Жүжигчин Химаншү Сони 300 хүнээс шалгаран бурхан багшийн дүрийг бүтээжээ

2020-05-26 2145 3

МҮОНТ-ээр гарч буй “Бурхан багш” олон ангит уран сайхны кино хэдийн үзэгчдийг байлдан дагуулаад байна. Тус кино анх 2013 онд үзэгчдэд хүрсэн ба киноны гол дүр болох Сиддхартха Гаутамад Энэтхэгийн жүжигчин Химаншү Сони 300 хүнээс шалгаран тоглож байжээ. Энэ тухайгаа тэрээр “Buddha Zee T”-д ийн өгүүлжээ.

-Бурхан багшийн дүрийг бүтээх үед ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Бурхан багшийн дүрийг бүтээсэн нь миний амьдралд тохиож байсан хамгийн том аз завшаан. Жүжигчний хувьд бид дүр болгонд уур хилэн, өрөвч сэтгэл, энэрэл хайр, айдас, зориг гээд есөн төрлийн сэтгэл зүй байдаг гэж суралцдаг. Харин миний хувьд карерынхаа дөнгөж эхэнд нэг дүрээр тэр бүх мэдрэмжийг илэрхийлэх боломж олдсон нь миний хувьд нэр төрийн хэрэг. Энэ дүрийг бүтээх боломжийг олгосон Бурхандаа талархаж байна.
-Мэдээж Бурхан багшийн дүрийг бүтээхэд амаргүй, таны хувьд дүрдээ хэрхэн өөрийгөө бэлдсэн бэ?
-Бие махбодь зэрэг гадаад байдлаас авахуулаад өөрийгөө бүх тал дээр өөрчлөхийн тулд ажиллах хэрэгтэй болсон. Дүрдээ орохын тулд тулааны урлагаар хичээллэж эхэлсэн. Нийт 300 гаруй жүжигчдээс шалгарсан учраас баг хамт олныхоо урмыг хугалахгүй, өөрт байгаа бүхнээ зориулах нь миний үүрэг.
-Дүрээ бүтээхээс өмнө Бурхан багшийн талаар хэр ихийг мэддэг байсан бэ?
-Энэтхэгт хүүхэд бүр бага байхдаа энэ аугаа хүний тухай суралцдаг. Гэхдээ дүрийг нь бүтээж эхэлснээс хойш түүний талаар илүү ихийг мэдэхийг хүсч ном, сургаал айлдлаас нь унших болсон. Тэрээр өөрийнхөө бүхий л сургаалдаа ганц л зүйлийг шингээж ирсэн мэт санагддаг. Тэр нь өнгөрсөн, ирээдүй биш зөвхөн орчин цагт амьдрах.
Чи өнөөдөр хаан байж болох ч маргааш бүх зүйлээ алдах учраас бүгдэд энэрэнгүй хандах хэрэгтэй. Зөвхөн кинонд дүр бүтээхдээ ч бус түүний талаар, сургаалаас нь уншиж таньсан нь миний цаашдын амьдралд ч хэрэг болох байх.
-Бурхан багшийн дүрээс өмнө ямар кинонд дүр бүтээж байсан бэ?
-Миний хувьд жүжигчний гараагаа 2011 онд эхэлж байлаа. Түүнээс хойш Dwarkadeesh, Parvarish зэрэг Болливүүдийн кинонд дүр бүтээж ирсэн боловч тэр болгон амжилттай болж байгаагүй. Гэсэн ч шинэ зүйлийг эрэлхийлж эхэлснээр Бурхан багшийн дүрийг бүтээх боломж олдсон.
-Кино бүтэх үйл явцаас хуваалцвал?
-Бүх жүжигчид маань маш чадварлагийн зэрэгцээ ажилдаа чин сэтгэлээр хандаж байгаа нь харагддаг. Хүн бүр өөрт байх бүх нөөц бололцоогоо шавхаж, энэ киног шилдэг болохын тулд хөдөлмөрлөж байна. Нэгэн сонирхолтой явдлаас дурдахад ширэнгэн ой дахь могойтой зураг авалтын үеэр би огт сандарч, тэвдээгүй. Яагаад ч юм энэ киног бүтээх явцад бидний эргэн тойронд биднийг тайвшруулж, төв болгодог нэг тийм онцгой эрчим байсан гэх үү дээ.
-Олон нийтийн зүгээс хэр их магтаалын үгс ирж байна вэ. Та өөрөө киногоо үзсэн үү?
-Үнэндээ би өөрийн­хөө тоглосон киног шууд үзэхээс айдаг. Хүмүүсийн магтаал, шүүмжийг сонссоны дараа давталт маягаар үздэг гэх үү дээ. /инээв/.

Харин хун­тайжийн дүрд МҮОНРТ-ийн кино албаны орчуулгын найруулагч, дуу оруулагч жүжигчин О.Бэлгүтэй дуу оруулж байгаа аж. Тэрээр СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн ба 13 дахь жилдээ тус телевизэд ажиллаж байна.
Киноны өөр нэг чамин шигтгээ нь үзэсгэлэнт гүнж Яшодара. “Энэтхэг бүсгүй”-н гоо үзэсгэлэнг бишрэн шүлэг, найргаа туурвиж явсан эрхмүүд ч цөөнгүй. Ардын уран зохиолч, төрийн шагналт Ш.Сүрэнжав гуай
…Сайхан Энэтхэг бүсгүй
Гарт өртөхгүй солонго
Саари дотроос ургасан дорнын уран сарнай
Саатан саатан хармаар дотны нэгэн царай… хэмээн догдлон бичиж байжээ.
Яшодара гүнжийн дүрийг бид жүжигчин, дуу оруулагч Э.Дэлгэрцэцэгийн хоолойгоор хүлээн авч байна. Э.Дэлгэрцэцэг МҮОНРТ-ийн кино албанд 8 дахь жилдээ ажиллаж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дотогш урссан нулимс буюу Сономын Удвал

20 дугаар зууны Монголын хамгийн гайхамшигт эмэгтэй, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, төрийн шагналт з

2020-09-24

Ц.Алдармаа: Одоо надад цаашид амьдрах итгэл алга

Жүжигчин Ц.Алдармаагийн өөрийн амьдралаас сэдэвлэсэн “Эхиймаа” кино есдүгээр сарын 11-ний өдрөөс бү

2020-09-21

Ц.Хүсэлбаатар: Тэр хүү царай зүсээрээ Р.Чойном гуайтай хачин адилхан юм билээ

Найруулагч Ц.Хүсэлбаатар өөрийн нүүр номын хуудаснаа нэгэн сонинхолтой мэдээлэл оруулжээ. Тэрээр "

2020-09-19