Хувийн сургуулиудад хувьсах зардал олгох нь гарааны тэгш боломж мөн үү?

2021-02-15 1044 1

Сар шинийн баярын өдрүүдэд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан бас нэгэн “сюрприз”-ийг барив. Тэр өөрийн твиттер хуудсаар дамжуулан “Өндөр төлбөртэй хувийн сургуулиудад ирэх сараас эхлэн хувьсах зардал олгохгүй” гэсэн нь олон нийтийн сүлжээнд багагүй хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Уг мэдээллийг хуваалцсан хүмүүсийн олонхи нь “төрийн өмчит сургуулиудаа тэжээж чадахгүй байж хувийн сургуулиудад хувьсах зардал өгөх нь буруу” гэсэн бол цөөн хувь нь “Төрийн ачаанаас үүрэлцэж байгаагийн хувьд хувийн сургуулиудын хувьсах зардлыг хасч болохгүй. Наад хасаад байгаа мөнгийг чинь эцэг эхчүүд нөхөж төлнө. Баян, ядуу гэхгүй хүүхэд бүрт тэгш хандах ёстой” гэсэн байна. “Шинэ Монгол” сургуулийн захирал Ж.Галбадрах жишээ нь “Хувьсах зардлыг хасвал хувийн сургуулиуд хаалгаа барина” хэмээн ярилцлага өгчээ.

Харин Соёлын сайд Ч.Ундрам “Боловсролын байгууллага нь ашгийн бус байх ёстой. Чанартай боловсролыг тэгш хүртээж байж гарааны тэгш боломжийг олгоно” хэмээн жиргэсэн байна. Мөн УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Татвар төлдөггүй хувийн сургуулийн захирлуудын утас, унаа, гэр бүлээрээ гадагшаа зугаалах зардлыг хүртэл яагаад төсвөөс төлөх ёстой гэж. Хувьсах зардал ийм л зүйлд зарцуулагдаж байгаа. Хувийн сургуулиудын хувьсах зардалд 2021 онд 50 тэрбум, хоолны мөнгөнд 5 тэрбумыг төлөхөөр байгаа” хэмээн жиргэсэн байна.

Хувийн сургуулиудад олгодог хувьсах зардлыг зогсоох асуудал олон Засгийн газрын дамжин яригдаж байсан ч шийдэл гаргаж чадаагүй ужиг асуудлуудын нэг билээ. Ялангуяа шийдвэр гаргагч нар, үе үеийн Боловсролын салбарын сайд, дарга нарын олонхи нь хувьдаа сургуультай, ядаж л хүүхэд багачууд нь өндөр төлбөртэй хувийн сургуулиудад суралдцдаг гэсэн шалтгаанаар хувьсах зардлыг хасахын эсрэг байдаг, лоббид автдаг тухай олон жил ярьж байна. Харин хувьсах зардлыг хасах тухай анх удаа чангахан дуугарсан нь Л.Энх-Амгалан болж байх шиг. Тийм болохоор цаашдаа ч гэсэн олон бэрхшээл туулах биз. Туулаад ч эхэлсэн гэдгийг нэг өдрийн зайтай оруулсан хоёр өөр жиргээнээс харж болно.

Сайдын жиргэснээр Улаанбаатарт 5 сая төгрөг хүртэлх төлбөртэй 106 сургууль, 5-10 сая төгрөгийн төлбөртэй 12 сургууль, 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй найман хувийн сургууль байдаг юм байна. 12 жилийн боловсрол олгодог ЕБС-иудын тухайд шүү дээ.

Харин сайд маань “өндөр төлбөртэй” гэдэг ангилалд 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуулийг хамруулж, “Хувьсах зардал өгч чадахгүй” гэжээ. Тэгэхээр хувийн хэвшлийн 100 гаруй сургуулиас зөвхөн найман сургуулийн хувьсах зардлыг хасна гэсэн үг.

Тэгэхээр нэгдүгээрт, хувьсах зардал гэж юу вэ? гэдгээс эхэлье. Товчхондоо үйлдвэрлэлийн хэмжээтэй шууд хамааралтайгаар өөрчлөгддөг зардлыг хувьсах зардал гэж байгаа юм. Сургууль, боловсролын байгууллага дээр бол суралцагчдын тооноос шууд хамаарч өөрчлөгддөг зардал гэсэн үг. Тиймээс сургууль, боловсролын байгууллагуудыг санхүүжүүлэхийн тулд “Хувьсах зардлын дундаж норматив” гэдэг зүйлийг баталдаг. Тухайн сургууль, цэцэрлэгийн хүүхдийн тооноос шууд хамааралтайгаар өөрчлөгдөж байгаа зардлын нэг хүүхдэд ногдох дундаж хэмжээ юм.

2016 онд Засгийн газрын 242-р тогтоолоор баталсан нормативт хэмжээгээр төрийн өмчийн сургуулиудад нэг хүүхдийг хичээлийн нэг жилийн хугацаанд сургах зардал дунджаар 450-460 мянган төгрөг байв. Үүнээс хойш хувьсах зардлын нормативт хэмжээг өөрчилсөн буюу нэмэгдүүлсэн тухай баримт олдсонгүй. Өнгөрсөн оны өдийд мөн энэ хэвээр байсан. Тухайн сургуулийн барилга байшин буюу хөрөнгийн зардал, түүний ус, дулаан, халаалт, цахилгаан гэх мэт урсгал зардлуудыг хасаад багш, ажилчдын цалин хөлс, бусад зардлуудыг тооцоход нэг хүүхдэд жилд 460 мянган төгрөг зарцуулдаг гэсэн үг. 1000 хүүхэдтэй нэг сургуульд жилд олгох хувьсах зардлын хэмжээ дунджаар 460 сая төгрөг байна аа гэсэн үг. Зардлын хэмжээ нийслэл, орон нутагт харилцан адилгүй байгааг доорх хүснэгтээс харж болно. /Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгүүдэд олгож буй хувьсах зардлыг жишээ болгов/

Засгийн газрын 2016 оны 242 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

 СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЭХЭД НЭГ СУРАЛЦАГЧИД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДЛЫН                                         ДУНДАЖ НОРМАТИВЫН ХЭМЖЭЭ                                                                                                                                                                             (мян.төг)

БайршилЦалинАжил олгогчийн төлөх шимтгэлБусад хувьсах зардалНийт хувьсах зардал
1Аймгийн төвөөс бусад сумын874.196.227.9998.2
2Аймгийн төвийн709.278.025.1812.3
3Нийслэлийн707.377.822.8807.8

Аймгийн төвөөс бусад суманд цэцэрлэгийн нэг хүүхдэд олгож байгаа хувьсах зардлын хэмжээ 998 мянган /сая орчим/ төгрөг байхад түүний 870 мянга нь тэр чигээрээ багш, ажилчдын цалинд, бараг шахуу 100 мянга нь ажил олгогчоос төлдөг НДШ-д зарцуулагдаж байна. Үлдсэн 27-28 мянган төгрөг нь бусад зардал буюу бичиг цаас, сургалтын хэрэгсэлд зарцуулагддаг байна. /ЕБС-иудын тухайд сурах бичгийн зардал энд хамаарахгүй гэдгийг энд хэлэх хэрэгтэй. Төсвөөс тусад нь мөнгө хуваарилдаг/

Энэ тоо аймгийн төвүүдэд арай багасаад, нийслэлд хамгийн бага буюу нэг хүүхдийг цэцэрлэгт хүмүүжүүлэх зардал 807 мянган төгрөг байна.

Энэ бол цэцэрлэгүүдэд олгодог хувьсах зардлын дундаж. ЕБС-иудын хувьд түүнээс бага буюу 460 орчим мянган төгрөг гэдгийг дээр хэлсэн. Энэ мөнгийг өнөөдрийг хүртэл өндөр төлбөртэй, хувийн сургуулиудад олгож ирснийг болиулах тухай л яриад байгаа юм. Сурагчдаасаа жилд 10 сая төгрөгийн төлбөр авдаг хувийн сургуулиудад төсвөөс “хувьсах зардал” олгох нь зөв үү, буруу юу? тухай.

Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд хувийн сургуульд боловсрол авч байгаа өртөг нь жилд 10 сая 460 мянган төгрөг, харин улсын сургуульд боловсрол олгож байгаа өртөг 460 мянган төгрөг болж харагдаж байна. Энэ тохиолдолд “боловсролын тэгш боломж”-ийн тухай яриа боломжтой юу, үгүй юу?   

Тийм болохоор 2016 оны тавдугаар сарын 2-нд баталсан Засгийн газраас баталсан 242-р тогтоолоор /Лу.Гантөмөр Боловсролын сайд байсан/ хувийн сургуулиудад өгч байгаа хувьсах зардлын хэмжээг суралцагчдаас авч байгаа төлбөртэй нь уялдуулан бууруулж эхэлсэн юм байна.

Төлбөргүй буюу төрийн өмчийн сургуулиуд, 5000.000 төгрөг хүртэлх төлбөртэй хувийн сургуулиудын нэг сурагчид олгох хувьсах зардлын хэмжээг 460.000 төгрөг /хүүхэд тус бүрт/, 5000.000-10.000.000 хүртэл төлбөртэй сургуулиудад олгох хувьсах зардлын дээд хэмжээг 275.000 төгрөгөөр /дээр хэлсэнчлэн нийслэл, орон нутаг ялгаатай/, 10.000.000-аас дээш төлбөртэй сургуулиудад 137.000 төгрөгөөр тооцож хувьсах зардлыг олгож иржээ. Энэ нормативт хэмжээнд өөрчлөлт орсон талаар эх сурвалжийн мэдээ олдсонгүй.

Тэгэхээр Боловсролын шинэ сайдыг хэлээд байгаа “өндөр төлбөртэй” /10 сая төгрөгөөс дээш/ найман сургуулийн хувьсах зардлаас 129.000 төгрөгийн хувьсах зардал хасах тухай л бид маргаж байгаа хэрэг. Өглөө гээд хоосрохгүй, авлаа гээд баяжихгүй мөнгө. Цаана нь 10 хүртэл сая төгрөгийн талбөртэй 100 гаруй сургууль байгаа. Харамсалтай нь суралцагчдын тоо энд алга. Тэр нь байвал дахиад өөр тооцоо хийж болно.

Ингэхэд нийслэлд төрийн өмчийн ЕБС хэд бий билээ? Тэдний ихэнх нь 1000-2000 хүүхэдтэй. Нэг анги танхимд 50, 60-уулаа хичээллэдэг. Тэдэнд ногдох ёстой хувьсах зардал хувийн, төлбөртэй сургуулиудад очдог л гэсэн үг. Тухайлбал, 5000.000 хүртэлх төлбөртэй хувийн сургуулиуд хувьсах зардлаа бүтнээр нь авч байна. Хэрэв тэр мөнгийг төрийн өмчит сургуулиуд руугаа шилжүүлбэл багш ажилчдынхаа тоог нэмэгдүүлэх, цалинг нь өсгөх, нэг анги танхимд хичээллэж байгаа хүүхдийнхээ тоог цөөруулах, ингэснэр сургалтын чанарыг сайжруулах боломж гарах юм л даа. Нийслэлд гэхэд сургууль, цэцэрлэгийн 1150 гаруй багш, ажилтны орон тоо эзэнгүй байгаа тухай өнгөрсөн намар мэдээлэгдэж байж.  

Тийм болохоор Л.Энх-Амгалан сайдын хувьд “Хийвэл бүү ай” гэдэг цаг үе ирээд байна. Зөвхөн “өндөр төлбөртэй” гэж хязгаарлалгүй, хувийн төлбөртэй бүх сургуульд хувьсах зардал олгохгүй байх. Тэгэхгүй бол хувийн сургуульд 20-иулаа нэг танхимд, улсын сургуульд 60-уулаа нэг танхимд хичээллээд нэгийг нь 460 мянган төгрөг, нөгөөг нь 5.460.000, бүр 10.460.000 төгрөгөөр сургаж байгаа нөхцөлд ямар юмных нь “олонхийн боловсрол”, “гарааны тэгш боломж”-ийн тухай яриа байх вэ?

Арав, хорин жилийн өмнө бол асуудал өөр байсан. Улсын эдийн засаг муу, сургууль, цэцэрлэгийнхээ барилгыг барьж, цалингаа ч тавьж чаддаггүй, шинээр үүсгэн байгуулагдсан хувийн цөөхөн сургуулиуд нь дандаа айлын хаяа хатавчинд түрээс төлж суудаг, улсын сургуулиас голдуу цагийн багштай байсан. Тэр үед “Төрийн үүрэх ачаанаас хөнгөлж байгаа” гэдэг утгаар төр ядаж хувьсах зардлаар дэмждэг байв. 

Харин өнөөдөр боловсрол бол хамгийн өндөр ашигтай бизнес болсон. Түүний бэлээхэн нотолгоо нь эцэг эхчүүдийн бага, дунд боловсролд төлж байгаа мөнгө их сургуулийн төлбөрийг хэд нугалсан явдал. Хэдэн арван тэрбум төгрөгийн өртөгтэй хувийн сургуулиудын цоо шинэ барилгууд. Тэнд ажиллаж байгаа багш ажилчид Монголдоо хамгийн өндөр цалин авдаг. Хүүхэд цөөнтэй, 1-2 ээлжээр хичээллэдэг. Харин төрийн нэртэй сургуулиудынхаа байж байгаа царайг хар…

Б.СЭМҮҮН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Энх-Амгалан сайдаа, таны санаа зөв ч, доод шатандаа буруу хэрэгжээд жижиг хувийн сургууль цэцэрлэгүүд хаалгаа барьж эхэллээ. Би хувийн байшиндаа 25 хүүхдийн багтаамжтай сарын 150000₮ / нэг зуун тавин мянга/ төлбөртэй цэцэрлэг тусгай зөвшөөрлийг нь аваад ажиллуудаг. 2 үндсэн, 2 туслах, 1 тогооч 5 хүн цалинжуулдаг. Энэ оны 1 сард цэцэрлэгүүдийг амраасан. Гэхдээ явах хүсэлтэй хүүхдүүдийг ав гэж олон нийтийн хэрэгслээр зарласан учир 10 -12 хүүхэд явсан. 7 хүүхэд төлбөргүй явдаг хүүхдүүд. Гэтэл 1-2 сарын санхүүжилт гээд 1,9 сая орж ирлээ. Энэ мөнгийн алийг нь багш, ажилчдын цалин, НДШ, татвар, байрны урсгал зардал ус, дулаан цахилгаан, хүүхдийн хоолны зардалд өгөх вэ? Бид цөөн ч гэсэн айл өрхийн гишүүдийг ажлаа хийх боломж олгож, хүүхдийн төлөө ажиллаж байгаа гэж бодож байна. Хувьсах зардал өгөхгүй байсан юм бол зүгээр биднийг амраачихгүй дээ. Тэгсэн бол ажилчид маань бүтэн цалингаа нэхэхгүй байх байсан. Хамаг хөрөнгөө хүүхдийн тоглоом, хөнжил гудас, ширээ сандал болгоод тавьчихсан. Одоо ямар ч үнэгүй. .Бид одоо яах уу? сайдаа,

Холбоотой мэдээ

Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрнаас хаалга, нойлын суултуур, ванн хулгайлсан хэрэг гарчээ

Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрнаас хаалга, нойлын суултуур, ванн хулгайлсан хэрэг гарчээ. Энэ тала

2024-12-03

Монгол дохионы хэлний анхан шатны мэдлэг чадвар олгох сургалтад 18 багш хамрагдаж байна

Боловсролын яам, “Боловсролын дэлхийн түншлэл” (GPE) олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэг

2024-12-03

Д.Дагвадорж Монголын морин спорт уяачдын холбоог тэргүүлнэ

Монголын Морин спорт, уяачдын холбоо (ММСУХ)-ны VIII их хурлаас Д.Дагвадоржийг  ерөнхийлөгчөөр сонго

2024-12-03