Ж.Цолмон: КОВИД-ын үед монголчуудад амьсгалын замын үрэвслээс гадна мэдрэлийн тогтолцооны шинж багагүй илрэхээр байна

2020-12-07 671 0

АУ-ны доктор, профессор, МАН-ын даргын нийгмийн бодлогын зөвлөх, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон өөрийн нүүр номын хуудаснаа “КОВИД-19 ХАЛДВАРТ МОНГОЛ ХҮН ХЭР ЭМЗЭГ БАЙНА ВЭ…” гарчигтай нийтлэлийг бичжээ. Уг нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.

КОВИД-19 ХАЛДВАРТ МОНГОЛ ХҮН ХЭР ЭМЗЭГ БАЙНА ВЭ…

Ковид-19 цар тахлын талаар бид өдөр болгон сэтгэл түгшүүлсэн мэдээ сонсож энэ нь бидний амьдралын нэг хэсэг болсоор удаж байна. Харин одоо энэ асуудалд цэг тавихын төлөө хүн төрөлхтөн оюун ухаанаа нэгтгэж байна. 2020 оны 3 сарын 11-ний өдөр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Гебрейесус шинэ коронавирүсийн халдварыг цар тахал гэж зарлан нийгмийн эрүүл мэндийн болон онц байдлын хариу арга хэмжээ, тандалт, урьдчилан сэргийлэлт, тохиолдлын илрүүлэг, хавьтлын илрүүлгийн менежмент зэрэг 6 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэхийг улс орнуудад уриалсан.

Энийг мэдсэн юм шиг 2019 онд Жонс Хопкинсийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн аюулгүй байдлын индексийг зургаан бүлэг үзүүлэлтээр тооцож эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадамжийг үнэлсэн байдаг.

Тус үнэлгээгээр Монгол улс нь судалгаанд орсон нийт 195 орноос 46-д эрэмбэлэгдсэн байна.

Бүлэг бүрээр авч үзвэл Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний илрүүлэг, мэдээлэлтийн байдал харьцангуй сайн харин урьдчилан сэргийлэлт болон Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шуурхай арга хэмжээний үзүүлэлтүүд дээрээ анхаарахаар байна гэсэн дүгнэлт гарч байсан. “Аливаа хүнд хямралыг зүгээр өнгөрөөж огт болохгүй. Харин ч урд өмнө нь хийж амжихгүй, чадахгүй байсан зүйлээ хийх боломж гэж харах хэрэгтэй” гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Рам Эмануель цар тахал зарласан анхны өдөр хэлсэн байдаг. Тэгвэл цар тахлын 10 сарын хугацаанд бид ямар амжилттай байв, ямар хохирол амсав, ямар бэрхшээлтэй тулгарав гээд дэнслээд үзье.

КОВИД-19 халдварын тархалтад үндэслэн Дэлхийн улс орнуудыг тохиолдол илрээгүй, алаг цоог тохиолдолтой, кластер тохиолдолтой, хүн амд өргөн тархсан гэсэн 4 бүлэгт мөн тохиолдлын тоогоор нь зуун мянгаас дээш, арван мянгаас зуун мянгын хооронд, мянгаас арван мянга хүртэлх, зуугаас мянга хүртэлх, зуугаас бага гэсэн таван бүлэгт хувааж үзсэн. КОВИД-19 цар тахлын эхний давалгааг манай улс ямар ч халдваргүй давж алаг цоог тохиолдолтой, дотоод халдваргүй орноор 9 сар цоллогдож байсан нь амжилт. Харин одоо бол кластер, 100-1000 тохиолдолтой орны эгнээнд орчихоод байна.

Ард түмэн халдвар хамгааллын дэглэм гэдгийг мэддэг болж маскаа зүүж, гараа угааж, ариутгаж хэвшлээ, зарим нэгэн муу зуршлаасаа ч саллаа, эрүүл мэнддээ анхаардаг боллоо. Энэ сэтгэлгээний өөрчлөлтийг бид богино хугацаанд хийж чадсан нь том амжилт. Хамгийн гол нь бидний цөөхөн монголчууд эвлэлдэн нэгдэж хамтдаа тэмцэж нэг цул болж чадаж байгаа нь үнэлшгүй том амжилт юм. Эрүүл мэндийн салбарын чадавхаа дээшлүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг ахиулах олон боломжууд бүрдлээ, ахиуллаа энэ бол дэвшил.

Нөгөөтэйгүүр аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, ажлын байр хумигдаж, албан газар, айл гэр, хувь хүний орлого буурсаар байна. Өдөр тутмын оролгоороо амь зуудаг иргэдийн асуудал хүндэрч эхэллээ. Улс орны микро болон макро эдийн засаг ганхаж эхэллээ. Хөл хориог үргэлжлүүлэх үү зогсоох уу гэдэг дээр санал хуваалцан талцаж эхэллээ. Хөл хорио үргэлжлээсэй халамжийн мөнгөөрөө амьдраад байж болох юм байна гэсэн бэлэнчлэх сэтгэлгээ газар авч байна гэж зарим нь эсэргүүцлээ илэрхийлж байна. Хуулиа чанад сахиж, татвараа төлж, өр зээлгүй, санхүүгийн сахилга баттай байх хэрэггүй юм байна гэсэн ташаа ойлголтонд ч хүрч мэдэхээр болж эхэллээ. Энэ нь эргээд эв нэгдэлд нөлөөлж болзошгүй байна.

Аливаа зүйлд нотолгоо шинжилгээнд үндэслэн шинжлэх ухаанч байдлаар хандах, салбар бүр хоорондын уялдаатай, харилцан дэмжигдэх, нэг үр дүнд чиглэсэн бодлогыг нэгтгэн зангидаж гаргахгүй бол нэг нь нэгиййгээ үгүйсгэсэн, “Эхийг нь эцээж, туглыг нь тураасан” бодлого байж болохгүйг ард түмэн хүсэмжлээд байх шиг… Эдийн засаг уу, эрүүл мэнд үү гэдэг асуудал улс орон бүрийн гол асуудал болж байна.

Эрдэмтэд цар тахлыг 8 үе шаттай, цаашид хэдий хугацаагаар үргэлжлэх нь тодорхойгүй мөн оргил үеийн дараах үе шатад дэгдэлт дахин сэргэх магадлал өндөр, харин цар тахлын дараах үе шатад халдвар улирлын шинж чанартай томуу маягаар идэвхижиж болзошгүй талаар 5-р сард сэрэмжлүүлж байсан.

Иймд бид монгол хүнийхээ бие организм, улс орныхоо эдийн засаг, цаг агаар, газар зүй, геополитикийн онцлогийг харгалзсан хариу арга хэмжээнүүдийг түлхүү авбал эрсдэл багатай байж болох юм.

КОВИД-19 эсрэг монгол хүнд онцлог бий юу? КОВИД-19 халдварт монгол хүн хэр эмзэг байна вэ… Энэ талаар үндэсний эрдэмтдийнхээ судалгааны ажлаас хэдэн мэдээлэл хүргэе.

УБ хот агаарын бохирдлоороо дэлхийн эхний 10-т цохиж явсан үе бий. Сүүлийн хоёр жил сайжруулсан түлш үйлдвэрлэж агаарын бохирдлыг дорвитой бууруулж чадсан. Харин одоо тэр хэмжээндээ байлгах нь иргэн бүрийн хариуцлагын асуудал болж байна.

Яагаад гэвэл агаар дахь ПМ10 тоосонцор нь агаарт вирүсийн амьдрах хугацааг уртасгаж, хол зайд зөөвөрлөх үүргийг гүйцэтгэдэг байж болзошгүй, халдварын тархалттай өндөр (бета-0.24 R2-0.98) хамааралтайг судлаачид тогтоосон байгаа нь бидэнд маш хамаатай болж байна /Г. Мандухай, Б. Насантогтох АШУҮИС, НЭМС/.

Иймд КОВИД19-ийн хариу арга хэмжээг төлөвлөхдөө агаарын бохирдлоо юуны түрүүнд бууруулах арга хэмжээг хамтад нь авах нь чухал байна. Засгийн газрын зүгээс сайжруулсан түлшний үнийг 50 хувь бууруулсан нь том алхам боллоо.

Дэлхий дахинд Д аминдэмийн дутагдал зөвхөн яс, булчингийн солилцоонд нөлөөлөөд зогсохгүй КОВИД-19 өвчлөхгүй байх, өвчилсөн ч богино хугацаанд эдгэрэхэд нөлөөлж байгааг эрдэмтэд судалсан байна. Монголчуудын Д аминдэмийн хэмжээ өвлийн цагт байх ёстой хэмжээнээсээ 4 дахин бага байгаа нь КОВИД-19 халдварт өртөх эрсдэл маш өндөр байгааг харуулж байна. Иймд өдөрт 2000 ОУН доошгүй вит Д авах талаар хүн бүр анхаарах хэрэгтэй. Ялангуяа жирэмсэн ээжүүдийн 72,3 хувьд вит Д хангалтгүй, 23,% хувьд дунд зэрэг, зөвхөн 3,8 хувьд нь хангалттай гэсэн судалгаа байна. Тэдгээр ээжүүдээс төрсөн нярайн 87,9 хувьд нь вит Д дутагдалтай, зөвхөн 1,5 хувьд хангалттай гэж гарсан байгаа нь эх, нярай хоорондын хамаарал маш өндөр, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд Д аминдэмийн дутагдлын тархалт өндөр байна /Ц.Наранчимэг, Р.Отгонбаяр, З.Гэрэлмаа, АШУҮИС, АУС-ийн хүүхдийн тэнхим/. Дундаж хэмжээ 30 наногр\мл байх ёстой.

КОВИД-19 халдвартай монгол хүмүүст вирүсийн ачаалал болон илрэлтийн үргэлжлэх хугацаа хөөмийн арчдаст хамрын арчдастай харьцуулахад илүү, цэрэнд хөөмийн арчдасаас илүү байна. Иймд цэр нусаа хаяхгүй байх дээр монголчууд бид илүү анхаарах шаардлагатай байна.

Судалгаанд хамрагдсан нийт хүнд вирүс тээлтийн нийт хугацаа дунджаар 29,2 хоног, медиан дундаж хугацаа 33,5 хоног үргэлжилсэн байна /Ц.Наранзул, С.Анхбаяр, Н.Баясгалан ХӨСҮТ, АШУҮИС/. КОВИД-19 өвчилсөн нийт манай тохиолдлын 36,4 хувьд ихэвчлэн толгой өвдөх, булчин өвдөх, толгой эргэх, ухаан балартах, амтлах, үнэртэх мэдрэмж буурах шинжээр эхлэн цөөн тохиолдолд энцефалопати, менингит, энцефалит, захын мэдрэлүүдийн невропати үүсэх байдлаар илэрч, тархины цусны хангамжийн цочмог хямралын хүндрэл үүссэн байна. Цус тархины хоригийг нэвтлэн тархины эдийг гэмээх, хамрын хөндийгөөр дамжин үнэрийн булцуу, төв мэдрэлийн тогтолцоог гэмтээх гэсэн хоёр замаар мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг байж болзошгүй байна /АУХ, Мэдрэл судлалын сектор Б.Чимэглхам/.

Иймд КОВИД-19 өвчний үед голчлон амьсгалын дээд ба доод замын үрэвслийн шинж илрэх боловч мэдрэлийн тогтолцооны шинж монголчуудад багагүй илрэх талтай байна.

КОВИД-19 халдвартай болон халдваргүй гэхдээ аль аль нь зүрхний шигдээс өвчтэй тус тус 174 хүнийг судалгаанд хамруулахад 48 нь нас барсан байна. Нас барсан хүмүүсийн 22 нь КОВИД-19 шинж тэмдэгтэй, 26 нь зүрхний шигдээс өвчний шинж тэмдгээр нас барсан байна /Oxley TJ, Mocco J et.al. N Engl J Med/. Энэнээс аваад үзэхэд хэрэв зүрх судасны өвчтэй хүн КОВИД-19 халдвар авсан тохиолдолд өвчний явц хүнд, нас баралт өндөр байх магадлалтай байгаа нь монголчуудад, эрсдэл дагуулахаар байна. Монголчуудын өвчлөл нас баралтын гол шалтгаан зүрх судасны өвчин бөгөөд жилд нас барагчдын гуравны нэг нь зүрх судасны өвчний улмаас нас барж байна.

Дээрх судалгааны үр дүнд анализ хийхэд КОВИД-19 халдварт монгол хүн эмзэг байж мэдэхээр байна.

Бусдад хариуцлагаа тохох бус, Эв нэгдэлтэй байж, хувийн өндөр хариуцлага чухал байна. Цаашид Монгол Улсад бүртгэгдсэн КОВИД-19 халдварын үеийн эмнэлзүйг лабораторийн шинжилгээний (клиник-биохим, вирүс судлал, дархлаа судлал), дүрс болон цитокины өөрчлөлттэй уялдуулан судалж өвчний явц, хүндрэлийг эрт илрүүлэх шалгуур үзүүлэлтийг тодорхойлж эмнэлзүйн заавар боловсруулахад эрдэмтдээ дайчлан ажиллах шаардлагатай байна.

АУ-ны доктор, профессорМАН-ын даргын нийгмийн бодлогын зөвлөх Ж.ЦОЛМОН​​​

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЦЕГ: Банк болон улсын бүртгэлийн газрын алба хаагчид нийлж мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт 7 хүнийг сэжигтнээр татсан

Нэр бүхий арилжааны банкны ажилтнууд, улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүдтэй нийлж мөрийтэй тоглоо

2024-10-03

Нойтон цас орж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй замуудад хөдөлгөөн хязгаарлаж болзошгүй

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр Булган, Сэлэнгийн зарим г

2024-10-03

Нийтийн тээврийн 4 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн дөрвөн чиглэлд түр х

2024-10-03