Дэд профессор, генетикч Ж.Хулан: Хор гадагшлуулдаг ген гэмтсэнээс болж хавдар бий болдог

2024-05-15 1754 0
Дэд профессор, генетикч Ж.Хулангийн ярилцлагыг Н.Нацагдоржийн сийрүүлснээр хүргэж байна. Хүн болгон үүнийг уншаасай…
Саяхныг хүртэл хүн төрөлхтөн өөрсдийгөө бүрэн судлаагүйгээс янз бүрийн өвчин, эмгэгийн учрыг олдоггүй байлаа. Тухайлбал, хавдар, вирус зэргийг нэрлэж болно. Вирус дангаараа амьдрах чадваргүй, хүний эс дэх генийн бүтээгдэхүүн (уураг) дээр л үрждэг. Тиймээс айхавтар өвчнүүдийг эмчлэх, эрүүл хүүхэд төрүүлэх, насаа уртасгах, амьдралын чанараа дээшлүүлэхийн тулд генетикээ судлах шаардлагатай. Бүх шинжлэх ухаан хүн төвтэй байдаг.
Тэр ч утгаараа XXI зууныг “Биологийн эрин” гэж нэрийдээд буй. Түүн дотор ген, биохими, уураг, генетикийн судалгаануудыг түлхүү хийж байна. Дэлхий нийтэд өдгөө шинжлэх ухааны салбарууд нэгдэх болжээ.
Нэг асуудлыг шийдэхэд ганц физикч бус, химич, молекул биологич зэрэг тухайн салбарын судлаачид хамтран ажиллаж, эцсийн үр дүнг гаргаж байна. Тухайлбал, Оросын физикчид эмч нартаа хавдрын мэс заслын үед хортой эсүүдийг шүршихэд гэрэлтдэг технологи нэвтрүүлж өглөө. Энэ нь хавдрын эс бүрийг үлдээлгүй авах боломж олгосон.
Гэтэл манай анагаахын шинжлэх ухаанд заавал химич, хүрээлэнгийнх нь хэдэн судлаач л ажилладаг. Өөр салбарынхан ч ялгаагүй, мухрын нэг өрөөнд нуруугаа харуулаад сууцгаадаг. Тиймээс бүх шинжлэх ухааныг анагаахын салбарт суурилж, хөгжүүлбэл үр дүнтэй.
Бие махбодод гарч буй бодисын солилцооны өөрчлөлтийг манай эмч нар, ялангуяа мэс засалчид сайн мэднэ.
Гэхдээ вирусийн, ханиад, томуу дэгдэхэд нэг л учраа олохгүй байх шиг. Жишээлбэл, томууны вирусээс хэрхэн хамгаалахыг эмч нараас асуухад олонх нь дархлаагаа сайжруулахыг зөвлөдөг. Ачир дээрээ ингэснээр ханиад, томуунаас сэргийлдэггүй. Хүн бүхний дархлаа янз бүр. Тухайн бие организмд гаднаас халдвар нэвтрэхэд өвөрмөц дархлаа буюу эсрэг биет үүсдэг. Харин халдвар аваагүй байхад дархлаагаа сайжруулахаар нөгөө эсүүд юу “хийх” вэ. Өвчний үед үүссэн өвөрмөц дархлаа нь хүний генээр кодлогддог. Өөрөөр хэлбэл, “нүдгүй” хүний харааг сайжруулж болдоггүйтэй адил өвөрмөц ген үүсээгүй байхад дархлааг сайжруулах нь аюултай.
Ингэснээр дархлааны эс өөрийнхөө эсрэг ажиллаж эхэлдэг. Өөрийн эсийн эсрэг өвөрмөц дархлаа үүсвэл тухайн хүн хоёр жил л амьдарна. Дархлаагаар хамаагүй тоглодоггүй нь үүнтэй холбоотой. Тиймээс дархлааны эмүүдийг хүнд өвчний үед л хэрэглэдэг.
Ханиад, томуу дэгдсэн үед аминдэмээр баялаг хоол, хүнс хэрэглэх нь зөв. Гэхдээ аньс, чацаргана, зуун наст, цагаан гаа зэргийг хэрэглэхэд ч учир бий. Зуун наст дархлаа дэмждэг ч ходоод цочроодог тул шулуун гэдэсний шархтай хүн тохируулж хэрэглэхгүй бол өвчнөө сэдрээж, цус алдах эрсдэлтэй. Элэг муутай хүн цагаа гаа идэх хориотой гэхчлэн хэн юуг, хэзээ, яаж хэрэглэхээс шалтгаална.
Хүн 150 сая нуклелотид (нуклэйн хүчил буюу биомолекул)-тэй. Үүнээс нэг ширхэг нь л өөрчлөгдөхөд өвчин болдог. Гэхдээ ийм тохиолдолд тухайн хүний бие махбодоос шалтгаалж, гаднын хүчин зүйлд өртөлгүй энгийн амьдрах нь бий. Өөрөөр хэлбэл, өөрчлөгдсөн нэг ширхэг нуклэйн хүчил гаднын сөрөг хүчин зүйлээр өдөөгдөхөд өвчин сэдэрдэг байх нь.
Тэгэхээр хавдар, гажиг өвчнийг эмчлэхийн тулд уургийн молекулууд байгальд хэрхэн нийлэгждэгийг эхлээд мэдэх хэрэгтэй. Жишээ нь, эхийн эрүүл мэнд, хор гадагшлуулдаг ген нь ажиллаж байгаа, вирусийн халдвар авсан, үгүйгээс ургийн гажиг үүсэх, эсэх нь хамаарна. Хэрвээ эх хорт бодисоо гадагшлуулж чадахгүй хэрнээ эрүүл бус хооллодог бол ураг гажигтай төрөх магадлал өндөр. Хор гадагшлуулдаг ген нь гэмтсэн ч өөрт тохирсон, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг бол гажиг үүсэхгүй байж болно. Ген болгон өөр өөр үүрэгтэй тул үүнийг “базаж” хэлэх боломжгүй.
Нийслэлчүүд олон жил хорт утаагаар амьсгалсан. Бүгд үхээд, эсвэл хавдартай болчихоогүй. Эрүүл хүүхэд ч төрж л байна. Энэ нь бидний бие махбод хороо гадагшлуулж чадаж байгаагийн илрэл. Хор гадагшлуулдаг хэд хэдэн ген бий. Энэ нь мутацад орж, ажиллагаагүй болсон үед хавдар үүсдэг. Гэтэл энэ зохилдлогоог мэддэггүй зарим эмч, сүлжээний бизнес эрхлэгч “Агаарын бохирдолтой үед жирэмсэн эхчүүд антиоксидант заавал уух ёстой” гэж сурталчилдаг.
Гэтэл антиоксидант нь харин ч ургийн гажиг үүсгэдгийг хүмүүс мэддэггүй. Ураг хөгжлийнхөө явцад сүүл, загалмайтай байдаг. Томрох тусам эдгээр нь үхжиж, үгүй болно. Антиоксидант их хэрэглэх нь ургийн хөгжлийн энэхүү үйл явцыг хааж, гажиг үүсгэдэг гэсэн үг. Нөгөө талаар антиоксидант хавдраас урьдчилан сэргийлж, биеийг хоргүйжүүлнэ гэж эмч нар хэлдэг. Их хэмжээгээр хэрэглэвэл бас л хавдар үүсгэх нэг шалтгаан болдгийг судалж тогтоожээ.
Харин хүн өвчин туссан үед биед нь хортой бодис буюу чөлөөт радикал үүсдэг. Зөвхөн энэ тохиолдолд л антиоксидант “ажилтай” болж, хорыг биеэс гадагшлуулна.
В-гийн төрлийн аминдэмийн нэг нь бамбай булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлдэг байхад нөгөө нь дарангуйлдаг.
Энэ нь хүний бодисын солилцоог эвдэх нэг эрсдэл болдог гэсэн үг. Даавар шиг үйлчилгээтэй ганц аминдэм байдаг нь D. Тун нь ихэдвэл дотор эрхтэн рүү кальцийг зөөвөрлөж, чулуужиж, шохойжно. Байгалиасаа бид аминдэмийг жимс, хүнсний ногоо, хоолоор дамжуулан өдөрт маш бага хэмжээтэйгээр авдаг. Нэг дор их хэмжээгээр ууж, хэрэглэх нь биед хортой. Тиймээс аминдэмийн дутагдалд орсон, эсэхээ шинжлүүлж, эмчийн хяналтад хэрэглэх нь аюулгүй.
Барууны орнуудад ходоодны ашигтай бактерийг хэвийн хэмжээнд, тогтмол барьдаг жишигтэй. Аминдэмийг нийлэгжүүлдэг гол хүчин зүйл нь учраас. Хүний гэдсэнд эрүүл болон өвчин үүсгэгч бактери байдаг. Эрүүлийнх нь тоо цөөрөхөөр хортой бодис нийлэгжүүлнэ. Энэ нь организмыг хордуулж, улмаар элэг, ходоодны хавдар үүсгэдгийг япон эрдэмтэд нотолчихсон. Тэгэхээр ашигтай бактериа хэвийн хэмжээнд барих нь олон өвчнөөс хамгаалдаг.
Үйлдвэрийн таргийг өдөрт 50-100 гр-ыг тогтмол хэрэглэснээр ашигтай бактери хэвийн оршдог. Өдөр бүр багахан хэмжээний тараг ууж хэвшсэнээр аливаа өвчнөөс 70 хувь хүртэл сэргийлж болох нь. Энгийн мөртлөө хямд төсөр аргаар эрүүл амьдрах боломжийг хайх хэрэгтэй.
Түүнчлэн С аминдэмийг бие махбод нийлэгжүүлдэггүй учраас цэвэр жүржийн шүүс өдөрт 50-100 гр-ыг ууж хэвш. Жүрж нь транс тос, чихэр задлах давхар үйлчилгээтэй.
Харин эрүүл хооллолтын тухайд мацгийг эмчийн хяналтад л барьдаг. Тэгэхдээ бүр дотор гэдсээ бүрэн цэвэрлэсэн үед хийх боломжтой. Үгүй бол организм доторх хортой бодисоо шимж эхэлдэг. Зарим нь мацаг барина гээд бургуй тавьж, өтгөнөө гадагшлуулах нь бий. Энэ бол маш буруу. Нөгөө ашигтай бактериудаа устгах аюултай. Ер нь хоол сойсноор өвчин, хууч сэдрэх эрсдэлтэй. Би хувьдаа мацаг барихыг “хатуу тоглоом” гэж үздэг.
Миний элэнц эмээ 114 насалсан. Хүүхэд байхын л “Өнөөдөр шинийн 15. Мацаг барина аа” гэдэг байв. Гэхдээ эмээ мацаг барихдаа хэзээ ч юм идэхгүй өнждөггүй байсан. Зүгээр л махнаас татгалзана. Монголчуудад тулгамддаг нэг асуудал нь мах их иддэг. Түүнээс болоод төмрийн агууламж нь хэт өндөр тул цус өтгөнтэй. Зүрх, судасны өвчинд өртөмхий байдаг нэг шалтгаан нь энэ. Огт хэрэглэхгүй байж болохгүй. Учир нь махнаас гараад таван жил бололгүй, үгүй юү нуруугүй болсон цөөнгүй хүнийг би мэднэ.
Монголчууд коллаген буюу уургаа махнаас авдаг. Үүний дутагдалд оронгуут үе мөчдийн холбоос шингэнгүй болж, сууна. Зарим хүнд цагаан хоол тохирдог. Олон жил хэрэглэж хэвшсэн, биед нь ямар нэгэн өвчин, зовуурь илрээгүй бол асуудалгүй. Гэхдээ төрөлхийн цагаан хоолтой орны иргэдийн гэдэсний бүтэц монголчуудынхаас өөр. Хооллолтоос шалтгаалаад организм хүртэл өөрчлөгдөнө. Тэр хэрээр хүний биед орлогддог, орлогдошгүй аминхүчлийн илүүдэл, дутагдал үүсдэг.
Орлошгүйг нь бие махбод нийлэгжүүлдэггүй учраас хоол, хүнсээрээ дамжуулан авах ёстой. Тэр хоолны хоршил нь байгалиасаа заяасан байдаг. Харин манайхан дураараа хоолны зуршлаа өөрчилж, өвчин тусдаг. Хэдэн үеэрээ мах хэрэглэчихээд цагаан хоолонд орсон эмэгтэйчүүдийн цөөнгүй нь 35 нас хүрээд цэвэршдэг бол эрчүүд бэлгийн чадавхаа алдах нь олонтоо. Улмаар судасны хана нимгэрэх аюултай. Тиймээс махаа багасгамаар байвал өдөрт ядаж шүдэнзний хайрцгийн хэмжээтэйг идэх хэрэгтэй. Нэг өдөр махнаас татгалзсан бол маргааш нь ид гэж зөвлөе. Учир нь нэг хэвийн хоолны дэглэмээс нөгөөд шилжихэд гэдэсний бактери өөрчлөгддөг. Бидэнд мах задалдаг бактери олон.
Дан ногоо идээд эхлэнгүүт мах задлагч хоолгүй болж устдаг гэсэн үг. Тиймээс буцаад маханд орохдоо яг нялх хүүхэд шиг бага багаар иднэ. Их хэмжээгээр идвэл задлагч бактеригүй учир илжирч, үхэх хүртэл аюултай. Жишээлбэл, нэг хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар идэхгүй байснаа гэнэт их хэмжээгээр хэрэглэвэл шууд хордлогод ордог. Энэ нь тухайн хоолыг задлагч бодис биед устсантай холбоотой. Үүнийг өдөөхийн тулд бага багаар хэрэглэнэ.
1990 оноос хойш ургамлын гаралтай гэх сүлжээний бүтээгдэхүүн дэлхий нийтэд олширсон ч генетикийн судалгааны цар хүрээ өргөжих хэрээр өдгөө эсрэгээрээ болсон. Тухайлбал, ургамлын гаралтай, зүрхэнд сайн гэх бүтээгдэхүүн бөөр гэмтээж байна. 4-5 эрхтэнд сайн гэсэн нь 2-3 “юм” зольдгийг эрдэмтэд тогтоосон. Учир нь ургамал, хүн хоёр генетикийн хувьд ижил. Ялангуяа ургамалд ургийн хөгжлийн ген давамгай байдаг. Гэтэл хавдрын үед энэ төрлийн ген “асдаг”. Тэгэхээр ургамалд буй эл уургийг хэрэглэхээр хавдрын эс асах нь. Хор гадагшлуулдаг ген нь сайн ажилладдаг бол үүнд өртдөггүй. Арай бага нийлэгжүүлдэг нь ургамлын гэх гаралтай бүтээгдэхүүнд дарлуулдаг.
Далай лам Европын том эрдэмтдийг цуглуулж, Төвөдийн уламжлалт анагаахын эмүүд хүнд хэрхэн үйлчилж байгааг 2-3 жил судлуулсан байдаг. Тэгэхэд уламжлалтын эм өвчний хурц үед нэмэргүй. Харин эмчилгээний дараах нөхөн сэргээх тусламж, үйлчилгээнд хэрэглэхэд илүү тохиромжтой гэж үзсэн.
Монголчуудын цөөнгүй нь тан хэрэглэдэг. Танг нэрэхдээ ургамлын хорыг номхотгоно гэж ярьдаг. Нэг ургамалд буй хортой бодисыг нөгөөгийнхтэй хольж, идэвхгүй болгон буцалгаж, шүүдэг. Ингэж ургамлын хорыг авдаг гэхээр шууд хэрэглэвэл ямар үйлчилгээ үзүүлэх нь ойлгомжтой.
Наранцэцэг гэхэд хүний гентэй 40 хувь адил. Голдуу ургийн хөгжлийн ген агуулдаг. Тухайн ген мутацад орвол организм амьдрахгүй. Тэгтэл эм бол ургамал дотор буй ашигтай бодисыг, жишээлбэл, уушгийг эмчилдгийг нь гарган авч, эс, амьтан, сайн дурын хүмүүст туршин, хор хөнөөлгүй болсных нь дараа хэрэглээнд нэвтрүүлдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19