УИХ-ын нэр бүхий есөн гишүүний хүсэлтээр нүүрсний хулгайн асуудлаар УИХ-ын нээлттэй сонсголыг маргааш буюу арванхоёрдугаар сарын 21-нд зохион байгуулахаар болсон.
УИХ-ын гишүүн Г.Ганболд:
Нээлттэй гэдэг нь ард иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр чөлөөтэй сонсох боломжтой. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн гуравны нэг оролцсоноор чуулган хүчинтэй болно. Иргэдийн зүгээс 298 хүн оролцохоор хүсэлтээ ирүүлснээр 34 орчим иргэн тухайн асуудлаар эрх нь зөрчигдөж байгаа гэж үзээд үг хэлэхээр болсон.
ЗГХЭГ-аас нүүрсний гэрээ, амны болон хилийн үнэ, зөрүүтэй байгаа үнийн талаар мэдээлэл өгнө. Мөн Тавантолгойн бүрэн эрхт төлөөлөгч оффтейк гэрээний талаар, хоёр баригдсан төмөр замын талаар, 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл нүүрсний хулгайтай холбоотой шалгагдаж буй болон хэрэгсэхгүй болсон хэргүүдийн талаар, мөн оноос хойш гаалийн байгууллагаас хийгдсэн шалгалтуудын талаар мэдээлэл өгнө.
Өмнөх сонсголууд дээр иргэд асуулт асууя, үг хэлэх зэргээр сонсголын үйл ажиллагааг тасалдуулж байсан. Урьдчилаад асуулт асуухаар хуулийн дагуу нэрсээ өгөх, өөрийн тойргоос сонгогдсон гишүүдээр дамжуулан үг хэлэхийг хүсэж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
Парламент бол иргэдийн төлөөлөл. Маргааш болох сонсгол дээр АТГ-ын дарга, Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч нарыг нь байлцуулна. Хэрэгт холбогдсон гэж зарлагдсан нэр бүхий 17 албан тушаалтныг мөн байлцуулъя гэж байгаа. Тэдний нэг нь Х.Баттулга. Голомтын Баясгалан гэх хүн “би ямар ч буруу байхгүй, надаас өөр хийх хүн байхгүй байсан, асуудал байвал төртэй ярь” гэж хэлсэн. Гэтэл тухайн үед төрд байсан хүн нь гадагшаа зугтаачихлаа. Д.Баясгаланг маргааш ирж мэдээллээ өг гэж байгаа. Бас Эрдэнэс Тавантолгойн захирал Ганхуягийг ирж мэдээллээ өг гэж байгаа. Хүний гүтгэж болохгүй, бизнесийг нь гутааж болохгүй.
Нэр татагдсан таван гишүүнээ суулгаж байгаад яриулъя. Үр дүнд жинхэнэ хулгайч хаана байгааг олно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй