Жирэмсний 31-32 долоо хоногтойд эмнэлгийн хуудас аваагүй бол тэтгэмж өгөхгүй байх заалтыг хүчингүй болгожээ

2022-09-29 490 0

Дээд шүүхээс жирэмсний тэтгэмжийг заавал 32 долоо хоногтойд авах ёстой гэж журамласан нь хууль бус гэж үзэн уг заалтыг хүчингүй болголоо.

Иргэн Сувдаас “… жирэмсний 31-32 долоо хоногтойд эмнэлгийн хуудас олгоно гэж хязгаарласнаар жирэмсний 36-37 долоо хоногтой надад эмнэлгийн хуудас олгоогүйгээс тэтгэмжээ авч чадаагүй, журмын дээрх заалтууд нь жирэмсэн эхийн тэтгэмж авах эрхийг зөрчсөн” гэж үзэж, уг заалтуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд “… журмын холбогдох заалтууд нь хэм хэмжээний актад тавигдах шаардлагад нийцсэн …”, “хууль зөрчөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тус хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэлэлцээд  журмын 4.8.2 дахь заалт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зорилгод нийцээгүй, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах иргэний эрхийг хязгаарласан буюу хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалтыг  оруулсан байна гэж үзэж, журмын энэ заалтыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд “тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэж заажээ.

Хуульд заасан энэ шаардлагыг хангасан эхийн жирэмсний тэтгэмж авах эрх нь жирэмсний 31-32 долоо хоног хүрч, эмнэлгийн хуудас олгогдсоноор нээгдэнэ. Аливаа шалтгаанаар дээрх хугацааны дотор эмнэлгийн хуудас аваагүй эх үүнээс хойших хугацаанд уг хуудас болон жирэмсний тэтгэмжээ авах эрхтэй. Энэ эрхийг “жирэмсний 31-32 долоо хоногтой байхдаа эмнэлгийн хуудас аваагүй” гэх үндэслэлээр хязгаарлах агуулгатай журам баталсан нь жирэмсэн эхийн тэтгэмж авах эрхийг зөрчсөн, хуулийн зорилго, зохицуулалтад нийцээгүй гэж хяналтын шатны шүүхээс үзлээ.

Харин “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 2.6 дахь заалт нь эмнэлгийн хуудсыг жирэмсний ямар хугацаанд аль байгууллага жирэмсэн эхэд олгохыг тодорхой болгож зохицуулсан заалт байх тул хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн байна.

Хураангуй бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ховд аймагт “Тусгай зориулалтаар угалз, тэх, зэрлэг гахай агнуулах зөвшөөрөл олгох” нээлттэй дуудлага худалдаа зарлажээ

Ховд аймагт "Тусгай зориулалтаар угалз, тэх, зэрлэг гахай агнуулах зөвшөөрөл олгох" нээлттэй дуудлаг

2024-04-13

УЕПГ: УИХ-ын нэр бүхий гишүүн14 настай хүүхдийг хүчирхийлсэн гэх хэрэг бүртгэгдээгүй

Цахим орчинд “УИХ-ын гишүүн 14 настай охин хүчиндсэн гэх хэрэгт холбогдож, Нийслэлийн прокурорын шат

2024-04-13

Хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 13-14-нд шилжих шөнө Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн

2024-04-13