ГЕНЕРАЛ Ж.БААТАР: “Баатар чи хэргээ хүлээ. Хүлээхгүй бол чи олон жилээр шийтгэгдэнэ шүү” гэж өөрийн гараар бичсэн байсан

2020-10-17 14231 2

2006.01.01 Ж.Баатар гэртээ


 

Улсын нууц задруулсан хэргээр ял эдэлж байсан генерал Ж.Баатар шинэ оны өмнө суллагдаж анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өглөө

Улсын нууц задруулсан хэргээр долоон жилийн чанга сонссон генерал Ж.Баатар шинэ оны босгон дээр буюу 12-р сарын 30-ны үдээс хойш суллагдав. Хэдэн жилийн турш олны тэр дундаа хэвлэл мэдээллийнхний хараанд байсан Баатар генерал хэвлэлд анх удаа ярилцлага өглөө. Монголын хүчний байгууллагынхныг түргэн авахуулж, эрэлд хатааж байсан генералын ярилцлагыг уншигч танд дэлгэрэнгүйгээр хүргэж байна.

-Юуны өмнө танд шинэ оны баярын мэнд хүргэе. Он солигдохын өмнөхөн шоронгоос суллагдлаа. Биеийн байдал тань ямархуу байна?

-Их баярлалаа. Та нарт ч гэсэн шинэ оны мэнд дэвшүүлье. 12-р сарын 30-нд ерөнхийлөгчийн зарлигийн дагуу  уучлал үзүүлж, шоронгоос суллагдлаа.  Ер нь шоронгоос  гарч чадахгүй юм байна гэж би ойлгож байсан. Ямар ч байсан тэнд үхэлгүй гарч ирнэ гэсэн хатуу бодолтой зориг зүрхээ чангалж байлаа. Тэгээд Энхбаяр ерөнхийлөгчийн уучлалаар ингэж шинэ оны босгон дээр суллагдсандаа баяртай байна. Би Энхбаярт ямар ч хамааралгүй хүн. Би түүнийг мэдэхгүй, Энхбаяр намайг мэдэхгүй. Намайг балчиг намгаас татаж гаргасанд нь маш их баярлаж байна.

Гэр орондоо ирж, хань үр хүүхэдтэйгээ уулзаж байгаа болохоор сэтгэл өндөр байна. Гэхдээ нөгөө талаар өвчинд баригдаж, эрүүл мэндээ хөнөөлгөчихсөн учраас бие сэтгэл минь туйлдчихсан хямралын байдалтай байна.  Гэсэн ч шоронгийн хүнд нөхцөл, дарамтнаас гарсан болохоор яваандаа дээрдэх болов уу гэж бодож байна.

-Багабанди ерөнхийлөгчид ч гэсэн хандаж уучлал хүсэж байсан. Энхбаяр ерөнхийлөгчөөс уучлал хүсээд хэр удав?

-Би энэ насаараа Монгол улсын аюулгүй байдлын төлөө зүтгэсэн. Үүнийг хэн ч хэзээ ч үгүйсгэж, харлуулж, баллуурдаж чадахгүй. Уучлал хүсэхэд эзэн нь бичих ёстой ч би гэмт хэрэг хийгээгүй, хэрэгтэн биш учраас намайг уучлаад өгөөч гэж миний хувьд бичээд байсан зүйл байхгүй. Ар гэрийнхэн, ах дүүс маань уучлал хүсэж байсан. Багабанди ерөнхийлөгчийн үед ч бичиж байсан.

Би яагаад бичээгүй гэхээр хийсэн хэрэггүй орчихоод юуны төлөө уучлал хүсэх юм. Нөгөөтэйгүүр надаар алга дарам захиа ч бичүүлэхгүй ш дээ, шоронд. Сонины хайчилбар байсан ч шатаачихаж байгаа юм чинь. Би гэмшиж байна, намайг уучил гэх юм уу. Би тэгж бичихгүй. Харин “Шоронд гурван жил орчим хоригдож эрүүл мэнд, амь нас маань хутганы ирэн дээр хүрсэн учраас эрх мэдлийнхээ дагуу үлдэж байгаа ял гэгчийг уучилж өгнө үү” гэж ерөнхийлөгч Энхбаярт бичсэн. Тэгээд удалгүй 12 сарын 30-нд зарлиг гарсан.

-Таны нүд нэлээн хавагнаж бас ярьж байгаа тань сайн ойлгогдохгүй байна. Бие тань сайнгүй байна аа даа?

-Харин гайгүй байгаа нь энэ. Миний шүд унаад мөрдөн шоронд би шүдгүй болчихсон. Тэгээд ярьж, юм идэж чадахгүй болчихоод байна. Шоронд би байтугай залуу хүмүүс шүдгүй болдог.

 -Хоёр жил дөрвөн сар хоригдлоо.  Таны өөрийн чинь амнаас үг сонсох боломж үнэхээр олдоогүй л дээ. Тантай ярилцаж буй анхны сонины хувьд эхнээс нь ярилцмаар байна. Баатар яагаад хоригдох болов?

-Би 17 настайгаасаа эхлээд л Монгол улсын аюулгүй байдлын төлөө зүтгэж, халуун залуу насаа зориулсан. Өдөр шөнөгүй янз бүрийн чиглэлд ажиллуулдаг байсан. Социализмын тэр үед урд хөрштэй харилцах харилцаа нарийн түвэгтэй, хүнд байлаа. Аюулгүй байдлаа хангахын тулд аль ч улс тагнуул туршуулаа тавьдаг шиг манайх ч гэсэн тавьдаг байсан. Жараад оны эхэнд социалист орнууд Хятадыг бараг нэг номерын дайснаа гэж л үздэг байлаа ш дээ.

Миний бие ч тэр хүнд үед улс эх орныхоо аюулгүй байдлын төлөө зүтгэж, 30 жилийг өнгөрүүллээ. Ингэсний эцэст зүв зүгээр байхад минь 2003 оны 5 сарын 20-ны үдээс хойш гэртээ ганцаараа байх үед хэсэг залуус дайрч орж ирсэн. Тэгээд баривчлах гэж хоёр гарнаас барьж ноцсон. Коридорт толины өмнө дээр дороо орон ноцолдож байтал зүүн гарт маань гав зүүчихсэн байсан. Одоо хүртэл гавны сорви нь байна /гараа үзүүлэв. сурв/. Өөрсдөө болохоор бид гавлаагүй гэж ярьдаг, няцаалт хийдэг. Гав чинь хөдлөх ноцолдох тусам улам барьдаг, шигддэг эд.

Хамгийн эхлээд надад ингэж хүнлэг бусаар хандаж тамлан зовоосон. Сүүлд нь тагнуулын газар байсан нэг хүн “Танаас ганцхан тодорхойлолт авъя. Тэгээд л гэр рүү чинь явуулчихна” гэж байсан. Мөрдөн байцаагч Одонбаатар миний гэрийн түлхүүрийг булаацалдаж хурааж авах гэж байсан. Юу гэсэн үг юм. Бүхэл бүтэн айлын түлхүүрийг авч, орон гэрийг нь эзэгнэх гэсэн муухай ааш араншин гаргаж болох уу? Би эхнэр, хүүхэдтэйгээ холбоо барья гэхэд бариулаагүй, өмгөөлөгч ч авахуулаагүй. Тагнуулын газарт хааш нь ч хөдөлгөхгүй хэдэн залуусаар хашчихаад орой 10 цаг хүртэл суулгасан. Нимгэхэн хувцастай хүйтэн өрөөнд хэцүү л байсан. Хаврын хувьсагнуур цаг шүү дээ.

Намайг хашиж байх тэр үедээ шүүх прокурорынхноос л зөвшөөрөл авах гэж  явж байсан юм билээ. Гэнэтхэн орой болоход баахан залуус машинд шахаж суулгаад урагшаа зүглэхэд нь би “Гарцаагүй Төв аймгийн мөрдөнд хийх нь дээ” л гэж бодсон. Уг чанартаа ямар ч тогтоолгүйгээр намайг мөрдөнд хийчихээд сүүлд нь л тогтоолоо нөхөж бичсэн юм байна лээ ш дээ. Нэгэнт намайг хууль бусаар хорьсон учраас гэнэт сулласан.

-Төв аймгийн мөрдөнгөөс сулласны дараа та гэнэтхэн алга болчихсон. Ямар учраас оргож, нуугдсан юм бэ?

-Суллагдаад  гэртээ иртэл эхнэр маань өмгөөлөгч авчихсан байсан. Тэгээд өмгөөлөгчтэйгээ уулзахаар болоод байтал ТЕГ-аас над руу утасдаж “Одоо гараад ир, муу новш. Чамд чухал бичиг өгье. Нямдоржийн тухай ноцтой баримт” гэж нэг ёсондоо заналхийлсэн. Би энэ хүний нэрийг хэлдэггүй юм. Гэхдээ дуугаар нь тагнуулын газрынх гэдгийг нь мэдсэн. Намайг гараад очвол миний халаасанд юу ч хийх байсан юм, түүгээрээ шалтаглан дахин шоронд хийх гэсэн нь тодорхой байсан. Ажиглалт, тандалт, дарамт их юм байсан л даа. Ерөөсөө миний амь насанд халдах юм байна, яаж ч болзошгүй нь гээд би гурван сар гаруй алга болсон.

Нөгөөтэйгүүр надад халдах нь тодорхой байсан учраас хэвлэл мэдээлэл болон олон нийтийн анхааралд өртөх гэж тийм алхам хийсэн. Хэнд ч мэдэгдэлгүйгээр хаана ч намайг алчих юм, мэдэхгүй шүү дээ. Гэр орон, хань үр хүүхдийг минь ч яаж ч болзошгүй байсан. Гэхдээ намайг ардчилсан намын дарга Энхсайханыд байна ч гэх шиг их сүржин эрсэн л дээ. Миний хажуугаар л давхиад байсан. Тухайлбал 7 сард “Хаан бууз”-ны дэргэдүүр явахдаа би мөрдөн байцаагч Одонбаатар, ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтсийн дарга Цоозолсэнгээ, прокурорын Дамчаасүрэн гэх мэтийн хүмүүс “Баатарыг болгож тавина” гэж хонзогноод ярьж  байхыг сонсож л байсан.  Би зүсээ хувиргаагүй шүү дээ. Тагнуулын залуус Лениний музейн ард талын тагнуулынхны байранд цуглаад эрээд байна л гэсэн. Нүдэнд нь ил, хошуун доогуур нь явж байхад олохгүй л  байгаа байхгүй юу.  Тагнуулын ажилтнууд ямархуу түвшинд ажиллаж байгаа нь эндээс тодорхой.

Дараа нь би хэрэгтэйгээ танилцахад хэдэн мянган цагдаагийн ажилтан, ТЕГ бүрэлдэхүүнээрээ, дээр нь хүн дайчлан намайг орон даяар эрсэн гэж байгаа юм. Тэр битгий хэл намайг хэдээр ч үнэлсэн юм, мэдээлэл худалдаж авна гэж зарласан. Хэрвээ эх оронд маань аюул тулгараад, хэн нэгнийг барих байсан бол яах болж байна.

Эд нар өөрсдөө л сүйрнэ. Манай хүчний байгууллагууд өнөөдөр ийм л дорой, арчаагүй, өрөвдөлтэй байдалд орчихсон байна. Ганц хүнийг намнах гээд хөөцөлдөөд байдаг, түүнийгээ олдоггүй. Уг чанартаа айл болгоныг шахуу нэгжсэн байгаа юм. Би өөрөө мэргэжлийн хүн ш дээ. Таксинд суугаад явж байхад л зогсоогоод шалгаад байсан. Юугаа хайж байдаг юм. Зориуд намайг өнгөрөөгөөд байна уу гэтэл тийм биш байсан. Би түүнийг нь ойлгож байсан. Энхсайханы гэрийг хүртэл очиж онгичсон байсан. Эрүүл саруул хүн бодоход би юу гэж ардчилсан намын даргын байранд хоргодохов дээ. Би намын далбаанд орж хэзээ ч хоргодохгүй, хэзээ ч ивээлд нь орохгүй. Би хэн нэгний дээвэр дор, ивээлд нь орж хоргодох хүн биш. Намайг ор тас танихгүй шударга хүмүүс харин гэртээ байлгаж байсан шүү. Намын гишүүнчлэл хамаагүй энгийн ард түмэн намайг хамгаалж, тусалж байсан. Үүнийг яривал их урт түүх болно.

-Гэхдээ та Очирбат ерөнхийлөгчийн хүргэнийхээс баригдсан биз дээ?

-Би Батжаргалынд хэдхэн хоносон. Нимгэн хувцастай гэрээсээ гарсан учраас сэрүү орохоор даараад байсан. Усанд орох, хувцасаа солих, ар гэрийнхнийхээ тухай мэдээлэл авахаас гадна Гүндалайг өрөвдөөд баригдвал ч баригдаг гэж бодоод очсон.

-Гүндалай гишүүнийг яагаад өрөвдсөн гэж?

-Намайг баригдахгүй бол  Гүндалайг барих гэж байгаа юм байна гэж бодоод тэднийд очсон. Гүндалай хэд хэдэн удаа зурагтаар “Баатар гуай та намайг харж байгаа. Одоо гараад ирээч ээ” гээд байсан. Үнэхээр өрөвдсөн л дөө. Цагдаа нар бужигнаж байхад л би Батжаргалынд орсон. Хэлсэн л дээ. Ах нь ядарч явна. Гэхдээ намайг хүлээж авахгүй бол би буцаад явъя гэж. Харин тэд намайг хүний сайхан сэтгэлээр хүлээж авсан.Энд тэр хүний хэний хүргэн байх нь хамаагүй. Мөс чанар л байхгүй юу. Батжаргал түүний эхнэр хоёрт хүнд үед тусалсанд нь би баярлаж явдаг. Би олон хүн дээр очсон. Хам хэрэгтэн болчихно ч гэдэг юм уу надаас айцгааж байсан.

-Та хийгээгүй хэргийнхээ төлөө ял эдэллээ гэж байна. Хэрэг хийгээгүй хүнийг ингэж хорих нь хэнд ашигтай байсан болж таарах вэ. Ер нь ямар учраас таныг хорьсон гэж та бодож байна?

-Надад хорсож, заналхийлж байсан хүн олон байсан. Хамгийн гол нь надтай найзалж, миний тусыг хүртэж байсан хүмүүс шүд зуугаад өдөр шөнөгүй нүд цавчилгүй эрж байсан. Жишээлбэл Төв аймгийн газрын дарга байж байгаад хонь хулгай хийж идсэн хэргээр ажлаасаа буун НАХЯ-д ирж байсан Дорж гэж хүн бий. Тухайн үед би түүнд тус дэм болдог л байсан. Гэтэл Дорж хурандаа намайг онгоцны буудал дээр нүд цавчилгүй харж байсан гэж байгаа юм.

Генерал Отгонжаргал, хурандаа Дондог гээд “Баатарыг түргэн барь” гэж их л зэрлэг байдлаар занаж зүхэж байсан хүмүүс бий. ТЕГ байгаа хэсэг бүлэг албан тушаал хөөцөлдсөн, хонзогносон хүмүүсийн л ажил. Тухайн үедээ хамт сураад, нэг тогооноос хооллон найзууд л явсан. Би заримыг нь дэмжин сургуульд явуулж, байр өгөн бөөцийлж байсан. Ажлаа хийж чадахгүй алдаа гаргах үед нь би халж байсан. Тэр хүмүүс л эргэж гарч ирүүтээ надад хонзогносон хэрэг.

-Таныг буруутгах, унагахад шалтгаан байсан байж таарна шүү дээ?

-Намайг шоронд хийх гэж их оролдсон. Гэхдээ шалтгаан олдоогүй. Гэтэл би 2000 онд Нямдоржийн асуудлын талаар төрийн гурван өндөрлөгт “Шалгаж өгөөч” гэж албан ёсоор бичсэн.Төрийн гурван өндөрлөгт бичсэн захидлаа нэг дор өгөөгүй л дээ. Үүнийхээ дараа маш их дарамт шахалтад орсон. Тэр үед Багабанди ерөнхийлөгч, талийгаач Энэбиш УИХ-ын дарга, Энхбаяр Ерөнхий сайд байсан шүү дээ. МАХН-ын Засгийн газар байгуулагдсаны дараа “Энэ улсууд үнэнээ өөрсдөө олог. Өөрсдийнхөө асуудлыг шийдэг” гэж бодоод бичсэн. Нямдоржийг хорлох гэсэндээ бус улс орныхоо аюулгүй байдлын төлөө энэ асуудлыг шалгаасай, анхаараасай гэсэндээ бичсэн юм. Үүнийг тэд шоронд хийх шалтгаан болгон ашигласан.

Нямдоржийн тухай захидлаа өгөөд л би тэр орой нь халагдсан. 9-р сарын 26-нд. Би хэл ам ч хийгээгүй.  Намайг халагдахаас өмнө тодорхой хэмжээгээр оролддог байснаа тэр үеэс эхлэн намайг тагнаж, найз нөхдийг минь шорон оронд хийх гэж оролдож эхэлсэн. Янз бүрийн хавчилт шахалтаас болон хоёр ч найз маань талийгаач болсон гэж шоронд байхдаа дуулсан. Иргэн хүн чөлөөтэй үг хэлэх, бичих эрхтэй ш дээ.

Тэр дагуу өөрийнхөө мэддэг юмыг л бичсэн. “Шалгаж өгөөч” л гэж бичсэнээс “Нямдоржийг шоронд хийгээч, битгий дарга болгооч” гэж би бичээгүй. Дээш нь бичлээ гэж өширхөөд л бүх хэрэг эхэлсэн. Намайг мөрдөж мөшгөсөөр, эцэст нь шоронд  хийсэн. Мөрдөн байцаалтад ч надад ийм асуулт тавьж байсан. Байцаалтаас өмнө 2001 онд шиг санаж байна. Жасрай, Оюун, Базарсад нарын хүмүүсээс бүрдсэн УИХ-ын комисс надаас “Юу бичээд байна” гэж тодруулга авсан. Тодруулга авахаас өмнө Тамгын газраас нэг ажилтан ирж надад “Өгсөн юмаа татаад авчих. Авахгүй бол шоронд хийх нь байна шүү. Нөхөр ёсоор л хэлж байна” гэж байсан. Хуучин миний удирдлага дор ажиллаж байсан залуу л даа.  Пүрэв генерал ч надад татаж ав гэж байсан. Би Монгол улсын аюулгүй байдалтай холбогдсон асуудал учраас л ярьж байна гээд бүгдийг ярьсан. Жаахан эмх замбараагүй л ярьсан байх. Түүнээс хойш намайг оролдох нь эрчимжсэн.

Тэгээд Гүндалайгийн тавьсан асуудлыг шалтаг болгож намайг барьсан. Мөрдөн байцаагч “Та яагаад гагцхүү Нямдоржийн тухай бичээд бусдын талаар бичихгүй байгаа юм” гэсэн асуулт тавьж байсан. Сонин байгаа биз. Төр засагтаа хэний тухай юу бичихээ би мэдэх ёстой болохоос тэр мөрдөн байцаагч, тагнуулынхан мэдэх ёсгүй. Нямдоржийг бичээд байхдаа яадаг юм, бичих хүн зөндөө байна ш дээ ч гэж байсан. Тийм учраас би хийгээгүй хэрэг гэж байгаа юм. Төрийн гурван өндөрлөгт асуудал тавьснаараа л би шоронд орсон. Би улсын нууц задлаагүй. Та Багабанди ерөнхийлөгч, Пүрэв генералд нууц задалж бичсэн байна гэж асууж байсан. Мөрдөн байцаалтын явцад хэдэн хүний эсрэг мэдүүлэг гаргачихвал намайг оролдохгүй, танд гарц байгаа шүү гэж хүртэл хэлж байсан.

-Хэн хэний эсрэг гэж?

-Багабанди, Гончигдорж, Энхсайхан, Гүндалай, Пүрэв нарын эсрэг мэдүүлэг гарга гэж тамлаж, тарчлааж байсан. Өмгөөлөгч маань хүртэл мэднэ. Сүүлдээ мэдүүлэг гаргахгүй болохоор яаж ч чадахгүй худлаа “мөрдөн байцаалтын тактик” ч гэнэ үү дүйвүүлээд өнгөрсөн. Гэтэл миний эсрэг олон хүнээс ийм маягаар мэдүүлэг авсан байна лээ. Энэ байгууллагын дарга байсан Цийрэгзэн гэдэг хүн “Баатар Нямдоржтой холбоотой асуудлыг надад хармаанаасаа цухуйлгаад үзүүлж байсан” гэж огт худлаа мэдүүлсэн байсан. Хэрвээ үзүүлж байсан юм бол дор нь хэлээд намайг баривчлуулж байх нь яасан юм. Ийм хутган үймүүлэгч, хонзогнуур хүмүүс нийлээд л намайг хүчээр шоронд хийсэн дээ. Дээр нь бүхэл бүтэн Хууль зүйн яам, цагдаа тагнуул, шүүх прокурортойгоо хуйвалдаж  шоронгийн балчиг намаг руу хүчээр шидчихсэн.

-Таны яриагаар бол Нямдорж гуай хятадуудтай холбоотой гэдэг нь баримттай гэсэн үг үү?

-Тодорхой. Ганц би биш миний эсрэг яриад байсан Гэрэлчулуун гэдэг ажилтан хүртэл өөрөө ажиллаж байсан. Миний “Нямдоржийг шалга, хятадуудыг нь шалга” гээд гараараа бичиж өгч байсан үүрэг хүртэл байдаг. Тэгвэл 92, 93 онд би худлаа юм шалгуулж байсан болж байна уу. Миний шалгуулж байсан баримтууд байгаа ш дээ. Гэтэл юмыг яаж мэдэх вэ. Хэрвээ Баатар үүнийг нотолчихвол байдал эвгүйдэнэ гэсэн шиг намайг Нямдоржийг хятадын тагнуулын байгууллагад элсүүлсэн болгож гүтгэн дарамталж “Баатар чи 1988 оны 5 сард Нямдоржийг зориуд Бээжин явуулаад хятадын тагнуулын байгууллагад элсүүлж байсан.  Чи хамтарч ажиллаж байна уу” гэсэн  огт өөр үндэсгүй асуулт тавьж байсан. Сонин байгаа биз. Намайг хэрэгт холбогдуулах гэж тэд олон вариантаар ажиллаж байсан. Энэ нь Нямдорж хятадуудтай холбоотойг тагнуулынхан ч өөрсдөө үүнийг мэдэж байгааг нотлоод байгаа юм биш үү. 90 онд Нямдоржийн явж байсан факт байж л байдаг.  Нямдорж болохоор булзааруулаад байдаг байсан ш дээ.

Би улсын нууц задлаагүй, Нямдоржийг огт гүтгээгүй. Нямдорж гэрчээр асуугдахдаа өөрийн гараар “Баатар чи хэргээ хүлээ. Хүлээхгүй бол чи олон жилээр шийтгэгдэнэ шүү” гээд биччихсэн байсан. Ямар хүн гэдгээ л харуулсан. Тухайн үед нь би өмгөөлөгчдөө хуулаад аваарай гэж хэлж байсан. Гэтэл сүүлд нь би нөлөөлөөгүй, өөрөө хэрэг хийсэн учраас л долоон жилийн ял өгсөн гэж байсан. Сайд хүн дээд зэргээр нөлөөлнө ш дээ. 2005 оны 6 сарын эхээр байхаа Ху Жин Тао ирээд явсны дараа “Баатарыг яаралтай олж баривчил” гээд мэдэгдэл хийж л байсан шүү дээ.

-Таны хэргийг шүүх шүүх хуралдаан “Ганц худаг”-т хаалттай болж байсан. Шүүх хурал дээр юу болсон бэ. Хэвлэл мэдээллээр гараагүй зүйл болсон уу гэсэн утгаар асууж байна л даа?

-2004 оны 1-р сарын 8-нд болсон байх. Тэнд их сүртэй юм болсон. Хэдэн сар хэнтэй ч уулзуулахгүй, тарчлаачихаад “Ганц худаг”-ийн шүүхийн өрөө рүү гавлаж хүргэсэн. Тэгээд мина, метал эрэгчээр шалгаж байгаа юм. Үргэлж юмаа онгичуулж байдаг хүнийг метал эрэгчээр шалгахад нь үнэхээр сонин санагдсан. Намайг дэлбэлчихнэ гэж бодсон юм байлгүй. Тэгсэн метал эрэгч нь тачигнаад хоёр залуу их сандарсан. Би “Наадах чинь миний жинсэн өмдний хадаас байна” гэж хэлсэн. Тагнуул, цагдаагийнхан хэдэн давхар бүсэлсэн байсан. Би ямар ч гэмт хэрэг хийгээгүй. Гэтэл миний хэрэг гэгч гурван том хавтас боть. Тэнд нь уншаад үзэхээр ерөөсөө л 25-р суваг ТВ болон бүх сонин дээр гарсан материал байсан л даа. Баатар үүнийг задалжээ гэж. Тэгсэн мөртөө нөгөө юм нь худлаа гүтгэлэг гэж байгаа юм. Улсын нууц задруулсан, хүн гүтгэсэн гэсэн хоёр зүйл ангиар намайг ялласан ш дээ.

-Таныг шоронд тун хүнд байдалтай байгаа тухай яригддаг байсан. Нөгөө талаар хүчний байгууллагын хүн эрх дархтай өөр байгаа байх гэж ярих хүмүүс ч байсан?

– Шорон л бол шорон шүү дээ. Тусгайлан Баатарт зориулсан юм гэж юу байхав. 300 хүн байлаа гэхэд 100 нь л тогтмол эргэлт авах жишээтэй. Яахав 00-ын цаасаараа л тасраагүй байх. Үнэндээ намайг дандаа хорлодог байсан. Цүнхний барим хүрэхгүй жаахан оосрыг хүртэл хайчлаад хаячихна. Өмдний  уяа, резинийг суга татаад хайчилчихна. Шувтраад тогтохгүй, хэцүү. Түүнийгээ “та амиа хорлочихно” гэж  тайлбарлаж байгаа байхгүй юу. Гэтэл Зайсангийн дамжинд кабелийн утастай телевизор хоригдлуудад түрээсэлдэг. 

Бооё гэвэл тэр утаснаас эхлээд боох юм их бий. Төв аймгийн мөрдөнд их зовсон. Усаар боож, жорлонгийнхоо усыг хааж, бөөс бясаатай хүн над руу оруулж, ар гэрээс эргэлт оруулахгүй их зовоосон. Хоол ундны тухай яриад ч яахав, угаасаа ойлгомжтой. Гэхдээ намайг их чангалсан. Сүүлд нүдний шилийг минь хүртэл “Баатар илүү эрх дарх эдэлж байна” гэж хурааж авсан. Би хасах дөрвийг зүүдэг. Шилгүй бол юу ч хардаггүй. Жорлонгийнх нь нүхийг хүртэл би хажуу дахь залуугаараа заалгаж баримжаагаар бие засдаг байсан. Камер нь хананаасаа дээш сүүмийсэн гэрэлтэй харанхуй шахуу. ХЭҮК-ын Дашдорж очиж шаардаж байж миний нүдний шилийг өгүүлсэн. Тэнд яаж зовж байсан маань миний 30 кг турснаас тодорхой.

Мөрдөнд ороод 15 хоносны дараа намайг жинлэхэд бараг ная гаруй кг байсан. 15 хоноход би бас их турчихсан байсан ш дээ.  Ганц худагт очоод хувцастайгаа жинлүүлэхэд 61.5 кг байсан гээд бод доо. Ерөөсөө сульдчихсан, ясан дээр тохсон арьс л болж очсон.

Төв аймгийн мөрдөнгөөс Ганц худаг руу хүргэхдэхдээ ходоодны шүүс ялгараад дувтан огиулсан. Өөр гарах юм ч байхгүй байсан. Гэхдээ тэнд хүний мөстэй, сайн санаатай албан хаагчид байдаг юм. 100 хүнээс хоёр гурав нь л болдоггүй байхгүй юу. Оролдоод, ул шагайгаад л. Шоронд ороод би есөн шидийн хэрэгтнүүдтэй хамт байж үзсэн. Боловсролтой, боловсролгүй нь хамаагүй тэд харин эх орныхоо төлөө санаа зовон,  ярилцдаг юм билээ.

-Түрүүн та олон удаа дэлбээ хийлгэж байсан гэж байсан. Дэлбээ хийнэ гэж юу гэсэн үг вэ?

-Эхэндээ би мэддэггүй байсан л даа. Байлдаантай кинон дээр бөмбөгдөхөд бүх юм ундуй сундуй болчихдог шүү дээ. Түүн шиг хамаг амьтны хувцас хунар бүх юмыг сандайчаад гутлын шавхайгаа арчаад хаячихдаг. Сахар, ургамлын тос зэрэг зөвшөөрөгдсөн ганц нэг юмыг нь асгаж цутгаад  хэрэгтэй юм байвал авчихна. Үргэлж зодно, гар хөлийг нь хуга цохино. Хэрэг хийсэн ч гэсэн тэд чинь хүн шүү дээ. Тэр болгоныг харахад надад үнэхээр хэцүү, дарамттай байсан. Хажууд хүн аймшигтай тарчлаагаад  байхаар чинь даралт ихэсчихнэ, зүрх өвдөнө. Харин энд нэг зүйлийг онцлон хэлмээр байна. Би гэлтгүй гэр орныхон маань хүнд хэцүү байх тэр үед Монголын олонх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид бодит байдлыг үнэн зөвөөр нь бичиж байсан. Тэр нь миний зовлонг хөнгөлж, дэм өгч байсан. Тэгээгүй бол би энэ бүхнийг даван туулж чадахгүй ч байсан байж мэднэ. Хүмүүс намайг дэмжиж байгаа нь надад мэдрэгддэг, урам өгдөг байсан.

 -Та их л гомджээ дээ?

-Надад аваагүй шагнал урамшил байхгүй. Тэр хүнд шалгууртай соц нийгмийн үед надад энэ бүхнийг худлаа өгсөн байх уу. Бүх өгдөг юмаа хайрлалгүй өгч байсан. Би ажилдаа муу, алдаа дутагдалтай, шударга биш байсан бол намайг урамшуулж шагнан, шат шатаар дэвшүүлээд байхгүй шүү дээ. Өнөөдөр зарим нь Баатар юу ч хийж чаддаггүй байсан гэж ярих гээд байгаа юм. Өдөр шөнөгүй ажиллаж байсны минь үр дүн. Ялангуяа урд зүгийн чиглэлд дарга тогтдоггүй. Хамгийн олон жил би ажилласан. Ингэж ажилласны минь эцэст шоронд хийж хорлон, эрүүл мэндийг минь хөнөөлөө. Надад өгсөн үнэлэлтээ хэдэн хүний өш хонзонгоор үгүйсгэж амьдрал, эрүүл мэндийг минь бусниуллаа. Би гомдсон. Гэхдээ миний гомдол дотроо бодохоос хэтрэхгүй ш дээ. 37 онд баахан эх орончдыг буудчихаад өнөөдөр алгын чинээ цаас өгч байна. Тэр хүмүүсийн гомдол тайлагдсан уу. Үгүй л байх гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

“Монголчуудын амьдрал” сонин 2006 он

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25

“Гарьд магнай”-н гоё дүрүүд

ЖИЖИГХЭН ХҮНЭЭС МУУ САНАА ГАРДАГ Б.Магсаржав гуайг найруулагч нь ямар ч сонгон шалгаруулалтгүйг

2024-01-18

Улсын начин Д.Цэрэнтогтох шинжилгээний сорьцыг сольсон этгээдийн мессежийг дэлгэлээ

Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатарыг АТГ-аас хэд хэдэн ноцтой асуудлаар шалгаж э

2023-10-04