УОК ээлжит бусаар хуралдаж, Цагааннуур, Боршоо боомтыг 11-р сарын 2-оос эхлэн 21 хоног хаах шийдвэр гаргалаа. Манай улстай хил залгаа оршдог ОХУ-ын бүс нутгуудад өвчлөл нэмэгдэж, дэлхийн улсуудад коронавирусын хоёр дахь давалгаа эхэлсэнтэй холбогдуулан хилийн боомтууд дээрх хяналт, шалгалтыг сайжруулах зорилгоор ийнхүү тус хоёр боомтыг хааж байна.
Ачаа, тээврийн нийт 30 жолоочид коронавирусын халдвар илрээд байна. Хамгийн сүүлд Цагааннуурын боомтоор орж ирсэн хоёр орос жолоочоос коронавирусын халдвар илэрчээ.
Дээрх хоёр боомтоор нефтийн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа, малын тэжээл, эмийн тээвэр түлхүү явдаг. Нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг гарагаар явуулна, ямар нэг хүндрэл үүсэхгүй гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Эдгээр боомтуудаар орж ирдэг гол бүтээгдэхүүн нь шатахуун байдаг. Боомтуудыг хааснаар манай улсад шатахууны хомсдол үүсэх үү?
-Баруун бүсээр орж ирж байгаа хөдөлгөөний гол бараа нь нефтийн бүтээгдэхүүн. Монгол Улс нефтийн нэг сарын нөөцтэй. Төвийн бүсээс баруун аймгуудад нефть татах ажил зохион байгуулна. Нефтийн нөөцөд хүндрэл гарахгүй. Мөн 21 хоногийн дараа хилийн боомтыг нээснээр гарагийн хязгаарлалтаар нефть оруулах асуудлыг шийдвэрлэнэ.
-Өргөн хэрэглээний бараа, шатахууны үнэ өсөх эрсдэл үүсэх үү?
-Засгийн газраас дэлхий даяар тархаад буй цар тахлын үед өргөн хэрэглээний үнэ ханшийг нэмэхгүй байх, хохирол багатай давах чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдтэй олон талаар хамтран ажиллаж байгаа. Нефть импортолж байгаа аж ахуйн нэгжүүдтэй уулзаж харилцан ойлголцоно. Нэг сарын нөөц байгаа тул зах зээлд хомсдол үүсэхгүй.
Цар тахал эхэлснээс хойш хилээр орж гарч байгаа бүх хөдөлгөөн хяналтад байгаа. Өмнө нь бүх боомтуудаар орж ирж байгаа ачаа тээвэр хилээр гарах хүртлээ цагдаагийн хатуу хяналтад явж байсан. Хилийн чанад дахь нөхцөл байдал хүндэрсэн тул хяналтыг илүү чангатгаж байгаа юм.
-Бусад хилийн боомтуудад нөхцөл байдал ямар байна вэ?
-Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг бусад боомтуудад тусгаарлалтын цэг гаргахаар УОК-ын шийдвэр гарсан. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүд тухайн цэгээс очиж ачаа бараагаа нааш нь татан авахаар болсон. Ерөнхийдөө хилийн боомтуудаас нааш ачаа тээврийн жолооч нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч байна.
-Цагааннуур боомтод долоо хоногийн өмнөөс шинжилгээ авч эхэлсэн гэсэн мэдээлэл байна. Өмнө яагаад шинжилгээ авч байгаагүй юм бэ?
-Бид хамгийн их хөдөлгөөнтэй байгаа боомтуудаар PCR шинжилгээ авч байсан. Цагааннуур боомтод долоо хоногийн өмнөөс шинжилгээ авч эхэлснээр орос хоёр жолоочоос өчигдөр шөнө вирус илэрсэн. Өмнө нь Цагааннуур боомтоор орж ирж байсан ачаа тээврийн жолооч нарыг эрүүл ахуйн халдвар хамгааллын журмыг чанд сахин цуваагаар цагдаагийн хяналтад гуперлэж байсан. Нэмж шинжилгээ авч хяналтаа улам сайжруулах болсон. Өглөө ОХУ-тай дипломат харилцааны шугамаар харилцаж тухайн хоёр иргэнийг эх оронд нь буцаасан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй