Л.Данзанноров: Н.Түвшинбаяр одоогийн байдлаар гурван тэрбум төгрөгийн хохирол төлсөн, цаашид ч төлнө

2022-01-05 550 0

Улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон МУГТ, олимпийн аварга Н.Түвшинбаярын гэм буруугийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрөгч сарын 23-нд болсон билээ. Шүүх хуралдаанаас “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр” хэргийг прокурорт буцаасан тухай өмнө мэдээлсэн.

Уг шүүх хурлын дараа шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров “Н.Түвшинбаярын хувьд гэм буруугийн асуудлаар огт маргаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Хохирлыг нөхөн төлж байгаа. Одоогийн байдлаар нийт гурван тэрбум төгрөгийн хохирол төлсөн, цаашид ч төлнө” хэмээн мэдэгдсэн билээ. 

Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлсэн энэ үг хохирогчийн өмгөөлөгчийн “Солонгост эмчлүүлсэн зардал 3,4 тэрбум төгрөг болсон. Н.Түвшинбаярын өгсөн гурван тэрбум төгрөг эмнэлгийн дансанд шууд орсон, үлдсэн 400 сая төгрөгийг гэр бүлийнхэн нь төлсөн” гэх мэдээллээр няцаагдсан билээ. Эхний асуулт, эмчилгээний төлбөрийг төлсөн нь хохирол нөхөн төлсөн хэрэг мөн үү? 

Хоёрдугаарт, сүүлийн өдрүүдэд Н.Түвшинбаяр өмнөх шүүх хуралдааны үеэр “Тасартлаа уусан байсан учраас болсон явдлыг огт санахгүй байна” гэж мэдүүлсэн тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. Архи ууж мансуурсан буюу өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх үндэслэл болох уу?

Сануулахад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болох үед буюу өнгөрөгч сарын 23-нд хохирогч амьд байсан. Тухайн үед прокуророос Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-ийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд тооцож яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Харин шүүх хурал болсноос нэг хоногийн дараа буюу 24-ний өдөр хохирогч нас барсан. Өнгөрөгч дөрөвдүгээр сард гэмт хэрэг гарснаас хойш найман сар гар гаруйн хугацаанд нэг ч удаа ухаан оролгүй байсаар амьсгал хураасан. Тэгэхээр гэмт хэргийн зүйлчлэл ч гэсэн өөрчлөгдөж магадгүй.

Хэрэв шинжээчийн дүгнэлт “амь аврагдах боломжгүй хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан” гэж гарвал хүний амьд явах эрхийн эсрэг буюу “хүнийг алах” гэмт хэрэг болно. Энэ гэмт хэрэг нь 8-15 жилийн хорих ялтай. Харин өмнө зүйлчилсэн “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх /15-40 сая төгрөг/ хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан тохиолдолд 5-12 жилийн хорих ялтай. 

Тэгэхээр аль ч тохиолдолд Н.Түвшинбаяр таваас дээш жилийн хорих ял шийтгүүлнэ гэсэн үг.

Н.Түвшинбаярын өмгөөлөгчийн хэлсэнчлэн “хохирол барагдуулсан буюу хохирол нөхөн төлсөн” тохиолдолд ялыг хөнгөрүүлэх нөхцөл болдог ч харамсалтай нь дээрх тохиолдолд хохирогчийн эмнэлгийн төлбөрийг төлсөн нь хохирол барагдуулсан буюу нөхөн төлсөнд тооцогдохгүй. Хохирол барагдуулах буюу хохирол нөхөн төлөх гэдэг нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг бүрэн барагдуулж, эрүүл мэндийг нөхөн сэргээсэн, эсвэл хохирогч эрүүл мэндээ алдсаны улмаас хохирогчид учирсан эд материал, сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрээр барагдуулсан байхыг хэлдэг. 

Гэтэл Э.Энхбатын хувьд эрүүл мэндийг нь нөхөн сэргээх боломжгүйн дээр хохирогч амиа алдсан. Тиймээс хохирогчийн ар гэрийнхэн Н.Энхбаяраас хохирогчийн амь насны төлбөр болон өөрсдийн сэтгэл санааны хохирлыг нэмэмжлэх эрхтэй. Манай улсын хуульд хохирогчийн ам нас болон сэтгэл санааны хохирлыг үнэлсэн хэмжүүр байхгүй боловч тэр нь хохирогчдын хохирлоо нэхэмжлэхэд саад болохгүй гэсэн үг. 

Мөн манай улсын хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээд согтуурч, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл болдоггүй. Согтуурах, мансуурах донтой этгээд согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт оноосон ялынх нь хугацаанд албадан эмчилж болдог. Түүнээс биш ял хөнгөрүүлэх тухай асуудал байхгүй. Тиймээс Н.Түвшинбаярын хувьд “гэмт хэрэг үйлдсэн үеэ санахгүй байна” гэсэн нь ялаас чөлөөлөх болон хөнгөрүүлэх нөхцөл болохгүй гэсэн үг.  

Гэсэн ч энэ нь олон нийтийн дунд “Түвшинбаяр хэргийг санаатай үйлдээгүй, сэдэл зорилго байгаагүй юм байна. Архинаас л боллоо” гэх харамсалт сэтгэлзүйг бий болгох, шүүхийн шийдвэрээс өмнө олон нийтээр шүүлгэх гэсэн арга ч байж магадгүй. Эр нэг алдаж, эрэг нэг нураа л биз… Энэ бол ард түмний л үзүүлж чадах өршөөл, уучлал болохоос биш төрийн хуульд тийм зүйл байдаггүй.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Х.Тамир: Их, дээд сургуульд элсэх босго оноо өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байна

Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх журамд орсон өөрчлөлтийн талаар өнөөдөр Боловсрол,

2024-04-18

Хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 13-14-нд шилжих шөнө Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн

2024-04-13

Жагсаалтаар сонгогдох 48 гишүүний 40 орчим нь АН, МАН-аас сонгогдох таамаг гарчээ

Энэ 2024 оны УИХ-ын сонгуулиар 126 гишүүн сонгогдох хуультай болсон. 78 гишүүнийг  сонгогчид шууд со

2024-04-12