Тэрээр Сүхбаатар аймгийн Онгон сумын унаган хүүхэд. Бага байхын л адуу малтай ойр өссөн хөдөөгийн эгэл боргил хөвгүүдийн нэгэн. Түүний аав Онгон сумандаа олон жил Засаг дарга, Тамгын газрын дарга явсан багш мэргэжилтэй. Ээж нь ч бас багш. А.Мөнхбат айлын ууган хүү бөгөөд хоёр охин, нэг эрэгтэй дүүтэй. Дуучин эрхмийн аав, өвөө, өвөөгийн ах нар хусуур сойзоор гоёсон, нутаг орондоо одтой наадагсад. Тэднийхэн нэг жилийн сумынхаа наадмаар хурдан морины уралдааны хоёр түрүүг авч, өвөөгийн нь ах барилдаад түрүүлсэн бахдам түүхийг А.Мөнхбат ярих дуртай.
-“Манай адуу”-гийн Мөнхбат чинь гурав дахь үеийн уяач байсан байх нь ээ. Хусуур, сойзоор гоёсон өвөө, аав нарынхаа тухай яриач?
-Юуны өмнө “Монголчуудын амьдрал” сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Манай дээдчүүл чинь Сүхбаатар аймгийн Хонгор сум гэж байхад түүгээр нутаглаж, хурдан хүлгэдээ уяж сойдог байлаа. Тухайлбал, олон буган, алаг адуу хурдлуулсан улс байдаг. Нэг жил өвөөгийн маань ах Мятав барилдаж түрүүлээд, өвөөгийн хоёр буган адуу түрүүлж, нэг наадмын гурван түрүү авсан удмын хүн дээ, би. Бид Мятав ахыгаа Өндөр ах гэж авгайлдаг. Энэчлэн өвөө, аав, аавын дүү нар бүгд л морь уяна. Миний бага нас эдний хажууд, Онгон сумандаа өнгөрсөн. Манай Сүхбаатар чинь яалт ч үгүй адууны нутаг л даа. Хөдөөний хөвгүүдийн адилаар морь унаж, дээлээ уралцан бөх барилдаж, зуны урт өдрүүдийг өнгөрөөнө. Морь унахын тухайд хоёр жил л болсон байх. Харин хүүхдийн барилдаанд олон барилдсан. Манайхан “Мөнхбат амар” гээд адуу мануулахгүй л гэнэ. Харин хожмоо сургууль соёлын мөр хөөж, хэсэг завсарлаад, 2012 оноос орчин цагийн морь уясан түүх маань эхэлдэг юм.
-Уяачийн гараа хэрхэн эхэлж байв?
-2012 онд Сүхбаатар нутгаараа явдаг юм аа. Адууны орон болсон нутгийнхан маань сайхан хүлээж авсан. Манай Сүхбаатар бол ёстой л энэ дуунд гардагчлан зүс зүс нь бүрдсэн олон адуутай нутаг шүү дээ. Энэ үеэс олон бэлэгний адуутай болсон. Дуучин Л.Банзрагчтай Эрдэнэцагаан, Дарьганга, Халзан сумаар явж, 14-15 адуутай болоод ирж байлаа. Тэр дотор Хутаг-Өлзийн Эрдэнэбаяр гэж ах хүү Дарьгангаас алаг морин хязаалан бэлэглэсэн. Энэ алаг үрээгээ би хавар нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат Галт гэж ахаар уяуллаа. Ямар ч тэжээлгүй адуу ингэж таван сард авчраад, Баянзүрх дүүргийн 45, Төв аймгийн Баян-Өнжүүлд болсон Шагдаржавын 130 жилийн ойд оропцож, тус тус наймаар ирсэн. Харин соёолон болдог жилээ Төв аймгийн Баянцогтын 82 жилийн ойд түрүү магнайд хурдалж, давхар уяагаар улсын наадамд 58-аар давхисан. Үргэлжлүүлээд Өвөрхангайн Зүүнбаян-Улаан сумын 80 жилийн ойд очиж тавласнаар уяачийн гараагаа сайхан эхлүүлсэн. Ер нь 2013 оноос тун ч одтой наадсан. “Өндөр” Шарав-Арилдын Батсуурь гэж ах хүү дээрээ морь малаа төвлөрүүлж, 2013-2018 он хүртэл Мөнххаандаа наадсан. Энэ хугацаанд Мөнххаан сумын баяр наадмаас 7-8 айраг хүртсэн. Тодруулбал, Мөнххаан суманд хонгор зээрд азаргаа тавлуулж, хээр хязаалан гуравлаад, шарга үрээ шүдлэнд аман хүзүүдэн, Дарь халтар мөн тавласан. Бас Сүхбаатар аймгийн гурван сумын ойд азарга айрагдууллаа. 2014 онд чинь Түмэнцогтын 60 жилийн ой болж, халтар хязаалангаа аман хүзүүдүүлсэн. Би Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үржинжав гэж ахаасаа Алтан овоонд аман хүзүүдсэн Айлтгүйн хээр азарганы төл халтар азарган хязаалан авч уралдуулсан нь энэ. Үүнээс өмнө Мөнххаанд тавлуулаад, давхар уяагаар Түмэнцогтод айрагдуулсан юм. Харин 2015 онд Онгон сумынхаа 90 жилийн ойд дөрвөн настай очоод, азарга дөрөвлөж, соёолон 9, шүдлэн 10, их нас 8-аар давхисан. Хонгор зээрд азарга маань Эрдэнэцагааны адуу л даа. Урьд жил нь соёолон азарга Эрдэнэцагаан сумын түүхт 90 жилийн ойд аман хүзүүдээд байхад нь би авсан юм. Надад ирээд хавчиг азарга Хэнтийн Мөрөн суманд түрүүлчихээд, давхар уяагаар Онгоныхоо 90 жилд дөрөвлөж байгаа нь тэр.
-Үнэхээр одтой наадсан он жилүүд байна даа. Дараа дараагийн онд нь ямар амжилт гаргав?
-2016, 2017 онд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын, аймгийн Алдарт уяач Борхалтарын Алтанхуяг гэдэг дүүгээсээ шарга даага авдаг юм аа. Тэр шарга даага Сүхбаатар аймгийн хойд бүсийн “Мөнххаан хурд”-д дөрөвлөж, Сэцэнханы наадамд гуравлаад, Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 190 жилийн ойд тавлан, Эрчим хүчний ойд айргийн дөрвөөр орж, Батноров суманд болсон Гурван түмэн адууны баярт аман хүзүүдсэн. Харин шүдлэн Мөнххаандаа аман хүзүүдээд, Хэнтийн бас нэг бүсийн уралдаанд айрагдсан. Хязаалангийн хавраа гурван овооны наадамд айрагдаад, Онгонд наймаар давхисан. Давхар уяагаар Хэнтийн Мөрөнд очиж аман хүзүүдээд, бүсийн наадамтай давхцсан Багануурын үйлдвэрийн 40 жилийн ойд аман хүзүүдсэн. Тэр наадамд 160, 170 хязаалан мордсон гэдэг юм. Эдгээр амжилтаараа 2018 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн дээ. Түүнээс жилийн өмнө сумын Алдарт уяач болж байлаа.
-Та ч Сүхбаатарын адуу хурдан болохыг жинхэнэ утгаар нь харуулж яваа хүн байна даа?
-Тэгж болно шүү. Энд сонирхуулахад би адуунд хайртай түмний сэтгэл шингэсэн 130, 140 адууг бэлгэнд авсан байна лээ. Энэ дунд чинь Говь-Алтай, Ховд, Дорнод, Хэнтий, Дорноговь. Дорноговийн Энхтүвшин ах, уг аймгийн Сайхандулаан сумын, аймгийн Алдарт уяач Гүр адууны Бүрнээбаатар ах, Мөнх-Амгалангийн хүргэн, Мандах сумын Мөнхбат гээд л явж өгнө шүү дээ. Уран бүтээлч надад итгэл хүлээлгэсэн сайхан сэтгэлд үргэлжид талархаж явдаг юм. Тийм учраас адууны соёлд гар бие оролцож яваа буянтай буурлууд, ахмад настан, найз нөхөд, ахан дүүсээ хүндэтгэж, би ч өөрийн чадах хэмжээгээр хувь нэмрээ оруулах сан гэж хичээдэг.
-Таны дуунд гардагчлан зүс зүс нь бүрдсэн адуутай болжээ. Бахархалтай юм даа, тийм ээ?
-Тийм ээ, манай адуунд чинь монголын том угшлууд гэхэд Жаргалант, Тойруулга ч гэдэг юм уу, Дорнод, Дорноговиос Галсан банди, Дэндэв тайж ч юм уу, тэгээд Дундговиос гэхэд Шилийн Гүр адуу байна. Мөн Дарьгангын жижиг зээрдүүд, Махбуриадын улаан, Дүүдэн хар, Хүүхэн шүүлэн, Баячуудын хүрэнгийн удмын адуунууд ч бий. Сүүлд Төмөр-Очир Манлайгаас Галаа дүү маань сайхан адуу надад бэлэглэсэн. Гэхдээ миний хувьд өөрөө гардаж барьдаггүй. Олон адуу заримдаа асуудалтай учраас бэлэглэхийг нь бэлэглээд, амьдрал ахуй, уран бүтээлдээ хэрэглэхийг нь хэрэглээд, тодорхой тоонд барьж явдаг. Харин уядаг хурдан хүлгүүдээ үүлдэр чиглэлээр нь өсгөж байна. Налайхад жүчээ бариад гурван жил боллоо. Нийслэлийн Алдарт уяач Батсайхан ах дээрээ төвлөрчихөөд байгаа юм.
-Алаг үрээ улсад айрагдуулдаг уу?
-Ай, мөн. Сүхбаатартаа нутаг адуугаараа наадаад байсан. Том дов руу буурь сэлгэсэн чинь олны жишгийг дагахаас өөр арга алга. Хүмүүсийг дагаад английн кабердин азарга авлаа. Одоо чинь дураараа биш, дүрмээрээ уралдахгүй бол жаахан хоцрох маягтай болчих гээд л байна шүү. Гэхдээ энэ жил уралдаан, наадам байхгүй бололтой. Үржүүлэгтээ түлхүү анхаарал хандуулаад байна.
-Хурд хувааж байна уу?
-Хуваана аа. Тухайлбал, “Аварга” сургуулийн шавь Сүхбаатар гэдэг залуу Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл рүү адуу авсан. Ер нь Тосонцэнгэл рүү олон адуу гаргаснаас хоёр түрүү, 4-5 айраг, аймгийн наадамд 2-3 айраг авсан гэнэ лээ. Тосонцэнгэлд очиж хурдалсан буурал азаргыг гэхэд Рагчаагийн Ооёо ахынхаа “Буянт хүрэн ажнай” дууг дуулж бэлгэнд авсан юм. Алтан овоонд түрүүлсэн буурал азарганых нь төл. Мөн аймгийн Уяачдын холбооны шинэ жилээр Мөнхжаргал ах нэг хонгор даага бэлэглэсэн. Асгатын Алдарт уяач Баяраагийн Цагаанхүү гэж залуугаас ирсэн адуу л даа. Үүнийг бас л Хөвсгөл рүү өгч явуулсан нь олон удаа түрүүлж, айрагдсан. Төмөр-Очир ахын өгсөн үрээ ч бас аймгийнхаа наадамд очиж аман хүзүүдсэн гэнэ лээ. Манай Батсайхан ах “Хүнд юм өгвөл сайнаасаа өг өө. Тэртэй тэргүй очоод чиний нэр гарна” гэж хэлдэг юм. Ямартаа ч адууны тухай дууны маань буян гаргасан адуунууд маань хурдлаад л байна. Увс аймгийн Завхан суманд Энх-Амгалан гэж дүүдээ нэг шүдлэн өгсөн нь аймгийн цолонд хүргэлээ. Дорнодын Чойбалсангийн Жаргалсайхан буюу “ишиг” Жагаа найзын бэлгэнд өгсөн үрээ л дээ. Өөр нэг шарга үрээ Ховд руу Отгонням гэдэг ах хүүд өгсөн нь аймагтаа 3-4 түрүүлж, мөн л цолонд хүрэхэд нь жин дарсан амжилтыг гаргасан байна.
-Бусдыг баярлуулна гэдэг том буян шүү дээ?
-Тийм шүү. Хурд хуваана гэдэг сайхан.
-Спортын хүн урлагт урваад, болоогүй уяач болчихлоо. Ингэхэд багадаа ч бас дуулдаг байв уу?
-Онгонд 3, 4-р ангид байхдаа цахилгаан хөгжмийн “Хараацай” хамтлагт дуучин явлаа. Манай Онгон чинь үлээвэр болон цахилгаан хөгжим, үндэсний хөгжмийн гурван хамтлагтай. Эндхийн хүүхдүүд нь хүүхдийн “Яргуй” наадамд оролцоод эхний байруудыг нь эзэлдэг байлаа.
Би чинь,
“…Аав аа, би өнөөдөр
Алтан тав авсан даа…” гээд л дуулахаар хүмүүс дөрөв, тав дахиулна. Сүүлдээ залхчихаад “Ахиж гарахгүй ээ, Ядаж байхад шүгэлдээд, хөлөө дэвсчихээд байх юм” гээд буланд сууж байсан түүх бий. Гэхдээ дунд сургуулиа төгсөх болоход спортыг сонгосон. Түүнээс өмнө 15, 16-тайдаа Онгон сумынхаа түүхт 70 жилийн ойн хүүхдийн барилдаанд түрүүлж байлаа. Тэгэхэд одоогийн аймгийн начин н.Ариунболдтой үзүүр түрүүнд үлдэж байсан юм. Тэр жилээ Биеийн тамирын дээд сургуульд элсэн орохоор болж нутгаас гарч байлаа. Харин 2000 онд Багшийн дээд сургуулийг төгсөад, “Аварга” дээд сургуульд найман жил хүчний багшаар ажилласан. Яг тэр үеэр буюу 2006 онд С.Жавхлан гавьяатын зохион байгуулсан “Нутгийн салхи” дууны наадам болж таардаг юм. Энэ наадамд оролцсоноор спорт гэдэг их айлаас урлаг тийш хөл тавьсан түүхтэй.
Мэдээж тэр хугацаанд цээжний мухраас өнөө дуулах хүсэл гижигдээд л яваа юм. Хаа нэг оюутны байрандаа гитартай дуулж хорхойгоо дарна. Би чинь “Аварга” сургуулийнхаа бодигийн зааланд их дуулна л даа. Шавь нар маань ч “Багш аа, та гоё дуулж байна. Тэмцээнд орооч” гэж их урам өгнө. Тэгж байтал 2006 онд түрүүн ярьсан уралдааны зарыг харж таараад, өөрийгөө сориод үзье л гэж шийдсэн. С.Цэрэнчимэд гуайн дуугаар оролцоно гээд төлөвлөчихсөн байгаа юм. Гэтэл олгой “ургаад” хагалгаанд орох болдог юм. Эмнэлэгт хэвтэж байтал “Маргааш нэгдүгээр шатны шалгаруулалт болно. Цагтаа ирээрэй” гэдэг байгаа. Тэгээд орхичихмооргүй байсан учраас нэг атийсан хөгийн царайтай нөхөр яваад орлоо, дууллаа. Тэгсэн шүүгчид н.Ганцэцэг, Т.Сэр-Од багш, С.Жавхлан гурав “Дуулалт болж байна. Гэхдээ жаахан зөөлөн дуулаад байна” гэхээр нь “Өчигдөр олгой авахуулсан” гээд үнэнээ л хэллээ. Ингээд тэнцэж, хоёрдугаар шатанд “Хайр дааж амьдрах хорвоо”, “Адуучны хийморь”, “Малчин заяа” дуунуудыг дуулж шилдэг 10-т шалгарсан. Ард түмний дуртай хитүүд учраас надад түлхүүр болсон юм даа. Эндээс урам орсон би урлагийн замыг эргэлт буцалтгүй л сонгосон.
-Харин “Манай адуу” таныг олонд таниулж, уяач болгосон тийм үү?
-Яг үнэн шүү. “Манай адуу” байхгүй бол морь уяхгүй байсан биз ээ. 2009 онд юм аа. Би өөрөө Жавхлан гавьяат дээр очиж уулзлаа. Надад хоёр ч удаа буян заяа болсон хүн шүү. Тэр үед Б.Пүрэвсүрэнгийн зохиосон Л.Банзрагчийн “Инээж дуулах хорвоо”, С.Жавхлангийн “Дулаахан намар”, Б.Буянжаргалын “Санахгүй л гэсэн юм аа”, Лосолын Болдбаатарын “Босоо хийморьтой эр хүн” дуунууд хитийг өнгөлж байсан үе. Найз маань одоо ч гоё хүчтэй байгаа л даа. Тэгсэн гавьяат “Пүрэвсүрэн дээр оч” гээд “Энэ манай аавын шүлэг байгаа юм шүү. Үүнийг бариад оч” гээд шүлэг өгөөд явууллаа. Би очиж уулзаад өнөө шүлгээ өгвөл аваад цааш нь хийчихлээ. Тэгээд “Би чамд нэг дуу сонсгомоор байна” гэнэ (Г.Батбаяр гавьяат, Д.Намсрайноров нарт санал тавиад буцсан гэдэг юм билээ. Сурв). Би сонсоод, студидэд бичүүллээ. Пүүжээ ярвагардуухан суухаар нь “Яаж байна хөгшөөн. Болж байна уу” гэвэл “Болно оо, болно” гээд олон юм ярьсангүй. Би ч тааруухан дуулчихлаа гэж бодоод ахиад ”Найз нь жаахан муу дуулчихав уу” гэвэл “Чи сайн дуулсаан. Хөгшин нь дотор жоохон муу байна” гэдэг байгаа. Ингэж “Манай адуу” дуу 2009 онд гараад, 2010 онд ёстой л “нисчихсэн” дээ. Би чинь хүний урманд нэг ч FM, телевизэд аваачиж өгөөгүй. Нисэх далавчтай уран бүтээл бол өөр юм билээ. 2011 онд Л.Банзрагч, Д.Бурмаа бид хөдөө орон нутгаар тоглоход “Манай адуу” хэдийнэ оргилд хүрчихсэн байлаа. Тэр үед нэг тоглолтонд дор хаяж хоёр дуулна гээч. “Манай адуу” бол миний амьдрал, уран бүтээл, хүсэл мөрөөдөл гээд бүх зүйлд шинэ эргэлтийг авчирсан.
-”Тод магнай” сэтгүүлийн хамт олонтой хамтран “Тод магнай” дууг клипжүүлж байсан. Ингэхэд Мөнхбатын урын санд “хурдан адуу” олон байна уу?
-Одоо ч “Манай адуу” хүчтэй хэвээр л байна. Орчин үеийн дуунууд цаг хугацаа явахад хүч нь сулардаг бол “Манай адуу”-г хүн бүр сонсох, дуулах дуртай байдаг. Гэхдээ сайн дууны араас дахиад сайн дуу гарна гэдэг үнэхээр хэцүү юм билээ. “Манай адуу” CD-нд Пүүжээ бид хоёрын хамтарсан морины найман дуу орсон байдаг. Би Пүүжээдээ нутгийнхаа зээрд даагыг бэлэглэж, “Үйзэн зээрд” дуутай болж байлаа. Бид бас Өвөрхангайн Морины шүтээний нээлтэнд түрүүлсэн Хишигсүрэнгийн хээр моринд зориулсан “Янзага хээр” дууг хийсэн. Бас Хосоотойгоо “Тод магнай”-г дууллаа. Төмөр-Очир ахын шүлэг “Дарьгангын хөх уяач”, “Ажнай шаргын дуу” гэж байна. Сүүлд манай нутгийн Шинэнбалжаагийн Батсайхан ахын аялгуу, Төмөр-Очир ахын шүлэг “Адууны нутаг Дарьганга” гэж дууг дууллаа. Ер нь морины дууны захиалга их ирнэ шүү. Гэхдээ тэр болгон нь хүнд хүрээд байх нь хэцүү. Хөдөлмөр зүтгэл, эдийн засаг гээд янз бүрийн зүйлээс шалтгаална. Одоо ч гэсэн би “Манай адуу” шигээ дуу хайсаар л явна. 2020 ондоо Пүүжээ хоёулаа “Манай адуу”-ныхаа үргэлжлэл болсон дуу хийнэ дээ гэж ярьцгаадаг юм. Би ирээдүйн уран бүтээлдээ сайхан монгол адуу, нутаг адуугаа багтаасан дуу хийх сэн гэж боддог. Миний амьдрал ахуй морин эрдэнэтэй холбогдсон учраас энэ насандаа морио дуулж, алтан нутаг, адуутайгаа ойрхон явж, илүү сайхан уран бүтээлүүдийг гаргана даа.
-Ингэхэд танд шүлэг бичих бодол төрж байв уу?
-Би дуугаа л дуулъя гэж боддог. Энэ олон сайхан яруу найрагчид, хөгжмийн зохиолчид төрсөн байхад би давхардаад яах вэ. Дуугаа л сайн дуулахыг хичээдэг.
-Гар нийлсэн андуудын тоглолт хилийн чанадад хүртэл тоглогдож амжсан. Одоогоор “адуутай” хаа хаагуур тоглож амжив?
-Сайхан дууны буянаар Америк явж тоглоод ирсэн. Бид гурав чинь Америкийн зургаан хотод “Миний ардын сэтгэл цагаан” тоглолтоо хийсэн. Бас Турк, Солонгос, Өвөрмонголоор тоглолоо. Өвөрмонголчууд маань их элгэмсүү ард түмэн шүү. Уран бүтээлч биднийг их сайхан хүлээж авдаг. Урлагийн буян их шүү дээ.
-Одоо та морио уяад, дуугаа дуулаад л явж байна уу?
-Тийм ээ, морио уяад, дуугаа дуулаад л явна. Морины эмийн сан нээх гэж нэг үзсэн. Миний хийх ажил биш юм билээ. Тэгэхдээ бизнес хийхгүйгээр морь уяна гэдэг амаргүй. Алхам тутамд л зарлага гарна. Ажиллагаа ихтэй учраас заримдаа яалт ч үгүй дутах юм гарна аа. Гэхдээ аль болох болгох гээд л хичээгээд байна.
-Спортоо бүрмөсөн орхичихсон уу?
-Больсон.
-Танайд бөх, урлаг уран сайхны хүн олон бий юу?
-Манай ээжийн талд урлагийн хүмүүс бий. Жүжигчин Суурь бид хоёр ах дүүгийн хүүхдүүд. Манай аавын талд Мятав гэдэг бөх байлаа. Бас морь сайн танина. “Өвгөн бүргэд” гээд нийтлэл нь хүртэл гарч байсан. Тэр өвгөнийг амьд сэрүүн байхад би хүүхэд байсан учраас нарийн нандин түүх даанч мэдэхгүй юм даа.
-Танай хүүхдүүд адуу маланд нүдтэй юу?
-Бага хүү маань дөрвөн настай. Нас бага гэлтгүй хөдөө гадаа явахад байнга л дагаж явдаг хүн шүү дээ.Яваандаа дуртай болох биз дээ.
-Танд дуулуулах хүсэлт их ирдэг үү?
-Тэгнэ шүү. Гэхдээ тухайн өдрийн сэтгэл санаа ямар байх уу, бас нөлөөлнө. Гунигтай ч юм уу, сэтгэл санаа таагүй үед “дуул” гэвэл олигтой юм болохгүй. Харин эсрэгээрээ нутаг орны сайхан, адуу малны үнэрт сэтгэл хөглөгдөөд дуртайяа дуулах нь ч бий. Монголынхоо 330 гаруй сумаас Баян-Өлгийн хэдэн сумаар л явсангүй. Бусдаар нь сайн явлаа. Аймгуудыг хоёр удаа бүтэн тойрсон. Очсон газар болгон сум орон нутагтаа амьдрал ахуй сайхан, тэгш дүүрэн яваа ийм хүмүүс нь уяачид байдаг. Адууны төлөө бие сэтгэлээ зориулсан монгол эрчүүд хаана ч очсон хоол ундтай, мэнд устай явах нь сайхан шүү. Энэ хүмүүст миний барих чин сэтгэл нь дуу л байна шүү дээ. Тэр тоолондоо “Малчин заяа” шиг, “Адуучны хийморь” шиг дуу хийчих юм сэн гэж адгадаг л юм.
-Аймгийн Алдарт уяач гэдэг аймгийн ханасан цол. Одоо улс, бүсийн наадамд хүч үзэх цаг ирж дээ, тийм үү?
-Яалт ч үгүй тийм болоод байна. Тэгэхээр Хүйн мандлын дэвжээнд уралдахын тулд орчин цагийн адуугаар уралдах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Нэгэнт Налайхад төвхнөөд жүчээгээ барьчихсан, адуу малаа аваад ирсэн болохоор олны жишгийг дагахаас өөр яах билээ. Сайн гүүнүүд цуглуулж, үржил селекцийн ажилд нэлээн орж байна. Энд сайхан ах нар, найз нөхдийн тусламж, дэмжлэг их хэрэг болох юм. Олны буянаар ажил маань өөдрөг бүтэмжтэй л явна.
-Бидний яриа энд хүрээд жаргаж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Онгон гэхээр XIII зууны онгон хадгалагдаж байдаг өлгий нутаг. За тэгээд Жаахан шарга, Тоорой банди гээд л үргэлжилнэ шүү дээ. Хүн бол төрсөн нутагтайгаа хүйн холбоотой явдаг. Энд бидний олон сайхан түүх бий. Ижий аав ажил амьдралын гараа тэндээс эхэлсэн. Шар бүрдийн элсэнд тоглож, Хавиргын булгаас ундаалж өссөн хүүхэд нас, арван жилийн ангийн андууд, ахан дүүс … гээд л. Одоо ч нутгийн жаахан буурлууд, ахан дүүстэй уулзах болгонд багын сайхан дурсамж сэргэж, хүн болсны буян заяа дэлгэрч явдаг юм. Ай даа, сайхан даа, миний нутаг. Ингээд Онгон сумандаа ажиллаж амьдарч байгаа нутгийн зон олондоо сайн сайхныг хүсч байна. Алтан тууртын буян ашид мөнхөд ивээж явах болтугай. Онгон нутгаас минь төр түмнийхээ наадамд айрагдах олон сайхан хурдан хүлгүүд төрөх болтугай.
-Ерөөл бат сайхан оршиг ээ.
П.Ундраа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй