Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар цагаан сарын баярыг нийтийн хэмжээнд тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэж Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал /хэсэгчлэн/ зарласан билээ. Мөн энэ хүрээнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү хорио, цээрийн хугацаанд банкны хүү, зээлийг түр зогсоох санал гаргаад байсан юм. Энэ нь боломжтой эсэх талаар Монголбанкны ахлах эдийн засагч Н.Батжингаас “Ардчилал таймс” сонин тодруулга авчээ.
-Юуны өмнө банкны хүү гэж юуг ойлгох талаар ярья гэж бодож байна. Бид дэлгүүрээс ямар нэгэн бараа бүтээгдэхүүн авахдаа мөнгөө төлдөгтэй адил банкны хүү гэдэг бол хүний мөнгийг ашигласныхаа төлөө төлбөр төлж байгаа нэг хэлбэр. Тэгэхээр ямар ч бараа бүтээгдэхүүний үнийг төлөхгүйгээр авах боломж байхгүй. Тэгэхээр банк санхүүгийн байгууллагууд ашгийн төлөө ажилладаг компани. Тэгэхээр үйлчлүүлэгчид авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийг төлөхгүй байх юм бол алдагдалд орж тухайн компани үйл ажиллагаа явуулах боломжгүй болно. Банк санхүүгийн байгууллагууд ийм байдалд орсноор иргэд санхүүгийн зуучлалын үйлчилгээ авах боломжгүй болохоос гадна, зээл авах, хадгаламж байршуулах, мөнгөн шилжүүлэх хийх боломжгүй болно.
Тиймээс дэлхий нийтэд тархаад байгаа коронавирүсийн халдвараас шалтгаалж банк санхүүгийн байгууллагын хүүг зогсоох боломжгүй. Гэхдээ Монгол Улсын хэмжээнд банк санхүүгийн байгууллагуудын хүү өндөр байгаа нь үнэн. Ялангуяа хадгаламжийн хүү, зээлийн хүү өндөр. Тийм ч учраас Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран олон талын арга хэмжээ авч байна.
Тухайлбал, Зээлийн хүүг бууруулах старегийн баримт бичгийг хэрэгжүүлж байгаа.
Хүү хэрхэн тогтдог вэ гэхээр бараа бүтээгдэхүүний үнэтэй адил эдийн засгийн зарчмаа дагадаг. Тухайлбал, эрэлт их тухайн бүтээгдэхүүнийг худалдан авах гэж байгаа хүн эргэн төлөх чадвар нь эрсдэл өндөр байх тусам хүү нь өсдөг. 1990 онд манай улс зах зээлийн эдийн засаг руу шилжсэнээс хойш хүү өндөр болсон. Тухайн үед банкнуудын жилийн хүү 150 хувьд хүрсэн. Тэгэхээр банкнаас бусад байгууллагуудын бүр өндөр байсан.
Тухайн үед манай улсын эдийн засаг маш хүнд байдалд орсноос иргэд зээлээ төлж чадахгүй эрсдэл маш өссөн. Тиймээс эрсдлийн хэмжээ нь хүүг илэрхийлдэг. Монгол улсын эдийн засаг эрсдэлтэй түвшинд байгаа учраас гадаадын хөрөнгө оруулагчид, зээлийн хүүг тогтоож байгаа үндсэн үзүүлэлтүүд өндөр байна. Хадгаламж байршуулаад эргээд зээл олгодог учраас хадгаламжийн хүү өндөр байхаар зээлийн хүү өндөр байдаг. Мөн хүүг тогтооход инфляци чухал нөлөөтэй. Тухайлбал, хоёр хүн бие биедээ зээл өгөхдөө инфляцийн түвшин ямар байна гэдгийг харгалзан үздэг. Учир нь зээлсэн мөнгөө эргүүлэн авах үед миний мөнгө үнэ цэн алдах уу үгүй юу гэдгийг тооцно. Хэрэв инфляци буюу үнийн өсөлтөөс бага хүүтэй зээл өгвөл мөнгөө алдсантай ижил. Банкны хүү бол эдийн засгийн халууны шил гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүн бие нь өвдөхөөр халуурдагтай адил эдийн засагт асуудал үүсэхийн хэрээр банк санхүүүгийн байгууллагуудын хүү өсдөг. Сүүлийн үед тодорхой хэмжээгээр банкуудын хүү буурч байгаа. Гэхдээ огцом хүүг бууруулж болдоггүй.
Одоогийн байдлаар 2018 оны нэгдүгээр сараас хойш зээлийн хүү гурван хувиар буурсан байна. Иргэд бодохдоо зээлийн хүүг захиргаадалтын аргаар тогтоох боломжгүй юу гэдэг. Ийм зүйл болвол үр дүн нь асар хор хөнөөлтэй. Хүүг захиргаадалтын байдлаар шууд тогтоосноос үүдэн дэлхийн олон улс оронд жижиг дунд үйлдвэрүүд дампуурч, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг банкууд үйл ажиллагаагаа хааж, санхүүгийн зуучлалын үйл ажиллагаагаа зогсооход хүрч байсан. Энэ мэтчилэн олон эрсдэл байдаг учраас аль болох алсуур нь зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авах нь зүйтэй юм.
Эх сурвалж: “Ардчилал таймс” сонин
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй