Бурхан багшийн их дүйчин буюу зуны тэргүүн сарын 15-ны билэгт сайн өдөр өчигдөр тохиолоо. Хотын дарга Д.Сумъяабазар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд ажиллав.
Энэ үеэрээ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамцтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Гандангийн дэнжийн хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Тодруулбал, Гандангийн дэнжийн гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлонд ариутгал халдваргүйтгэл, ашигтай бактери хийх ажлыг хамтран зохион байгуулна.
Мөн энд амьдарч буй Баянгол дүүргийн 16 дугаар хорооны 800 гаруй өрхөд хашаандаа мод тарих, цэвэр агаартай, эрүүл орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 5500 шинэс модны суулгац өгөхөөр болж, дээжийг нь энэ үеэр гардууллаа. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц Хотын даргын санаачилж, хийж байгаа ажлууд нүдээ олсныг хэлж, талархал илэрхийлсэн юм.
Хотын дарга Д.Сумъяабазар “Агаарын бохирдлыг бууруулахад мод, бут сөөг, ногоон байгууламж чухал ач холбогдолтой. Хүрээлэн буй орчноо бохирдлоос хамгаалж, ирээдүй болсон хүүхдүүдийнхээ амьдрах орчныг сайжруулах ёстой. Мод тарих аян цаашид өргөн хүрээнд үргэлжилнэ.
Улаанбаатар хотыг зүлэгжүүлэх, олон улсын жишигт нийцсэн хот болгохыг зорьж байгаа. Гандангийн дэнжийн хөрсний бохирдол өндөр хэмжээнд хүрсэн. Моджуулах ажлыг эрчимжүүлэх, хөрсний бохирдлыг арилгах үүднээс энэ ажлыг эхлүүллээ. Улаанбаатар хотын гэр хороололд 196 мянган нүхэн жорлон байна. Шинжлэх ухаан, технологи дээр суурилан богино хугацаанд ашигтай бактериар хөрсний бохирдлыг арилгах, эко ариун цэврийн газрыг хийж, хэрэгжүүлэхээр санал санаачилга гаргаж, тооцоо судалгаа хийж байна. Ингэснээр Улаанбаатар хотын хөрсний бохирдол 85 хувьд хүрч буурна.
Тулгамдаж байгаа олон асуудалд иргэдийнхээ санал санаачилгыг сонсож, энэ мэт ажлуудыг хийж, хэрэгжүүлнэ” гэв. Мөн энэ чиглэлд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм. Үүний дараа Хотын дарга Гандантэгчэнлин хийдийн тохижилттой танилцаж, хийдийн удирдлагуудтай санал солилцлоо.
Хөрсний ашигтай бактерийн талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр “Хөрсний бактериуд нь үнэр дарж, эргээд хөрсөндөө ашигтай бордоо болон шингэж, хөрсөө эрүүлжүүлэн нөхөн сэргээдэг. Бактери хийснээс долоо хоногийн дараа нүхэн жорлон үнэргүй болно. Нэг сарын дараа 50, хоёр сарын дараа 75 хувь нь хөрсөндөө ашигтай бордоо болж, шингэнэ. Гандангийн дэнжийн 800 гаруй айлд нэг бүрчлэн очиж, бактериа хийж, баримтжуулна. Үүний дараа долоо хоног тутам судалгаа хийж, үр дүнг тооцно” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй