А.Сүхбат: Хоёрхон минутын дотор шийдвэр гаргаж, 20 жил зүтгэсэн ажлаасаа бие сэтгэлээ татаж авна гэдэг асар хүнд байсан

2020-12-05 1362 0

-Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяр наадмаар зодог тайлсан Далай аварга А.Сүхбат энэ тухайгаа “Монголчуудын амьдрал” сонинд анх дэлгэрэнгүй ярилцлага өгч байсан билээ. Энэхүү ярилцлагыг уншигч танаа хүргэе-

Монголчууд бид хувьтай улс болохоо мэдрэн, дэлхийд чагнаархагдан Их Монгол улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 85 жилийн ойн их баяр наадмаа тэмдэглэн дэнж хотолзтол сайхан наадлаа. Гэсэн ч наадамчин олны тэр дундаа бөхдөө хайртай Монголчуудынхаа сэтгэлийг сэмлэн далай аварга А.Сүхбат зодог тайлсан нь хүн бүхний гайхшийг барж, олон хүний гомдол бухимдлыг төрүүлж байна.

Есөн хөлт цагаан тугнаасаа адис аван, зүлэг ногоон дэвжээнээ сөхрөн мөргөж, аварга Баянмөнхийн цээжинд шурган эхэр татан уйлах их аваргыг харсан монгол хүн бүр учрыг нь үл мэдэвч харамсан, нулимсаа дотогш залгиж байсан нь лавтай. Тэр дундаа Төв аймагчууд, аварга Сүхбатыг бишрэн шүтэгчид бүр илүүтэй шаналан гомдоллож байгаа нь тодорхой. Ид хав, уран хурц барилдаанаараа илтэд үгүйлэгдэх түүнийг ийнхүү дэндүү эрт зодог тайлсныг тааж ядан байгаа түмэндээ “Монголчуудын амьдрал” сонин далай аваргатай хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг хүргэж байна. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяр наадмаар зодог тайлсан Далай аварга А.Сүхбат хэвлэлд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгч байгаа нь энэ.

Түүнтэй ярилцаж суухдаа эр хүнээс тэр дундаа их аварга хүнээс ховорхон гарах нулимс сул асгаран, жаахан хүүхэд мэт эхэр татах болсонд нь асар том шалтгаан, асар их гомдол байсныг зүрх сэтгэлээрээ мэдрэн Монгол хүний муухай занд “өширч” суулаа. Харин ч бөх хүн бүдүүн тойм гэгчээр уужуу тайвандаа тэрээр олон жил тэссэн бололтой. Эм хүн дуутайдаа дэлбэрч, эр хүн дуугүйдээ бүтэж үхдэггүй гэдэг ч тэвчээрт хязгаар байдаг нь энэ. Монгол төрийн, Монгол сэтгэлгээний ач буянаар Монголчууд бид нэгэн аваргын сэтгэлийг шархлуулж, түүнийг гэсэн зон олныхоо сэтгэлийг чилээлээ.

Авч, өгч болдог цолыг юуны учир түүнээс харамласан, юунд тэр буруутай нь бүр сонирхолтой. Аваргын өөрийнх нь хэлснээр аяганы алаг муухай, агтны алаг сайхан юмсанж.

-Юуны өмнө танд их ойн баярын мэнд хүргэе. Муугийн ёс биш Монголын ёс болохоор хоёул сайхан наадав уу гэсэн асуултаар яриагаа эхэлье. Мөн бидний хүсэлтийг хүлээн авч тантай ярилцах боломж олгосонд талархсанаа илэрхийлье?

-Сайхан наадлаа.  Бөхчүүд маань их хүчтэй, морь хурдан, харваачид оноч мэргэн байлаа.

-Бүх хүний анхаарал тан руу шилжсэн яг энэ торгон мөчид таны яриаг хүргэх анхны сонин болж байгаа нь итгэл өгч бас хариуцлага үүрүүлж байна. Таныг ч сэтгэлээ бүрэн уудална гэдэгт итгэж байна?

-Хоёр, гурав дахь удаагаа тантай уулзаж байна уу. Ярья гэж шийдсэн учраас хүсэлтийг чинь хүлээж авсан. Та ч бас уйгагүй хөөцөлдөх юм.

Гэнэтхэн яагаад та зодог тайлах шийд гаргав. Зодог тайлсныг тань хүмүүс маш олон янзаар хүлээн авч байна. Бэртлийн улмаас гэж та хэлсэн ч гайхсан, үл итгэсэн хүн дэндүү олон.  Үндэсний бөхийн барилдаанаас лав бэртэл аваагүй гэлцэн олон янзаар таах гэж оролдож байна.  Таныг зодог тайлахад хүргэх тийм хүнд бэртэл үү?

-Би хүнд бэртчихээгүй. Хоёр сарын дотор л эдгэчих бэртэл.  Барилдахгүй, бэлтгэл хийхгүй хоёр сар болоход л эдгэчихнэ. Харин түүхт их ой, ард олон, төр засгаа хүндэтгэсэндээ тэмцлийн хатуу үг хэлж, наадмыг эмх замбраагүй байдалд оруулахыг хүсээгүй юм.

-Тэгвэл танд зодог тайлахад хүргэсэн өөр том шалтгаан байсан гэж ойлгож болох нь ээ?

-Аяганы алагаас адууны алаг дээр гэдэг шүү дээ. /Санаа алдав. Сурв/ Бөхийн хуйвалдаан, аяганы алаг гаргадаг энэ үзлийг эрс эсэргүүцсэндээ би ийм шийд гаргасан. Дунд нь байхад үнэхээр хэцүү болсон. Би адилхан л бөх заяатай, адилхан л аавын хүү. Гэтэл ингэж алаг цоог үздэг нь, ингэж хуйвалддаг нь ямар учиртай юм бэ. Зодог тайлж эсэгүүцлээ илэрхийлэхээс өөр зам надад байгаагүй. 

Одоогоос таван жилийн өмнө 2001 онд би 1024 бөхөөс арав даван түрүүлсэн. Урд жил нь түрүүлчихсэн арслан цолтой байсан. Гэтэл тэр ойн жилээр миний авах ёстой байсан даян аварга цолыг өгөөгүй нь надад маш том цохилт болж, голыг минь харлуулсан. Миний амжилтад ч шууд нөлөөлсөн.

1998 онд Бат-Эрдэнэ аварга сумогийн холбооны ерөнхийлөгч байхдаа намайг ямар ч шалтгаангүй ДАШТ-ээс хассан. 2004 оны цагаан сарын барилдаанд улсын заан Доржсамбууг амлаж барилдаад давахад унасан болгож луйвардсан гэх мэтчилэн олон таагүй байдлаас болоод миний урам их хугарч байна. Тийм болохоор би их гомдолтой явдаг.

Бөх хүний ид барилддаг залуу нас хэд билээ. Өнөөдөр арав даваад түрүүлсэн бөхөд цол давуулж олгож болдгийн жишээг Ерөнхийлөгч Энхбаяр гуай харууллаа. Энэ бол маш сайхан юм. Дээр үеэсээ Монголын төр засаг, наадмын комисс онцгой ойн жилийг хүндэтгэн үзэж начин цолтой хүнийг түрүүлэхэд нь аварга, зургаа давсан бөхийг хүртэл заан болгож байсан. Аварга хүнийг даян аварга, дархан аварга болгож байсан олон баримт бий.

Монгол улсын Ерөнхийлөгч Энхбаяр гуай тэр  уламжлалаа сэргээн арав давсан гарьд цолтой бөхөд аварга цол шууд өглөө. Нэг цол алгасуулаад шүү дээ. Энэ бол бахархууштай хэрэг. Сумъяабазар маань энэ салхийг хагалж чадлаа. Тийм болохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Энхбаяр, баяр наадмын комисст баярлаж байна. Сумъяабазарыгаа аварга, Азжаргалыг арслан болсонд маш их баярлаж байна.  

-Гэхдээ Сумъяабазарт цол алгасуулан аварга цол өгөх нь тодорхойгүй байсан шүү дээ. Эсвэл хэдийнэ тодорхой болчихсон байсан юмуу?

-Миний даян аварга цолыг өгчих байх гэж олон жил горьдсон л доо. Наян жилийн ойгоор намайг “ес даваад аварга боллоо” гэж зарласан. Арвын даваанд би яах гэж Бат-Эрдэнэ аваргатай барилдсан юм. Даян аварга цолын төлөө л барилдаж давсан шүү дээ.  Ингэж үзэгдэж байгаадаа л гомдолтой байна даа. Бид адилхан л бөх заяанд төрсөн хүмүүс шүү дээ. Ийм сайхан нийгэмд амьдарч байж ингэхээ болиоч л гэж хэлмээр байна. Би 20, 30 жилийн өмнөх юм яриагүй. Тавхан жилийн өмнөхийг ярьж байна.

-Тухайн үед нь та энэ талаарх гомдлоо холбогдох газарт нь хэлж байсан уу?

-Би хэлж, ярьж байсан. Бөхийн холбооны Нямдорж, Данзан гэдэг хоёр хүн “Намар хуралдаад шийдээд өгье” гэж намайг хуураад өнгөрсөн. Одоо зургаа дахь намар нь болж байна. Тийм болохоор би үүнд үнэн сэтгэлээсээ гомддог. Одоо ч хүртэл гомдолтой явдаг. Миний зодог тайлах болсон гол шалтгаануудын нэг энэ.

-Зодог тайлж эсэргүүцлээ илэрхийлснээр та бас өөрөө хохирч байгаа юм биш үү. Таныг дэмжиж, бишрэн шүтдэг хүмүүст ч маш харамсалтай байна?

-Миний хохирох яах вэ. Би л хохироод өнгөрч байгаа биз.  Дараа дараагийн үед гарч ирэх сайхан залуусыг битгий ингэж алаг үзээсэй, шударга хууль батлаасай гэж бодож байна. Бөхийн амьдралд улс төр орж ирчихээд зарим нэг хуйвалдааны шинж чанартай зүйл гарах болсон нь надад үнэхээр таалдагдахгүй байна. Үүнийг мэдэрч, эсэргүүцэж байгаа шударга үзэлтнүүд олон бий. Өөрсдөө ч ярьж хэлэх байх. Цолоо авдаг ч бай авдаггүй ч бай ямар ч байсан дараагийн бөхийг над шиг битгий ингэж хохироогоосой, урам зоригийг нь битгий хугалаасай. Үүний төлөө явахаас өөр арга үгүй.  Надад гомдол их байна.

-Таны энэ шийдвэр, үйлдэл урьдаас төлөвлөгдсөн байсан уу. Нэгийн даваанд цол дуудахад та байхгүй байж байгаад дараа нь гарч ирсэн?

-Би дотор байсан. Засуулууд надад жаахан оройтож хэлснээс болоод би хожимдож гарсан. Ийм шийд гаргана гэж урьдчилан төлөвлөсөн юм байгаагүй. Гэнэтхэн л шийдсэн. Гэхдээ би наадмын уур амьсгалыг харсан л даа. Ер нь төр, монгол бөх хоёр холилдоод ирэхээрээ янз бүрийн л юм гардаг юм байна. Нэг бол төр нь бөхөө ивээлдээ аваач, нөгөө бол бөхийн холбоо нь бөхийнхөө цол гуншинг мэдээч. Бөхийн холбоо гэдэг чинь төрийн бус байгууллага шүү дээ. Гэтэл төрийн бус байгууллагынхаа эрхийг төр нь өөрөө булааж аваад, амин чухал цолыг нь Ерөнхийлөгч зарлиглаж олгодог болчихсон.

Эцэстээ бүр хүчээрээ ч бай, найраагаараа ч бай начин болсон хүнийг бүр хөхиүлэн дэмжиж баталгаажуулдаг болсон. Үүнийгээ ялгаж салгах хэрэгтэй. Их олон юм байна. Хүний нүдний өмнө ил тод байдаг юмыг зөв голдиролд нь оруулан хуульчилж өгөөсэй л гэж бодож байна даа. Үүнээс болоод бөхчүүдийн дунд хагарал, үл ойлголцох, үл итгэлцэх байдал үүсэж байна шүү дээ.

-Та өөрийн шавь Амгаланбаатарт санаатайгаар өвдөг шороодсон уу?

-Би өөрийнхөө шавийг дэмжсэн. Амгаланбаатар миний унаган шавь. Ер нь хүн үр хүүхдээ яаж хамгаалж, дэмжиж явдаг билээ түүн шиг би шавь нараа өөрийн хүүхэд мэт үзэж дэмжихийг хүсдэг. Дэмжих ёстой гэж боддог.

-Зарим хүн таны энэ шийдвэрийг хүч бяр нь харьж, нас нь хэтийдсэн аваргууд, хэн нэгэнд дохио болгосон үйлдэл гэж ойлгож байна. Үүнтэй та санал нийлэх үү?

-Тэгж үзэж болно. Гуя нь нарийсаж, гэдэс нь сулбайж унжаад өвгөрчихсөн хүн олны өмнө хувцсаа тайлж гарна гэдэг ичмээр шүү дээ. Бөхийн спорт гэдэг булчин шөрмөс нь зангирсан, залуу халуун эрүүл биетэй, цоглог хүмүүсийн ажил. Тийм болохоор би олон сайхан залуу бөх байгаасай, дэвжээ маань шударга өрсөлдөөний талбар байгаасай гэж хүсдэг. Бөхчүүдээ битгий гомдоож байгаасай. Монгол улсын хууль, Ерөнхийлөгчийн зарлиг ард түмэндээ тэгш үйлчилж байгаасай гэсэн давхар бодлыг би агуулсан.

-Төрийн сүлдэт тугнаасаа адис аван, зүлэг ногоон дэвжээндээ мөргөн уйлахад тань олон хүн цочирдсон. Танд ч маш их харамсалтай байгаа нь харагдаж байсан?

-…. Хоёрхон минутын дотор шийдвэр гаргаж хорин жил хийсэн, зүтгэсэн ажлаасаа бие сэтгэлээ татаж авна гэдэг асар хүнд юм билээ. /Нулимсаа арчив. Сурв/ Гэхдээ намайг ойлгодог, хайрладаг, дэмждэг олон түмэн минь байна. Ямар ч байсан би цолныхоо төлөө тэмцэнэ. Ард түмэн маань ч надад урам зориг өгөн, дуу хоолойгоо нэгтгэнэ гэдэгт итгэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, баяр наадмын комисст хүсэлтээ тавина, гомдлоо гаргана. Шийдэж өгөхгүй бол  тэмцлийн ямар хэлбэр байна түүнийг нь сонгоно.

-Яаж тэмцэх үү…?

-Тухайн цаг үедээ шийдэх асуудал.

-Баянаа аварга дээр очоод уйлахад аварга танд юу гэж хэлсэн бэ?

-Нэг ч үг дуугарч чадаагүй уйлаад байсан. Би ч үг дуугарч чадаагүй.

Юу ч хэлээгүй гэж үү. Таны энэ шийдвэрийг бөхчүүд яаж хүлээж авсан бэ. Танд хариу мэдрэгдэж байна уу?

-Надаас гадна олон ч хүн уйлсан байх. Их хэцүү байсан. Гэхдээ яахав, бүх юм цаг хугацаагаар хэмжигддэг шүү дээ. Гол гол шалтгаанаа би сая хэллээ.

-Хэрэв цолыг тань өгвөл таны гомдол тайлагдах уу. Өөрөөр хэлбэл дахин бөхийн спортдоо эргэн ирж барилдах уу?

-Бид өнөөдөр юуны төлөө барилдаад байгаа юм.  Шагналын төлөө биш шүү дээ. Хэрэв ланд крузер тавиад барилддаг бол шагналын төлөө гэхсэн. Гэтэл бидний шагнал маш бага байдаг. Начны найраа түрүү бөхийн шагналаас хорь дахин өсчихөөд байна. Цол гэдэг урам зориг, итгэл найдвар. Бид өнөөдөр цолны төлөө л барилдаж байгаа. Миний гэлтгүй бөхчүүдийн хувьд цол гэдэг асар том зорилго, хэмжүүр байдаг. Тийм болохоор би цолоо авмаар байна. Болдог л юм байна шүү дээ, арав давсан хүнд цол ахиулаад өгчихөж. Та нар бод. Цэрэн аварга начин байхдаа ойн жил түрүүлж аварга болж байсан.  Мөн ойн жилээр зургаа давсан Хүрэлбаатар, Цэнд-Аюуш хоёрт заан цол олгож байсан юм. Гэх мэтчилэн ойн жилээ хүндэтгэдэг уламжлал энэ жил сэргэж байгаад би баяртай байна. Бас миний зөрчигдсөн эрхийг сэргээж үнэн шударга байдлыг тогтоогоосой л гэж хүсэж байна.

-Би танаас асуултынхаа хариултыг авч чадсангүй. Цолыг тань өгвөл дахин зодоглох уу?

-Жаахан бэртэл гэмтэлтэй л байгаа болохоос биш би хөгшрөөгүй байна шүү дээ. Тун удахгүй бэртэл маань эдгэнэ. Миний хүч, авьяас билэг хэвээрээ байна. Би залуу байна шүү дээ. Ганцхан энэ хуйвалдаанд үнэхээр миний дургүй хүрч, амжилтыг минь үнэлэхгүй байгаад гомдолтой байна. Монгол бөхийн дэвжээг цэвэрштэл, тэр сайхан нөхцөлийг бий болтол тэмцэх болно.

-Хэрэв дахиж зодоглохгүй бол цаашдаа та юу хийх вэ?

-Хийх ажил их байна. Аварга хүнд өөрийн хүлээсэн үүрэг хариуцлага гэж бий. Би олон шавьтай хүн. Тэднийгээ сайн дасгалжуулахаас гадна аж ахуйн ажил байна шүү дээ.

-Ер нь тухайн үед танд даян аварга цолыг яагаад өгөөгүй гэж боддог вэ. Хүмүүсийн дунд “Баянмөнх аваргатай мөчөөрхдөг хүмүүс олон. Сүхбат Баянмөнх аваргын хүргэн болсноороо золиос болж байна” гэх яриа ч байдаг юм билээ. “Золиос” гэдэг үг арай хатуудсан ч байж мэдэх юм?

-1951 онд гучин жилийн ойгоор 1024 бөх барилдсан юм. 50 жилийн дараа Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор бас 1024 бөх барилдсан. Тэгэхэд би түрүүлсэн. Х.Баянмөнх багштай маань үзэл бодол нийлдэггүй сөргөлдөж байсан хүмүүс өнөөдөр үр хүүхэд бидэнд нь гомдол саналаа тулгаж, хавчиж шахаж байгаа бол үнэхээр харамсалтай бас өрөвдөлтэй байна. Үе үеэрээ,цаг цагаараа л байя л даа.

Түрүүчийн асуулт үнэний хувьтай болж таарах нь. Хэн хэн гэдгийг нь хэлж болох уу?

-Энэ тухай одоо яриад яахав дээ. Хүмүүс бүгд мэддэг шүү дээ.

-Бөхчүүдийн хагарал туйлдаа хүрч байгаа нь олон зүйлээс анзаарагддаг л даа. Саяхан хүртэл Мөнхбат аварга “Мөрөн дээр толгой байгаа цагт Баянмөнхийг зүүний магнайд гаргахгүй” хэмээсэн байсан?

-Хоёр их аварга маань өнөөдөр зүв зүгээр, сайхан л харьцаатай байгаа шүү дээ. Хийдгээ хийчихээд үр хүүхдээ сайхан барилдуулаад л сууж байна.  Мөөеө аварга ч өөрөө хэлсэн байдаг юм. Дундуур нохой гүйгээд байна гэж. Тийм болохоор хэлж, бичиж байгаа нь энэ байдлаа зогсоомоор, болимоор байгаа юм л даа.

-Уламжлал шинэчлэл гэлцэн талцсаар багагүй хугацаа өнгөрлөө. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Эцсийн бүлэгтээ бөхчүүд ямар нэгэн зүйл булаацалдаад байгаа юм биш. Эвээ олохгүй байна гэсэн үг. Яагаад эвээ олохгүй байна вэ гэхээр бөхөө яаж хөгжүүлэх вэ, цаашид яаж авч явах вэ гэдгээрээ л маргаад байгаа юм. Энэ бас тийм ч муу зүйл биш л дээ. Эндээс харин зөв шийд гарах ёстой. Жишээ нь миний нэг үзэл байдаг юм.

Начин цолыг заавал наадмаар өгөх шаардлага байхгүй гэж. Өөр хооронд нь барилдуулж, жилийнх нь үзүүлэлтийг гаргаад наадмаас өмнө начин цол олгон дараа нь харцага, заан цолны төлөө дээшээ барилдаж болно шүү дээ. Тэгвэл мөнгө төгрөгтэй орооцолдон бүр ханш тогтоочихоод байгаа, Монгол бөхийн нэр хүндийг унагаад байгаа начны найраа зэрэг энэ асуудлууд шийдэгдэнэ.

Хүчээрээ начин цолыг авч байгаа олон залуучууд байна. Гэтэл тэдэнд үл итгэх байдал үүсэж байна шүү дээ. Сумо бөх ямар шударга хууль дүрэмтэйг бид бэлхэнээ харж байна. Бөхчүүд нь яаж барилдаж байна, түүнээс жишээ авах хэрэгтэй гэж боддог юм. Монголчууд маань ч үүнийг сайн ойлгож байгаа. Эрх барьж байгаа цөөн тооны хэдэн нөхөд уламжлалаар түрий барин шинэчлэл хийхгүй боомилоод байна.

-Бидний хүсэлтийг хүлээн авсан танд нийт уншигчдынхаа өмнөөс дахин талархал илэрхийлье. Мөн бөхөд хайртай монгол хүн бүрийнхээ өмнөөс наадмын торгон дэвжээнээ хурдан эргэн ирж олон сайхан барилдаанаараа үзэгч олноо баярлуулж яваарай гэж хүсье.

-Баярлалаа. Та бүхэнд ч ажлын амжилт хүсье. Мөн Монгол түмэндээ энэ олон жил намайг дэмжиж урам зориг өгөн хазайхад минь түшиж, давахад минь хамт давж сэтгэл зүрхээрээ байнга хамт байсанд баярладаг шүү гэдгээ та бүхнээр дамжуулан хэлэхийг хүсэж байна.

“Монголчуудын амьдрал” сонин 2006 он

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25

“Гарьд магнай”-н гоё дүрүүд

ЖИЖИГХЭН ХҮНЭЭС МУУ САНАА ГАРДАГ Б.Магсаржав гуайг найруулагч нь ямар ч сонгон шалгаруулалтгүйг

2024-01-18

Улсын начин Д.Цэрэнтогтох шинжилгээний сорьцыг сольсон этгээдийн мессежийг дэлгэлээ

Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатарыг АТГ-аас хэд хэдэн ноцтой асуудлаар шалгаж э

2023-10-04