Үндэсний Статистикийн хороо, НҮБ-ын Хүүхдийн сангаас “Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа нэмэх 2020-2021 (ОҮБТС+)” судалгааныхаа эхний хоёр үе шатны үр дүнг танилцуулсан.
2020.09.18-10.25-ны хооронд явагдсан нэгдүгээр шатанд КОВИД-19 цар тахлын үе дэх 2-17 насны хүүхдүүдийн зайн сургалтын талаарх судалгаа байсан юм.
Нийт 2200 өрхийг түүвэрлэж, түүврийг 4 бүс тус бүрээс 400 өрх, Улаанбаатар хотоос 600 өрх байхаар сонгожээ. Панел дата үүсгэхийн тулд судалгааны үе шатуудад ижил өрхийг судалгаанд хамруулжээ.
2020 оны хоёрдугаар сард сургууль, цэцэрлэгийн танхимын үйл ажиллагааг хаахаас өмнө 2-17 насны хүүхдүүдийн 86% нь цэцэрлэг, сургуульд сурч байжээ.
Хөдөөний 10 хүүхэд тутмын дөрөв нь, хотынхны гурав нь ТВ/Радио хичээлд хамрагдаж чадаагүй нь боловсролын үйлчилгээний тасралтгүй байдалд бэрхшээл үүсгэж болзошгүй гэдгийг судалгааны багийнхан анхааруулав.
ТВ, радиогоор хичээл үзэж, сонссон 2-17 насны хүүхдийн зайн сургалтад хамрагдалт 60%-тай гарчээ.
Хотын хүүхдүүдийн тэн хагас нь, хөдөөгийн хүүхдүүдийн хувьд арай илүү хувь (55 хувь) нь сургууль, багш нараасаа нэмэлт хичээл авсан бөгөөд тэд өдөрт дунджаар нэмэлт онлайн хичээлд 67-79 минут зарцуулж байна.
Хувийн сургуулийг улсын сургуультай харьцуулахад нэмэлт хичээл өгөх нь илүү буюу нэмэлт хичээлд зарцуулж буй хугацаа 40 минутаар илүү байсан байна.
- – Гэрийн даалгавартай байсан хоёр хүүхэд тутмын нэг нь эцэг эхээсээ, дөрвөн хүүхэд тутмын нэг нь ах, эгчээсээ дэмжлэг авсан. Гэрийн даалгавартай байсан дөрвөн хүүхэд тутмын нэг гэрийн даалгавраа хийхэд ямар нэг дэмжлэг аваагүй.
- – Хотын дөрөв, хөдөөний гурван хүүхэд тутмын тус бүр нэг хүүхдийн багш болон сургууль өрхтэй нь огт холбоо бариагүй.
- – Зайн сургалтын явцад сургалтын материалын хүртээмж хангалтгүй бөгөөд хүүхдүүдийн тал хувьд ч хүрээгүй.
- – Хөдөөний хүүхдүүдийн 30 хувь, хотын хүүхдүүдийн 43 хувь нь сургууль, багш нараасаа сургалтын материал авчээ. Цаашилбал, хүүхдүүдийн сурлагын амжилтын талаар мэдээлэл хязгаарлагдмал байна.
- – 2019-2020 оны хичээлийн жилд ЕБС-ийн 3-12 дугаар ангийн, хөдөөний хүүхдүүдийн талаас илүү хувь, хотын хүүхдүүдийн 43 хувь нь сурлагын оноогоо мэдэхгүй байгаа.
- – Гурван өрх тутмын нэг нь интернэт холболтгүй.
- – Нийт хүүхдийн 98% нь хичээлээ телевизээр үзсэн.
- – Нэмэлт хичээл гэдэг нь Засгийн газраас хэрэгжүүлсэн ТВ/Радио хичээлээс гадна сургууль эсвэл багшаас өгсөн хичээлийг хэлнэ.
Эцэг эхчүүдийн зайн сургалтад өгч буй сэтгэл ханамж:
37% нь хангалуун,
33% нь аль нь ч биш,
24% нь огт сэтгэл хангалуун биш
6% нь мэдэхгүй хэмээн хариулсан болохыг судалгааны багийнхан танилцууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй