Б.Бямбаа: Самбар дээр байсан шөнийн тэнгэртэй зургийг 10 минутад багтаагаад зурдаг

2020-09-21 2223 0

Самбар дээр шохойгоор хичээгүйлэн зурж буй бичлэг нь цахим орчинд тарж, олны хүндэтгэлийг хүлээгээд буй зураач, багш Б.Бямбаатай ярилцлаа. Тэрээр долоон жилийн хугацаанд уран зургийн багшаар ажиллаж буй бөгөөд уламжлалт заах аргыг эвдэхээр, Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд урлагийн боловсрол олгохоор багшилж эхэлжээ.

-Таны хувьд хэзээнээс багшлах болсон бэ?

-СУИС-ийг төгссөнийхөө дараа Тайваны их сургуульд уран зургийн чиглэлээр магистрт гурван жил суралцаж, 2013 онд эх орондоо ирсэн. Түүнээс хойш буюу долоон жилийн хугацаанд уран зураг, технологи, шугам зургийн хичээлийг заажээ. Багшлахаас бусад буюу чөлөөт цагаараа бүтээл дээрээ ажилладаг. Хамгийн анх “Өнөр бүл”  хүүхдийн асрамжийн төвд багшилж байлаа. Дараа нь хувийн сургуулиудад багшилж эхэлсэн. Одоо бол Jet сургуульд багшилдаг.

-Уран зураач хүн яагаад багшийн мэргэжлээр ажиллах болов оо?

-Би өөрөө хэдий цэвэр уран зургийн мэргэжилтэй хүн ч урлагаа хүнд зааж байгаа учраас багшлах дуртай. Нөгөөтэйгүүр,  хүн гэдэг өөрийн хөл нийлүүлэн амьдарч буй нийгэмдээ бага ч болов хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэдэг үүднээс хүүхдүүдэд багшилж эхэлсэн.

Монголд маань урлагийг хүлээж авах нь урлагийн талаарх боловсролын түвшингээс, санхүүгийн боломжоос шалтгаалан хүн бүр харилцан адилгүй байна. Тиймээс өөрөөсөө эхлээд ч болов ирээдүй болсон хүүхдүүддээ  дэлхийн боловсролыг эзэмшүүлэх хүсэлтэй гэж бодсон гэх үү дээ.

Бидний үед, одоо ч тэр зургийн хичээл гэхээр л А4-ийн дэвтэр дээр өнгийн харандаагаар сэдэв өгөөд зураг зуруулдаг. Гэвч олон улсын түвшинд хүрсэн арга техникийг төдийлөн харьцангуй бага олгодог санагддаг. Мэдээж багш болгон өөрийн сургалтын арга барилтай байдаг. Гэвч хуучинсаг энэ хэв маягийг орчин үеийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга барилтай хослуулан батлагдсан стандарт сургалтын хөтөлбөрөөр орох нь зүйтэй.

-Хүүхдүүдэд самбар дээр шохойгоор зурж үзүүлж байсан зураг ямар утга учиртай юм бэ, хичээлийн хөтөлбөрт багтсан байдаг юм уу?

-Мэдээж багталгүй яахав. Есдүгээр сард орох хичээлийн агуулгын эхний гурван долоо хоногт “Зураасан зураг зурах”, “Өөрийн бодлоо зургаар илэрхийлэх”, “Дэлхийн суут зураачидтай танилцах” гэсэн агуулгууд багтдаг. Миний хичээлийн хөтөлбөр 40 минутад багтах ёстой байдаг.

10 минутад багтаагаад самбар дээр байсан шөнийн тэнгэртэй зургийг зурдаг. Тэрхүү зурганд маань хичээлийн хөтөлбөрт багтсан бүх зүйлс багтсан байдаг.

Номон дээрх хөтөлбөрийг илүү баяжуулж заахыг хичээдэг. Хүүхдүүд маань эхний ээлжинд миний зурж байгааг харна, дараагийн ээлжинд харсан зүйлээ төсөөлөн харж зурдаг. Олон улсад Project Based Learning гэж сургалтын арга барилыг их ярих болсон. Энэ нь багш зөвхөн заах биш хүүхдийн оролцоог зайлшгүй оруулж дээр нь хүүхдүүдээс өөрсдөөр нь шийдлийг гаргуулж, амьдралд хэрэглэх арга барилыг эзэмшүүлэхэд энэ арга чиглэгддэг.

Зургийн хичээлээ заахдаа хүүхдүүд рүүгээ нуруугаа харуулж хэзээ ч заадаггүй.  Хэдий самбар дээр бийрээр зурж байгаа мэт шохойгоор зурах нь маш хэцүү байдаг боловч нэгэнт л тэр самбар дээр хүүхдүүддээ харуулахын тулд зурж байгаа учраас хажуу талаараа харж зурдаг. Би өөрийнхөө хувьд аль болох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хичээлийн арга барилиудыг хичээлдээ оруулж заахыг хичээдэг.

Сая цахим орчинд тавигдсан бичлэгийн тухайд тухайн өдөр миний анхны хичээлээ орж байсан дөрөвдүгээр ангийн хүүхдүүд маань утсаараа бичлэг хийсэн байсан. Утсаар бичлэг хийсэн нь нэг талаар багшаас, сургуулиас зөвшөөрөлгүй бичлэг хийх нь буруу гэдгийг хүүхдэд ойлгуулж хэлсэн. Гэсэн хэдий ч тэр хүүхдүүдийн хүлээж авч байгаа сэтгэл хөдлөлийг хараад өөрийн танил найз нарын хүрээнд тавьсан. Гэхдээ ингэж олон хүний хандалт авна гэж бодоогүй. Энэ дашрамд хэлэхэд хүмүүс маш сайхнаар хүлээж авч байгаад талархалтай байна.

-Уран зураг хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Уран зургаар хичээллэснээр нэгдүгээрт, хүүхэд сууж сурдаг,  нэг ажлыг дуусгаж сурдаг. Хоёрдугаарт, урлагийн өндөр гоо зүйн боловсролтой болдог. Америк, Тайвань зэрэг дэлхийн бусад орнуудад зургийн стандартад сургалт яг ингэж л явагддаг. Гуравдугаарт, тухайн хүүхэд өөрийнхөө хэмжээнд зурж сурдаг. Тэр хүүхэд ямар ч мэргэжилтэй болсон, урлаг, уран зургийг тодорхой түвшинд хэрэглээд явна. Өнөө үед урлаггүйгээр альваа нэг зүйлийг хийхэд бэрх болсон. Ядаж л хувцасаа зөв сонгоод өмсчихдөг болно.

-Манай ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрийн цөм нь математик, тоо байдаг бол эсрэгээрээ технологи, уран зургийн хичээл туслах хичээл байдлаар явдаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг бэ?

-Онцлоод хэлэхэд дүрслэх урлагийн хичээлийг хэзээ ч орхигдуулж болохгүй. Бид нар амьтнаас ганцхан зураг зурдгаараа ялгаатай. Зарим амьтны зүйл тоолж чаддаг нь судалгаагаар батлагдсан, харин зурж чадахгүй. Хүмүүс бид аливаа амьтнаас зураг зурдгаараа, төсөөлөн боддогоороо л ялгаатай.  Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал эхэлснээр аливаа ажлыг компьютер, робот хийдэг болж байхад эсрэгээрээ урлагийн гоо зүйн мэдрэмжийг биднээс шаардаж байна. Робот цаанаас өгсөн өгөгдлийн дагуу зурж чадахаас хүн шиг сэтгэж, төсөөлөн бодож, аливаа дүрслэлийг амилуулж чадахгүй. Нөгөө талаар, бүх зүйл автомат болж байгааг харин биетээр самбар дээр гараараа зурахыг илүүд үздэг. Зургийн багш хүн хүүхдүүдэд нэг сэдэв өгөөд суулгах бус өөрөө үлгэрлэн үзүүлэх нь чухал болов уу.

Өөрөөр хэлбэл, багш хүн өөрөө гараараа зурдаг байх ёстой.  Роботуудад команд өгөхөөр суудаг бол хүүхэд бол өөр гэж л хэлмээр байна. Хүүхэд болгон өөр өөр гайхамшигт eртөнцийг, ирээдүйг бүтээх цав цагаан цас шүү дээ.

-Таны хувьд яагаад зураач мэргэжлийг сонгох болсон бэ. Хүүхдээ урлагийн замналаар явуулах сонирхол бага хандлага одоо ч эцэг, эхчүүдийн дунд байсаар байна?

-Дэлхийн түвшинтэй харьцуулахад хэцүү боловч манай улсад урлаг өмнөхөө бодвол тодорхой хэмжээнд ахиц, дэвшил гарсан. Урлаг чамайг сонгохоос чи урлагийг сонгодоггүй. Зураач хүн зургаа зурж байх үедээ л жаргалтай байдаг. Зураач хүний төсөөллийн ертөнц цаасан дээрээ буудаг. Миний хувьд ч гэсэн бас л нэг хүүхдүүдийн тархинд урлагийг суулгах гэж, хичээж яваа жирийн нэгэн зураач багш. Миний хувьд урлагтаа баярладаг. Дуртай юмаа хийж сайхан амьдарч болдог гэдгийг хэлмээр байна. Гэхдээ хатуухан хэлэхэд үнэхээр авьяастай л бол урлагаар амьдрах боломжтой. Урлагийн салбар бол хатуу.

-Хүүхдийн наснаас хамааран заах арга, техник өөр байдаг уу?

-Нэгдүгээр ангийн хүүхэд харандаагаа эзэмшиж сурдаг. Гуравдугаар ангиас эхлэн харандаагаа барьж сурсан хүүхэд бийр будаг барьж сурна. Мэдлэгийг бүгд хүртээмжтэй хүлээж авах боловч уулын мод урттай, богинотой гэдгийн адилаар үнэхээр авьяастай хүүхэд цойлоод гараад ирдэг. Тавдугаар ангиас эхлэн гуашаар зурж эхэлдэг.

-Оюуны салбарт түгээж байгаа мэдээлэл тань улам дэлгэрч монголын маань ирээдүй урлагаар бүхнийг харсан, хайраар бялхсан нийгмийн бүтээлцэх иргэд болно гэж итгэж байна. 

-За баярлалаа.

Эх сурвалж: Gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Б.Амармэнд: Бөөрөлжүүтийн цахилгаан станцад гарсан галын улмаас хүн бэртэж гэмтээгүй

Төв аймгийн Баянжаргалан суманд барьж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцад /2024.11.17/ гал гарчээ.

2024-11-18