь арга хэмжээ авч чадалгүй өдийг хүрэв үү. Эсвэл агаар, хөрсний бохирдол, хорт зуршил нөлөөлөв үү. Нөгөө талаас хэнэггүй Монгол зангаас болов уу гэх зэрэг олон асуулт хариулт нэхэж байна.
Ердөө 3.3 сая хүн амтай монголчууд шинэ коронавирүсээс айж нийтээрээ үймэлдэх биш бодит аюул та бидний дунд байгааг хайхрахгүй өнгөрч болохгүй. Өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрдэг Монгол орны хувьд иргэд нь цаг уураас шалтгаалан өвлийн турш ханиаданд дарлуулж, эмчийн үүд сахих нь бичигдээгүй хууль. Залуусын хувьд эмнэлгийн босго давахаас төвөгшөөхдөө дур мэдэн эмийн сангаас эм авч уух, сошиалд “их мэдэгч”-дийн зөвлөгөөг дагах нь түгээмэл. Гэвч эмчийн жоргүй эмчилгээ эм бус хор болж, уушигны хатгалгаа, цаашлаад амиа алдахад ч хүргэх аюултай. Галлагааны улирал эхлэхээс дуусах хүртэл буюу 10-4 дүгээр сар хүртэл томуу томуу төст өвчний дэгдэлтийн улирал байдаг. Оргил үе нь арванхоёр, нэгдүгээр сар. Томуугийн улиралд уушигны хатгалгаагаар өвчлөгсдийн тоо нэмэгдэж, эмнэлгүүд ачаалалд дарагддаг. Тэр тусмаа бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүд, төрсний дараах ээжүүд болон хавсарсан архаг өвчтэй хүмүүст уушигны хатгалгаа хүнд хэлбэрээр тусах магадлал өндөр аж. Насанд хүрэгчдийн хувьд бактери, вирүсийн гаралтай уушигны хатгалгаа болон мэргэжлээс шалтгаалах чиглэлийн уушигны өвчлөл нэмэгдсэн байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд уушигны хатгалгаагаар амбулаторийн үзлэгт бүртгэгдсэн нийт хүн /давхардсан тоогоор / 2015 онд 66.923 байсан бол 2016 онд 104.810 болж өссөн ч 2017 онд 94.893 болж буурсан үзүүлэлттэй байаа юм. Энэ тоо 2018 онд өсч 110.028 мянгад хүрсэн бол 2019 онд 119.191 болж өсчээ. Мөн 0-5 насны хүүхдийн нас баралт сүүлийн таван жилд тогтмол өссөн үзүүлэлттэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
aimshigtai yum aa