Г.БАТМӨНХ: 700 КГ ҮНЭТ ЧУЛУУГ УАЗ-469 МАШИНД НУУСАН ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛСЭН

2019-12-29 1670 0

Замын-Үүд дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Г.Батмөнхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Замын-Үүд дахь хилийн боомт дээр нэлээдгүй хэрэг зөрчил гардаг. Хамгийн сүүлд гэхэд 9.5 тонн хачигтай алимны асуудал нэлээн дуулиан тарьсан. Тэгэхээр танай боомтоор энэ жил хэчнээн хэмжээний бараа бүтээгдэхүүн эргэлдэж, та бүхэн ямар хэмжээний зөрчил илрүүлэв ээ?

-Замын-Үүд хилийн боомтоор өдөрт 800-1000 суудлын машин, 300 хүртэл ачааны машин орж гардаг. Төмөр замын тээвэрлэх хүчин чадал энэ жил 12 сая тоннд хүрсэн. Гол зөрчил автозамын боомт дээр илэрдэг. Эрээн-Замын-Үүд хооронд жижиг тэргээр зөөж байгаа ачаанд зөрчил их гардаг бол том тэрэгний ачааны зөрчил илрэх боломж нь илүү амар байх жишээний. Сүүлийн таван жилийн дүнг авч үзвэл Замын-Үүд боомтоор зорчигчийн тоо жилд дунджаар арав гаруй хувийн өсөлттэй байлаа. Үүнийг дагаад зорчсон автомашин, ачаа тээврийн бараа бүтээгдэхүүн зэрэг нь тодорхой хэмжээнд өссөөр ирсэн. Мөн хяналт шалгалтад хамрагдсан бараа бүтээгдэхүүний хэмжээ жилд 15-18 хувийн өсөлттэй байна. Хяналт шалгалтын тоо ч нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулаад орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн дээр зөрчлийн хэмжээ тасралтгүй өссөөр байгаа юм. Хилээр гарч, орж буй экспорт, импортын бүтээгдэхүүн дээр чиглэл чиглэлийн 60 гаруй байцаагч хяналт тавин ажиллаж байна. Энэ жилийн тухайд экспорт, импорт нийлсэн 600 гаруй зөрчил илрүүллээ.

-Экспорт дээр ямар төрлийн бүтээгдэхүүнийг хууль бусаар тээвэрлэж байна?

-Экспорт дээр мах, хориглосон хязгаарласан ургамал, байгалийн чулуу, хориглож хязгаарласан түүхий эд гэх мэт олон тооны зөрчил илэрсэн. Хэмжээний хувьд хамгийн ихдээ 700 орчим кг чулууг 69 машины хаана хийж болох бүх газарт хийсэн байх жишээтэй. Үүнээс гадна 300-400 орчим кг чулуу ачсан хэд хэдэн тохиолдол илэрлээ. Махны хувьд хувь хүн биедээ авч явсан зөрчил гарсан. Биедээ 10-20 кг мах, төмөр зам дээр бол 80-600 кг мах нуун гаргах гэсэн 300 гаруй зөрчил илэрсэн. Энэ бүгдэд зөрчлийн хэрэг үүсгээд цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байгаа.

-Импортын бүтээгдэхүүн дээр ямар зөрчлүүд илрүүлсэн бэ?

-300 орчим зөрчил дээр нийт 98 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Томоохон хэмжээний зөрчлөөс жишээ татвал, саяхан бид 20700 ширхэг тариур зөвшөөрөлгүй, импортолж оруулж ирснийг илрүүлж, цагдаад шилжүүлсэн. Үүнээс гадна гахай, тахиа, загас, нугасны гэх мэт 9.5 тонн махыг зөвшөөрөлгүй оруулж ирсэн. Энэ бол маш их хэмжээ. Нэг хайрцагт 10 кг мах багтдаг гэж тооцвол овор хэмжээний хувьд бүтэн нэг ачааны машины дайтай болно гэсэн үг. Гэтэл өнөөдөр өмнөд хөршид маань африкийн гахайн мялзан өвчин гарчхаад байгаа шүү дээ. Үүнтэй холбогдуулаад гахайн мах импортлохыг хориглосон. Дээрх зөрчлүүдээс тав дээр нь эрүүгийн хэрэг нээгээд прокурорт шилжүүлсэн байгаа юм билээ.

 -Та бүхний илрүүлсэн дээрх зөрчлүүд цагдаа, шүүх, прокурорын шатанд хэрхэн шийдвэрлэгддэг бол. Үүн дээр та бүхэн хяналт тавьдаг байх?

-Бидний зүгээс хэрэг үүсгэж өгсөн зөрчлүүдийг маань хэрхэн шийдвэрлэж байгаа талаар прокурор, цагдаагийн байгууллагаас улиралд, жилдээ мэдээлэл авдаг.Чулуу болон махтай холбоотой асуудлууд бий. Чулуун дээр гэхэд хуулийн дагуу энгийн чулуу, үнэт чулуу гээд ангилдаг юм байна. Түүнээсээ хамаараад эрүүгийн хэрэг болоод явах эсэх нь шийдвэрлэгддэг гэсэн. Махан дээр болохоор үнийн дүнгийн хэмжээнээс хамаараад эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэдэг. Бидний анзаарснаар мах биедээ нууж гаргадаг хүмүүс тэр хэмжээгээ мэддэг болохоор торгуулиад өнгөрөх тохиолдол олон бий.

-Зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хурааж аваад хэрхэн яаж захиран зарцуулдаг вэ?

-Манайх хурааж авсан зүйлийг үнэлэх, устгах ажлыг зохицуулдаг орон нутгийн комисст өгдөг. Заримыг нь улсын орлого болгодог. Нэлээд хэмжээний үзэм, чихрийг тэр комисст өгч байсан. Харин хадгалалтын нөхцөлөөс болоод шаардлага хангахгүй болсон бүтээгдэхүүнийг устгалын комисс руу явуулдаг. Ерөнхийдөө хил дээр хурааж авч байгаа бүтээгдэхүүнүүд бол зөвшөөрөлгүй гэж ойлгож болно. Харин буцааж байгаа бол хоёр компанийн гэрээтэй, зөвшөөрөлтэй боловч тээвэрлэлтийн шаардлага горим зөрчигдөөд шаардлага хангахгүй болж байна гэсэн үг. Үүн дээр жишээ татахад, хоёр тонн орчим химийн бодис, улаан бөглөөт гэж нэрлэдэг 177 литр зөвшөөрөгдөөгүй архийг хурааж бүгдийг нь устгасан. Дээр хэлсэнчлэн, тээвэрлэлтийн горим зөрчиж буцаасан нилээд бүтээгдэхүүн бий. Жишээ нь, төмөр замаар тээвэрлэж ирсэн хоёр вагон цагаан будааны зөрчлийг илрүүлж, буцаасан. Вьетнамаас ирсэн будааг шаардлага хангахгүй вагонд ачсанаас болоод бороонд норж, чийгтэж, хөгцөрсөн байсан. Мөн 0.8 тонн нийлэг хальсан уут, 2,9 тонн малын био бэлдмэлийг буцаасан.

-Замын-Үүдийн боомтоор хятадад үйлдвэрлэсэн сурах бичиг орж ирлээ гэдэг мэдээлэл явж байсан. Үүнийг танай алба илрүүлсэн үү?

-Сурах бичгийн асуудал дээр тухайн оруулж ирж байгаа компани мэдүүлгээ үнэн зөв өгч орох ёстой байсан. Дэвтэр гэж худлаа мэдүүлж, нууж дарагдуулсан зөрчил гарсан. Гаалийн татвараас зугтах гэж тэгсэн болов уу. Хэрэв үнэнээ хэлсэн бол зөрчилд тооцогдохгүй байх боломжтой байсан. Боловсролын яамтай гэрээ байгуулсан компани юм билээ.

-Манайхан урд хөршөөс маш их хэмжээгээр жимс импортолдог шүү дээ. Энэ төрлийн бүтээгдэхүүн дээр хэрхэн яаж хяналт шалгалт тавьдаг вэ?

-Ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд бол нэлээд хяналт тавьдаг. Үүнээс манай лаборатори орж ирж байгаа жимс жимсгэнэд 5-7 үзүүлэлтээр шинжилгээ хийж байна. Энэ шинжилгээний явцад шаардлага хангахгүй гарсан зөрчлүүдээс нэрлэ гэвэл 9.5 тонн хачигтай алимны зөрчлийг дурдаж болох юм. Жимс ногооны хяналт шалгалт дээр нэг сайн мэдээ дуулгахад , сүүлийн таван жилийн хугацаанд бидний шинжилгээ авсан бүтээгдэхүүний нэр төрөл болоод шинжилгээний сорьцын тоо, үзүүлэлт аль аль нь нэмэгдсэн. Бараа бүтээгдэхүүнд тавигдах шаардлага хэдийгээр нэмэгдсэн ч шаардлага хангахгүй бүтээгдэхүүний тоо буурсан үзүүлэлттэй гарч байна. Энэ бол нэг талаар бидний ажлын үр дүн, нөгөө талаар бизнесменүүдийн маань оруулж ирж байгаа бүтээгдэхүүний чанар сайжирч байна гэсэн үг юм.

-Иргэдийн дунд “Гоё” тараг, хэвийн боов зэрэг үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Хятадад үйлдвэрлээд оруулж ирдэг гэсэн ойлголт байдаг юм билээ. Энэ тал дээр та ямар тайлбар өгөх вэ?

-Тараг, шар айраг гэх мэт бүтээгдэхүүний шил сав урдаас орж ирдэг. Манайх дотроо хийдэггүй шүү дээ. Тэгэхээр гаднаас орж ирж байгаа шил савны боодлыг харсан хүмүүс андуу ташаа мэдээлэл түгээдэг болов уу. Харин ч шар айраг, “Зөв” аарцны ундаа зэргийг урагшаа экспортолдог.

-Бодит байдал дээр энэ мэт зөрчлүүдийг илрүүлэх боломж нөхцөл хэр байдаг вэ. Танай албанд тулгамдаж буй ямар асуудал байна?

-Хилийн боомт дээр машин тэрэгний үзлэгийг энгийн, гараар барьж, нүдээр үзэх хэмжээнд шалгаж байна. Дугуйн даралт шалгадаг төхөөрөмж бий. Тодруулбал, дугуй дотор нуусан бараа бүтээгдэхүүнийг илрүүлдэг, дугуйны даралтын зөрүүг гаргадаг гэсэн үг. Байгууллагын талаас, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж байгаа талаас харвал нэгдүгээрт, техник хэрэгсэл, орчин үеийн тоног төхөөрөмж талаасаа сайжрах хэрэгтэй байна. Хоёрт, тэнд ажиллаж байгаа байцаагч нарын нийгмийн асуудал, ажлын байрны нөхцөлийг сайжруулах тал дээр анхаармаар санагддаг. Манай байцаагчид бүгд дандаа гадаа ажилладаг. Нөгөө талаас хилээр зорчиж байгаа иргэдийн мэдлэг, ухамсар эдийн засгийн байдалтай хамааралтай. Улс орны эдийн засгийн байдал сайжрах юм бол 10 кг мах гаргах гэж зүтгэхгүй байх болов уу. Олж байгаа ашиг нь энд суугаад ажиллаж байгаа цалингаас ялгарахгүй болчихвол хэнд ч сонирхолгүй байх юм болов уу гэж бодогддог.

Б.НАРАНЧИМЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөр нар нэг тойрогт халз үзье гэвэл би үгүй гэхгүй

“Үндэсний Эвсэл”-ийг Монголын либерал ардчилсан нам дэмжихээ илэрхийлж, хамтын ажиллагааг баталгаажу

2024-05-16

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25

Н.Алтанхуяг: Тойрог томсгоно гэдэг гурван аймгийн атаман мөнгөө нэгтгэнэ гэсэн үг, гэсэн ч би нэр дэвшинэ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Тэрээр "Сэтгүүлчдээс ярилцлага

2024-01-10