Ядаж байхад яр гэгчээр ковидын дотоод дахь халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж, ард иргэд айдас хүйдэст автагдаад байхад эрүүл мэндийн салбарт сандал ширээний асуудал хурцаар тавигдаж эхлээд байна. Сайд Т.Мөнхсайхан, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нарын хооронд үүссэн үл ойлголцол эрчээ авч, Эрүүл мэндийн яам дотооддоо ТЗУГ-ын даргынх нь хэлснээр “шилжүүлэлт” хийн үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна.
ЭМЯ-ы ТЗУГ-ын дарга П.Эрхэмбулган “Манай яаманд бүтэц хийгдэж байгаа. Шинээр байгуулагдсан ЭМДЕГ руу зэргээр чиг үүргийнхээ дагуу зарим нь явж байгаа. Нэг байгууллагаас нөгөө рүү л шилжилт хийгдэж байна. Түүнээс нэг ч хүнийг халсан тушаал гаргаагүй” гэсэн тайлбар хийж байна.
ХӨСҮТ-ийн Үйлдвэрчний хорооны дарга О.Баатарчулууны ярьснаар бол сайд Т.Мөнхсайхан, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нарын хооронд үүссэн үл ойлголцол харин ч ХӨСҮТ дэх идээ бээрийг шахах боломж олгож байгаа аж. Түүний ярьж буйгаар Д.Нямхүү арван хэдэн жил тус байгууллагыг толгойлохдоо зөвхөн өөрийн болон эргэн тойрныхоо хүмүүсийн төлөө ажилласан гэнэ.
Д.Нямхүүгийн вант улсад хамаардаг ажилтнууд илүү цалин, урамшуулал авдаг. ХӨСҮТ-ийн ажиллагсдын өрөө тасалгаа, өвчтөнүүдийн өрөө ч хүн харахаас ичмээр байдаг. Аргаа барсан эмч ажилтнууд өөрсдөө өрөө тасалгаандааа засвар хийдэг аж. Мөн ХӨСҮТ орчмын газрыг ч бусдад түрээслүүлэн мөнгийг нь халаасалж байсан бололтой юм, Д.Нямхүү дарга.
Тэгвэл Д.Нямхүү захирал үүсээд буй нөхцөл байдлын талаар хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр “Д.Сарангэрэл сайдын үед зохион байгуулалт маш өндөр, цэргийн байдалтай байсан. Дунд нь үл ойлголцох асуудлууд үүсч байгаагүй. Яг одоо бол зохион байгуулалтад доголдол гарч байна.
ХӨСҮТ-ээс коронавирустэй, тэр байтугай сүрьеэтэй хүмүүсийг Цэргийн төв эмнэлэг болон бусад эмнэлгүүд рүү нүүлгэж, ариутгаж засна гэсэн санал дээр нь эсрэг байр суурьтай байсан.
Халдварт өвчнийг хөдөлгөлгүй, тухайн газар нь цомхотгон дарах хэрэгтэй.
Хөдөлгөөн хийх тусам л халдвар тархана. Тарааж, ийш тийшээ нүүлгэн шилжүүлж болно, болохгүй гэдэг дээр санал зөрөлдсөн. Миний хувьд тэр даалгаврын биелүүлээгүй учраас үүрэг, даалгавар биелүүлж чадахгүй бол ажлаа өгөөрэй гэсэн. Би аялдан дагалдаж, зөвшөөрвөл бидний мэргэжил, ХӨСҮТ-ийн үнэ цэнэ буурах эрсдэлтэй” гэж ярьжээ.
Энэ асуудлын тухай Т.Мөнхсайхан сайд ikon.mn сайтад “Эрүүл мэндийн салбарт 16 жил ажиллаж байгаа хүний хувьд халдварт өвчин хэрхэн тархах талаар тооцоолох хэмжээний мэдлэг надад бий. Хамгийн гол нь бид цаг үеийнхээ нөхцөл байдлыг зөв үнэлэх ёстой.
Тодруулбал, өнөөдөр зөвхөн коронавируст халдвартай хүмүүсийг эмчилж буй хүмүүс бус Сүрьеэгийн тасагт ажиллаж байгаа сувилагч болон ариутгалын тасагт ажиллаж байгаа ариутгагч халдвар авсан байна.
Энэ нь ХӨСҮТ-өөс халдвар гадагш тархах маш том эрсдэл үүсэж байгааг илэрхийлж буй дохио. Тиймээс үүнд маш анхааралтай хандаж, зөв арга хэмжээ авч менежментээ өөрчлөх шаардлагатай.
Гэхдээ шууд COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийг болон Сүрьеэтэй өвчтөнүүдийг нэг, нэг тал руу зөөх асуудал яриагүй. Үүнтэй холбоотойгоор бид ХӨСҮТ-ийн ачааллыг одоогоор асар их багасгаж байна.
Тухайлбал, коронавирусийн халдвартай хөнгөн өвчтөнүүдийг Яармагийн 300 ортой эмнэлэг рүү, шинээр илэрсэн тохиолдлуудыг Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлэх байдлаар ХӨСҮТ-д шинэ тохиолдол нэмж авахгүйгээр бага багаар коронавирусийн эмчилгээний хэсгийг чөлөөлж байна. Энэ маягаар ХӨСҮТ-д коронавирустэй өвчтөнүүдийг бүгдийг эмчилж, эмнэлгээс гаргана.
Дараа нь тэнд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулан, эмнэлгийн ажилчдын ажиллах орчинд анхаарлаа хандуулна. Бид эмч, эмнэлгийн ажилчдадаа маш сайн анхаарал хандуулахгүй бол халдварын эрсдэл улам өндөр болно.
Эрсдэлийг багасгахын тулд л эхний ээлжид коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчилж байгаа хэсгийг чөлөөлөхөөр зохион байгуулж буй. Харин сүрьеэгийн өвчтөнүүдийг шууд өөр тийшээ шилжүүлэх асуудал яриагүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Учир нь сүрьеэгийн тасгийн сувилагч нэгэнт коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тул энэ чигээрээ байвал сүрьеэгийн өвчтөнүүд ч халдвар авах эрсдэлтэй. Хэрвээ ийм байдал үүсвэл тэдгээр өвчтөнүүдийн амь насанд ч маш их эрсдэл учирна гэсэн үг. Тиймээс л бид эмнэлгийн ажилчдыг гадагш ямар нэг контактгүй болгож, тэнд үйлчлүүлж байгаа өвчтөнүүдийг эрсдэлээс сэргийлэх ажлыг давхар хийж буй.
Коронавирусийн халдвартай хүмүүсийг хэсэг хугацаанд эмчлэхгүй байж ХӨСҮТ-д сүрьеэгийн тасгийн өвчтөнүүдийг халдвар авах эрсдэлээс сэргийлж чадвал тус тасгийг нүүлгэх шаардлагагүй болно.
Д.Нямхүү эмч бидний хооронд зөвхөн шаардлагатай үед зөв арга хэмжээ авахын тулд нөхцөл байдлаа бодитоор үнэлэн бүх эрсдэлийг тооцож, боломжит нөөц төлөвлөгөөг гаргах ёстой гэсэн асуудал л яригдсан.
ХӨСҮТ-ийн хувьд, УОК-ын ажлын хэсгээс хийсэн шалгалтын дүгнэлтийн дагуу засаж залруулах болоод халдвар хамгааллын дэглэмээ улам сайжруулах ёстой зэрэг олон асуудал бий.
Тухайн ажлын хэсгээс гаргасан ХӨСҮТ-ийн дүгнэлтийн дагуу богино хугацаанд заасан өөрчлөлтүүдийг хийхгүй бол яах аргагүй Д.Нямхүү даргатай хариуцлага тооцох тухай асуудал гарна гэх мэт зүйлсийг л бид хоорондоо ярьсан.
Бидний хэн хэн нь л иргэдээ халдвараас хамгаалах талаар санаа зовж, ярилцаж байхад гарсан ажил төрлийн маргаан учраас би огтхон ч эмзэглэхгүй байна. Д.Нямхүү дарга бид хоёр ч буруу зөрүү ойлголт үүссэн тухайгаа ярилцаж, ойлголцсон.
Харин зарим хүн энэ асуудлыг хэтэрхий дэвэргэж, улстөржүүлэн буруу ойлголт нийтийн дунд гаргаж байна. Хүмүүс хооронд ажлаас болж ам мурийх асуудал хэчнээн ч гарч болно. Гол нь цаашид хамтраад эмнэлгийн тусламж үйлчилгээгээ л сайжруулах ёстой. Мэдээж аюултай цар тахлын эсрэг удаан хугацаанд тэмцэж, маш чухал үүргийг гүйцэтгэж байгаа хүнээ бид ам мурийсан асуудлаас болж эсвэл нэг удаагийн шалгалтаас болж ямар ч залруулах боломж олгохгүйгээр ажлаас чөлөөлнө гэж байхгүй” гэсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй