Эрдэни Жалцанов: Миний найман настай охин Бадам, Чагдар хоёрт дуу оруулсан

2020-12-08 1054 0

Буриад улсын “Ульгэр” Хүүхэлдэйн театрийн уран сайхны удирдаач, найруулагч, зохиолч, “Нүүдэлчдийн зам” олон улсын Хүүхэлдэйн их наадмын ерөнхий зохицуулагч Эрдэни Жалцановтай ярилцлаа.

Бүх Оросын үндэсний театрын “Золотая маска” 3 удаагийн шагналт:

-2006 онд “Дуут сум” жүжгээр 2 удаа 

-2010 онд “Кумаланы мөнхийн гэрэл дор” жүжиг

БИ ШАГДАР БИШ, БИ ЧАГДАР 

-Сайн байна уу, Та? Сайхан өвөлжиж байна уу?

-Сайхаан, сайн байна уу?

-Улаан-Үдээр сонин сайхан юутай, уран бүтээл олз омог ихтэй юу?

-Улаан-Үдэд ойрд тэнгэр бүрхэг ч дулаахан байна. Тас хийсэн жавартай өдрүүд удахгүй болно.

Би 2000 оноос хойш Хүүхэлдэйн театрт уран сайхны удирдаач, Буриад FM радиод хүүхдийн нэвтрүүлгийн зохиолч, найруулагчаар ажиллаж байна. Урлаг өөрөө хязгааргүй болохоор уран бүтээл арвин байнаа. 

-Танд буриад зон олноос гадна өөр үндэстэн ястны аж амьдралаас сэдэвлэсэн бүтээл бий юу?

-2010 онд Эвэнк буюу цаатан үндэсний үлгэр домог, ёс заншлаас сэдэвлэсэн жүжгийн зохиол бичиж, найруулан тавьсан. Энэ жүжиг минь надад гурав дахь “Золотая маска” авчирсан түүхтэй. 

-Та монгол ахан дүүстэйгээ хэдий үеэс холбогдсон бэ?

-1991 оноос Хасар Жаргалсайхантай бид дотно найзууд болсон. Мөн Ц.Төмөрбаатар, яруу найрагч Хэнтийн Батхүү, драмын театрын жүжигчин Түвшинхүү, Хүүхэлдэйн театрын ахмад жүжигчид гээд нэрийг нь дурдахад дуусахгүй олон найз нөхөд бий. 2007 онд Монголын Хүүхэлдэйн театртай Бавуугийн Лхагвасүрэн гуайг дарга байхад хамтран ажиллаж, харилцан айлчлан тоглолт хийж, Халимаг руу фестивальд цугтаа явж байсан сайхан дурсамжтай. Одоо ч манай Хүүхэлдэйн театрт Санкт Петербургт төгссөн таван авьяастай монгол залуус тав дахь жилдээ ажиллаж байна. 

-Эртний сайхан харилцааг ганхаахгүй, гагнаж яваа танд талархмаар байна. Ингэхэд та аль нутгийн хөвүүн бэ?

-Баярлалаа. Би Сартуул буриад хүн. Бидний өвөг дээдэс Завхан нутаг орчмоос гурван зуугаад жилийн тэртээ Буриадад нүүж ирсэн. Сартуул буриад халх аялгатай хамгийн төстэй. Бидний ёс заншил, ахуй соёлд ч адилхан зүйл их байдаг. Манай Зэд аймаг Сэлэнгэ аймагтай хиллэдэг болоод ч тэр үү бид монголоор бусад буриадаас илүү сайн ярьдаг. 

-Таны уран бүтээлийг ажиглахад, нутгийн аялга анзаарагдсан?

-Тиймээ. Хүүхдүүд багаасаа цэцэрлэг, сургуульд орос хэлээр сурна. Хорь, сонгоол, булгад, ага гэх мэт буриад аялга бий ч буриадууд голдуу оросоор ярих юм. Буриад монголоо мэдэхгүй буриадууд ч их. Дараагийн бүтээлүүдээ энэ маягаар улам баяжуулах төлөвлөгөөтэй. 

-Таны Бадам, Чагдар хоёрын богино хэмжээний хүүхэлдэй монголчуудад их хүрч, нийгмийн сүлжээнд нэлээд тарсан. Энэ бяцхан түүхийн санаа хэрхэн төрөв?

-Бага наснаас эхлэлтэй. Бидний үеийнхэн өвлийн улиралд яг л тиймэрхүү нусаа гоожуулаад цас, мөсөн дээр гулгаж, тоглож өнждөг байсан. Дашрамд хэлэхэд, Бадам, Чагдар хоёрт миний найман настай охин Янжмаа дуу оруулсан. Бадам хорь буриадаар, Чагдар сартуул буриадаар ярьдаг. 

-Хөөх, авьяастай охин байна шүү. Ирээдүйн алдартай жүжигчин аль хэдийн танигдаад эхэлжээ. Та гэр бүлээ бидэнд танилцуулаач?

-Баярлалаа. Манай эхнэр эвлүүлэгч хийдэг. Том охин хөгжмийн зохиолч, Москвад амьдардаг. Дунд охин компьютер графикч, хүү зураач, бага охид дунд сургуулийн сурагч. 

-Урлагийн уурхай болсон гэр бүл юм. Энэ уурхайгаас шавхагдашгүй эрдэнэс олон мянган тонноор олборлогдох нь дамжиггүй. Таны уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье!

-Маш их баярлалаа. Бадам, Чагдарын хүүхэлдэйг анх эхнэр маань фэйсбүүк хуудсандаа оруулсан. Олон хүмүүст тэр дундаа монголчуудад таалагдаж, хэдэн мянгаар хуваалцсан нь сайхан санагдсан. Уран бүтээлч хүний хувьд улам их урам зориг орж, хүүхэлдэйгээ цувралаар хийж байна. Дөнгөж сая хоёрдугаар хэсэг төрлөө. Цаашид би ухаанаа уралдуулж, санаагаа хэрэгжүүлэх том ажилтай боллоо. (Инээв)

-Ярилцсанд баярлалаа.


Бадам, Чагдар хоёр

Бадам Чагдарынд зочилсон нь

“Хоёр хөвүүн”

Би том болоод чемпион (аварга) болхоб.

Би том болоод пират (дээрэмчин) болхоб. 

Би том болоод человек паук (хүн аалз) болхоб. 

Би том болоод пират паук болхоб. 

Би том болоод кунг фу панда болхоб. 

Би том болоод кунг фу пират болхоб. 

А манайд Тоёота корова (Королла) бий.

А манайд тоже корова бий.

А манай ааваа милиционер (цагдаа)

А манай баавай пенсионер (тэтгэвэртээ)

А манай ээжээ домакозявка.

А манай ээжээ козявка (1. жижиг хорхой, 2. хатсан нус)

А манай 

А манай 

А манай… 

“Абгай хүү хоёр”

Скажи, “Абгай, би болёоб”

Скажи, абгай 

Үгий, ши хэлээ, “Абгай, би болёоб”

Үгий, ши хэлээ, “абгай” 

Үгий, ши хэлээ, “аб- гай” 

А-б-гай би-и, би-ии

Болёоб

Абгай би даарааб л шээхэм 

М. Саруулсайхан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

81 настай модель миссийн тэмцээний “Хамгийн сайхан хувцасласан оролцогч”-оор шалгарчээ 

Ирэх сард Мексикт болох 73 дахь удаагийн "Miss Universe" тэмцээнд оролцох оролцогчоо улс орон бү

2024-10-03

NBA-гийн домог Мутомбо таалал төгсжээ

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Алдрын танхимын гишүүн Дикембе Мутомбо 58 насандаа таалал төгссөн

2024-10-01

Э.Содномпилжээ: Парис руу явахаас 14 хоногийн өмнө Казахстанд очиж физик эмчилгээ хийлгэсэн

“Рио-2016”-оос хүрэл, ”Токио-2020”-оос алт, “Парис-2024”-өөс мөнгөн медаль хүртэж, паралимпын наадмы

2024-09-10