АМЬДРАХ САЙХАН: “Фронт” С.Цэгмидийн кино шиг амьдрал

2020-05-23 3484 0

Өдгөө 100 насны босго руу дөтөлж яваа Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын малчин, олноо “Фронт” С.Цэгмид хэмээн нэршсэн буурайг Монголчууд сайн мэддэг болсон. Саяхан болж өнгөрсөн аугаа их ялалтын баярын өдрөөр энэ буурайн үүх түүхийг илүүтэй сонссон биз. Мөн “Морьтой ч болоосой” кинонд тоглосон Гавьяат Батсүх түүний төрсөн дүү юм билээ.

Тэрээр 18 настайдаа Монгол Улсын сайн малчин цолыг Маршал Х.Чойбалсангаас гардаж, Сталинтай гар барьж, их буугаар дайсны өөдөөс буудаж, Оросын нисгэгчтэй тэнгэрт дүүлж явсан гээд баялаг дурсамж, түүхтэй. Гагц үүгээр зогсохгүй түүний хувийн амьдрал ч үүх түүх, сонин содноор дүүрэн аж. Бүсгүй заяанд төрснийг нь сануулах мэт түүний хувийн амьдралын зам мөр ажил төрөл шиг нь дардан байсангүй.

ЗХУ-ын баатар В.П.Носовтой авхуулсан зургаас нь улбаалаад тэднийг сэтгэлийн холбоотой байсан гэх яриа гарсан нь бий. Харин энэ талаар С.Цэгмид гуай “Носов гэж хүү шумбадаг цагаан онгоцоор Германчуудыг бөмбөгдөж баатар болоод, баатрын тэмдгийг нь биднийг очих үеэр гардуулсан юм.

Манай дарга нар “Манай 19 настай Цэгмид Монгол Улсын анхны аварга малчин болсон. 19 настай Носов дайны баатар боллоо. Төөлбөл нуруу, тоолбол нас чацуу хоёр хамт зургаа авхуул. Дурсгалын зүйл солилц” гэсэн юм. Тэгээд хамт авахуулсан зураг байдаг юм. Би аяганы уут бэлэглэж, тэр надад эрээн иштэй, хуйтай жижиг хутга бэлэглэсэн. Инээж, хөхөрч, ярьсан хэдэн хөөрхөн дурсгалтай зураг л үлдсэн. Тэр байлдаж явсан, завгүй хүн шүү дээ. Ямар удаж суух цаг зав байх биш. Хэл ус ч мэдэхгүй учраас ярилцаж, хөөрөлцөж найз нөхөр болж явж чадаагүй. Аргагүй баатар цол авч л надтай уулзаж, зураг хөрөг авхуулсан. Бид хамт ИЛ-12 онгоцоор фронт дээгүүр цаг хэртэй ниссэн. Кинонд тэр нь гардаг юм. Тэгээд маргааш, нөгөөдөр нь дахиж уулзаагүй” хэмээн хуучилжээ.

Носовын бэлэглэсэн хутгыг Цэгмид гуай нөхөртөө /анхны/ аваачиж өгсөн гэдэг. Өөрөөс нь олон насаар ах нөхөр нь бие барсны дараа тэрээр ахынхаа үгэнд орж хүүхдүүдийнхээ эцэгтэй амьдрал холбожээ. Гэсэн ч таван жил амьдарсныхаа эцэст мөнөөх эр харгис ааш авир гаргах болсон учир аргагүйн эрхэнд бүсгүй түүнээс зугтаж, нутаг солин нүүжээ.

Энэ талаараа “Манай хүүхдүүдийн эцэг гэж нэг муухай харгис хүн байлаа. Түүнийг Дэлгэрхангайд орхиод зугтааж наашаа ирсэн юм. Манайх цөөхөн адуутай, хэдэн тэмээтэй, таван хошуу шахам малтай болчихсон байсан. Ах маань “Манай нутгийн тэнэмэлдүүхэн хүү байна. Муу нь яах вэ, хүнд хань хэрэгтэй. Ядахдаа хэдэн адууг чинь харж, хамгаалаад байна байх. Ханил, ханил” гэж байгаад ханилуулсан юм. Таван жил овоо хүн шиг явж, хэдэн хүүхэдтэй болоод, сүүлдээ зан ааш нь хувирч, агсан согтуу тавиад болохоо байсан.

Их муухай дүрсгүй хүн байлаа. Нэг хүнийг шөнө буудаж хөөгөөд, ээжийг минь цохиж аваад, намайг ч шанаадаад. Тэгээд “Больё чи минь, хэдэн хүүхдээ би бойжуулчихаж чадна” гээд наашаа нүүсэн дээ” гэж хуучилж байна. Мөн “Би 25 хүрч байж анхны хүүхдээ төрүүлсэн. Тэгээд найман жилд зургаан хүүхэд төрүүлсэн. Хонь, ямаа шиг л төрсөн. Хүүхдээ төрүүлээд зургаан сар болоод л хөх ширгэчихнэ, тэгээд дараагийнх нь хүүхэд ирнэ. Ижий минь л тэмээний сүүгээр угжиж хэдэн хүүхдийг минь хүн болгосон доо. Зургаан хүүхдийн том нь миний 25-ны гахай жилд гарсан, аймгийн заан Гомбосүрэн гэж одоо сумдаа байгаа. Удаах нь хулганатай хүү байх байсан.

1948 онд Улсын сайн малчдын гуравдугаар зөвлөгөөнд оролцоод буцаж явахад Гангын давааны ард машин сууж, өвлийн дунд сард хээр долоо хоносон. Тэгэхэд найман сар гаруйтай хүүхэд минь дутуу төрөөд, эндчихсэн. Түүний дараа төрсөн бар жилтэй охиноо хоёр настайд нь хүнд өргүүлсэн.

Өргөж авсан өвгөн охины минь хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж, техникумд сургаад өөд болсон. Өргөмөл аав нь өөд болоход охин минь над руу буцаж ирсэн. Түүний доор туулай, луутай охин, могой жил гэдсэнд ирж, морь жил төрсөн хүү, хоньтой охин төрсөн.

Одоо хоёр хүү минь л үлдсэн. Дөрвөн охин минь жил дараалан үгүй болсон. Муу юм ч үзэж байна, сайхан юм ч үзэж байна. Хорвоогийн жам хойно гутаж гунилаа гээд ч яах билээ. Хэдэн хүүхдээс минь салбарласан ач, гуч 300 хүрэх нь. Хүн чинь бас их сүрхий өсөж үрждэг амьтан байна шүү” хэмээн хуучлав.

Төв суурин газраас зугатаж чихэрт дуртай хэдэн ямаагаа эрхлүүлэн, үр хүүхэддээ зааж зөвлөн суугаа түүний ой сайтай, үг яриа цэцэн цэлмэгийг хэлээд баршгүй. Өөрийнх нь хэлснээр тэрээр залуу насыг ёстой эдэлсэн шиг эдэлжээ. Сайхан буурайдаа зуу илүү насалж, жаргаж суухын ерөөл өргөе.

С.ЦЭГМИД: Залуу зандан насандаа хөөрхөн, царайлаг ч хүүхэн байлаа. Юм л болбол Цэгмид гэнэ. Цэгмидгүй юм байдаггүй байлаа. Жигтэйхэн сэргэлэн. Юм бүгдийг андахгүй. Дарга нарын хэлж байсан үг, хийж байгаа ажлыг бүгдийг мэднэ. Яаж тийм сүрхий ад мөрийн байсан юм бэ. Тэгээд үг хэлэх болбол дарга нар Цэгмид л гэнэ. Би ч хөөрхөн донжийг нь олоод хэлчихнэ. Би залуу насыг ёстой эдэлсэн шиг эдэлсэн хүн. Малаа ч сайн маллаж, олон гавьяа шагнал авлаа. Засаг, төрийн ажил, хурал зөвлөгөөнд ч оролцож, ийш тийшээ явсан. Дайн дажинтай газар ч очиж, гадаад, дотоодод явлаа. Дэлгэрхангайд байхдаа Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядад орж, бэлтгэл сургуулилалт хийж, 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойд морин парадад хүртэл оролцож байв шүү дээ.

Морьт отрядын шомбойсон малгайтай, цэгээн торгон дээлтэй, сайвар халтар морьтой, япон винтов үүрч, сэлэм зүүгээд 100 эмэгтэй командлаад давхиж явсан минь дүрс бичлэгт үлдсэн байдаг юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Шар Гэгээ” уран сайхны кино “Мөнгөн мод” наадмын шилдэгээр тодорлоо

“Мөнгөн мод” соёл, урлагийн шилдгүүдийг тодруулах наадам энэ сарын 27-нд  Улсын дуурь бүжгийн эрдмий

2024-03-30

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25

Даян аварга Н.Батсуурь “Наурызын баяр”-ын бөхийн барилдааны түрүүг авлаа

"Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн

2024-03-19