Р.Булгамаа: Хүүхэд хүчиндсэн бол химийн тариа хэрэглэх ялын бодлого хэрэгтэй байна

2020-04-21 1168 0

Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаатай ярилцлаа.

-Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орсон хүчингийн гэмт хэргийн талаарх заалтын талаар ярилцлагаа эхлэх үү?

-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчиндэх гэмт хэргийг зохицуулсан 12.1 дүгээр зүйлд өөрчлөлт оруулсан.

Тодруулбал, хүчиндэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хүнд оногдуулах ялын хэмжээ хоёроос найман жил байсныг таваас арван хоёр жил болгож, таваас арван хоёр жил байсныг наймаас арван таван жил болгож нэмсэн.

Эрүүгийн хуульд орсон энэхүү нэмэлт өөрчлөлтүүд нь энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад төдийлөн үр дүнгээ өгч харагдахгүй байна. Ер нь энэ төрлийн гэмт хэргийн ялын бодлогыг чангалах нь зүйтэй боловч түүнчлэн уг гэмт хэргийг гаргахгүй байх, таслан зогсоох арга хэмжээ авах нь зүйтэй.

-УИХ-ын гишүүн Х.Нямбаатар саяхан хэвлэлд өгсөн ярилцлагад “14 нас хүрсэн тохиолдолд зөвшилцөн бэлгийн харьцаанд орвол гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн агуулгатай зүйл яриад байгаа. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна?

-Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог. Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заадаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол” Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан гэсэн үг юм.

Хуульд 14 настай хүүхэдтэй зөвшилцөж бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрсөн зүйл огт байхгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд заасан Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага ямар байх тал дээр харин анхаарал хандуулах хэрэгтэй байгаа.

Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэрэгт торгох ял байж болохгүй талаар судлаачийн хувьд удаа дараа байр сууриа илэрхийлж ирсэн. Мөн одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн зохицуулалтаас харахад 18 насанд хүрсэн хүн нь уг гэмт хэргийн субъект байхаар хуульчилсан.

Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дийлэнх гэмт хэргийн субъект нь 16 насанд хүрсэн хүн байдаг. 16-18 насны хүний хувьд Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйл хамаарахгүй мэтээр хуулийг ойлгохоор хуульчлагдсаныг хууль тогтоогчид анхаарах нь зүйтэй харагддаг. Тиймээс арван зургаан нас хүрээгүй хүүхэд хүчиндсэн бол химийн тариа хэрэглэх ялын бодлого хэрэгтэй байна.

-Энэ тухай УИХ-ын гишүүнээс гарсан асуудал шүүдээ. 14 ч бай 16 ч бай ийм насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох асуудлыг хуульдаа тусгаж өгч байгаа нь маш эмзэглүүштэй. Нөгөө талаар манай хуульд 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундаа зарахыг хориглодог. Эдгээр хууль тогтоомжууд хоорондоо эрс ялгаатай ойлгогдож байна?

-Би өмнө хэллээ. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд 14 настай хүүхэд бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрсөн зохицуулалт огт байхгүй. Насанд хүрсэн хүн 14 настай хүүхэдтэй бэлгийн харилцаанд тохиролцож орох гэдэг ойлголт огтхон ч байж болохгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол” Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Үүнийг хүчиндэх гэмт хэрэгтэй адилтгаж буруу тайлбарлаж болохгүй юм.

-Иргэний эрх зүйн үүднээс 14 настай хүүхдийн эрх зүйн чадамжгүй байдаг талаар зарим хуульчид хэлж байна?

-Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Иргэний хуульд 7-14 хүртэлх насны хүүхдийг эрх зүйн зарим чадамжтай, 14-18 насны хүүхдийг эрх зүйн бүрэн бус чадамжтай гэж хуульчилсан.

-Одоо манайд хүчирхийллийн гэмт хэргийн нөхцөл ямар байна вэ?

-Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс гаргасан “Монгол Улсын Шүүхийн шүүн таслах ажиллагааны тайлан”-нд дурдсан тоон мэдээнээс үзэхэд анхан шатны шүүхээр Хүчиндэх гэмт хэрэг нь

-2017 онд 191,

-2018 онд 282,

-2019 оны гуравдугаар улиралд 280 хянан шийдвэрлэгдсэн байна. Үүнээс дүгнэвэл Хүчиндэх гэмт хэрэг нь жил тутамд нэмэгдэж байгаа үзүүлэлт гарч байна.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн практик судлалын хэлтсээс гаргасан судалгаанаас үзэхэд “2012-2018 онуудад Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 3 дахь хэсэг /14 дээш 18 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн, энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан/-ээр 294 хүнд холбогдох 243 хэргийг хянан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн хүчиндэх гэмт хэргийн 16.9 хувь, ял шийтгүүлэгчийн 17.3 хувийг тус тус эзэлж байна.

Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг нийт хүчингийн гэмт хэргийн 31.4 хувь, ял шийтгүүлэгчийн 28.3 хувийг эзэлж байна.” гэжээ.

Уг судалгаанаас харахад дээр дурдсан гэмт хэргийн үзүүлэлт жил тутамд өссөн үзүүлэлттэй байна. Дээрх тоон мэдээнээс дүгнэвэл “Хүчиндэх” гэмт хэрэг бодит байдал дээр ихсэж байгаа гэж дүгнэж болох бөгөөд “Хүчиндэх” гэмт хэргийн гурван тохиолдол тутмын нэг нь хүүхдийн бэлгийн хүчирхийлэл байгаа ноцтой тоон мэдээг судалгаанаас харж болно.

Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо жилээс жилд ихсэх хандлагатай байгаа. Хохирогчдын дийлэнх нь 18 хүртэлх насны хүүхэд байна.

Ард иргэдийг цочроосон хүчирхийллийн гэмт хэргүүд олноор гарч, энд бага насны хүүхдийг хүчирхийлсэн жигшүүрт хэргүүд багагүй хувийг эзэлж, Монгол Улсын ирээдүй болсон балчир үрс насан туршийн хохирогч болсоор байна.

Гэмт хэргийн судалгаанаас харахад 2019 онд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 610 гарсны хүчиндэх гэмт хэрэг 481, 17 хүртэлх насны 1,598 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон ба сурагч 1,137, сургууль завсардсан 11 хүүхэд, 17 хүртэлх насны 1,356 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна.

2020 оны хоёрдугаар сарын байдлаар хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 114 гарснаас хүчиндэх гэмт хэрэг 86, 17 хүртэлх насны 264 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон ба оюутан 165, сурагч 185, сургууль завсардсан 6 хүүхэд, 17 хүртэлх насны 76 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна.

-Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байгаа. Энэ талаар ярихгүй юу?

-Сүүлийн жилүүдэд ард иргэдийг цочроосон хүчирхийллийн гэмт хэргүүд олноор гарч, энэ төрлийн гэмт хэрэгт бага насны хүүхдийг хүчирхийлсэн жигшүүрт хэргүүд багагүй хувийг эзэлж, Монгол Улсын ирээдүй болсон балчир үрс минь насан туршийн хохирогч болсоор байгаад хувь хүнийхээ хувьд сэтгэл эмзэглэж явдаг.

Тиймээс хүүхдийн эрх хамгаалал, хүүхдийг хүчирхийлэхийн эсрэгдуу хоолойгоо илэрхийлж байдаг ТББ-д, Үжин төв, иргэдтэйгээ хамтраад хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд явж байна.

Энэ хөдөлгөөнөөр бид хүүхдийн эрх, ялангуяа хамгаалуулах эрхийг хангахад үүрэг хүлээгчид нөлөөлөх замаар хүүхэд хүчирхийлсэн этгээдийг ял завшуулахгүй байх, ялын бодлогыг оновчтой болгох, эцэг, эх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулах, урьдчилан сэргийлэх, хохирогчийн эрхийг хангах, ард иргэдийг соён гэгээрүүлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг бий болгох, хүчирхийллийг таслан зогсоох зорилготой.

Түүнчлэн хүүхдийн эрх, ялангуяа хамгаалуулах эрхийг хангахад үүрэг хүлээгчид нөлөөлөх замаар хүүхэд хүчирхийлсэн этгээдийг ял завшуулахгүй байх, ялын бодлогыг оновчтой болгох, эцэг, эх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулах, урьдчилан сэргийлэх, хохирогчийн эрхийг хангах, ард иргэдийг соён гэгээрүүлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг бий болгох, хүчирхийллийг таслан зогсоох юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Жүжигчин Химаншү Сони 300 хүнээс шалгаран бурхан багшийн дүрийг бүтээжээ

МҮОНТ-ээр гарч буй “Бурхан багш” олон ангит уран сайхны кино хэдийн үзэгчдийг байлдан дагуулаад

2024-11-29

Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөр нар нэг тойрогт халз үзье гэвэл би үгүй гэхгүй

“Үндэсний Эвсэл”-ийг Монголын либерал ардчилсан нам дэмжихээ илэрхийлж, хамтын ажиллагааг баталгаажу

2024-05-16

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25