Хавар хонины мах түлхүү хэрэглэж, мацаг барих, даарах, өлсөхийг цээрлэдэг

2023-03-19 381 0

Хаврын улирал ба хий сэдвээр “Манба дацан” нэгдсэн эмнэлгийн их эмч Г.Соёл-Эрдэнэтэй ярилцлаа.

-Хавар хий хөдөл­дөг гэж ярьдаг. Үүнийг уламлалт анагаах ухаанд хэрхэн тайлбарладаг вэ?
-Хаврын улирлын мөн чанар нь хуурай, ширүүн болдогтой уялдаад хүний биеийн галын илч буурч, бие махбодод ч хийн хөнгөн, ширүүн чанар ихэсдэг. Иймээс хүний биеийг маш түргэн хямраах эрсдэлтэй. Хаврын улиралд гашуун амттай, хөнгөн ширүүн чадалтай идээ, ундыг хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Энэ улиралд хүний биеийн галын илч бурснаар долоон тамирын боловсролтын үйл ажиллагаа доройтдог учир шөнийн нойрыг тасалж, өлсөж болохгүй. Ялангуяа өглөөний цайг заавал ууж байх хэрэгтэй. Сэтгэл санаагаа тайван байлгах, их ярихгүй байх, биеийн хүчний ажил аль болох хийхгүй байх, чийгтэй газар удаан суухгүй байх, сэрүүн салхинд үлээгдэх зэргээс болгоомжлох хэрэгтэй.
Ингэснээр өвчнөөс урьдчилан сэргийлж чадна гэж үздэг.

УАУ-д өвчин үүсэх шалтгааныг холын болон ойрын гэж хоёр ангилдаг.

Холын шалтгаан болох үйл нисванисаас хүсэл тачаал, уур хилэн, мунхаг гэсэн гурван суу сэтгэл үүссэн хэмээдэг бөгөөд гурван хор гэж нэрлэдэг. Харин өвчний ойрын шалтгаан нь хүсэл тачаалаас үүсэх хий, уур хилэнгээс үүсэх шар, мунхгаас үүсэх бадган юм. Тэжээллэг хоол хүнс хүнд чанартай учраас цадталаа идэлгүй, ходоодны хийн хувьд зай завсар гаргах хэрэгтэй.
Эдгээр гурван гэмийн бэлгэ чанар нь арвидаж, хорогдож, хямраагүй үед хүний бие махбод эрүүл оршдог. Харин өвчин үүсгэх цаг улирал, ад тотгор, идээ ундаа, явдал мөрийн нөхцөлтэй учирвал хий, шар, бадганы бэлгэ чанарын дүрд урван хий, шар, бадган тэргүүтэн бие сэтгэлийн өвчин үүсгэдэг. Өвчний ойрын шалтгаан болох хий, шар, бадган нь хүнийг насан эцэслэх хүртэл хамт оршиж байдаг тул өвчин үүсгэх нөхцөлийг аль болох бүрдүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Ингэснээр өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Хүний биед таван төрлийн хий байдаг. Үүнд, Амь баригч хий хүний биеийн толгой хэсэгт оршино. Амь баригч хий хямарсан үед толгой эргэх, нүд эрээлжлэх, заримдаа дайвалзаж ухаан балартах, татаж унах, ухаан санаа орж гарах, мартамхай болох зэрэг шинж илэрнэ.
Дээш гүйгч хий зонхилон өвчүүнд оршино. Дээш гүйгч хий хямарсан үед хий огих, хөөсөөр бөөлжих, хэхрэх, зогисох, юм залгих үед хоолой дээр тээглэх, цээж хорсох шинж илэрнэ.
Түгээгч хий зонхилон зүрхэнд оршино. Түгээгч хий хямарсан үед зүрх дэлсэх, амархан айж цочих, түгших, зүрхний орчмоор хэсч гүйж хатгах шинж илэрнэ. Артерын даралт тогтворгүй болж огцом ихсэх, огцом багасах байдал ажиглагдана.
Гал тэгшитгэгч хий зонхилон ходоодонд оршино. Гал тэгшитгэгч хий хямарсан үед ходоод аюулхайгаар цанхайх, ходоод хийгээр дүүрсэн мэт санагдах, хэхэрвэл бие амрах, хоолны шингээлт муудах шинж илэрнэ.
Уруу арилгагч хий хүний биеийн доод хэсэгт оршино. Уруу арилгагч хямарсан үед гэдэс дүүрэх, хүржигнэх, даарвал эсвэл өглөө эрт, орой бүрийд мөн хүйтэн хоол унд идсэн уусан үед гэдэс дүүрэх, өтгөн хатах, сарын тэмдэг хоригдох, эсвэл бага, өвдөлттэй ирэх зэрэг шинж илэрдэг.

ӨГЛӨӨНИЙ 07:40-ӨӨС ӨМНӨ ИДСЭН ХООЛ БИЕД ТЭЖЭЭЛ БОЛДОГ

-Хийг дарах ямар аргууд байдаг вэ?
-Арвидсан хийг тухай бүр нь дарж байх нь онош мэдэгдэхгүй өвчин тусах, ядрах, сульдахаас урьдчилан сэргийлдэг гол арга юм. Уламжлалт, анагаах ухааны мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн идээ ундаагаа зөв сонгох, хувцаслалтаа тохируулах /Даарах, жиндэх, хөл нуруунаасаа жин цохиулахаас сэргийлнэ/ Явдал мөрөө хянах. Хэт ядрах, нойр алдах, өлсөх, сэтгэл хэт догдлохоос зайлсхийх.
Мэдээж өвчний үе шат, хүнд хөнгөнөөс мөн хий аль эрхтэнд голлон шунаснаас хамааран зүү төөнө, бариа засал, тан зэрэг эмчийн зөвлөсөн эмчилгээг тууштай хийлгэнэ. Зөвхөн эмчлүүлээд эдгэрсэн гээд орхих бус эмчилгээнийхээ үр дүнг бататгах, дахин өвдөхөөс сэргийлэн зүрх судас амьсгалын эрхтэн системийнхээ үйл ажиллагааг дэмжин хүчилтөрөгчийн хангам­жийг сайжруулах зорилгоор зохистой тусгай дасгал хөдөлгөөн, амьсгалын йог, бясалгалаар тогтмол хичээллэх нь эмчилгээнээс дутахгүй чухал.

-Хүмүүс хавар хий хөдлөхөөр шар тос түлхүү хэрэглэ зэргээр бие биедээ зөвлөдөг. Энэ тухай?
-Гол нь хий мах бодоо тэгшитгэх хоол унд идэх хэрэгтэй. Энэ улиралд мацаг барьж огтхон ч болохгүй. Хүмүүс хавар болж дулаарахаар мацаг барьж, хүч тамир цаанаасаа буурч байгаа биеэ хоол тэжээлийн дутагдалд оруулдаг. Тослог бүлээн чанартай хүнсийг тэжээллэг хоол гэдэг. Хонины мах бол тослог бүлээн чанартай. Тиймээс хонины мах түлхүү идэх хэрэгтэй. Тэжээллэг хоол хүнс хүнд чанартай учраас цадталаа идэлгүй, ходоодны хийн хувьд зай завсар гаргах хэрэгтэй. Ходоод нь хүний гарын хоёр алгыг нийлүүлсэнтэй адил хэмжээтэй.
Хоёр алганыхаа дөрөвний гурвыг нь дүүргэх хэмжээний хоол идэх учиртай. Дөрөвний хоёрт нь гурил, мах зэрэг бүхэл хоол идвэл эрүүл мэндэд тустай. Ходоодны дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний шөл уух гэсэн үг. Шороо, ус, гал, хий, огторгуй гэсэн таван махбодоос бүрдсэн биеэ хоол ундаар тэжээж, тэтгэх хэрэгтэй. Хаврын эхний хоёр сард шороо, хий, махбод, бадганы чанар хөдөлнө. Тиймээс энэ улиралд ус, цай, шингэн юм хэтрүүлж хэрэглэх нь зохисгүй. Бадган хийтэй хавсраад эмгэг үүсгэх эрсдэлтэй учраас хоолны хэмжээнд онцгой анхаарах хэрэгтэй.

-Хий сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг вэ. Үүнд юуг анхаарах вэ?
-Хий махбодын хий хямрах нь сэтгэл санаанд хүртэл нөлөөлдөг нь хийн бэлгэ чанарт өөрчлөлт орсонтой холбоотой юм. Уламжлалт анагаах ухаанд “Нялх, бага насанд бадганы, идэр залуу насанд шарын, хөгшин насанд хийн бэлгэ чанар давамгайлна” гэж үздэг. Хүн хөгшрөх тусам долоон тамир, бодисын солилцооны үйл ажиллагаа доройтож, хийн чанар давамгайлж ирдэг. Нойр алдах, хоол ундаа хэт сойх, мацаг барих, шимгүй идээ унд үргэлж хэрэглэх зэрэг нөхцөлөөр хийн чанар хямарч сэтгэцийн өвчлөлд өртөх магадлал өндөр. Хүний бие эхийн хэвлийд тогтож, бүрэлдэх цагаас эхлэн үндэс тав, гишүү тав нийт 10 хий үйл ажиллагаагаа явуулж байдаг бөгөөд 100 наслахад арав арван жилээр аажмаар үйл ажиллагаа нь доройтдог.
70 насанд амь баригч, дээш гүйгг, түгээгч, гал тэгшитгэгч, уруу арилгагч, нүдний, чихний гэсэн долоон хийн үйл доройтно. Тиймээс энэ наснаас бие махбодод хөгшрөлт эрчимтэй явагдана. Хийн 20 бэлгэ чанарын 70 хувь нь хямарч эхэлнэ гэсэн үг. Ийнхүү байгалийн жам ёсоор хүний биед хийн асар том өөрчлөлт явагдах ч бид хийн эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой. Багаасаа бие махбодоо өвчлөлөөс урьдчилан сэргийлж, өвдсөн тохиолдолд бүрэн эмчилдэг дадал чухал.
-Савны хий гаргуу­лах нь муу эсвэл сайн гэх асуулт эмэгтэйчүүдийн дунд байдаг. Ямар шинж тэмдэг илэрвэл савны хий ихэссэн гэж үздэг вэ?
-Савны хий гаргах гэдэг нь буруу ойлголт бөгөөд савны хийг гаргах бус тэгшитгэх эмчилгээг хийдэг. Сав буюу умай гэдэг эрхтэн бол хийн оронд оршдог тул хийн үйлдлүүд зонхилон явагддаг. Хурьцлын үйл, үр тогтох явц нь хийн үйлдлээр явагддаг. Умайд тогтсон ураг 40 долоо хоногт долоо хоног бүр өөр өөр хийн үйлдлээр эд, эрхтнүүд үүсэн төлждөг учраас умайд маш их хийн үйлд болно. Үр хөврөл тогтоод, эд эрхтнүүд үүсэж, төлжих хугацаанд эхийн хэвлийд тогтоон барих, сар нь гүйцэхэд нярайлах үйлдлийг уруу арилгагч хий гүйцэтгэдэг.

Монголчууд сарны хүч дэлгэрсэн шарын цагаар унтаж амарчихаад хийн буюу үүрийн 04:00 цаг гэхэд л босдог байж. Гэхдээ одоо энэ цагт босно гэвэл дасах хүртлээ хямрах тул 05:00 гэхэд босоод 07:40-өөс өмнө өглөөний цайг уувал сайн.
Тиймээс нярайлсны дараах гамыг сахиагүйн улмаас, мөн уруу арилгагч хийн үйлдлийг хямруулах янз бүрийн нөхцөлөөр савны хий хямарч, түүнээс үүдэн хийн шалтгаантай олон өвчин үүсдэг. Тухайлбал уруу арилгагч хийн гүйдэл дээш буруудсанаар зүрх, амин судасны хийн гүйдлийг буруудуулж, энэ нь сэтгэлийн гүйдлийг хямрааснаар галзуурах, сэтгэл долгилох эмгэг болно.Мөн савны хий бүрэлдэн өвчин үүсгэснээр хийн судсаар дамжин судлын 16 төрлийн өвчнийг үүсгэдэг. Харин европ анагаах ухаан дахь эх барих эмэгтэйчүүдийн өвчин судлалд савны хийн тухай ямар ч ойлголт байхгүй учир энэ төрлийн өвчин эмгэгийг оношилж, эмчлэх боломжгүй. Тиймээс савны хийг гаргах бус тэгшитгэх эмчилгээг хийлгэх хэрэгтэй.

-Голын хий хөдлөх гэж ярьдаг. Голын хий гэж юу вэ, энэ нь юунаас шалтгаалж үүсдэг, ямар эмчилгээ байдаг вэ?
-Голын хий гэдэг нь уламжлалт анагаах ухаанаар амь баригч хий хямарснаар айж сандрах, амархан цочих, толгой эргэх, нүд эрээлжлэх, заримдаа дайвалзаж ухаан балартах, амьсгал давчдаж цээж бөглөрөх мэт болох, хэвлийгээс ямар нэг юм гүйж хоолой бөглөрөх гэж байгаа мэт санагдах, хий огих, хэхрэх, зогисох, юм залгих үед хоолой дээр тээглэх, гэдэс дүүрэх, сэтгэл санаагаар унах, нойр хоол алдагдах, удаан өлсөх буруу хоолны дэглэм, стресс, унгах хэхрэх үед бие амрах мэт болох зэрэг шинжээр илэрдэг. Хий өвчний үед өөрт нь их зовуурьтай байх мөртлөө шинжилгээгээр бодитой өөрчлөлт илэрдэггүй. Хавар хий хөдөлдөг учир хий дарах үйлдэлтэй хонины махыг хүнсэндээ хэрэглэн даарах өлсөхийг цээрлэн явах учиртай гэж үе дамжин сургаж ирсэн нь ийм учиртай.
Голын хийний үед бүлээн тослог шимтэй идээ ундаа хэрэглэн тайван байхаас гадна уламжлалт эм тан, зүү, төөнүүр, шар тосон бариа, биеийн зөөлөн тосон бариа зэрэг хийг дарах эмчилгээ хийлгэвэл зохимжтой юм.
-Хий, шар, бадгана гэж ярилаа. Үүнд цагаар тохируулж хооллох тухай уншиж байсан. Энэ талаар ярьж өгнө үү?
-“Хий, шар, бадгана нь хүний биед бодитоор оршдог бөгөөд таван махбодын мөн чанарыг агуулдаг. Үүнд хий нь хийн махбодтой, шар нь гал, бадган нь ус, шороо махбодын мөн чанарыг агуулдаг. Ер нь сав ертөнц, шимийн амьтад, хүний бие, сэтгэл гээд бүх юмс таван махбодыг агуулна. Хий нь зургаа, шар, бадган нь тус бүр долоо долоон бэлгэ чанарыг агуулдаг. Энэхүү бэлгэ чанарууд нь дүрээ хувиргалгүй, тэнцвэртэй оршиж байвал хэвийн буюу хүн эрүүл байдаг.
Дүр байдал нь хувирч тэнцвэрээ алдвал бие, сэтгэлийн өвчлөл үүсдэг. Ийнхүү хий, шар, бадганы өөрчлөлтөөс шалтгаалан хүний бие, сэтгэл өвчилдөг учраас хорлогч буюу гэм гэж нэрлэдэг. Тэгэхээр гурван гэм буюу хий, шар, бадгана нь нэг талаараа гэмтээгч хүчин зүйл болдог байх нь. Түүнчлэн хүний цус, мах, булчинлаг хэсэг, өөх, яс, чөмөг, дусал буюу долоон тамирыг гэмтээдэг. Хий, шар, бадгана тэнцвэртэй байвал эрүүл байна, тэнцвэр нь алдагдвал өвчилнө гэсэн үг.

Уламжлалт анагаах ухаанд хоногийн 24 цагийг гурав хувааж, өглөөний 03:40-07:40, 15:40-19:40-ийг хийн цаг гэж үзэн шингэхдээ амархан халуун, бүлээн шөлтэй хоол идэх, 11:40-15:40-ийг шарын цаг гэж үзэн өдрийн цагаар удаан шингэдэг махан хоол хүнсийг илүүтэй хэрэглэх, 07:40-11:40, 19:40-23:40 бадганы цаг тул ходоодыг амраан өлөн байх, 23:40-03:40 хүртэлх цагт сарны хүч дэлгэрдэг тул унтаж амрах ёстой гэж тэмдэглэсэн байдаг.

Монголчууд ийнхүү сарны хүч дэлгэрсэн шарын цагаар унтаж амарчихаад хийн цагаар буюу үүрээр 04:00 цаг гэхэд л босдог байж. Сэтгэцийн өвчнийг улирал, ад, идээ, явдал мөр буруудсан, гараг эрхсийн муу нөлөөллөөс болж үүсдэг гэж үздэг. Үүссэн нөхцөлөөсөө хамааран эмчилгээ нь олон янз.
Өглөөний цайндаа хий дарах халуун цай, өрөм, ааруул, өөхөн тосонд хайрсан боорцог зэргийг идэж болно. Харин бадганы цаг буюу 07:40-11:40-ийн хооронд хоол унд идэхгүй байвал сайн. Энэ цагт хоол идвэл бадганыг арвидуулан таргалалт үүсгэхээс гадна залхуу хүрэх, бие хүндрэх, оюун ухаан ажиллахаа болино, ажлын чадвар суларна. Мөн энэ цагт идсэн хоол хүний биед муугаар нөлөөлнө. Тиймээс өглөөний 07:40-өөс өмнө хоол идэх хэрэгтэй бөгөөд өглөө идсэн хоол биед жинхэнэ тэжээл болдог юм.
Бадганы цагт идэхгүй ходоодыг амрааж, үндсэн хоолыг 11:40-15:40-ийн хооронд идэж, гол тэжээлээ авах ёстой. Үүний дараа 15:40-19:40 цагуудад хийн цаг учраас хийн бэлгэ чанар хямарч, өдрийн идсэн хоол бүрэн шингэдэг учраас өлсөх мэдрэмж төрнө. Хийн цагт өлсөх нь хийн бэлгэ чанарыг улам бүр хямраах нөхцөл болох учраас энэ үед юу ч идэхгүй байж болохгүй. Тиймээс оройн 19:40-өөс өмнө шингэц сайтай хоол идэх хэрэгтэй. Тэгээд 19:40-23:40 цагийн хооронд буюу бадганы цагт дээр хэлсэнчлэн ходоодыг амраавал зохистой гэж үздэг.
-Уламжлалт анагаах ухааны тухай ойлговол зохих гол агуулгын талаар. Иргэд дур мэдэж бусдад зөвлөх, эмчилгээ, рашаан сувилал санал болгох нь нийтлэг байдаг. Энэ тухай таны бодол?
-Уламжлалт анагаах ухаан нь олон мянган жилийн түүхтэй. Өөрийн гэсэн зүй тогтолтой, учир шалтгаан, нотолгоонд үндэслэсэн онолтой бөгөөд үүгээрээ ардын, домын анагаахаас ялгагддаг юм. Мөн тухайн хүний бие махбод, сэтгэл, оюун санааг сав ертөнц, гараг эрхсийн шилжилт хөдөлгөөн, байгаль орчинтой нь холбон үздэгээрээ өрнийн анагаах ухаанаас ялгаатай. Хүн гэдэг анагаагдахуун орныг бие, хэл, сэтгэл гэсэн гурван гол шүтэн барилдлагатай нь авч үздэг. Нэгдүгээрт бидний эмчилж буй анагаагдахуун орон нь материаллаг үйл, хоёрдугаарт энэ материаллаг бие махбод нь сэтгэлтэйгээ уялддаг гэж үздэг.
Зарчим, эмчлэх арга нь хүний биеийн бүтцийн онол, бие, сэтгэлийн үйл ажилллагааг авч үзэж буй нь ч олон онцлогтой.
Рашаан сувилал нь эмчилгээний нэг төрөл гэж үздэг. Эмийн чанартай бөгөөд зуны улиралд чанар нь улам ихэсдэг. Рашааныг халуун болон хүйтэн гэж ангилдаг. Халуун рашааныг дэвтээлэг эмчилгээ маягаар ихэвчлэн хэрэглэдэг бол хүйтэн рашааныг ууж хэрэглэдэг.
-Хавар болоход цаг агаар тогтворгүй болохын зэрэгцээ хүний сэтгэлзүйд ч нөлөөлдөг гэлцдэг. Үүнийг уламжлалт анагаах ухаанд хэрхэн тайлбарладаг вэ?
-Хаврын сүүл сар буюу луу, зуны эхэн сар буюу могой сард хийн бэлгэ чанарууд ихсэж хөдлөхөд хүний сэтгэл санаанд өөрчлөлт ордог. Учир нь хүний сэтгэл санаа, оюун ухаан нь хийн судсыг хөлөглөж үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс энэ үед сэтгэлийн гутралд орох, санаа зовних, сэтгэлийн хэт хөдлөлд автагдах зэрэг сэтгэл санааны буруу, муу үйлдлүүдийг хийх, нойр алдах, хоол ундаа хэт сойх, мацаг барих, шимгүй идээ унд үргэлж хэрэглэх зэрэг нөхцөлөөр хийн чанар хямарч сэтгэцийн өвчлөлд өртөх магадлал өндөр. Үүнээс урьдчилан сэргийлж дээрх нөхцөлүүдийг бүрдүүлэхгүй байх, сэтгэлийн үйлээ сайтар хянамгайлж, амар амгалан, тайван байх чухал. Үүссэн нөхцөлөөсөө хамааран эмчилгээ нь олон янз. Сэтгэцийн өвчинтэй хүн бүрийг рашаанд оруулах, боргионд цохиулах зэргээр дур мэдэн эмчлэх боломжгүй. Иймээс мэргэжлийн уламжлалт анагаах ухааны эмчид хандах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Архины хамааралтай хүмүүсийн ард сэтгэл зүйн суурь асуудал байдаг

Нийслэлийн Аддиктлогийн төвийн судлаач Б.Төртогтох архинд донтох эмгэгийн тухай дараах мэдээллийг өг

2024-03-03

Хувь хүний өвчин “Сэтгэлээ барьж чадаагүй”-ээс үүсдэг

-Хүн муулах, шүүмжлэх, өширхөх, хонзогнох, үл уучлахад ходоодны хүчил ихэснэ.-Хэт халуун хоол идэх

2024-02-28

EClinicalMedicine: Эрдэмтэд Covid19 хүний тархинд хэрхэн нөлөөлдөг болохыг судалжээ

Ливерпүүлийн их сургуулийн эрдэмтэд Covid19 хүний тархинд хэрхэн нөлөөлдөг болохыг судалжээ. Корона

2024-02-19