С.Чинзориг: Сар шинийн өмнө тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээг бүрэн утгаар нь хэрэгжүүлнэ

2020-02-03 20966 4

Энэ сарын 01-ээс эхлэн ахмадууд тэтгэврийн нэмэгдлээ авч эхлэх учиртай. Тэтгэврийн нэмэгдлийн талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодрууллаа.

Нэмэгдэлтэй тэтгэврээ авах гэсэн ахмадуудын хөл хөдөлгөөн их байна. Ер нь хэчнээн хүн нэмэгдэл тэтгэвэр авах вэ?

-Өнөөдөр есөн арилжааны банкаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг олгож эхэлж байна. Тэтгэврийг олгохдоо Засгийн газраас тогтоосон шийдвэрийн дагуу шинэчилсэн тэтгэврийг олгож байгаа. Засгийн газраас 2020 оны хоёрдугаар сарын 1-ээс Нийгмийн даатгалын сангаас авч байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Нийтдээ 2020 оны улсын төсөвт тэтгэвэр нэмэгдүүлэх 150 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тусгасан. Тэтгэврийн доод хэмжээг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 350 мянган төгрөгт хүргэсэн. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 300 мянган төгрөгт хүргэсэн. Бусад тэтгэвэр авагчдын тэтгэврийг 25-30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Тэгэхээр өнөөдрөөс Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийг Засгийн газрын шинэчлэн тогтоосон хэмжээгээр тэтгэвэр олгох арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

-Хүмүүсийн сонирхож буй бас нэг  асуудал нь тэтгэврийн зээл тэглэх. Тэтгэврийн зээлийг яг хэдийд тэглэх вэ?

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарч Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр барьцаалсан тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль батлагдсан. Энэ хууль батлагдсанаар  “Эрдэнэс Монгол” компанийн эзэмшилд Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийг тэглэх арга хэмжээ авна.

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн гишүүдийг нөхөн томилсон. Эрдэс баялгийн зөвлөлөөс тухайн компанийн ТЭЗҮ болоод нөөцийн тайланг баталсан. Ингээд хоёрдугаар сарын 24-ний өдөр буюу цагаан сарын өмнө тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээг бүрэн утгаар нь хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Монгол” компанийн “Эрдэнэс” бонд гарч арилжаалах хугацаа энэ сарын 24-ийг хүртэл явагдана. Бонд гаргахад цаг хугацааны хүчин зүйлс нөлөөлж байна. Хууль батлагдсантай холбоотойгоор хоёрдугаар сарын тэтгэврээс зургаан сая төгрөгөөс доош тэтгэврийн зээлтэй байсан иргэдийн тэтгэврээс нь зээлийн төлбөр суутган тооцохгүй олгоно. Хоёр дахь асуудал нь нэгдүгээр сарын тэтгэврээс зээлийн үлдэгдэл төлбөрийг тооцон суутгасан төлбөрийг буцааж хоёрдугаар сарын тэтгэвэр дээр нь олгож эхэлж байна. Зургаан саяас дээш тэтгэврийн зээлтэй байсан иргэдийн тэтгэврийг зургаан сая хүртэл  тэглээд түүнээс дээш үлдсэн тэтгэврийг тухайн арилжааны банкууд  зээл авагчтай хийсэн гэрээгээ шинэчилж ямар хугацаанд төлж дуусгах уу гэдэг гэрээгээ шинэчлэх замаар зохицуулж ажиллаж байна.

Бидний авсан мэдээллээр “Хаан” банк өнгөрөгч баасан гарагаас эхлээд нэгдүгээр сарын тэтгэврийг суутган тооцсон байсан зээлийн үлдэгдэл төлбөрийг иргэдэд дансанд нь буцаан шилжүүлж олгосон. “Төрийн банк” дансаар тэтгэвэр авдаг иргэдийн нэгдүгээр сарын тэтгэврийг суутган тооцсон байсан зээлийн үлдэгдэл төлбөрийг өнгөрөгч бямба гарагт тэтгэвэр авагчдын дансанд шилжүүлсэн.

Сар шинийн өмнө тэтгэврийн зээл авах хүсэлтэй иргэд цөөнгүй байдаг. Цаашдаа тэтгэврийн зээлийг ямар журмаар зохицуулах вэ?

-Жилд нэг удаа зургаан сарын хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээл олгохоор хуульчилсан. Тэгэхээр цагаан сарын өмнө тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөл ямар байх уу, хүү нь ямар хэмжээтэй байх вэ гэдгийг арилжааны банк болон Монголбанктай яриа хэлцэл хийх замаар нөхцөлийг тохирох шийдлийн хүрээнд ажиллаж байна.

Мөн зарим иргэдийн тэтгэврийг энэ оны нэгдүгээр сарын нэгнээс шинэчлэн 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Эдгээр иргэдийн тэтгэврийг арав хоногийн өмнө Нийгмийн даатгалын байгууллагуудаас тэтгэврийг 50 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоох арга хэмжээ авсан. Эдгээр иргэд 1991 онд Тэтгэврийн тухай хуулиар наснаасаа өмнө тэтгэвэрт гарсан иргэдийг 1996 онд тэтгэврийн нас нь болоогүй байна гэдгээр нөхөн олговорт оруулсан  иргэд хамаардаг. Дээрх иргэдийн тэтгэврийг нэгдүгээр сарын 1-ээс 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ингээд хоёрдугаар сарын 1-ээс тэтгэвэр шинэчлэн тогтоох арга хэмжээнд дахин хамрагдаад нэмэгдсэн тэтгэвэр авах эрхийг нээж, олгож байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • ХАН банк1 сард зээлийн хүүгээ аваад зөрүүг нь олгосон. 2 сард тэтгэвэр өгөхдөө 1 дүгээр сард суулгасан хүүгээ нэмж олгоогүй. үүнийг хэзээ олгох юм болоо

    • Төрийн банк 1 сарын зээлийн зөрүү өгөөгүй 2 сард тэтгэвэрээ ч гүйцэд өгөөгүй байхын нэмэгдэл ч ороогүй б.на асуухаар 6 саяас дээш ззэлтэй хүн 1 сард тэглэгдэхгүй гэж  хэлэх юм хуулиндаа тийм заалт байхгүй юм шиг байхын ямар учиртай юм бол

Холбоотой мэдээ

Э.Оюунболдын Улсын аварга цолоо эгүүлэн авах гэсэн гомдлыг УДШ хүлээн авсангүй

Үндэсний Их баяр наадмын дараа сэргээшийн асуудал дуулиан тарих болсоор даруй 20 гаруй оныг үдэж бай

2024-04-22

Х.Нямбаатар: ТҮК-ийн ажилчдын хүүхдийг гадаадад төлбөргүй сургана

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ

2024-04-22

Х.Тамир: Их, дээд сургуульд элсэх босго оноо өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байна

Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх журамд орсон өөрчлөлтийн талаар өнөөдөр Боловсрол,

2024-04-18