
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “Эрт илрүүлэг” үзлэг оношилгоог энэ сарын 22-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаанд зогсоохоор болсноо мэдээлсэн. Энэ нь иргэдийн дунд “Үр дүнтэй, хэрэгтэй арга хэмжээг яагаад зогсоов” гэх хариулт нэхсэн эргэлзээг төрүүлээд байна. Эрт илрүүлэг хэрэгтэй юу. Эрт илрүүлэг яагаад чухал вэ. Хэрэгтэй бол яагаад зогсоов. Эдгээр асуултад хариулахаар бид дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Эрт илрүүлэг хэрэгтэй юу?
Япон Улсад эмэгтэйчүүдийн дундаж наслалт 87, эрэгтэйчүүдийнх 82 байдаг. Тэдний туршлагаас харахад, аль 1952 онд хамгийн анх эрт илрүүлгийн шинжилгээг эхлүүлж, жил бүр өвчнийг эрт үед нь илрүүлдэг эрт илрүүлгийн түтолцоог бүрдүүлж чаджээ. Эндээс өвчнийг эрт илрүүлэх нь дундаж наслалтыг нэмэгдүүлэх хамгийн том хүчин зүйл гэдэг нь харагдаж байна. Япон улсад хорт хавдрыг ихэвчлэн эрт үе шатанд нь илрүүлдэг учраас хавдар оношлогдсон тохиолдолд эрт, үр дүнтэй эмчилгээ хийгдэх хамгийн сайн боломжийг олгодог байна. Харин Монгол Улсад жил бүр 6000 гаруй хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 70 орчим хувь нь хожуу буюу 3, 4-р үе шатандаа оношлогдож байна. Хожуу үе шатанд оношилсноос бүрэн эдгэрэх боломж эрс буурч, нас баралтын тоо нэмэгддэг.
Манай улсын тухайд 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсын нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэрийг гаргасан байдаг. ЭМЯ-ны мэдээлснээр энэ арга хэмжээ анх эхэлснээс буюу 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд эрт илрүүлэг үзлэгт улсын хэмжээнд 1,298,710 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 38.6 хувийг эзэлж байв. Энэ 1,3 сая иргэнээс 1 сая орчим өвчний сэжигтэй тохиолдлыг илрүүлж, дараагийн шатны эмнэлэгт шилжүүлж, өвчнийг эмчлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн хүүхдүүдийн хувьд 6-17 настай хүүхдүүдийн 86.6 хувь нь шүд цоорох өвчтэй, энэ нь бүх өвчний эхлэл тул 2024-2027 оны хугацаанд “Шүд” арга хэмжээг авч ажиллахаар болсон. Энэ нь ч хөрсөн дээрээ буусан ажил хэрэг болон хэрэгжиж, үр дүнгээ өгч байна. “Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах бодлого”-ын хүрээнд Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр анги буюу 6 настны нүд, шүд, зүрхний эрт илрүүлгийн үзлэг өнгөрсөн оны 4 дүгээр улирлаас эхэлж, энэ оны эхний улирлын байдлаар нийт 40,749 хүүхдийн 89% нь хамрагдсан байна. Үүнээс зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт 21.4%, шүдний цоорол 79.9%, харааны өөрчлөлт 20.5% -д тус тус илэрсэн бөгөөд дараагийн шатны оношилгоо, эмчилгээний явц 13-66%-тай явж байна.
Эрт илрүүлэг яагаад чухал вэ?
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд иргэдийг хамруулснаар хүний амь нас, амьдралын чанарт ноцтой хохирол учруулах, цаашид амьдралын чанарт ноцтой өөрчлөлт гаргаж болзошгүй өвчнийг эрт үед нь илрүүлж, улмаар үр дүнтэй эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх чухал ач холбогдолтой. Эрт илрүүлэг яагаад хэрэгтэй вэ. Мэргэжлийн хүний байр суурийг сонсохоор бид “Дэшиг дун” өрхийн эмнэлгийн эмч Т.Жаргалаас цөөн асуултад хариулт авлаа.
-Эрт илрүүлэг үзлэг, оношилгооны ач холбогдлыг та юу гэж хардаг вэ?
-Олон талын ач холбогдолтой шүү дээ, наад зах нь өвчний эдгэрэлт, хувь хүнд очих эдийн засгийн дарамт багасах гээд. Ер нь ямар ч өвчнийг эрт үед нь илрүүлж, онишилж, эмчилж чадвал тавилан сайтай байдаг. 2022 оноос ЭМЯ эрт илрүүлгийг бүх орон даяар эхлүүлснээр манай улсын хорт хавдрын тохиолдлын илрүүлгийн эрт үе шатны эзлэх хувь тодорхой хугацааны дараа нэмэгдэх болов уу. Умайн хүзүүний, ходоодны гэх мэт хөндийт эрхтний хорт хавдрыг эрт үед нь буюу 1-2-р шатанд нь илрүүлдэг боллоо. Энэ мэтээр дэвшил гарч байна.
-Монгол Улс хавдрын өвчлөлөөр тэргүүлж байна гэсэн олон статистик харсан. Юунаас болоод хавдрын тоо нэмэгдээд байна вэ. Таны байр суурь?
–Юуны өмнө хавдар гэж юу вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Бидний бие олон тооны эсүүдээс бүрддэг. Хүний биеийн эсийн үржих, хуваагдах, мөхөх зэрэг хэвийн үйл ажиллагаа зохицуулгаа алдан, хэвийн бүтцээ бүрэн алдаж, өөрчлөгдсөний улмаас эс зогсолтгүй үржиж хяналтаа алддаг. Улмаар томорч үүсгэвэр болон илрэхийг хавдар гэдэг. Үүнд гаднын болон дотоод хүчин зүйлүүд, тухайлбал тухайн хүний удамшлын хүчин зүйлс нөлөөлдөг.
2024 онд Монгол Улс дэлхийд зарим эрхтний хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа тэргүүлсэн. Эрүүл мэндийн салбарын анхаарал татсан, хүнд асуудлын нэг байсаар л байна. Хавдрын өвчин хавдрын урьдал эмгэгээс нэлээд хугацааны дараа хорт хавдар руу шилждэг. Иргэд эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдсанаар хорт хавдар болохоос нь өмнө, урьдал эмгэгийн үед нь оношоо мэдээд, эмчлүүлбэл хавдар болохоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Зарим нэг өвчин дийлэнх тохиолдолд цааш ужгирсаар хорт хавдар болдог. Жишээ нь: ходоодны хорт хавдрын урьтал өвчин нь ходоодны шархлаа. Тэгэхээр үзлэг, оношилгоондоо тогтмол хамрагдаж байх нь зүйтэй юм.
Эрт илрүүлэг хөтөлбөр зогсоогүй
Тиймээс ч энэ арга хэмжээг зогсоосон бус илүү хүндээ ойртсон, шуурхай, үр дүнтэй байлгах зорилгоор шинэчлэл хийж байгаа аж. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ч “Эрт илрүүлэг маш чухал. Гэхдээ өмнөх үеүдэд хийгдэж байсан эрт илрүүлгийн тогтолцоог илүү оновчтой, үрэлгэн биш өгөөжтэй тогтолцоо хийхээр программаа шинэчилж байгаа. Эрт илрүүлгийн программ шинэчлэгдэж, 10 дугаар сарын дундаас эхлээд шинэ хөтөлбөрөөр дахин хэрэгжиж эхэлнэ.
Тухайлбал, ходоодны хорт хавдрыг үзэхийн тулд иргэнээс цусны дэлгэрэнгүй шинжилгээ үзэж, илүү зардал гаргахгүй. Харин дурангаар ходоод болон улаан хоолойг давхар дурандаж хавдрын эрсдэл байгааг илрүүлчихнэ. Элэгний хорт хавдрыг үзэхэд биохими, цусны дэлгэрэнгүй, шээсний шинжилгээ бараг л шаардлагагүй. В, С вирус байгаа эсэхийг үзээд, вирус байвал эход үзээд, өөрчлөлттэй байвал нарийн мэргэжлийн эмч, нарийн шинжилгээнд хамрагдана. Уушгийг цээжний рентген авахад, умайн хүзүүн хавдрыг хөхөнцөр вирусийн халдвартай эсэхийг нь шалгахад л хангалттай. Ялгаа нь энэ. Тэгэхээр бид лабораторийг дэмжсэн үрэлгэн, шаардлагагүй шинжилгээ авах шаардлагагүй. Төсвийн мөнгийг үрэлгэн үрдэг биш оновчтой байлгахад анхаарна” хэмээгээд байна.
Эрт илрүүлэг арга хэмжээний эхний шатанд 0-17 насны хүүхдүүдэд хортой болон хоргүй хавдрын 277 тохиолдол илэрсэн гэх мэдээ тухайн үедээ хүн бүхнийг эмзэглүүлж байсан. Тодруулбал, хүүхдийн өвчлөлийн дунд хортой болон хоргүй хавдрын 277 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 0-5 хүүхдийн 64 тохиолдол, 6-17 насны хүүхдийн 213 тохиолдол бүртгэгдэж байв. Энэ аюулт өвчнийг эрт үед нь оношлууж мэдсэн хэчнээн иргэний амь нас, эрүүл мэнд аврагдаж байгааг шууд хэлэх боломжгүй ч “Эрт илрүүлэг” үзлэг, оношилгоо хэрэгтэй нь эндээс тодорхой харагдаж байна. Иргэд ч эрт илрүүлэгт бүрэн хамрагдаж, үүсэж болзошгүй аюулт өвчнөөс өөрийгөө хамгаалах нь чухал юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй