Яагаад би өнөөдөр залуу, гоо үзэсгэлэнтэй байсныхаа төлөө хүн болгонтой явдаг эмэгтэй болж хувирах ёстой гэж? Энэ өгүүлбэрийг өнгөрсөн жил, сонгуулийн дараахан нийгмийн сүлжээнд Сүнээ нэрээр танигдсан Б.Сүндэръяа хэлж байв. Засгийн газраас гаргасан шийдвэрийг нийтэд мэдээлэхээс өмнө сошиал орчинд жиргэж, үүнийгээ “Төрийн ордонд тамхины цэг дээр бүх зүйл яригддаг. Би тэндээс сонссон. Би ямар нэг зүйл сонссон бол түүнийгээ баталгаажуулж чаддаг. Би нууц байгаа мэдээллийг булааж аваагүй. Сонссон зүйлээ тулгаад асуучихдаг, тэр нь хэлчихдэг. Төр өөрөө дархлаатай байх ёстой шүү дээ. Мэдээлэл нь тамхины цэг дээр л яригдаж байдаг шүү дээ” хэмээн тайлбарласан нь бий.
Мөн түүнийг айлчлалын бүрэлдэхүүнд багтаж гадаад явдаг, Засгийн газраас түүнд хамтран ажиллах санал тавьсан гэх мэдээлэл ч шуурга адил дэгдэж байлаа. Харин уг мэдээлэлтэй холбогдуулан Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг “Хэзээ ч ажлын санал тавьж, албандаа ажиллуулж, айлчлалд авч явж байгаагүй. УОК-ын мэдээлэл яагаад гаргаад байгаа талаар би хуулийн байгууллагад хандаж байсан. Эмэгтэй хүн талаас нь нийгмийн үзэн ядалтад өртөөд эрсдэлд орчих вий гэж л санаа зовж байснаас ямар ч холбоо байсангүй” хэмээн байр сууриа илэрхийлж байв.
Нийгмийн анхаарлыг ингэж татаж байсан Сүнээ буюу Б.Сүндэръяа удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн бас нэгэн дарьтай торх дэлбэлж нийгмийг “ханаруулаад” байна. Тэр нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “хүчирхийлэл”-ийн тухай асуудал. Бүр цагдаагийн байгууллагад хандаад байгаа. Энэ талаараа тэрээр “Би 2019 онд Ц.Анандбазар гишүүнтэй уулзаж танилцаж байсан. Түүнээс өмнө манай найзад “Б.Сүндэръяа гэж энэ эмэгтэйн зургийг харсан. Чи энэ найзтайгаа уулзуулж өгөөч” гэдэг байсан юм билээ. Надтай ч уулзъя гэхэд нь би удаа дараа татгалзсан. Одоогоор би дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй. Өргөдөл, гомдол дээрээ маш тодорхой тусгасан байгаа. Сонгууль дөхөхөөр л намайг ярьдаг гэдэг учир би тодорхой мэдээлэхгүй.
Ц.Анандбазар намайг нандин нууцаар минь барьцаалсан. Би хэнд ч юу ч хэлж чадалгүй явсаар өнөөг хүрсэн. Дахин ингэж дарамт, шахалт дунд байж чадахгүй гэж шийдсэн учраас л өргөдөл, гомдлоо гаргаж байна. Эхлээд намайг маш их бүдүүлэг, хараалын үгсээр дарамталдаг байсан. Түүнээс хойш миний таньдаг хүмүүсээр дамжуулаад тохиролцох санал тавьсан. Би хэзээ ч тохиролцохгүй. Би аль болох цахим сүлжээгээр орохгүй байхыг хичээж байгаа. Маш их дарамт шахалт дунд байгаа учир нэр цохож хэлж чадахгүй байна. Ц.Анандбазар бол төрийн өндөр албан тушаалтай, тэрбумтан хүн. Түүний дор хэчнээн хүн ямар арга барилтай ажилладгийг би мэдэхгүй. Надад бүх нотлох баримт байгаа. Гэхдээ би хэвлэл мэдээллээр цацахгүй. Хуулийн дагуу шийдүүлэх болно. Өнөөдрөөс аав маань надад тусгай хамгаалалт гаргаж өгч байна. Би маш удаан хугацааны турш дарамт дунд байсан. Яг одоо л таслан зогсоохгүй бол цаашид 10, 20 жил ч үргэлжлэх болно. Надад нотлох баримт, гэрчүүд хангалттай байгаа.
Бага насандаа бэлгийн хүчирхийлэлд орж байсан насанд хүрсэн эмэгтэй хохирогчид ч мэдүүлэг өгөөд байгаа. Зөвхөн сүүлийн 20 жилийн хугацаанд гэхэд Ц.Анандбазар гишүүнд хүчирхийлүүлсэн гэх гомдолтой байгаа 1000 гаруй эмэгтэй байгаа” хэмээн мэдээлсэн. Түүний энэ мэдээлэл “Metoo” хөдөлгөөн Монголд хоёр дахь удаагаа өрнөхөд хүргэв.
“Me too” хөдөлгөөн хэрхэн эхэлсэн бэ?
Кино найруулагч Харви Вайнштейн охид бүсгүйчүүдэд бэлгийн дарамт учруулдаг байсан хэргийг олон нийтэд илчилсэн энэхүү хөдөлгөөн Холливудын жүжигчин “Алисса Милано” твиттер хуудаснаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн найзынхаа тухай бичсэнээр эхэлжээ. Үүний дараагаар жүжигчин “Эшли Жадд, Анжелина Жоли, дуучин Тайлор Свифт, жүжигчин, загвар өмсөгч Роуз МакГоун” зэрэг олны танилууд бэлгийн дарамтын талаар үзэл бодлоо хуваалцан, хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлэхэд уриалсан юм.
Алисса Милано твиттертээ “Бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөж байсан бүх бүсгүйчүүд энэхүү жиргээний дор “MeToo” (Би ч бас) гэж бичээрэй. Ингэснээр бид хүчирхийлэл ямар аймшигтай том асуудал болоод байна вэ гэдгийг бусдад бага ч гэсэн ойлгуулах юм бил үү” хэмээн бичиж энэхүү хөдөлгөөнийг улам идэвхжүүлжээ. Тэрхүү жиргээний дор хүчирхийлэлд өртөж байсан олон мянган охид бүсгүйчүүд “Би ч бас” хэмээн бичиж, өөрт тохиолдсон аймшигт хэргүүдийн талаар ам нээхээс гадна хүчирхийлэлд өртсөн, бэлгийн дарамтад орж байсан хохирогчдод дэм үзүүлэх зорилгоор өөр бусад хүмүүс ч идэвхтэй жиргэж байлаа.
Твиттерээс өгсөн мэдээллээр тухайн жиргээг бичсэнээс ердөө 24 цагийн дотор хагас сая хүн Алиссагийн жиргээнд хариу бичсэн байна. Энэхүү жиргээ цаашлаад бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг “MeToo” нэртэй хөдөлгөөн болон хувирч дэлхийн 85 гаруй орныг хамарч дэлхий нийтээр хүчирхийллийн асуудлыг хурцаар хэлэлцэж эхэлсэн. Улс бүр тухайн хэл рүү хөрвүүлсэн “MeToo”, эсвэл өөр хувилбарын хаштагуудыг үүсгэн цахим орчинд хүчирхийллийн тухай айж, ичилгүйгээр ярих тохиромжтой орчин бүрдүүлж чадсан билээ.
Бүтэнбаярын Сүндэръяа гэж хэн бэ?
Дэлхийн 85 гаруй орныг хамарч дэлхий нийтээр хүчирхийллийн асуудлыг хурцаар хэлэлцэж эхэлсэнтэй адил хөдөлгөөнийг Монголд дахин эхлүүлж чадсан ч эцэстээ энэ мэдээлэл нь улстөрийн зорилготой болоод хувирчихав уу, үнэнийг хэлэхэд ойлгох ухаан хүрсэнгүй. Ямартаа ч Сүнээ гэх энэ бүсгүй нийгмийг “хөдөлгөж”, талцуулж орхилоо. Тэгвэл хэдхэн үгээрээ сошиал орчинг, цаашлаад Монголын улстөрийг хүссэн зүгтээ “ханаруулж” байгаа Бүтэнбаярын Сүндэръяа гэгч хэн бэ?
СУИС-ийг 2015 онд бүжигчин, бүжгийн багш мэргэжлээр төгссөн. Суралцаж байх хугацаандаа буюу 2013 онд “Sunee’s Ballet” сургалтын төвөө нээсэн, ээж нь тус сургалтын төвийнх нь нягтлангаар ажилладаг. Товч намтар нь ийм. Шөнө өдрөөр солигдохын зуурт түүнийг тойрсон түмэн “асуудал”, “талцал” өрнөж байдаг учир тэр бүхнийг өгүүлэх нь илүүц биз.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй