О.Лхамаа: Зураг авалтын үеэр хоёр км газар моринд чирэгдсэнээсээ хойш морь унах зүрхгүй болсон

2022-08-27 715 0

“Загийн алим” кинонд зэлүүд газар нохойноос өөр ханьгүй ганцаараа хонио оторлон, нүүдэл хийж явдаг илгээлтийн эзэн Цэндийн дүрээр залуу насаа мөнхөлсөн Лхагвамаа буюу Лхамааг “Дэлгэцийн сайхан хүүхнүүд” булангийнхаа энэ удаагийн зочноор урилаа. Түүний жинхэнэ нэрийг Оролзонгийн Лхагвамаа гэдэг ч найзууд, гэрийнхэн нь Лхамаа гэж дуудсаар нэг л мэдэхэд Лхагвамаа биш Лхамаа нэртэй болчихсон гэх. Лхамаа угаас их алиа хошин яриатай нэгэн болохоор “Загийн алим” кинонд тоглож байсан үеийнх нь тухай ярилцахдаа ёстой л нулимсаа гартал инээлдсэн. Ингээд уншигч танд том биетэй, “царай муутай”, тэгсэн хэрнээ жүжигчин болох хүсэлтэй охины дүрээр үзэгчдэд танил болсон Цэндтэй ярилцсанаа хүргэж байна.


-Та мэргэжлийн жүжигчин биш хэрнээ “Загийн алим” кинонд гол дүр бүтээсэн. Энэ кинонд яаж тоглох болов. Хэдэн настайдаа тоглосон бэ?

-1980 оны эхээр “Загийн алим” кино хийх болоод Дамдин найруулагч 10 жилийн сургуулиудаар явж, кинонд тоглох охид, хөвгүүдийг сонгож явсан юм билээ. Пробонд орчихоор хүүхдүүдийг харж явахдаа манай ангиар орж, намайг Цэндийн дүрд тохирох юм байна гэж Дамдин найруулагч анх харсан гэдэг.  Тэр үед би есдүгээр ангид сурч байсан. Тэгээд кино үйлдвэрт пробонд оруулсан. Дамдин найруулагч тэр үед арван жилийн сургуулиа төгсөөд бусдыгаа уриалан дуудаж хөдөө илгээлтээр гаран малчин болж байгаа залуучуудын тухай кино хийх гэж байгаа гэж хэлж байсан санагддаг. Би гэдэг хүн учрыг нь ч сайн ойлгоогүй хэрнээ аягүй гоё санагдаад, сэтгэл их хөдөлж байсан. Тэр үед проб гэж юу байдгийг ч мэддэггүй байлаа. 

Пробонд орж байхад намайг “Насанд хүрээгүй хүүхэд байна шүү дээ” гэж байсан санагддаг. Намайг том биетэй болохоор нас биед хүрсэн хүүхэн гэж бодож байсан шиг байгаа юм. Ингэж нэг удаа пробонд орж үзчихээд, сэтгэл хөдлөлдөө автсан уу яасан, ерөөсөө л жүжигчин болно гэж боддог боллоо.  Тэгээд аравдугаар ангиа төгсөөд, Кино драмын ангид шалгалт өгөх гэтэл хуваарь нь ирээгүй. Тухайн үед хоёр жил болоод нэг элсэлт авдаг байсан. Тэгээд хэдий аравдугаар ангиа гайгүй дүнтэй төгссөн ч өөр мэргэжил сонгосонгүй, ерөөсөө л жүжигчин болно гээд Хүүхдийн театрт үйлчлэгчээр орсон.

Гурван сар орчим үйлчлэгч хийж байгаад өлгүүрчин болсон. Тэр үед “Хайрыг хайрла”, “Болд хэрхэн хатаагдсан нь” гэх мэт Ж.Сүххуяг жүжигчний гол дүрд нь тоглож ид мандаж байх үеийн маш гоё гоё жүжиг тоглодог байлаа. Ажлынхаа завсраар театртаа тоглож байгаа жүжгүүдийг их үзнэ. Тэгээд байж байтал кино үйлдвэрт “Гарын таван хуруу” кино хийх болоод, Нагнайдорж ахтай нэлээн гайгүй танил болсон болохоор тэр кинонд намайг хувцасны эрхлэгчийн орон тоонд авсан. Яагаад ч юм кино үйлдвэр л намайг аягүй их татдаг байлаа. Тэнд ганц хоёр сар хувцасны эрхлэгч хийж байтал “Гарын таван хуруу” киног Нагнайдорж ах хийхээ болиод, Балжинням гуайн өөр шинэ групп гарсан байх. Одоо мартчихжээ. Тэр үед би Сумхүү гуайн туслах болж дэвшсэн юм даг.

-Энэ үедээ “Загийн алим” кинонд тоглоогүй  байсан уу?

-Тоглоогүй байсан. “Загийн алим” эрт проб нь хийгдсэн ч  гэсэн түүнээсээ хойш бараг дөрөв, таван жилийн дараа хийгдсэн санагддаг.  Анх  пробонд нь ороод кинонд дуртай болж, тэгж явсаар яг анх пробонд нь орсон киноныхоо гол дүрүүдийн нэгд тоглосондоо  би маш их баяртай байдаг.

-Сумхүү гуайн туслах болоод ямар ажил хийв?

-Ярилцлагын шалгалтад ороод Сумхүү гуайн туслах найруулагч болсон. Тухайн үед кинонд маш их дур сонирхолтой, цаг наргүй ажиллах хүмүүсийг л сонгож авдаг байсан юм болов уу. Тэр үед Сумхүү  гуай “Говь хянганд тулалдсан нь“ киногоо дөнгөж хийчихсэн, уран сайхны зөвлөлийн дарга төдийгүй нэртэй, том найруулагч байсан. Урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт маш мундаг хүн шүү дээ. Сумхүү гуайн туслах болоод анх “Сахиус уу, сахиул уу” кинонд 1983 онд туслах найруулагчаар ажилласан. Сумхүү гуайн туслахаар хоёр жил орчим ажилласан байх. Ингэж ажиллах хугацаандаа маш их юм сурсан.

Хөдөө натурт явах энэ тэр ажилд нь хамгийн гол хүн нь байдаг байлаа. Найруулагчийн туслах хийхэд киноны бүх юманд оролцоно. Ирсэн жүжигчдээ бүртгэхээс эхлээд пробонд орох жүжигчидтэй ажиллана, жүжигчдийг цаг тухайд нь цуглуулна, найруулагчийн зохиол, төлөвлөгөөг гар бичмэлээр бичнэ гэх зэргээр бүх л хар бор ажлыг хийнэ.  Дараа нь Бунтар гуай “Гарьд магнай” киног хийх болоод, өөрөө намайг туслахаараа авна гэж санал гарган “Гарьд магнай” кинонд туслах найруулагчаар мөн ажилласан. Энэ киноны групп хөдөө Архангайн Их тамир сумруу натурт гарчихсан байхад би хотод бөхчүүд олох даалгавартай үлдээд, гучин бөх олоод автобусаар хойноос нь очиж байлаа. Иймэрхүү дурсамжтай, мартагддаггүй үйл явдал их тохиолддог байж дээ.

Ингэсээр байтал 1984 оны зун болж, “Загийн алим” киног хийхээр болоод кинондоо тоглосон.

-Бунтар гуай өөрөө туслахаараа авна гэж санал гаргаж байсныг бодоход та нэлээд чадварлаг туслах байжээ дээ?

-Ний нуугүй хэлэхэд би Сумхүү гуай, Бунтар гуайд их үнэлэгддэг байлаа. Кино л хийхгүй бол кино үйлдвэр ажилгүй. Тиймээс кино хийх болоход орон тооны бус ажилчид авдаг, тэгээд кинонуудад орон тооны бус ажилчнаар явдаг байж. 

-Анх пробонд орсноосоо хойш гурав дөрвөн жилийн дараа тогложээ. Энэ хугацаанд дахиад өөр жүжигчид сонгоогүй юу?

-Хуучин пробонд орж байсан охид дундаас ганцхан би үлдсэн.  Тэгээд  дахин проб хийгээд хориод хүүхэд  шалгарч үлдсэнийг нэг анги болгоод зураг авалтаа эхэлсэн. Анх Агиймаа, Цэнд хоёр гадаад явдаг зургийг авах гээд нэг өдөржингөө онгоц түрээсэлсэн. Орой нь ирээд найруулагч хар цагаан материалаа үзэж байгаад “Би гол дүрээ буруу сонгочихож” гэхэд нь пал хийгээд л явчихсан. Би энэ кинондоо давхар туслах найруулагчаар ажилласан. Туслах найруулагч найруулагчийг материалаа үзэхэд нь яриаг нь чагнаад хамт байх эрхтэй байдаг байсан болохоор Дамдин гуайг гол дүрээ буруу сонгочихож гээд хэлэхэд нь намайг л хэлж байгаа юм байна гээд их айж билээ. 

Гол дүр гэхээр эхний тэр зураг авалтад орсноороо Агиймаа бид хоёр л байгаа юм чинь. Тэгээд л би гэдэг хүн найруулагчийн яриаг өөр дээрээ тусгаж аваад, намайг л солих гэж байгаа юм байна гээд ухаан алдчихаа шахсан /инээв/. Тэгээд маргааш өглөө болоход “Агиймаагийн дүрд өөр охин олно оо. Энэ Агиймаа ерөөсөө биш байна” гээд, туслах дүрүүдэд проб хийсэн охидоосоо сонгохоор болсон.  Сэлэнгээ гэж охин Агиймаагийн дүрд тоглох байсан ч зураг авалт эхэлсний дараа харц нь ерөөсөө биш байна гээд сольсон юм. Сэлэнгээ маань энэ ярилцлагыг уншаад гомдох вий дээ.

Тэгээд гол дүрээ дахин сонгох болоод Агиймаад тоглосон Сараа бас Чулуунчимэг гэдэг охин энэ хоёрыг л үзье гээд, Сарааг сонгож байсан. Тэгээд  онгоцоо болиод галт тэргэнд суугаад гадаад явж байгаагаар зургаа дахин өөрөөр авсан. Тэр үед найруулагчид таалагдахгүй бол киноны голоос ч жүжигчнээ сольж болдог байлаа. Баттулга гээд мундаг оператор зураг авч байхдаа намайг “Сайн гэрэл тавьж өгөхгүй бол их сонин царай юм. Гэрэл сайн тавиад өгчихвөл уг нь  фотогеничний юм” гээд ярихад л дотор палхийгээд явчихаж байх жишээтэй. Пробонд тэнцэнэ гэдэг кинонд тоглоно гэсэн үг биш. Тиймээс их л айдаг байж. Найруулагч маань ч бидэнд ерөөсөө тоглолт хийгээд хэрэггүй, энгийн байна гэдэг л хамгийн агуу. Энгийн байгаарай гэж их захидаг байсан. Жүжигчин хүн хэтрүүлээд тоглочих гээд байдаг учраас залуучуудад зориулсан энэ кинонд та бүхэн их энгийн байдлаар тоглох ёстой шүү дээ гэдэг байж.

-Нээрээ энгийн тоглолттойгоороо ч тэр кино үзэгчдэд их хүрсэн байх. Саяхан “Загийн алим” киног зурагтаар гарахад “Ийм сайхан хүүхдүүд залуугаараа малчин болчих ч гэж дээ” гээд харамсах шахуу юм боллоо?

-Тухайн үед ийм гоё гоё хүүхдүүд эх орныхоо бүтээн байгуулалтад оролцохоор хөдөө явж ажилладаг юм шүү гэж уриалан дуудах зорилготой хийгдсэн кино. Дамдин гуай залуучуудын сэдэвтэй кино их хийдэг. “Нэг ангийнхан”, “Мартагдашгүй намар“ киног хийчихсэн мундаг найруулагч байсан. Жирийн хүмүүс тоглуулна, энгийн тоглолттой байна гэдэг гол шугамыг Дамдин гуай барьдаг байсан юм шиг байгаа юм. Тэр ч утгаараа кинондоо дандаа мэргэжлийн бус хүмүүсийг сонгож авдаг байсан. Энгийн байлгах гэсэн санаа нь тэр юм болов уу.

-”Загийн алим” кино ямар хүний зохиол билээ?

-Санжийн Пүрэв гуай бичсэн. Азын цэнхэр уул гээд маш гоё гоё тууж, өгүүллэг бичсэн, Говь-Алтай аймгийн хүн шүү дээ. Заганд алим ургуулна гэдэг Пүрэв гуайн санаа маш гоё санаа байгаа биз. Хүн хүсвэл юуг ч хийж, бүтээж болно, юунд ч хүрнэ гэдгийг говийн заганд алим ургуулж харуулснаараа энэ кино их сайхан сэдэвтэй кино болсон гэж би боддог юм. Говьд, заганд алим ургана шүү, сайхан ирээдүй ойрхон байна шүү гэдгийг харуулсан их гоё өөдрөг кино. Загийн алимыг анх жижигхэн өгүүллэг байхад нь Дамдин гуай уншаад, тэгээд кино зохиол болгосон гэж ярьдаг.

-Цэндийн дүрийг бүтээсэн тэр үеийн дурсамжаас гэвэл?

-Цэнд зохиол дээрээ том биетэй, царай муутай, тэгэхдээ жүжигчин болох хүсэлтэй охины дүр байсан. Тухайн үед урлагийн хүн болох хүнд маш их цензур тавьдаг байсан. Урлагийн хүн туранхай, царайлаг байх ёстой. Ямар нэгэн Дизедмон байх ёстой гэдэг шаардлагыг тавьдаг байлаа. Гэтэл би яавч   Дизедмон байж таарахгүй биз дээ. Би багаасаа том биетэй байсан. Том биетэй, өндөр хүн жүжигчин болох боломжгүй гээд жижигхэн, царайлаг охидыг сонирхдог үе байж. Гэхдээ Цэндийн дүр нь угаасаа том биетэй, царай муутай, гэвч жүжигчин болох хүсэлтэй охины дүр байсан болохоор би тэнцэж тоглосон юм болов уу.

Пробонд орж байхад “Би уг нь жүжигчин л болох хүсэлтэй. Жоохон турмаар л байна” гээд ярьж байсныг Дамдин гуай овжиноор кинондоо тэгж оруулсан нь надад маш сайхан дурсамж үлдээсэн. Цэндийн дүрээр хүн хүсэж мөрөөдсөн зүйлийнхээ хойноос явбал хүсэл мөрөөдөлдөө хүрч болдог юм шүү гэдгийг харуулахыг зорьсон ч киноны зураг авалт тухайн үед галавлит гэдэг юмаар ороод маш их хасагдсан. Дамдин найруулагч ч кино хийхдээ надад чиний тоглох дүр том биетэй, царай муутай, жүжигчин болох хүсэлтэй ч илгээлтийн эзэн болж байгаа. Илгээлтээр гараад эх орондоо гурав дөрвөн жил ихийг хийж бүтээж, амжилт гаргаад тэгсэн хойноо хүсэл мөрөөдөлдөө хүрч болдгийг харуулах дүр гэж танилцуулж байсан.

Тухайн үед киноны зураг авалтын дундуур галавлит буюу уран сайхны зөвлөл үзээд тухайн нийгмийн үзэл сурталд тохирохгүй гэснийг нь хасах эрхтэй байдаг байсан. Тухайлбал миний сэтгэлт залууд тоглодог Хүдэр агуйгаас буу, сум зөөж байгаад тэр нь дэлбэрч амиа алддаг хэсгийн зургийг авчихсан байхад уран сайхны зөвлөл үзээд ингэж амьдралд анх хөл тавьж байхад энэ  хүүхний сэтгэлтэй залууг нь үхүүлж залуучуудыг гутранги үзэлд автуулах нь үзэл сурталд таарахгүй. Сайн сайхныг зорьж, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж байгаа энэ залуу насанд нь үхүүлчихвэл илгээлтээр гарах хүсэлтэй залуучуудад муу үлгэр дууриал болно. Залууг нь үхүүлж болохгүй гэдэг даалгавар өгснөөр Хүдэрийг үхүүлэхээ больж байсан юм даг. Киноны зураг авалт дарааллаараа явдаггүй.

Агиймаа бид хоёр галт тэргэнд суугаад Москва явах үеийн зургийг эхлээд авахад надад  “Чи маш их уйтгарлах ёстой. Яагаад гэвэл Хүдэр нас барчихсан. Сэтгэлтэй залуугаа алдчихсан болохоор чи уйтгарлах ёстой” гээд намайг галт тэргэнд нэг их уйтгарлуулаад зураг авчихав аа. Би хайртай залуугаа алдчихсан, тэгсэн хэрнээ ажлаараа шалгараад гадаад явж байгаа хүн хэрэндээ л уйтгарлаад зурагаа авахууллаа. Гэтэл Хүдэр нас бараагүй. Агиймааг ч гэсэн хайртай залуу нь ирж гаргаж өгдөггүй. Тэгээд хоёулаа хичээж байгаад л уйтгартай царай гаргаж зургаа авахуулж билээ. Уг нь Москвад сургуульд явж байгаа хүмүүс чинь их баяр баясгалантай байх ёстой шүү дээ /инээв/.

-Тэр хэсгийн зургийг дахин авсан уу, уйтгарласан хэвээр нь үлдээсэн үү?

-Дахиж зураг аваагүй, тэр хэвээр нь үлдээсэн. Гэхдээ тэр нэг их анзаарагддаггүй юм. Бас нэг хөгтэй явдал гэвэл, илгээлтээр малчин болж байгаа залуучууд халуун усанд дуртай үедээ орчихдог, халуун усныхаа тоног төхөөрөмжийг ч өөрснөө зохион бүтээчихдэг шинийг санаачлагч мундаг хүмүүс гэдгийг харуулах гэж манай киноны нэг дүр Болдоо халуун усны тоног төхөөрөмж зохион бүтээдэг. Сансрын төхөөрөмж бүтээгээд түүгээрээ хайртай бүсгүйтэйгээ хоёулаа саран дээр ч билүү очиж байгаагаар зүүдэлдэг хайгуулчин Саранд дурлачихдаг Болдоо гэж дүр байдаг шүү дээ.

Тэр Болдоогийн зохион бүтээсэн тоног төхөөрөмжийг ажиллуулаад Цэнд халуун усанд орж байтал “Чиний Хүдэр нас барчихлаа” гэдэг мэдээ ирэхэд нь уйлаад л, нүцгэнээрээ мотоцикль унаад Хүдэрийн байгаа газар луу давхидаг хэсэг зохиолд байсан. Тэрийг уншчихаад би аягүй айгаад л, яаж нүцгэн мотоцикль барьж явнаа гээд шөнө ч унтахгүй их шаналж байж билээ. Гэтэл ашгүй  уран сайхны зөвлөл үзээд, Хүдэрийг нас баруулахаа больсон болохоор тэр хэсгийн зургийг аваагүй. Тэгэхэд би нүцгэнээр л зураг авахгүй бол усанд орохдоо цээжин хэсгээ гаргах ч яахав гэж бодож байсан нь санаанаас гардаггүй юм. Кинонд цээжин хэсгээс дээш ил харагддаг шүү дээ.

-Цэнд хонь малаа оторлоод бороо ороход ч ганцаараа, гэрээ нүүлгэхэд ч ганцаараа зэлүүд газар отор хийгээд явж байгаагаар кинонд гардаг. Тэр зургуудаа авахуулахад хүнд байсан уу?

-Хамгийн гоё хэсэг нь Баянхонгорын нэг айлын нохой надад их хурдан, амархан дассан. Одоо хүртэл тэр миний санаанаас гардаггүй. Тэгээд нохой тэжээе гэж боддог ч чадахгүй юм. Хамгийн хэцүү зураг гэвэл, Цэнд отор хийгээд явж байхдаа шуурганд хонио уруудуулдаг хэсэг байсан. Онгоц авчраад, сэнсийг нь эргэлдүүлэхэд тэр хүчтэй сэнсэнд цацагдаж байгаа элс, хайрга кино зурганд нүүр нүдгүй шуурга болж харагддаг. Тэр хэсгийг уран сайхны зөвлөл хассан, ийм их бэрхшээл харуулж болохгүй гээд.

Тэр зургийг авч байхад нүүрэнд тусгадаг гэрэлтүүлгээс морь гэнэт үргээд, миний хөл дөрөөнд нь орчихоод гардаггүй, тэгээд хоёр км орчим моринд чирэгдсэн. Тэрнээс хойш морь унаж чадахаа больсон. Киноны төгсгөлд би Хүдэртэйгээ цуг заган дундуур нэг их жаргалтай сайхан, морио хөтөлчихсөн алхаж яваа зураг гардаг даа /инээв/. Уг нь тэр зурган дээр морио унасан байгаагаар авахуулах ёстой байсан ч айгаад унаж чадаагүй.

-Тэр зурган дээр гардаг алимыг заганд яаж тогтоож, зургийг нь авсан юм бэ?

-Утсаар оосорлож уяад зураг авсан. Тэр зураг авсан орой хэдүүлээ нэг их алим хувааж идэж билээ. Бас анх удаа том болж байна гэж шимийн архи ууж үзсэн юм байна.

-Агиймаад тоглодог Сараа та хоёрыг их дотно найзууд гэдэг?

-Тиймээ, Сараа бид хэд их сайн найзууд. “Загийн алим” кинонд тоглосон залуустайгаа Хүдэрээс бусадтай нь бараг бүгдтэй нь холбоотой байдаг. Хайгуулчин Саранд тоглодог, Агиймаад тоглодог Сараа, Ханбүргэдэд тоглодог Зоригоо бид хэд ойр  ойрхон уулздаг. Мөн Мандухай цэцэн хатан кинонд Алтжингийн дүрд тоглодог Отгонтогос миний хар багаасаа найзалсан найз маань.

-Хүдэрт тоглодог жүжигчин “Загийн алим”-аас өөр кинонд тоглоогүй юм шиг байдаг. Одоо тэр жүжигчин хаана байдаг юм бол?

-Улаан-Үдэд байдаг, тэндээ бүр амьдардаг гэж сураг сонссон. Их сайн жүжигчин болохоор залуу шүү дээ. Даан ч тэгээд сураг алдарчихсан. Ганц хоёр кинонд туслах дүрд тоглосон байх аа. Киногоо харж байхад Хүдэр их сайн тоглосон байдаг. Биднийг бодвол Хүдэр, Ханбүргэд тэр хоёр  кино драмын ангийн оюутан “архаг” жүжигчид байсан. Хүдэр Доржсамбуу багшийн шавь гээд нэг их  гоё бахархалтай… Морь их сайн унадаг. Хөдөөний хүүхэд юм билээ, угаасаа. Баянхонгор аймгийн Хишиг-Өндөр сумынх.

-Хүдэр агуйгаас буу, сум зөөж байхдаа агуйн үүдний цаана малгайгүй байснаа, агуйн үүдээр гарч ирэхдээ малгайтай болчихсон байдаг?

-Тиймэрхүү зөрчил бий шүү дээ. Ассент найруулагч, туслах найруулагч муу ажилласан гэсэн үг. Зургийг нэг өдөр бөөнөөр нь авахгүй. Өнөөдөр зураг авч байтал бороо ороход зураг зогсоно. Маргааш нь үргэлжлүүлээд авахдаа өчигдөр ямар хувцастай байсныг маш сайн санах ёстой байдаг.

-Кинон дээр Хүдэр та хоёрыг тийм ч их дурлалцуулаагүй…?

-Харин тийм, тэрийг чинь бас даруухан харуулах ёстой. Социалист нийгэмд тэгж хамаагүй гар хөлөө барилцаж болохгүй. Амьдрал бидэнд байна, бид сайхан амьдрах ёстой гэдгийг л харуулах гэж Хүдэрийг надад сэтгэлтэй болгосон байх. Нээрээ, ингээд бодоход кинон дээр Хүдэр Цэндэд дурлах шалтгаан байхгүй юм байна. Бусдаасаа арай том биетэй, оворжуу, хөдөөний залуу дурлачихаж болохоор харагддаг болохоор дурлуулчихсан юм болов уу /инээв/.

-Бодит амьдрал дээр Хүдэрт тоглодог залуу танд хайртай болж байсан гэх юм билээ?

-Үгүй, үгүй. Тэр чинь надад ерөөсөө сүйд болж байгаагүй. Бодит амьдрал дээр надад хэзээ ч сайн байгаагүй.

-Кинон дээр Хүдэр тань руу аягүй дотно хараад, битгий хол нүүгээд явчихаарай, тэгвэл би олохгүй шүү гэдэг…?

-Тэр сайн жүжигчин учраас кинон дээрээ тэгж гаргаж байгаа байхгүй юу. Хүмүүс одоо хэр нь уулзахаараа “Хүүе ээ, Хүдэр чинь хаана байна, та хоёрын амьдрал бүтсэн үү” гэж асуудаг. Хүдэр сайн жүжигчин учраас  л хүмүүст тийм сэтгэгдэл төрүүлснээс биш Хүдэр амьдрал дээр надад хэзээ ч сэтгэл алдраагүй.

-Цэндийн хоолойг та өөрөө хийсэн үү?

-Тэгсэн. Өөрөө хоолойгоо хийсэн болохоор их сайхан санагддаг. Агиймаагийн хоолойг жүжигчин Батцэцэг хийсэн. Зарим тохиолдолд муу тоглолтыг гоё дуу хооолой өргөчихдөг болохоор сайн талтай. Миний аз болоход найруулагч миний хоолойг өөр хүнээр хийлгээгүй.  Хамгийн аймшигтай нэг юм нь

Яруухан хаврын гурван сардаа

Яргуйгаа дагаад сүрэг минь жаргалтай… гээд оторт явж байхдаа би дуулах байлаа. Гэтэл би гэдэг хүн нот юу ч мэдэхгүй. Тэгээд нэг, хоёр удаа дуулуулж үзээд, энэ нөхрөөр яавч өөрөөр нь дуулуулж таарахгүй юм байна гээд дуурийн нэг дуучнаар дуулуулсан. Сүүлд жүжигчин Нармандах дуулсан. Бүр сүүлд дуучин Жавхлан дуулсан. Одоо хэр нь дуулагдаж, кино нь ч байнга гарч байдаг болохоор бахархалтай санагддаг.

-Нэг зуны турш авсан уу, зургийг?

-Тэгсэн. Хоёр сар л авсан байх.

-”Загийн алим”-д тоглоод жинхэнээсээ Москвад сургуульд явсан гэдэг байх аа?

-Тэгсэн. Энэ кино надад маш их аз авчирсан. Амьдрал дээр ч би жүжигчин болох хүсэлтэй охин байсан гэдгээ дээр хэлсэн. Тэгээд жүжигчин болох хүслээ дагаж аравдугаар ангиа төгсөөд киноны салбар луу орж, хүсэл мөрөөдлөө дагаж явснаараа буруудаагүй. Миний хүсэл биелсэн. Хэдийгээр жүжигчин болоогүй ч кинонд тоглосон, Москва явсан. 1985 онд  киногоо хүлээлгэж өгч байхад Москвагийн театр урлагийн дээд сургуульд найруулагчийн хуваарь ирж, тэр үед туслах найруулагч, тайзны ажилчин гэх мэт урлаг сонирхдог хүн бүхэн шалгалт өгөөд, миний бие маш азтайгаар тэнцээд Москва явж, орос хэлтэй мундаг хүүхэн болсон. Кинондоо Москва явж байгаагаар гараад удаагүй байхдаа бодит амьдрал дээр Москва явсан нь үнэхээр их аз завшаантай байсан.

-Кинонд тоглосны дараа танд хөдөөний залуучуудаас танилцъя, үерхэе гэх захиа ирж байв уу?

-Үгүй, Агиймаа шиг захиа ирээд, хүн дурлаж байсан юм ерөөсөө байхгүй. Жирийн, энгийн л нэг хөөрхөн бандгар охин хүсэл мөрөөдлөө дагаад илгээлтээр гараад ажиллаж байгаагаар гардаг болохоор хэн ч дурлахав дээ /инээв/.

-Сургуулиа төгсөж ирээд урлагаа хөөсөн үү?

-Хөөж чадаагүй. Төгсөөд ирж байхад манай улс зах зээлийн нийгэмд дөнгөж шилжчихсэн ороо бусгаа үе таарч байлаа. Одоо бол урлагаас өөр салбарт хөдөлмөрлөж явна.

-Та “Загийн алим”-аас өөр кинонд тоглосон уу?

-”Гарьд магнай” кинонд нэг хальт үзэгддэг юмаа. Хүүшээ, Далайцэрэн уналаа ш дээ, уналаа ш дээ гэж хэлээд нэг кадр гардаг юм /Инээв/.

-Ярилцсанд баярлалаа.Танд амжилт хүсье.

“Монголчуудын амьдрал” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25

“Гарьд магнай”-н гоё дүрүүд

ЖИЖИГХЭН ХҮНЭЭС МУУ САНАА ГАРДАГ Б.Магсаржав гуайг найруулагч нь ямар ч сонгон шалгаруулалтгүйг

2024-01-18

Улсын начин Д.Цэрэнтогтох шинжилгээний сорьцыг сольсон этгээдийн мессежийг дэлгэлээ

Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатарыг АТГ-аас хэд хэдэн ноцтой асуудлаар шалгаж э

2023-10-04