1072 ХУВЬЦАА: Т.Золжаргал: Тавдугаар сараас хойш өдийг хүртэл 60 тэрбум төгрөг үр дүнгүй дансанд хэвтэж байна

2020-08-31 696 0

“Эрдэнэс Тавантолгой” ХХК нийт хувьцаа эзэмшигчид болох 2.5 сая гаруй иргэнд ногдол ашиг олгох шийдвэрийг өнгөрсөн  оны арванхоёрдугаар сард гаргасан. Тавдугаар сарын 1-ээс эхлэн ногдол ашгийг тараана гэж байсан авч өнөө хүртэл сураг алга.

Тус компанийн Тайлан бүртгэлийн хэлтсийн дарга Т.Золжаргал “Нийт 2.512.768 иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 2,213,060,522  ширхэг хувьцаа эзэмшдэг. Эдгээр иргэдээс гадна 486 аж ахуйн нэгж 7.065.038 ширхэг хувьцааг эзэмшдэг. Ард иргэд болон ААН-үүдэд ногдол ашиг тараахад нийт 179,830,170,360 төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Энэ мөнгийг “Эрдэнэс Тавантолгой” ХХК 100 хувь бүрэн шилжүүлсэн байгаа” гэсэн тайлбарыг өгч байна.

Мөн тэрээр “Татварын хуулийн дагуу нэгж хувьцаанд 90 төгрөг ногдохоос орлогын албан татвар 10 хувь суутгагдаж иргэдийн гарт 81 төгрөг очно. Иргэдийн хувьцааны харилцан адилгүй тоо бүрийг тооцож, дээрх дүн буюу 179 тэрбум гэдэг тоо гарсан.  2.512.768 хүн дунд есөн ширхэг хувьцаатай ч хүн байна, 1072 хувьцаатай ч хүмүүс байна. “Сайн хувьцаа” арга хэмжээнд оролцоод 300 хувьцаагаа арилжсан хүмүүс ч байна” гэжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн зүгээс мөнгөө бүрэн шилжүүлээгүй нь ногдол ашиг тараах ажлыг хойшлуулж байна гэх мэдээллийг Сангийн яам болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс өгсөн.  Харин энэ асуултад дараах хариултыг өгчээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-өөс ногдол ашгийг тавдугаар сарын 1-ээс эхлэн тараах шийдвэр гарсан. Гарсан шийдвэртэй холбогдуулан гуравдугаар сараас бэлтгэл ажлыг эхлүүлж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн  төвтэй ногдол ашиг зуучлуулан тараах тухай гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХХК Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү ногдол ашгийн төлбөрийг үе шаттайгаар шилжүүлэх, харин  Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв өөрт байгаа бүртгэлээрээ ард иргэдэд хувьцааны ногдол ашгийг тараах үүрэг хүлээсэн.

Бэлтгэл ажлын хүрээнд Сангийн яам,  СЗХ, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй олон удаагийн хамтарсан уулзалтуудыг хийсэн.  Өмнө нь 2.5 сая иргэнд ногдол ашиг тарааж байсан туршлага бидэнд байгаагүй. Мөн  иргэдийн хоёр дансаа бүртгүүлэх үйл явц удаашралтай байсан учраас үе шаттай хийх тохиролцоонд хүрсэн.

Тавдугаар сарын 1-ний байдлаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс ирүүлсэн албан мэдээллээр нийт 2.5 сая хүнээс 428 мянган хүн л хоёр дансаа хоёуанг нь баталгаажуулсан, ногдол ашгаа авахад бэлэн болсон байсан.

Үе шаттайгаар буюу бүртгэл нь асуудалгүй иргэдийн ногдол ашгийг эхнээс нь шилжүүлэхээр тавдугаар сарын 5-нд эхний 60 тэрбумын санхүүжилтийг  шилжүүлсэн.

Бидний анх хүрсэн тохиролцооны дагуу бол эхний санхүүжилтийг  шилмүүлмэгц ногдол ашгийг эхнээс нь  тараах ёстой байсан.

Ингээд эхний санхүүжилтээ шилжүүлээд байж байтал тавдугаар сарын 15-нд 428 мянган иргэн чинь 702 мянга болсон гэсэн албан бус мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс ирүүлсэн.

Хамгийн анх ирүүлсэн тоо болох 428 мянган иргэнд ногдол ашиг өгөхөд 28.9 тэрбумын санхүүжилт хэрэгтэй байсан. Дараа нь нэмэгдсэн 702 мянган иргэнд ногдол ашгийг нь тараахад 48.5 тэрбум шаардлагатай байсан. Тэгэхэд бидний шилжүүлсэн 60 тэрбум хангалттай байсан. Мөнгө байхгүйгээс болж ногдол ашиг өгөхгүй байсан гэж ойлгож болохгүй.

Наймдугаар сард Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс мөнгөө л бүтнээр нь өгчих, бид  тэгвэл ногдол ашгийг нь олгож эхэлнэ  гэсэн. Хэлснийх нь дагуу  наймдугаар сарын 5-нд 40 тэрбумын санхүүжилт  нэмж шилжүүлсэн.

Дээр дурдсанчлан мөнгөө бүтнээр нь шилжүүлчих гэдэг хүсэлт манайд удаа дараа ирсэн болохоор  наймдугаар сарын 24-нд үлдсэн 79.8 тэрбумыг шилжүүлсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХХК нь бизнесийн байгууллага, ийм их мөнгийг хэлсэн даруйд нь шилжүүлээд байх хүндрэлтэй.

Тэр мөнгөө эргэлдүүлж байх ёстой атал тавдугаар сараас хойш  өдийг хүртэл 60 тэрбум төгрөг үр дүнгүй дансанд хэвтэж байна.

Тэр мөнгийг эргэлдүүлж байсан бол ашиг орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэхийг үгүйсгэхгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг бэлтгэж байна

Боловсролын яамнаас хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэн, тэгш хамруулж,

2024-10-09

ЦЕГ: Банк болон улсын бүртгэлийн газрын алба хаагчид нийлж мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт 7 хүнийг сэжигтнээр татсан

Нэр бүхий арилжааны банкны ажилтнууд, улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүдтэй нийлж мөрийтэй тоглоо

2024-10-03

Нойтон цас орж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй замуудад хөдөлгөөн хязгаарлаж болзошгүй

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр Булган, Сэлэнгийн зарим г

2024-10-03