А.Баттүшиг: Сайныг л хүсэж байгаа бол энэ хүслийг зогсоож яах юм бэ?

2022-11-15 240 0

“Бэхэн зүрх” УСК-ны Ерөнхий найруулагч А.Баттүшигтэй ярилцлаа.

Анх энэ төсөл хэрхэн бүтээл болох болсон талаар ярилцлагаа эхлэх үү. Найруулагчийн хувьд чухам яагаад “барьж авах” болов, хувь тохиол нь яаж таарав гэх мэт?

Одоогоос 7-8 жилийн өмнө бил үү дээ, манай продюсер С.Бат-Ирээдүй хандаж байсан юм. Өөрөө зохиолыг нь бичсэн байсан, чингээд намайг найруулагчаар ажиллахыг хүссэн л дээ. Тухайн үед надад кино найруулах сонирхол бага, өөр ажлууд ч давхцаж байлаа. Иймд татгалзаад өнгөрсөн. Дараа нь бид албан ёсоор танилцсан.

Харин энэ хавар “Цаг нь болсон бололтой. Танаар хийлгэмээр байна. Өөр зүйл хийгээд ч хэсэг явлаа. Хүсэл, мөрөөдлөө биелүүлмээр байна” гэж дахин хандсан. Би өмнө нь бүрэн хэмжээний кинон дээр ерөнхий найруулагчаар ажиллаж байгаагүй. Энэ миний анхны уран бүтээл. Зохиолыг анх уншаад хиймээргүй санагдсан тал бий. Би “Хэрэв зөвшөөрвөл, зарим зүйлийг өөрчилье. Тэгж байж хийнэ” гэдэг болзол тавьсан. Бяцхан ойлголцол, тохиролцолд хүрсэн гэх юм уу даа. Ингээд л энэ зохиол кино болох шат руу орсон доо.

Таныг яагаад төдийгөөс өдийг хүртэл киноныхоо ерөнхий найруулагчаар төсөөлсөн юм бол. Энэ салбарыг сайн мэдэхгүй хүмүүс таныг дуу оруулагчаар, жүжигчнээр л таньдаг

Өөрөөс нь л асуух байх даа. Миний хувьд уг нь болоогүй л байсан. Суралцах зүйл их. Нэг найздаа 50 хүрээд кино хийнэ гэж хэлж байлаа. Наана нь ингээд ямартай ч хийчихлээ. Би хувь тавиланд итгэдэг. Хүний сэтгэл зүрх төлөвлөсөн бүх зүйлийг эвдэх нь бий шүү дээ

Татгалзмаар байсан мөртлөө хийхээр шулуудсан гол шалтгаан юу юм бэ?

А.Баттүшиг-Би энэ зохиолоос хүний мөн чанарыг олж харсан. Тэр дундаа эр хүний мөн чанарыг. Дээрээс нь хайрыг. Хайрын тухай ойлголт мөнхийн л сэдэв. Харин одоогийн залуусын хайр сэтгэлийн тухай дахь ойлголт миний энэ киног хийхээр сэтгэл шулуудсан шалтгаан байж магадгүй. Хүн бүр өөрийн характер, үзэл бодлоор бие биедээ хайртай болдог. Чимээгүй хайрлаж, хашгирч хайрлаж болдог. Харгислаж хайрладаг. Хүн хүний хайр ондоо. Бидний болон биднээс өмнөх үеийнхнийг хэт хуучинсгаар хайрладаг байж гэвэл өрөөсгөл. Гэтэл одоо хайр хэзээд эргээд ирнэ, үүгээр дууссан ч дахиад боломж олдоно гэх мэтээр хэтийдтэл хөндий ханддаг болчихсон шиг санагддаг. Энэ шалтгаан намайг дурлуулсан гэх үү дээ.

Продюсерээс шалтгаалж, хийхийг хүсээгүй зүйлсээ ч оруулсан. Киноны ирээдүйг бодоод гэх юм уу даа. Өөрөө өөрийнхөө үзэл бодлыг зөрчиж байна гэсэн үг л дээ. Гэхдээ энэ нь масст илүү таалагдах байх. Зарим уран бүтээлчид “Түшиг арай хөнгөн хандаж дээ” гэж ч бодох байх.

Ингэхээр их эмзэг сэтгэгдэл төрж байна л даа. Зурагласан төлөвлөсөн байсан зүйлээ нааш татна, түүндээ өөрийн үзэл бодлоос ухарсан зүйлс хийнэ гэдэг. Цаг үе бас өөрчлөгдөж байна. Хэн, ямар кино хийж байгааг идэвхтэй ажицгаах боллоо. Танд дутуу үлдсэн, сэвтэй сэтгэгдэл байна уу?

Уран бүтээлч хүн муу юм хийхийг боддоггүй. Тэр тусмаа Монголд кино хийнэ гэдэг асар их саад бэрхшээлтэй. Бид бодсон, санасан зүйлийнхээ 50 хувийг л хийж чаддаг байх. Бүх л киночид дараа нь сэтгэл хангалуун үлдэж чаддаггүй. Магадгүй энэ биднийг хурцалдаг. Хэзээ нэгэн цагт хүссэнээ хийж чадна гэж итгэдэг. Дэлхийн түүхэнд ч продюсерын хүсэлтээр маш олон сцен хасагдаж, улмаар карьераа орхиход хүрсэн намтрууд бий.

Харин өөрөө продесерлэж, хүссэнээрээ кино хийнэ гэдэг ондоо. Найруулагч бүр л тийм эрх чөлөөнд хүрэхийн төлөө явдаг. Энэ ховор. Хэзээд байсаар ирсэн хэцүү асуудал. Миний хувьд шаналаад, эмзэглээд байхгүй л дээ. Амьдралд бууж өгөх, хүлээн зөвшөөрөх, нүдээ аних үе байна. Гол нь сэтгэл зүрх ассан бол ассан чигт нь байлгах ёстой.

Продюсертэйгээ ойлголцолд хүрсэн юм байна. Харин бүх хүч чадлаа зарцуулж чадсан уу?

Их хэцүү байдаг. Маш олон зүйл бодно, эргэлзээ үүснэ, унана босно, ялна ялагдана. Амархан, өөрөө урсаад л явчихсан кино биш юм. Продюсерын санааг үлдээх, өөрийн санааг шингээх, дүр хоорондын харилцааг бодохоос эхлээд л. Зураг авалт эхлэх хүртэл зохиолыг зассан. Зургаа дахь хувилбар дээр тогтсон. Дахиад засвал засах л байсан, даанч цаг хугацаа тулсан. Хүмүүст уншуулж зассан, дахин уншуулж дахиад зассан. Буцаад эргэсэн гээд л. Зураг авалтын үед ч дахиад бага сага зассан. Завсаргүй ажиллаж явсаар монтаж дээрээ ирсэн. Дахиад л хассан гэх мэт.

Найруулагч бүрд сүлд нь болсон кино, идеал найруулагч байдаг. Та түүнээсээ ангижирч, өөрийн хэв маягаа олсон болов уу?

Хүний үгээр яваад байна уу, өөрийн үгээр яваад байна уу гэж үү?

Яг ч тийм биш. Найруулагчийн төлөвших үйл явцын талаар л даа.

Ангижирч чадсан уу гэдэг нь ямар учиртай билээ.

Тэгвэл асуултаа ингээд л тавьчихъя. Та түүнээсээ ангижирч чадсан уу. Ангижрах шаардлагагүй гэж үзэж байна уу?

Би МҮОНТ-д 10-аад жил ажиллахдаа олон кинонд дуу оруулсан. Гадаадын олон сайн кинонд дуу оруулсан. Гоё, гоё найруулагч нар байдаг. Энэ дунд өөрийгөө олох гэдэг хамгийн хэцүү зүйл бий. Чи яг хэн юм бэ. Чи яг ямар төрөл жанраар хийдэг юм. Найруулагч нар ер нь яагаад кино хийгээд байдаг юм. Алдаршихын тулд юм уу, амьд байхын тулд юм уу. Өөрийгөө олно гэдэг хамгийн хэцүү. Би одоо ч өөрөө өөрийгөө олж чадаагүй гэж бодож байгаа. Үхэн үхтлээ л хайх байх.

Магадгүй найруулагч нарын эрх чөлөө бий болсон цагт өөрийгөө олоход дөхөх болов уу ч гэж бодож байна. Ямар нэгэн байдлаар барьцаан дунд бид ажиллаж байна. Уг нь сэтгэл дуудаж байх ёстой биз дээ. Нэг шөнө зүүдэлж сэрээд хиймээр байгаа зүйлээ олж болно биз дээ. Тэгээд түүнийхээ араас зорьж. Тэгж гэмээ нь гайхалтай найруулагч нар, гайхалтай уран бүтээлүүд төрдөг байх.

Тэгвэл яагаад найруулагч баймаар байгаа шалтгаанаа олсон уу?

10 жилд байхдаа орчуулгын кино үзэх их дуртай байсан. Кино бүрийн сүүлд “Дуу оруулсан…” гэж гарахыг хараад омогшдог байлаа. Ийм ажил хийдэг болъё, Амарсанаагийн Баттүшиг гээд гарч байвал ямар гоё вэ гэж бодоод СУИС-д жүжигчний мэргэжлээр элсэн суралцсан. Оюутан байхдаа МҮОНТ-д очиж шалгалт өгөн тэнцсэн. Ингээд л дуу оруулагч мэргэжилтэй холбогдсон. Ер нь хүсэж байсан зүйлдээ хүрчихсэн.

Сүүлдээ орчуулгын найруулагчаар ч ажиллах болсон. Гэтэл өөрөө кинонд тоглож үзмээр санагдаад. Ингээд “Халуун сэтгэл” кинонд тоглосон. Дараа нь “Адам”-д тоглосон. Киноны ард талд юу болж байгааг харахад маш их сэтгэл татсан. Жүжигчний ажил хэцүү. Гэхдээ би түүнээс хэцүү рүү нь ормоор санагдсан. Кино эхлэхээсээ дэлгэцээр гарах хүртэл дуусашгүй их ажилтай. Энэ дунд хутгалдах нь надад нэг тийм, ажил хийсэн юм шиг мэдрэмж төрүүлэхээр санагдсан. “Зовлон” дунд байх нь таалагдаад байдаг. Найруулагчийн баг дотор ажиллах хүсэл оргилсон.

Ингээд “Хайрын рекорд” кинонд хоёрдугаар найруулагчаар ажиллаж үзсэн. Дараа нь Ж.Сэнгэдорж найруулагчтай хамтран “Хоёр ертөнцийн буудал” жүжгийг тавьсан. “Лардьма” дээр мөн хоёрдугаар найруулагчаар ажиллаж, арын бүх ажилд хутгалдаад л амтанд нь орчихсон доо. Би өөрийгөө айхтар “болчихсон” жүжигчин гэж ер боддоггүй. Харин дэлгэцээс өөрийгөө харахаас жаахан халгадаг, ер нь бол камерын ард байхыг хүсдэг.

Явц дунд найруулагчийн мэргэжлийг олжээ?

Ер нь бол тийм.

Эргэлзээ төрж байсан уу?

Үгүй. Төрж байгаагүй. Харин маш их золиос гаргасан. СУИС-д элссэн цагаасаа хойш өөр ямар ч ажил хийж үзээгүй. Зөвхөн кинон дээр ажилласаар ирсэн. Эргэлзэх биш, шантрах, хугарах үе олон байсан. Гадагшаа явмаар, хаямаар. Хэдэн ч сар юм дээ, 500 мянган төгрөгөөр л манай гэр бүл амьдарч байлаа. Кино долоохон хоног гараад л театраас бууж байх жишээтэй. “Амьд явахад болно доо” гээд л урагшилна. Кинонд мөнгө гаргадаг, сайхан сэтгэлтэй хүмүүс Монголд олон бий шүү. Тэр хүмүүст үнэхээр юу гэж хэлэх вэ дээ.

Юу таныг тулж босгож байв?

А.Баттүшиг-Хүсэл. Ерөөсөө л хүсэл. Кино хийх хүсэл. Хүн бүрийн дотор хүсэл мөрөөдөл гэж бий. Хүссэндээ хүрсэн ч ханаж цаддаггүй. Энэ шуналыг хэн ч зогсоож чадахгүй.

Зогсоох хэрэгтэй гэж боддог уу?

Үгүй шүү дээ.

Н.Жанцанноров гуайтай ярилцаж байхад, хүн хүсээд байвал хүсээд л байна. Харин өөрийнхөө хязгаар дотор багтаж амьдарвал зүгээр гэж байсан.

Манай ээж хүслээ хазаарлаж сур гэдэг. Гэхдээ энэ уран бүтээлийн гэхээсээ бодит зүйлсэд хамаарах хүсэл байх. Хүн аливаа сайн зүйл хийхийг хүсэж байгаа бол түүнийг зогсоох ямар ч боломжгүй. Мууг бол харин зогсоох хэрэгтэй. Бидний уран бүтээл хийх хүсэл муу зүйл биш, хэнд ч гай удахгүй. Хүмүүст хэрэгтэй юу хэрэгтэй. Уран бүтээлчдэд өөрсдөд нь хэрэгтэй юу, хэрэгтэй. Хийх хүсэл нь байгаа бол энэ хүслийг зогсоож яах юм бэ. Бидний ард талд Монголын ард түмэн хүсэж байгаа шүү дээ. Олон жил киночид ад болж яваа. Гадаадын кино хулгайлдаг, новшийн юм хийдэг гэж. Тэдний үзэхийг хүсэж байгааг хийхийн тулд л явж байгаа.

Бүгд тэгж хийдэг гэж бодож байна уу?

Кино гэдэг бол мөнгө шүү дээ, үнэндээ бол. Хэн мөнгөө дэмий үрэхийг хүсэх вэ дээ. 15 минутын кино байсан ч мөнгө. Кино бизнесийн томоохон сегмент болоод удлаа. Харин бизнес гэж харж хийх, бүтээл гэж харж хийх хоёр асар том ялгаатай.

Аль, алийг нь буруутгамааргүй байдаг уу?

Яах юм, буруутгаж. Буруутгах шалтаг, шалтгаан байхгүй. Дэлхийн киноны ахуй амьдрал тийм байна. Жамаараа л явж байна.

Тогоонд нь ажиллаж, амьдарч буйн хувьд салбараа өмгөөлж, хамгаалмаар санагдах нь бий. Гэхдээ “ялзарсан” гэмээр зүйлсийг олж анзаарч л явдаг. Харин үүнийг дотроо ярих нь л зөв ч юм шиг.

Спортын тамирчдаар жишээ авъя л даа. Тэд яг тангараг өргөсөн цэрэг шиг. Хоорондоо л барилдаж, уралдаад байх биш, Монголын нэрийг дэлхийд гаргахын төлөө хөдөлмөрлөж буй. Тэднийг бодлогоор төр засаг дэмждэг. Урлаг ялгаагүй. Явж явж Монгол Улсын нэрийг дэлхийд гаргахаар л хичээж байгаа. Нарийндаа киногоор нь тухайн улсын хөгжлийг барагцаалж болж байна. Манай төр засаг кино салбарт бодлого барих ёстой. Харин энэ кино бизнесээс ангид ойлголт.

Том саад бэрхшээлүүдийг давж манай цөөнгүй уран бүтээлчид дэлхийн энтэй зэрэгцэж эхэлж байна. Том л золиос гаргаж байгаа. Заавал кино руу төр засгийг хутгалаа гэж сөрөг комментууд орж ирдэг. Монгол Улсын нэрийг гаргахын тулд киног бодлогоор дэмжих ёстой, энэ бол үүрэг.

“Ялзарсан” гэж болно, хамаагүй. Хүн хүссэнээ хийж болно, чи ч кино хийж болно. Ямар ч мэргэжлийн хүн бай. Гэхдээ новш болгож болохгүй. Тэртэй тэргүй үзэгчид үзээд дэнсэлчихнэ шүү дээ. Кино бол хамгийн ил урлаг. Тэгсэн мөртлөө “заваан”. Хэн сайн, муу ажилласан. Хаана, юун дээрээ алдсан нь бүгд ил байдаг. Үүгээрээ, бүдүүлгээр хэлбэл “новшийн” урлаг. Агуулгаараа бүх хүний нууцыг дэлгэдэг. Энгийн амьдралд хүн бие биеэсээ нууцаа нууж чаддаг. Харин кино ходоодны мухарт байсан нууцыг ил дэлгэж байдаг, аймаар харгис. Ичгүүр сонжуургүй гэх үү дээ /Инээв/.

Үзэгчид сайн, мууг нь ялгачихна гэдэгт та итгэдэг юм байна, тийм үү. Заримдаа “Масс ойлгохгүй” гэсэн үг хэлэгддэг шүү дээ. Хүн үзэхгүй, үзэгчид таалахгүй байгаа нь муу бүтээл болсон гэсэн үг биш ч байж магадгүй?

А.Баттүшиг-Үзэгч гэхээр нэг хүн биш. Өөр өөр характер, үзэл бодол, сонирхолтой асар олон хүний нийлбэр. Сонсдог дуу нь хүртэл өөр байгаа. Юм хоёр, магадгүй түүнээс олон талтай. Заавал нэг чигээр харах гэж зүтгэх хэрэггүй. Ямар ч кино сайлуулна, муулуулна. Аль аль нь л байна. 100 хувь бүх хүний сэтгэлд нийцэх кино гэж дэлхий дээр ч байхгүй.

Тэгэхээр таныг аль ч талаас шүүмжлэл ирсэн хотойхооргүй сэтгэл зүйтэй гэж хэлж болох уу?

Тийм. Шаналаад байх зүйл биш шүү дээ.

Ер нь шүүмжлэлийг та хэр хүлээж авдаг вэ. “Зөв шүүмжийг бол хүлээж авна” гээд л, нэгэн ижил хариултууд үргэлж авч байна, ийм асуултад.

Би шүүмжийнх нь агуулгыг л харахыг хичээдэг. Тэр учрыг бодоод олчихвол их амар. Буруу байсан бол засах ёстой зүйлээ олж авна. Шүүмж байхгүй бол аливаа ажил явахгүй шүү дээ. Хүн нисээд л, нисээд л байвал сүүлдээ сохорно, дүлийрнэ. Шүүмж асар их хэрэгтэй. Би “Бэхэн зүрх”-ийг кино зохиол болгохын тулд олон хүнд уншуулж, шүүмжлүүлсэн. Надад ирсэн шүүмжүүд асар их хэрэг болсон. Хэрэв шүүмжүүд байгаагүй бол өдийд хаана сууж байх байсан бол доо.

Уран бүтээл дээр ажиллах хугацаандаа хамгийн их баяр төрж, кайф авсан мөч хэзээ байв?

Саяхан киноныхоо хөгжмийг бичүүллээ. Найз Г.Ононтойгоо суугаад, хоёр хоногийн өмнө сонслоо. Түүнээс их кайф авлаа. Үнэхээр гоё болсон. Яг миний хүсэж байсан хөгжим бүтсэн болохоор. Г.Онон ч бас өөрийн өмнө нь хийж үзээгүй хөгжмийг хийсэн. Хүмүүс сонсоно биз ээ.

Ер нь таны кайф цаашид юун дээр байхыг асуух гэж энэ сэдвийг хөндлөө. Яг өөрийнхөө хүссэн зүйлийг хийхэд үү, эсвэл хүмүүсээс өндөр үнэлгээ авахад уу. Гурав дахь сонголт гэвэл, Монголд огт байгаагүй шинэ зүйл хийхэд баярлах болов уу. Аль нь илүү жин дарах бол?

Их хэцүү л асуулт байна. Ер нь бол бүгд. Монголын кино дэлхийд гарахад баярлана. Хийхийг бодож байсан зүйлээ яг өөрийнхөө хүслээр хийчихвэл баярлана. Хийсэн зүйл маань олон хүний сэтгэлд хүрвэл бас баярлана. Би ер нь хүмүүсийг их ажигладаг. Хүн баярлаж байгааг хараад кайф авдаг. Ер нь бол бид өөртөө биш хүмүүст л зориулж кино хийж байгаа шүү дээ.

“Бэхэн зүрх” амжилттай боллоо, дараагийн бүтээлүүд ч өндөр үнэлэгдлээ, “Баттүшиг хэмээх шинэ цагийн шинэ найруулагч орон зайгаа эзэллээ” гэж нийтээр хүлээн зөвшөөрлөө гэж бодоход… Тэр үед таны эрмэлдлүүд өөрчлөгдөх болов уу. Дараатай ч юм шиг санагдаж байна уу?

Надад аягүй төвөгтэй л санагдах байх. “Би” гэж ярих нэг ондоо. Кино уран бүтээл хэзээ ч “Би” дээр тогтдоггүй. “Бид” дээр тогтдог. Бүх хүчийг цуглуулж байгаад л зэрэг дайрдаг урлаг. Тэгэхээр “Би” гэж ярих, бусад нь намайг онцгойлон зарлах ямар ч ач холбогдолтой юм билээ. Би ганцаараа амжилтад хүрээд яах билээ дээ. Хамтдаа л явах хэрэгтэй. Яах вэ, нэг давуу тал байж болох юм. Хамтран ажиллахыг хүсэх хүний тоо олширч магадгүй л юм. Тэгтлээ ч өдий л дөө. Зүгээр л жишээ болгож ярьж байгаа юм. Түүнээс өөр олигтой өөрчлөлт ч гарахгүй байх.

Нийт салбарын төлөө таны зүрх цохилдог нь мэдэгдэж байна. Та өөрийнхөө нөөц боломж, авьяас чадварт итгэдэг байж таарна. Сайн сайхан ирээдүй ирнэ гэдэгт өөр танд юу итгэл өгч байна вэ?

Хийсэн юмнууд маань хүмүүст тодорхой хэмжээгээр хүрч байгаа шүү дээ. Үүнийг харах итгэл өгнө. Өөрийгөө буруу биш зөв явж байгааг мэдэх мэдрэмж л итгэл өгдөг болов уу. “Жамаараа л явж байна. Тулах ёстой зүйлтэйгээ л тулж байна” гэх бодол надад итгэл өгдөг.

Яг зөв яваад байна гэдгээ яаж мэдэх үү?

Хүмүүс хоорондын харилцаанаас харна. Найз нөхөдтэйгөө яриад суух… Хийсэн юм маань хүмүүст хүрэх, хүлээн зөвшөөрөгдөх. Энэ бүгд итгэл өгдөг. Дээрээс нь Монголын чамгүй олон уран бүтээлчид гадаадынхантай хамтран ажиллах боллоо. Дэлхийн стандартад бид ойртож байна даа гэх бодол яах аргагүй төрж байна. Итгэл өгч байна. “Хэзээ нэгэн цагт бид дэлхийн энтэй зэрэгцэн очно доо” гэдэгт итгэл дүүрэн байна. Би тэр цаг хугацаанд хамт байж, зэрэгцэн туулмаар байна. Тэгж байж нөгөө кайф маань яг бүрэн утгаараа ирэх байх. Манайхан шиг ингэж махарч ажилладаг улс байхгүй. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө, бүх юмны хайчинд орж, шахагдаж ажиллана. Хэдэн өдрөөр унтахгүй зураг авах ч тохиолдол байна. Харин дэлхийн стандартын дагуу ажиллах тэр цаг удахгүй ирнэ л гэж боддог.

Ж.Сэнгэдорж найруулагч танд юу өгсөн бэ?

Намайг киноны хүн болгож чадсан. Бид найзууд. Бид нэгнээ яг хүүхэд шигээ л хайрласан. Намайг найруулагчаар ажиллах дур хүслийг өдөөж, итгэл өгсөн. Үүнээс гадна уран бүтээл дээр ажиллах нарийн арга ажиллагаа, туршлага, ухааныг өөрийн биеэр үзүүлсэн. Сайхан сайхан цаг хугацааг бид өнгөрөөсөн. Өнгөрсөн цаг дээр яриад байх шиг байна. Байсхийгээд л бид хоёр уулздаг. Ер нь Монголын том найруулагчдын карьер дуусаж, орон зай нь үгүйлэгдэж эхэлсэн цагт тэр гарч ирсэн. Том найруулагч нар нэг нэгээрээ байхгүй болж, Монголын кино урлаг эзгүйрч байлаа. Бариад авах найруулагч байхгүй… Яг шилжилтийн үед, 2000 он гараад л. Эзгүй юм шиг болсон. Яг тэр хугацаанд Ж.Сэнгэдорж найруулагч гарч ирсэн. “Дээшээ атгах гэхээр атгах юм байсангүй” гэж тэр ярьдаг. Үлгэр жишээ авах, түшиж тулах хүнгүй байж. Түүний найруулсан “Адам” киног ихэнх хүн цочиж хүлээж авсан. “Ийм найруулагч байж” гэж. Урсгалаараа явж байсан киночид гэнэт зогтуссан. Саяхан Бусаны наадамд Монголын уран бүтээлчид алхаад явахыг харах үнэхээр бахтай байлаа. Би найзаараа маш их бахархдаг. Олон уран бүтээлч түүнээс үлгэр жишээ авдаг болов уу гэж боддог. Кино урлаг одоо шинэ өнгө төрхтэй болж эхэлж байна.

Түрүүнд та “Бэхэн зүрх”-ийн хайрын тухай агуулга нь сэтгэл татсан гэлээ. Уран бүтээлч хүн нийгмийн ажиглаж, эмзэглэл тээж явсан. Тээсэн эмзэглэлийг та илүү тодруулж өгөөч?

Нандин юм гэж яг юу юм бэ. Тэр бүр ил гаргаад байдаггүй, зүрхэндээ нандигнадаг зүйл гэж… Өнөөдөр бүх зүйл ил болчихлоо. Ил болоод ирэхээрээ л хүмүүс бусдын амьдралд хошуу дүрж, хов живээр амьдарч байна. Энэ хэрээр их стресстэй болж эхэллээ. Одоо зарим хүн гадуур явах ч эрхгүй болж байна шүү дээ. Буруу, худлаа мэдээллийг тэгж сэвээд байсан бол яах вэ. Энэ утгаараа аягүй харгис нийгэм болжээ. Хүний үнэ цэн гэдэг зүйл өдөр ирэх хэрээр буурч байна. Энэ сэтгэл их эмзэглүүлж байна. Өнөөдөр хэнийх нь зөв, хэнийх нь бурууг ч ялгахаа байлаа. Хүнийг хараад, яг хэн юм бэ гэдгийг нь ч таних аргагүй боллоо. Бүгд нэгэн хэвд цутгасан мэт болж өөрчлөгдсөөр. Жүжигчний мэргэжлээр төгсөж буй залуусыг ч харахад, ямар ч өөрийн гэсэн характер байхгүй байна. Бидний үед хүн бүр өөрсдийн гэсэн характертэй байлаа. Одоо нэг л их цэвэрхэн хувцаслахыг бодсон… Хүн цэвэр цэмцгэр хувцаслахыг бодолгүй л яах вэ. Гэхдээ энэ нь амьдралынх нь гол зорилго болчихсон юм шиг харагдаад байгаа юм. Сайхан хувцас өмсөж, дажгүй машин унаж, хөөрхөн найз охин дагуулаад явах ч гэдэг юм уу, мэдэхгүй. Тэдэнд өөр амьдралын зорилго байхгүй гэж үү. Тэгсэн мөртлөө нэг л их дэлхий мөрөөдсөн хүмүүс. Хүн бас юм туулах хэрэгтэй л дээ. Ялангуяа урлаг хүнээс юу л авахыг хүснэ тэр бүгдээ авна. Энэ дунд гэрэл гэгээ хаана байна вэ гэдэг их хэцүү асуулт. Хүний аз жаргал яг хаана байна вэ.

Киноны салбарт хиймээр санагдаж буй нэг зүйл нь, хүмүүст аз жаргал өгөх. Бодлогоор тэгж хийх шаардлага гарч ирээд байх шиг байна. Гэр бүлийн уур амьсгалыг эерэг сайхан болгох, хүмүүст амьдрах итгэл, урам зориг өгөх. Аллага хядлагаас жаахан зугтмаар байна, тэ. 

 Эх сурвалж: www.eguur.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

А.Баттүшиг: Сайныг л хүсэж байгаа бол энэ хүслийг зогсоож яах юм бэ?

“Бэхэн зүрх” УСК-ны Ерөнхий найруулагч А.Баттүшигтэй ярилцлаа. Анх энэ төсөл хэрхэн бүтээл болох

2022-11-15

С.Баттулга: Базараа, Долгион хоёрын хувьд салалт шийдэл биш. Харин Хүслэн, Дөлгөөн хоёрын хувьд бол өөр

"Номадиа пикчерс", "Хүлэгү пикчерс"-ийн хамтын бүтээл "Эрвээхэйн сүүдэр" уран сайхны кино есдү

2022-10-25

Э.Бат-Үүл: Төрийн албанд байгаа Путины “тавдугаар цуваа” Монголыг хорлож байна

Э.Бат-Үүлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Ингэхэд таны харж буйгаар дэлхий маань ер нь хаашаа

2022-09-28