Биеийн өөхний эд бодит жингээс 20 хувь ба түүнээс их байвал биед өөрчлөлт орж, амьдрах нас богиносдог

2023-06-11 841 0

Клиникийн профессор, Тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны докторант, Кето хоол судлаач Т.Ариунцэцэгтэй ярилцлаа.

Өвчин үүсгэх томоохон шалтгаан бол буруу хооллолт

-Сүүлийн үед таргалалт, чихрийн шижин, хавдар зэрэг өвчлөл ихээр нэмэгдсэн. Мөн элэг, ходоод, нойр булчирхайн үрэвсэл ч нэмэгдэж, хүмүүс энэ талаар их асуух болсон. Өвчлөл ингэж нэмэгдэж байгаагийн шалтгааныг та юу гэж хардаг вэ?
-1984 оноос буюу Америкт “Өөх тос муу, зүрхний өвчлөл үүсгэж байна“ гэсэн шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээлэл алдарт “TIME” сэтгүүлд нийтлэгдсэнээс эхлэн томоохон компаниуд мөнгө олох зорилгоор нүүрс ус их, чихэрлэг хоол хүнсийг ихээр үйлдвэрлэж эхэлсэн. Хүмүүсийн хоолны хэрэглээ өөрчлөгдөж, өөх тосноос айж, жигших болсон. Чихэрлэг, цардуул ихтэй хүнс буюу чихэр жимс, гурил будаа, шарсан төмс, бэлэн хоолонд донтох болсон.

Нүүрс ус их, чихэрлэг хүнс хоолны донтолт үүсгэдэг.

Энэ үеэс таргалалт, шижин, зүрх судасны зэрэг өвчлөлүүд жил ирэх тутам хурдацтай нэмэгдсэн. Манай орны хувьд зах зээлийн нийгэмд шилжиж, хүнсний хомсдолд орсон. Аль болох хямд, нүүрс ус ихтэй хүнс хэрэглэж, мөн л өөх тосноос татгалзаж эхэлсэн. 3 цагаан хор гэдэг ойлголтод давс, өөхийг оруулж хэрэглээ нь эрс багассан. Өвчлөл ч ихэссэн.

Эсрэгээрээ нүүрс ус бага, өөх тос ихтэй хоол идсэнээр өвчлөл багасна. Өөр нөлөөлөх хүчин зүйл бий ч өвчин үүсгэх томоохон шалтгаан бол хоол.

-Хүмүүсийн их ярих болсон кето хооллолт таны яриад байгаа өөх тос их хоол мөн үү. Өөх, тос ихтэй хоол аюулгүй гэсэн судалгаа бий юу?
-Тийм ээ. Бүр 1917 онд чихрийн шижинг хэрхэн эмчлэх тухай номонд өөх тосоо хэрэглэж, талх, гурил, будаа, чихэр, жимс зэрэг нүүрс ус их хүнсийг хорьсноор уг өвчнийг эмчилдэг тухай бичсэн байдаг. Мөн 1920-иод онд анх уналт, таталтыг кето хоолоор эмчилж эхэлсэн.

Чихрийн шижинг эм, тариагаар эмчилж эхэлснээс хойш энэ өвчин архагшин хүндэрч, энэ өвчний улмаас хөл гараа тайруулах, сохрох, улмаар амь насаа алдах болсон.

Инсулин тариа цусны сахарыг бариад байгаа мэт боловч, үнэн хэрэгтээ өвчнийг улам дордуулж, инсулины хордлогонд оруулдаг. 10 гаруй жилийн өмнөөс олон орон нүүрс ус их хооллолт өвчин үүсгэж байгааг тогтоож, өөх тос их хооллолт руу буцаад шилжсэн. Томоохон эмнэлгүүд нь кето хоолоор эмчилдэг тасгуудтай байдаг, кето хоолны эмч нарын тоо ч өссөн. Нүүрс ус бага, өөх их хооллолтоор нэлээд өвчин эмчлэгдэн эрүүлжиж, энэ талаар томоохон өргөн хүрээний судалгаанууд хийгдэж, эрүүл зөв хооллолт гэдэг нь нэгэнт тогтоогдоод байна.

Энэ хооллолт Монголчуудын биеийн онцлогт тохирох уу?

-Манай уламжлалт хоолны соёл бол эрүүл, зөв хооллолт юм. Монголчууд эрт дээр үеэс өөх тосоо түлхүү хэрэглэж, мах, цагаан идээгээ идэж ирсэн. Бэлчээрийн мал, нүүдлийн соёл иргэншил бол агуу том соёл. Кето хооллолт маань бэлчээрийн малын мах, байгалийн гаралтай, химийн орц найрлагагүй, жинхэнэ органик эрүүл хоол хүнс хэрэглэдэг. Монголчууд эрүүл хооллолт, амьдралын зөв дадал хэвшилтэй, хөдөлгөөний хомсдолгүй, өвчлөл багатай ард түмэн байсан. Бэлчээрийн малын мах, тослог ихтэй цагаан идээ, өрөм, зөөхий, байгалийн зэрлэг жимсгэнэ зэрэг маань кето хүнс шүү дээ. Өөрөөр хэлбэл химийн орц, найрлагагүй, байгалийн гаралтай эрүүл органик хүнс иднэ гэсэн үг. Иймд монгол хоол хүнс маань кето хүнс.

-Нүүрс усыг энергийн эх үүсвэр гэж ярьдаг шүү дээ?
-Хүний цусаар дөрвөн грамм сахар эргэлддэг. Нүүрс ус, сахар биеийг энергиэр хангах гол эх үүсвэр боловч хэтрүүлэн хэрэглэх нь томоохон асуудал үүсгэдэг. Хүүхдүүд чихэр, ундаа, чипс, түргэн хоол идэж хоол хүнсээр авах амин чухал бодис, эрдэс, витаминаа хангалттай авч чадахгүй, таргалалт ихээр нэмэгдсэн. Та хүүхдээ мяраалаг гэж өхөөрдөж байгаа ч хэчнээн олон өвчний суурь тавьж, ирээдүйд эм тарианы хараат нэгэн болно гэдэгт яагаад анхаарахгүй байна вэ? Биеийн өөхний эд бодит жингээс 20 хувь, түүнээс их байхад биед өөрчлөлт орж өвчний суурь тавигддаг.

Жишээ дурдахад, ДЭМБ-ын мэдээлснээр 2010 оны байдлаар дэлхийн хэмжээнд 285 сая хүн чихрийн шижингээр өвдөж, 2019 онд 463 сая болж өссөн. 2045 он гэхэд энэ тоо 700 саяд хүрнэ гэсэн статистик тоо байдаг. Манай улсын хувьд 1999 онд хүн амын 3% байсан бол 2009 онд нэмэгдэж 6.5% хүрсэн. 2018 онд насанд хүрсэн 11 хүн тутмын нэг нь чихрийн шижинтэй болсон.

Манай улсын хүн амын бараг 60% нь жингийн илүүдэлтэй гэсэн сүүлийн үеийн тоо баримт бий. Энэ нь бид хоол хүнсэндээ анхаарч эрүүл хооллох цаг болсныг харуулж байгаа юм. Нүүрс ус нь уураг, өөх тостой адил шим тэжээлт бодис, биеийг энергиэр хангадаг. Хоол хүнсээр хоёр төрлийн нүүрс ус авдаг. Нэгдүгээрт, цардууллаг, хоёрт, чихэрлэг. Чихэрлэг, цардуул ихтэй хүнсэнд будаа, гоймон, төмс, чипс, овъёос, үр тариа, талх, боов боорцог зэрэг ордог. Чихэрлэг хүнсэнд жимс, жимсний жүүс, шоколад, жигнэмэг, бялуу, зайрмаг зэрэг ордог. Боловсруулсан, лаазалсан хүнс нэмэлт сахар агуулсан байдаг. Нүүрс усыг багасгаснаар нүүрс уснаас энерги авдаг горимыг бие өөх тосноос энерги авдаг горимд шилждэг.

-Өөх тостой хоол идэхээр цөс, нойр булчирхай өвдөхгүй юу?
-Нүүрс ус их хоол жингийн илүүдэл, таргалалт үүсгэдэг. Улмаар цөсний чулуу үүсдэг. Өөх тостой хоол идэхгүй бол цөс ялгаралт муу, цөс зогсонгошил үүсч хэсэг хугацааны дараа чулуу үүсдэг. Та нүүрс ус их хоол идээд байхаар элэг эхлээд хэвийн ажиллаад байна. Ачааллыг нэмээд байхаар хамаг хүчээ шавхан ажилласаар л байна. Үүнийг бие дасан зохицож ажиллах гэдэг. Үүнээс цааш хэвийн ажиллаж чадахаа болино. Өөх тостой хоол идсэнээр элэг өөхөлдөггүй. Эсрэгээрээ нүүрс ус их хоол элэг өөхлүүлдэг. Илүүдэл нүүрс ус өөхөнд хувирдаг.Элэг хэвийн ажиллаж чадахаа болихоор бусад эрхтнүүдэд өөхөө зөөнө. Үүнийг дотор эрхтнүүд өөхлөх гэдэг.

Өөхөлсөн эрхтнүүд хэвийн ажиллаж чадахгүй, эсүүд нь өөхөөр дүүрч, сүүлдээ хатуурч цирроз, хавдар үүсдэг. Нүүрс ус их хоол идэхээр нойр булчирхайгаас инсулин даавар ялгардаг. Цусны сахар ихэснэ. Сахар байнга ихэссээр байгаад чихрийн шижин үүснэ.

-Кето хооллолтыг тодорхойлбол? Бүсгүй­чүүдийн дунд богино хугацаанд хүссэн жингээ хасаж чаддаг гэсэн яриа л байдаг?

-Кето хооллолт гэдэг нь нүүрс ус бага, уураг зохистой хэмжээгээр, өөх тос ихээр иддэг эрүүл, зөв хооллолт юм. 1900-аад оноос үүсэлтэй. Ихэнх хүмүүс турах зорилгоор энэ хооллолтыг сонгодог байсан. Анх удаа уналт таталт эмчлэх зорилгоор судлагдсан ч мэдрэлийн үйл ажиллагаа сэргээх, ой ухаан сэргээх, өдөржин эрч хүчтэй байх зэрэг бусад олон талын ач тустай нь тогтоогдсон. МЭӨ 500 онд хүн мацаг барьснаар /хоол идэхгүй/ хүний бие энергиэр хангагдаж, мөн эрүүлжиж байгааг олж тогтоосон. Энэ нь өөхнөөс кетон үүсэж, кетозд ордогтой холбоотой. Кето хооллолт мөн ийм зарчмаар явагддаг. Эртний грек эмч нар, Гиппократ мацгаар уналт таталт, бусад олон өвчнүүдийг эмчилж байсан түүхтэй. 2000 оны эхээр Аткины хооллолт дахин сэргэж, нүүрс ус бага хооллолт дэлгэрч эхэлсэн. Нүүрс ус бага хоол идсэнээр жингийн илүүдэл арилж, таргалалтаас үүдэлтэй олон өвчнүүд эмчлэгддэг.

-Ийм эртний үр дүнтэй хооллолт яагаад өргөн хүрээнд уламжлагдан үлдээгүй юм бол?
-Дэлхийн хоёрдугаар дайны дараа дэлхий нийт хүнсний хомсдолтой нүүр тулсан. Үүнийг шийдвэрлэх арга нь үр тариа, төмс ногоо тариалах, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, амт оруулахын тулд сахар, чихэр ихээр хэрэглэх болсон. Сахарын замбараагүй хэрэглээ хүнийг амттанд донтуулдаг. “Вашингтон пост” сонинд мэдээлснээр Америкт 1915 онд сахарын хэрэглээ жилд нэг хүнд дунджаар 7,9 кг байсан бол 2011 онд 150 кг болж огцом өссөн. Түргэн хоолны газрууд 1970-2010 оны хооронд хоёр дахин нэмэгдсэн. Сахарын хэрэглээгээр Америкийн дараа Герман, Нидерланд, Австрали зэрэг улсууд орж байсан. Сахар, чихэрлэг амттан, түргэн хоол ихээр хэрэглэх болж, транс тосны хэрэглээ өссөн.

-Тэгвэл сахарын хэрэглээгээ багасгавал өвчлөл буурна гэж ойлгож болох уу?
-Нүүрс ус бол сахар. Нүүрс ус агуулсан хоол идэхээр сахар болж задраад цусанд ордог. Нүүрс усны хэрэглээгээ хязгаарласнаар эрүүл мэндийн асуудал, ялангуяа таргалалт, бодисын солилцооны хам шинжийг засаж, эмчлэх хамгийн эхний оновчтой алхам болдог. Ямар нэг эм, тариа хэрэглэхгүй зөвхөн хоолоор эрүүл мэндээ сайжруулж, үр дүнд хүрч чаддаг учраас энэ хооллолтыг чухалчлан үзэх ёстой. Нүүрс ус бага, кето хоол бүх өвчнийг эмчлэхгүй ч маш үр дүнтэй эмчилгээний эхний сонголт юм. Ямар ч өвчний үед хоол эмчилгээ нэгдүгээрт тавигддаг. Хэрвээ та цусны сахар багасгах, даралт бууруулах зэрэг эм хэрэглэдэг эсвэл эрүүл мэндийн асуудалтай бол хоол, амьдралын хэв маягаа өөрчлөх зайлшгүй шаардлагатай.

Хоолноос болж үүсэж байгаа өвчнүүдийг хоолоор нь засаж эмчилдэг

-Бодисын солил­цооны хам шинж гэдэг нь юу вэ?
-Биеийн өөхний эд бодит жингээс 20 хувь ба түүнээс их байвал биед өөрчлөлт орж, амьдрах нас богиносдог. Тарган хүмүүсийн 60 хувьд бодисын солилцооны хямрал үүсдэг. Энэ нь чихрийн шижин, зүрх судасны өвчин үүсэх эрсдэлийг ихээр нэмэгдүүлдэг.

Бодисын солилцооны хам шинж үүссэнийг илтгэх шинж тэмдэгт нэгдүгээрт, бүсэлхийн тойргийн хэмжээ ихсэх (эмэгтэйд 88 см, эрэгтэйд 100 см-с ихсэх). Хоёрдугаарт, артерийн даралт ихсэх (130/85-ээс их). Гуравдугаарт өлөн үеийн сахар ихсэх (100 мг/ дл-ээс их). Дөрөвдүгээрт, цусны өөх тосны үзүүлэлтүүд өөрчлөгдөх зэрэг шинжүүд ордог.

-Та яагаад кето хооллолтыг судлах болов?
-Найз маань чихрийн шижин, тулайтай. Гальвус, метформин, колхицин, аллопуринол зэрэг таван төрлийн эм уудаг байсан боловч сайжрал өгөхгүй хэдэн жил шаналсан. Найздаа туслахын тулд орчин үеийн аргын талаар их судалсан. Мацаг, нүүрс ус бага хоолоор эмчлэгддэг талаар олж мэдээд эсийн түвшинд ямар өөрчлөлт явагдаж, эрүүлжиж байгаа талаар ухаж судалж эхэлсэн. Найз маань хооллолтыг, дасгал хөдөлгөөнтэй хавсруулж, одоо огт эм хэрэглэлгүй, өлөн үеийн цусны сахараа 5,3 ммоль/ л-с доош, хэвийн хэмжээнд байлгаж чаддаг болсон. Тулай өвчний сэдрэл намжсан. Энэ мэт бодит жишээ их бий. Чихрийн шижинг эм, тариагаар эмчлээд байгаа хэдий ч эхлээд эм уудаг байсан бол эмийн тоо, тун хэмжээ нэмэгдэж, сүүлдээ тарианд орж, тарианы тун ч нэмэгддэг. Гэхдээ энэ өвчин сайжрахгүй хүндэрсээр байгаад эхэнд хэлсэн шиг таагүй тавилангаар дуусдаг.
Хоолоор эмчлэгдэж болж байхад бид яагаад эмчилж болохгүй вэ гэж бодоод энэ талаар бичиж эхэлсэн. Олон хүн аюулт өвчнүүдээс салаасай гэсэн зорилгоор өөрийн “Кето дэглэм-Эрүүл бие” групптээ байнга эрүүл мэндийн мэдээлэл бичиж оруулдаг. Өвчин яагаад үүсдэг, өвчний илрэх шинж тэмдэг, хэрхэн оношлох, хоолоор эмчлэгдэх эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулахыг хичээдэг. Дэлхий даяар олон хүн эрүүлжиж, кето хооллолтын эмч нарын тоо нэмэгдэж, томоохон, олон хүн хамруулсан судалгааны ажлууд ч их хийгддэг болсон байна.

-Кето хоол бөөрөнд муу гэж ярьдаг нь хэр үнэний ортой вэ?
-Бөөр гэмтэх анхны шинж тэмдэг нь шээсээр уураг ялгарах. Энэ нь бөөрний шүүлтүүрийн систем муу ажиллаж байгааг харуулдаг. Үүнийг хүмүүс уураг их хоол идсэнтэй холбож ойлгодог. Үнэн хэрэгтээ нүүрс ус бага, кето хоол уураг тийм ихээр хэрэглэдэггүй. Биеийн кг жинд 1.2-1.7 грамм уураг буюу зохистой хэмжээгээр хэрэглэхийг зөвлөдөг. Жишээлбэл, нэг удаагийн хоолонд алганы хэмжээтэй мах идэх жишээтэй. Нүүрс ус бага, уураг зохистой хэрэглэх нь бөөр гэмтээдэггүй болохыг харуулсан олон судалгаа бий. Миний хувьд аливаа зүйлийг судалгааны ажлуудтай нь унших дуртай.

-Танд бөөрний өвчтэй хүнийг кето хоолоор эмчилсэн тохиолдол байна уу?
-Мэдээж байлгүй яахав. Гэр бүлийн хүн маань бөөрний түүдгэнцрийн үрэвсэлтэй, даралт ихэсдэг. Гурван жил эмчилгээ хийлгэж, байнга эм уудаг байсан. Нэг жил ардын эмчилгээ хийж эм, тан уусан. Сайжрал өгсөн боловч дахин шээсээр уураг, улаан эсээ алдаж эхэлсэн. Ингээд кето хооллож хоёр сарын дотор 20 кг жин хассан. Эмээ зогсоож, даралт нь хэвийн болсон. Шинжилгээний үзүүлэлтүүд хэвийн болж эрүүлжсэн. Энэ бол хоолоор эрүүлжиж байгаа энгийн жишээ.

-1960-аад оноос эхлэн өвчлөлийн шалтгаан өөх гээд татгалзах болсон. Энэ нь тийм ч зөв хандлага биш байсан бололтой, тийм үү?
-1967 онд Английн “New England Journal of Medicine” сэтгүүлд өөx тосоо хассанаар зүрх судасны өвчнөөр өвчлөхгүй байх талаар бичигдсэн. Энэ нь сахар үйлдвэрлэгч компаниуд ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор судлаачдад хөрөнгө оруулалт хийж, сахарын талаар сөрөг мэдээлэл тавихгүй байлгах зорилготой байсан талаар уншиж байсан. Сахар, чихэр, амттан, чихэртэй ундаа, боловсруулсан бүтээгдэхүүн ихээр үйлдвэрлэж ашиг орлого олох зорилгоор өөх тосыг буруутгах болсон. Чипс, бургер, шарсан тахиа, пицца, чихэртэй ундаа, түргэн хоолны томоохон үйлдвэрлэгчдийн гол зорилго нь таныг амттанд донтуулж, зуршил болгох.

Өнөө цагийн хамгийн том үйлдвэрлэгчид, брэндүүд зөвхөн нэг удаа хэрэглэгдээд өнгөрөх бус цаг тутам, өдөр бүр хэрэглэгдэхийг л юу юунаас илүү чухалчилж, түүний төлөө чадах бүхнээ хийж байна.

Кето хооллолтын 70 хувь өөх тос хэрэглэдэг. Энэ тоо хэт их сонсогдож, эрүүлжих биш өвчин тусахаар санагдаж болох юм. Гэхдээ байгалийн өөх тосыг цадах мэдрэмж төртлөө иддэг. Өөх тосонд мэдээж транс тос болон өндөр боловсруулсан тос орохгүй. Хүн нүүрс ус, сахар шиг өөх тосыг замбараагүй ихээр иддэггүй. Нүүрс ус, сахарын замбараагүй хэрэглээ биднийг өвчлөлд хүргэж байна.

Бид эрүүл биеийг худалдаж авч чадахгүй

-Энэ хооллолтоор хүн бүр хооллож болох уу?
-Эрүүл хооллолт учраас хүн бүр хооллож болно. Ялангуяа чихрийн шижингийн урьдал, чихрийн шижин, жингийн илүүдэл, таргалалт, бодисын солилцооны хам шинж, даралт ихсэлт, эрүүл мэндийн асуудалтай хүмүүс хооллоход үнэхээр ач тустай хооллолт. Энэ бол хооллолтын хэв маягаа өөрчилж байгаа л асуудал. Цоо шинэ хоол зохиож идэж байгаа хэрэг биш. Өвөг дээдэс маань ийм хооллолттой ард түмэн байсан. Энэ хооллолт зөв байжээ, бид өвчлөхгүй эрүүл амьдрах, урт удаан наслах боломжтой гэдгийг олон хүмүүс ойлгож, амьдралын хэв маягаа өөрчлөх болжээ. Эрүүл мэнддээ анхаарч, дасгал хөдөлгөөн хийх хүмүүсийн тоо олширч байна. Хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд шүү дээ.

-Эрүүл мэнд сайжрахаас өөр чухал үр дүн байна уу?
-Эрүүл мэнд сайжрахын зэрэгцээ биеийн галбир засарч, өлсөх мэдрэмж, хоол хийхэд зарцуулах цаг багасдаг. Нэг төрлийн хоол хүн бүрд тохирно гэж байхгүй. Хоолоор бүх өвчнийг эмчлэхгүй. Нүүрс усаа багасгаснаар ихэнх хүмүүст эрүүл байхад ач тустай ч хүн бүрд тохирох хоол, хүн бүр ингэж хооллох ёстой гэсэн үг биш. Гэхдээ кето хоолоор засарч, эмчлэгддэг олон өвчин бий. Тухайлбал, 1, 2 дугаар хэлбэрийн чихрийн шижин, жирэмсний чихрийн шижин, даралт ихсэлт, зүрхний өвчин, бодисын солилцооны хам шинж, таргалалт, эрт зөнөгрөл, тархины эмгэгүүд, ухаан санаа муудах, уналт таталт, үргүйдэл, өндгөвчний олон уйланхайжих хам шинж, ходоод гэдэсний замын хямрал, элэг өөхлөлт, цусны өөх тосны өөрчлөлт, харшил, хайрст үлд, бүр зарим төрлийн хавдрууд ч эмчлэгдэнэ. Ер нь олон өвчнийг дурдаж болно.

-Нүүрс усаа багас­гаснаар эдгээр өвч­лөлүүд бүрэн эдгэрэх үү. Өнөөдрийн энэ их мэдээллийн урсгал дунд итгэх аргагүй болчхоод байна шүү дээ?
-Итгэлтэй байх хэрэгтэй. Эдгэрэлгүй яахав. Ихэнх өвчнүүд таргалалт, жингийн илүүдэлтэй холбоотой үүсдэг. XVIII зуунд Британид сахарын хэрэглээ огцом ихэссэнээс тулай өвчин ихээр нэмэгдсэн. Өвчин үүсэх нь хоол хүнсний замбараагүй, буруу хэрэглээтэй нягт холбоотой. Аливаа зүйл хэмжээнээсээ хэтрэхээр сөрөг үр дагавар авчирдаг. Нүүрс ус багасгаснаар жин хасаж, бие эрүүлжиж эхэлдэг. Эрүүл мэндийн үзүүлэлтүүд сайжирдаг. Та тухайн өвчнөөр хэдэн жил өвдсөн, биед хэр их өөрчлөлт орсон гэдгээс хамаарч эрүүлжих, эдгэрэх хугацаа харилцан адилгүй байдаг. Зарим өвчнүүд удамшлын гаралтай байдаг. Зөв хооллосноор өвчлөхгүй байх, өвдсөн ч засаж хэвийн байдалд шилжиж чаддаг. Хэдхэн өдрийн, сарын эрүүл хооллолт таныг эмчлэхгүй ч насан туршийн эрүүл хооллолт таныг өвчлөхгүй, эрүүл байх үндэс болдог.

Нэг өдрийн дасгал хөдөлгөөн нас нэмэхгүй ч насан туршийн дасгал хөдөлгөөн амьдрах насыг уртасгана гэдэгтэй адил. Та тууштай байж, зөв хооллож, амьдралын зөв дадал хэвшилд суралцсанаар өвчнөөс салах болно. Нэг өдөр хоолны дэглэм бариад, нөгөө өдөр замбараагүй идээд байвал эрүүлжих талаар бодоод ч хэрэггүй. “Уруудах хүн унтаж, идэх” гэж ардын зүйр үг бий.

-Нүүрс ус бага хоол, кето хоол ялгаатай юу?
-Төстэй боловч адилхан биш. Кето хоол гэдэг нь нүүрс усыг хоногт 20 грамм, түүнээс бага хэрэглэдэг. Мэдээж хувь хүний онцлогоос хэрэглээ хамаардаг. Энэ тохиолдолд хоол хүнсний улмаас кетозд ордог. Глюкоз (нүүрс ус) хэрэглэж энерги авахаас илүүтэй бие өөх тосоо шатааж энерги авах горимд шилждэг гэсэн үг. Чихрийн шижин, таргалалт зэрэг бодисын солилцооны хам шинжээс үүдэлтэй өвчнийг эмчлэхэд нүүрс ус хатуу хязгаарлаж үр дүнд хүрч, эрүүлждэг. Нүүрс ус бага хоол гэдэг нь хоногт 100 грамм хүртэл нүүрс ус хэрэглэхийг хэлдэг.

-Өдөрт хэдэн грамм нүүрс ус хэрэглэхээ яаж мэдэх вэ?
-Хувь хүн бүрд өөр өөр. Хоолны дэглэм барих зорилго, эрүүл зөв хооллохын тулд, эсвэл ямар өвчтэй, хэдэн жил өвчилсөн, удамд нь ямар өвчнөөр өвддөг гээд олон зүйлээс шалтгаалдаг. Жишээлбэл, таргалалт, чихрийн шижинтэй хүн инсулин тэсвэржилттэй байдаг. Энэ нь биед гарсан нэг өөрчлөлт, өвчин үүсэх үндэс суурь. Инсулин тэсвэржилт үүсээд чихрийн шижинтэй гэж оношлогдоход та багадаа арваад жил мэдэлгүй явсан байдаг. Энэ их өөрчлөлтийг засахын тулд арваад жил биш юм аа гэхэд тодорхой хугацаа шаардагдах нь ойлгомжтой. Цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд байлгахын тулд нүүрс ус нэлээд хязгаарладаг. Зөв хооллох зорилготой бол нүүрс ус замбараагүй, их биш зохистой хэмжээгээр хэрэглээд явна гээд тухайн хүний биеийн онцлогоос хамаардаг.

-Өөх тос юугаараа давуу талтай вэ?
-1980, 1990-ээд оны эхэн үеэс өөх тосыг буруутгаж эхэлсэн ч зарим өөх тос эрүүл мэндэд ач тустай талаарх судалгаа, мэдээлэл өнөөдөр нэмэгдсээр байна. Өөх тосны ухаалаг зөв хэрэглээ нь амин чухал өөхний хүчил, цусны өөх тос, дотоод шүүрэл, дархлааны тогтолцоо хэвийн байх, үрэвсэл хянах, бодисын солилцоо, биеийн хэлбэр галбир, эрүүл байдалд ашиг тус ихтэй. Ямар тос яаж хэрэглэх вэ гэдэг чухал. Жишээлбэл, монголчуудын дунд хоол хийхдээ ургамлын тосоор хуурах тохиолдол түгээмэл байдаг. Энэ тос өндөр хэмд задралд орж, хавдар үүсгэх хорт бодисууд ялгаруулдаг юм шүү дээ.

Дахин хэлье. Хамгийн чухал нь эрүүл мэнд. Хувь хүний хувьд зөв зохистой хооллох, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, амьдралын зөв дадал хэвшилд суралцах, томоохон үйлдвэрлэгчид нүүрс ус, сахарын хэмжээг багасгах тал дээр анхаарах, төр засгийн зүгээс хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавих, генийн өөрчлөлтгүй бүтээгдэхүүн экспортоор оруулах гээд цааш олон асуудал яригдах болов уу.

Бид эрүүл биеийг худалдаж авч чадахгүй. Иймд эрүүл байхын тулд зөв хооллолт, зохистой хөдөлгөөн, амьдралын зөв дадал хэвшил чухал. Энэ боломж зөвхөн таны гарт бий.

-Ярилцсанд баярлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Оны эхний 10 сарын байдлаар 48.446 малчин ЭМД-д хамрагджээ

ЭМДЕГ-аас 2024 онд шимтгэлээ өөрөө хариуцан төлөх 140,570 гаруй малчин иргэнийг ЭМД-д бүрэн хамрууда

2024-11-14

Туул, Сэлбэ, Улиастай голын уснаас бүгдээс нь хүний өтгөнд байдаг гэдэсний савханцар илэрч байна

Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн ши

2024-11-14

Т.Мөнхсайхан: ЭМДЕГ дээр битүүмжийн асуудлыг арилгах ажлыг хийж байна

Танд, таны эргэн тойрны хүмүүст эмнэлгээр үйлчлүүлэх гэхэд "Битүүмжээ гаргахгүй бол үйлчлүүлэх болом

2024-11-12