Дотогш урссан нулимс буюу Сономын Удвал

2020-09-24 148 0

20 дугаар зууны Монголын хамгийн гайхамшигт эмэгтэй, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Сономын Удвалын амьдралд өмнийн шаргал говь нутаг үнэхээр тод мөртэй. Нийслэл хүрээнд гамин, Бароныхон нүдэлдэж, Дээд Шивээнд МАН байгуулагдан, Богд хаантын Засгийн газар татан буугдаж, амьд Бурханы хэмжээгүй эрх хязгаарлагдсан жил тэр төрсөн юм.

Булган аймгийн Дашинчилэн, Гурван булаг сумын зааг нутаг Лах уулын өвөр Өрхтий хэмээн нөмөр нөөлөг газарт эхээс унаснаа тэрбээр бүр 50 гарсан хойноо олж мэджээ. Энэ хугацаанд эрж хайн, сураг ажиг тавиад л явж. Ямар их эрэл, урт удаан хүсэл эрмэлзэл байгаа вэ хэмээн эрхгүй бодогдоно. Тавхан настай ангарай балчиртаа ижийгээ даган хөх ногооны униар уулс сүлжилдсэн аргамаг салхиар ханхийж, гол усны аяс яруу хоржигноотой сүлрэн найрссан үзэсгэлэнт хангайгаа орхин армаг тармагхан заг бударгана торолзох хонгортон зэрэглээтсэн аагим шаргал говийн зүг тэмцэж одсон тэрбээр ийм олон жилийн дараа унасан газар, угаасан усаа олоод ирсэн нь яг л гүйгүүл хүлэг морь мэт. Тэр болтол “Өмнөговийн бүсгүй”-гээр амьдарч ирсэн байх юм.

Ээжийн охиноос айлын зарц

20 дугаар зууны Монголын хамгийн гайхамшигт эмэгтэй, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Сономын Удвалын амьдралд өмнийн шаргал говь нутаг үнэхээр тод мөртэй. Нийслэл хүрээнд гамин, Бароныхон нүдэлдэж, Дээд Шивээнд МАН байгуулагдан, Богд хаантын Засгийн газар татан буугдаж, амьд Бурханы хэмжээгүй эрх хязгаарлагдсан жил тэр төрсөн юм. Ардын хувьсгалтай чацуу гэх энэ тодотгол түүний бага нас чухам ямархан цаг түүх, ахуй байдлын дотор өнгөрснийг багцаалан төсөөлөх боломжийг бидэнд олгоно. Хэдийгээр шинэ тутам байгуулагдсан Ардын Засгийн газар хамжлагат ёсыг халж, улсын тусгаар тогтнолыг зарласан ч олон зууны харийн дарлалд нухлагдаж, он жил дамнасан дайн байлдааны хөлд зутарсан ард олны амьдрал тарчиг, басхүү хэврэг байсан цаг.

Одоогийн Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг Хөгнө ханаар нутагтай Цэдэн бүсгүй өөрөөсөө 20 гаруй ах нутгийн эр “мухар хуруу” Чоймбол бичээчид богтлогдон очжээ. “Хувьсгалын дараа салж, Соном гэдэг хүнтэй сууж, Өмнөговь аймаг руу явсан юм” хэмээн Удвал ахайтан ээжийнхээ тухай бичсэн нь бий. Түүнчлэн, “…аавтай хоёул Лүнд ирж, ээж бага сургуульд галч, саальчин байсан. Аав хувьсгалын дараа хоршоонд, мөн улсын хэвлэл зэрэг газар ажиллаж байсан” гэжээ. Цэдэн балчир жаахан охиноо одоогийн Төв аймгийн Лүн суманд нэгэн жил, Улаанбаатар хотод мөн нэгэн жил сургуульд суулгаж, бичиг үсэг таниулснаар хувь заяаг нь залаа юу гэлтэй санагддаг юм. Өгүүлэн буй одоогийн Булган, Төв, Өмнөговийн нутаг тухайн үед бүхэлдээ нэг л аймагт, тодруулбал, хуучнаар Түшээт хан аймаг байгаад 1923 онд шинээр байгуулагдсан Богд хан уулын аймагт хамаарч байлаа.

Нийслэл хүрээг Улаанбаатар гэж нэрлэх болсон үед тэд нэгэн жил суугаад цааш Өмнөговь руу явсан болов уу гэж таамаглахуйц мэдээллүүд эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлджээ. Харамсалтай нь Өмнөговьд очоод төд удалгүй Цэдэн өөд болж, бяцхан Удвал хойд эцгийн гар дээр үлджээ. “Тэр Соном гэж хүн чинь бас энгийн нэг хүн байгаагүй. Хуульч, банкны ажилтай, үргэлж хөдөө гадаа яваад өгдөг сонин хүн байсан гэдэг юм” хэмээн Удвал ахайтны том хүү Б.Өнөбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тодруулбал, тухайн үеийн аймаг, хошууны аль нэг Тамгын газрын түшмэл юм уу, Улаанбаатарт шинэхэн байгуулагдсан Улсын банкны Өмнөговь дахь төлөөний түшмэл байсан бололтой юм. Хойд эцгийнхээ эзгүйд Удвал айл айлд зарагдан, хүн хүний гар хөлийн үзүүрт гүйж явжээ.

Хувь ерөөл буюу Ж.Самбуу дарга

Хожмоо БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга буюу Төрийн тэргүүнээр 20 шахам жил ажилласан, Хөдөлмөрийн баатар Ж.Самбуу агсан яг тэр үед Богд хан уулын аймгийн даргаар ажиллаж байсан нь хүний нутагт өнчирсөн бяцхан охины хувь ерөөл болсон байна. Энэ тухай Удвал ахайтан хожим 70 нас шахсан хойноо МАХН-ын Төв Хорооны Бүгд хурал дээр хэлсэн үгэндээ, “…Айлын хонь хариулж явахад Ж.Самбуу гуай намайг машиндаа суулгаж аймгийн төвд авчирч, ажил хөдөлмөрийн захад оруулж, тэрнээс хойш өөрийн үрээс ялгалгүй байлгасан…” хэмээн цухасхан дурссан байдаг. Чухам тэрхүү “ажил хөдөлмөрийн захад орох” үедээ ердөө долоохон настай байсныг нь албан ёсны намтарт нь дурджээ.

Эхээс өнчирч, эцгээс хаягдан айлын хаяанд адсаган дээр унтаж, үүр цүүрээр нойрмог амьтан сэгсчүүлэн сэрж малд хөөгдөн гардаг байсан “хамжлагын” хөдөлмөрөө тэрбээр үнэлгээтэй, урамшуулалтай, өсөн боловсрох боломж нөхцөлтэй тэс өөр ажил хөдөлмөрөөр сольсон нь энэ байлаа. Хамгийн гол нь өөртэй нь хүн ёсоор хандаж харьцсан улсын дунд орж ирсэнээр охинд хүмүүсийг таних, өөрийгөө мэдрэх цоо шинэ сэрэл сэтгэмжийг төрүүлсэн нь лавтай. Хожмоо тэрбээр “Хэрвээ би Ж.Самбуу даргатай таараагүй бол айлын хаяа бараадсан өргөмөл, малчин хүүхэд болж, миний амьдрал тэндээ л дуусах байсан” хэмээн дурссаныг Б.Өнөбаатар бас нэгэн ярилцлагадаа дурдсан байна.

Ж.Самбуу агсан түүнийг тухайн үеийн Халиугчин боролзойн хошуунаа авчран, дэргэдээ тал бичээч болгосон тухай намтрын зүйлс, дээр эшилсэн өөрийнх нь үг зэргийг онолдуулан үзвэл Богд хан уулын аймгийн төв энэ хошуунд буюу одоогийн Төв аймгийн Баянцогт сумын хуучин төвд байсан бололтой. Тус аймгийг 1931 онд шинэчлэн зохион байгуулж, Сэлэнгэ, Төв, Дорноговь, Өмнөговь аймгуудыг шинээр байгуулахад Ж.Самбуу агсан Өмнөговийн даргаар томилогджээ. Энэ үед 10 настай байсан Удвал охин аймгийн захиргаанд тал бичээчээс жинхэнэ бичээч болж, улмаар цэргийн хэлтэс, МАХН-ын хороонд бичээчээр ажиллаж байлаа. Төдөлгүй Ж.Самбуу гуай нийслэлд дуудагдан, Мал, тариалангийн яаманд хэлтсийн даргаар ажиллаж байгаад 1937 онд БНМАУ-аас ЗСБНХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тохоон томилогдов. Энэ онд 16-тай Удвал Улаанбаатарт Багшийн сургуульд ирээд, улмаар Хувьсгалт залуучуудын эвлэл (ХЗЭ)-ийн даалгавраар Дотоод явдлын яамны гал командад бичээчээр ажилласан байна. “Тэр үед сахилга бат гээч ийм юм байдаг байж гэх анхны мэдэгдэхүүнтэй болж эхлэхдээ миний амьдралын турш тэр маань хэрэг болох нэгэн чухал зүйл гэж үнэндээ ойлгоогүй явжээ” гэж хожим дурсан бичсэн нь бий. Улмаар тэрбээр гал команддаа дэвшин эмэгтэйчүүдийн зохион байгуулагчийн ажил эрхэлж байгаад 1941 онд Намын шинэ хүчний сургуульд элсэж, төд удалгүй 1942 оноос Зөвлөлтийн КУТВ буюу Дорно дахины хөдөлмөрчдийн их сургуульд суралцахаар явсан юм.

Дайнтай цагийн оюутан

Дайны цагийн оюутан байх мэдээж амар хялбар байгаагүй нь лавтай. Үргэлжийн түгшүүрт байдал, фронт дээр байгаагаас ялгарах юмгүй хориглолт, хамгаалалтын горим, дайны талбараас тасралтгүй хүргэгдэн ирэх шархтай цэргүүд. Сурч мэдэх эрмэлзэлтэй орон орны оюутнуудыг яаран буцаахыг КУТВ урьтал болгоогүй гэдэг. Гэхдээ өөрийн саналаар нутаг буцах нь нээлттэй байсан ч Удвал тэндээ үлджээ. Учир нь энэ дайн зөвхөн Зөвлөлт, Германы асуудал бус дэлхий дахины хэрэг явдал байсан юм. Түүний нэгэн адил үлдсэн оюутнууд хориглон хамгаалалтын дэглэмд орж, сургуулиа болон өөрсдийгөө хамгаалах нуувч, нүх ухах, цэргийн эмнэлгийнхэнд туслах, шархтныг асрах зэргээр “дайтаж” байлаа. Дайны хөлд өртөгчдийн гашуун зовлон, үхэл өнчрөл хийгээд ийм л үед хүмүүс өөр хоорондоо сэтгэл гаргаж, тусалж дэмжихийн чухлыг тэр ойлгосон юм. 1943 он гарч, дайны байлдаан улам ширүүсэн, нөхцөл байдал хүндрэх үед тэрбээр арга буюу нутагтаа буцав.

Буцаад ирээд 20 гаруйхан настай цэл залуухан бүсгүй Өмнөговь аймгийн захиргаанд томилогдон, “Говийн мэдээ” сонины анхны эрхлэгчээр ажиллах болов. Намын боловсон хүчин, “Чи чинь аль нутгийнх билээ” гэж асуухаар нь сандарсандаа ч юм уу, ой тойнд нь Булган хангайгаас илүүтэй өмнийн говь хоногшин үлдсэн болоод ч тэр үү, “Өмнөговь” гэчихэж. Тэгээд л тийшээ хуваарилагдсан хэрэг. Энд тэрбээр хань Б.Багаажавтайгаа учирч, өрх гэрээ ч үүтгэсэн юм. Хал балыг нь ч, хатыг нь ч, мөнхүү халууныг нь ч үзэж амссан өмнийн шаргал говь түүний амьдралд үнэхээр тод мөртэй.

С.Удвал хүү, охины хамт Хөгнө хан уулын “Хадагт хошуу”-нд. 1980 оны орчим. Зүүн гар талаас, Нэгдлийн орлогч дарга Пүрэвсүрэн, Улсын аварга малчин Д.Бат, зохиолч С.Удвал охинтойгоо, малчин Балжинням, Цэрэнтогтох, сумын намын дарга О.Лувсачоймбол. М.Саруул-Эрдэнийн архив.

Удвал бүсгүйн сонгосон зам

1990 оны гуравдугаар сар. Улс төрийн товчоог огцруулах асуудлыг хэлэлцсэн МАХН-ын Төв Хорооны наймдугаар Бүгд хуралд тэрбээр “Монголчуудад эв нэгдэл хэрэгтэй байна” гэсэн алдарт үгээ хэлсэн юм. Нас сүүдэр 70 шахсан тэрбээр энэ үгэндээ туулж өнгөрүүлсэн амьдралаа товч, тодорхой дүгнэж, “…Амьдралын хоёр тал гэж байдаг. Нэг нь нийгмийн хөдөлмөр, нөгөө нь гэр бүл. Хариуцлагатай ажил хийж яваа эмэгтэй хүнд энэ их хэцүү. Би ганцхан нийгмийн хөдөлмөрийг голлон сонгож явсан. Тийм учраас нөгөө талдаа их хохирол үзсэн” хэмээн өгүүлсэн юм. Үнэхээр тэр хувийн амьдрал ахуйгүй мэт Монголын нийгмийн сайн сайхны төлөө, утга зохиолын, уран зохиолчдын, эмэгтэйчүүдийн төлөө хоёргүй сэтгэлээр махран зүтгэсэн юм.

БНМАУ-ын Төрийн эрхийг барих, хууль тогтоох дээд байгууллага болох Ардын Их Хурал (АИХ)-ын гишүүн (депутат)-ээр арвантаа сонгогдож, 40 жил төр түшилцсэний 22 жилд нь АИХ-ын тэргүүлэгч явсан Удвал ахайтан чухамхүү “ачааны хүндийг үүрсэн” хүн. Соёлын гавъяат зүтгэлтэн С.Оюун зохиолч түүнийг “Цагийг эзэлсэн хатагтай” хэмээн нэрлэсний учрыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Л.Түдэвийн тайлбар тод томруун илтгэдэг. Тэрбээр бичихдээ, “Үзээгүй бүхнээ үзэж, байгаагүй болгоныг бий болгосон хорьдугаар зууны монголчууд улс орноо, хүн ардаа үнэхээр танигдахгүй болтол өөрчилж чадсан нь юм бүхэн дээр ил тод харагдах боловч түүнийг олж харах нүд, таньж ухаарах ухаан гэж өөр болой. Өнөөгийн залуус бол монгол орон нь өндөр барилга, өргөн гудамж, нисэх онгоц, автомашин, радио, телевиз, цахилгаан гэрэл, ярьдаг утас, галт тэрэгтэй ийм л байсан юм шиг л санана. Гэтэл дал, наян настай өдгөөгийн өвөө, эмээ нарынх нь залуу цагт дээр дурдсан бүхэн манайд байсангүй. Тэдгээрийг тэд л өөрснөө буй болгож гардаж бүтээлцсэн гол эзэд нь байсан юм…” гэжээ.

Үнэхээр Ардын хувьсгалын жил мэндэлж, Ардчилсан хувьсгалыг үзсэн Удвалын амьдрал, үйл хэрэг бүхэлдээ хорьдугаар зууны Монголын улс төр, нийгмийн тогтолцоог бүтээлцэхэд зориулагдсан юм. Хүн амын боловсрол, соёл, гэр бүлийн үнэт зүйл, хөдөлмөрийн харилцаа, эмэгтэйчүүдийн хөгжил, нийгмийн халамж, урлаг, уран зохиолын үнэлэмж, үүрэг оролцоог бэхжүүлсэн олон чухал шинэчлэлт, өөрчлөлтийн гол зохиогч нь тэр байсныг түүхийн баримтууд бэлхнээ илтгэнэ. Зөвхөн зохиогч, санаачлагч байгаад зогсохгүй хэрэгжүүлэгч, ажил хэрэг болгогч нь ч тэр өөрөө байлаа.

КУТВ-т явахынхаа өмнө элсэн орсон Намын шинэ хүчний сургуулиа 1946 онд дүүргээд тэрбээр Намын төв хэвлэлүүдийн нэгдсэн редакцид суртал ухуулгын хэлтсийн дарга, “Үнэн” сонины орлогч эрхлэгчээр ажиллахын зэрэгцээ зохиол бүтээлдээ улам гүнзгийрэн орсон байна. 1949-1957 онуудад МАХН-ын Төв хорооны Эмэгтэйчүүдийн хэлтсийн эрхлэгч, Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн даргаар ажиллахын хажуугаар “Намын амьдрал” сэтгүүлийг эрхлэн гаргаж байлаа. Зөвлөлтөд Коммунист намын дээд сургуулийг 1961 онд дүүргэж ирсэнээсээ хойш тэрбээр 1974 он хүртэл 13 жил Монголын Зохиолчдын эвлэлийг, 1962 оноос 1982 онд Монголын Эмэгтэйчүүдийн хороог 20 жил тус тус хавсран удирдсан юм. Эдгээр байгууллагууд тухайн үед өнөөдрийн шиг төрийн бус байгууллагууд байгаагүй. Нам, төрийн бүтэц бүрэлдэхүүнд орж, бодлого шийдвэрийг тодорхойлдог, нийгмийн амьдралд асар гүн гүнзгий оролцож, нөлөөлж чаддаг хүчирхэг институциуд байлаа.

Эмэгтэйчүүдийн ажил, хөдөлмөр эрхлэх, дээд боловсрол эзэмших боломж нөхцөлийг бүрдүүлэх, жирэмсэн болон нялх хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах, амралт чөлөө олгох, хөнгөлөлт тэтгэмж олгох зэрэг олон зүйлийг хуульчлан системчилж өгсөн нь одоо ч хэвээр мөрдөгдөж байна. Мөн удирдах ажилд эмэгтэйчүүдийг дэвшүүлэх, нам төр, олон нийтийн байгууллагын сонгуульт ажилд сонгох, тэдний нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэх, оюун мэдлэгийн өргөн хүрээтэй сэтгэлгээтэй, гоо үзэмж төгөлдөр орчин үеийн эмэгтэйчүүдийг төлөвшүүлэх талаар тэр чухамхүү гавъяа байгуулсан хүн гэж болно. Өөрөө ч үлгэрлэн дагуулж, намбалаг гоо төрх, хэн бүхэнд харамгүй хүртээсэн сайхан сэтгэл, халамж анхаарал, ухаалаг мэргэн оюунаараа цаг үедээ гайхалтайгаар нөлөөлсөн юм. Түүний тухай зохиолчид, эмэгтэйчүүд үргэлж сайн сайхнаар дурсан ярьж, эерүү зөөлөн сэтгэл, элгэмсэг дотно хандлага, хэн бүхнийг анхааран сонсож, дэмжин тусалдаг арга барил, ухаалаг, сургамжтай үгсээр нь ямагт бахархаж байдаг юм. Тиймдээ ч Удвал дарга төр, засгийн удирдлагуудын дунд төдийгүй ард олны дунд нэр хүндтэй, дэлхийн олон оронд төрийн алба гүйцэтгэж, өндөр түвшний хурал чуулган, энх тайвныг хамгаалах дэлхий дахины үйл хэрэгт идэвхийлэн оролцож, олон улсын улс төр, соёлын томоохон зүтгэлтнүүдийг дагуулсан гүн санаа, өргөн утга агуулга бүхий үг хэлж, шинэ сэргэг санал санаачилга гарган, түүнийгээ хэрэгжүүлэх далайцтай арга хэмжээг эх орондоо зохион байгуулж, үр дүн гаргахад тууштай, хариуцлагатай ханддаг олон улсад танигдсан, Монгол Улсаа таниулсан суут эрхэм байв.

Уран туурвилын онцлог

Нутаг орондоо тохитой томоотой, ховор хүн гэгдсэн эрд хулгайлагдан очсон Ундрам бүсгүй чухамдаа өөрөө илүү ховор хүн боловч үнэ цэнэгүй, халамж хайргүй “эрийн боол, гэрийн зарц” болж буйг, улмаар тэрхүү бүгчим битүү ахуйгаасаа гарч хөгжин боловсрохын замаар одож буйг өгүүлсэн “Ховор хүн” бэсрэг тууж бичигдсэн даруйгаа гадаад, дотоодод хэвлэгдэн түгэж, уншигч олноос өндөр үнэлгээ авч байлаа. Удвал ахайтны зохиол бүтээлүүдийг Монголын уран зохиолын түүх, туурвилын тухайн цаг үеийн дүр байдалд нь хамааруулан үзэж судлах нь чухал юм. “Одгэрэл”-ээ бичсэн 1950-аад онд тууж, романы туурвил Монголын орчин үеийн уран зохиолд төдий л төлөвшиж амжаагүй байсан бөгөөд тухайн үедээ нэлээд томоохон хэмжээний бүтээлд тооцогдож байжээ. Дүрүүдийнхээ дотоод сэтгэлийн мөн чанарыг илэрхийлэхэд чиглэсэн шинэлэг сэдвийг барьж авч, гүйцэд өгүүлдэг нь Удвал ахайтны туурвил зүйн онцлог болдог гэж болно. Хөдөлмөрийн баатар Л.Түдэв түүнийг Монголын анхны эмэгтэй романч, кино зохиолч гэж тодорхойлоод зогсохгүй “…эрчүүд голдуу баатартай утга зохиолд эмэгтэйчүүдийг төвийлгөн дэвшүүлж тавьснаараа шинэчлэлийн чанартай сэтгэлгээг нэвтрүүлсэн…” гэж үнэлсэн байдаг.

Монголын түүхэн романы урын санд Удвалын оруулж ирсэн намтарчилсан зохиолын онцлог нь харьцангуй бага судлагдсан ойрхи цагийн түүхэн хүний дүрийг авч, өөрийн бие даасан судалгаанд тулгуурлан бүтээснээрээ онцлог гэж болно. Тухайн үед гараад байсан томоохон туульсын бүтээлүүдэд түүхэн дүрүүдийг түүхийн судалгааны эргэлтэд бий болсон баримт нотолгоонд тулгуурлан гаргаж байсан бол Удвал энэ ажлыг зохиол бичихийн хамтаар нэгэн зэрэг хийж, Монголын түүхийн шинжлэх ухаанд давхар ач холбогдол бүхий бүтээл туурвиснаараа онцлог юм. “Их хувь заяа” роман уран сайхны туурвилын чамбай гүйцэтгэлтэй бүтээл болсныг илтгэх гарцаагүй нотолгоо бол хэвлэгдсэн даруйдаа орос болон бусад хэлээр орчуулагдаж, улмаар дэлгэцийн бүтээл болж хөрвөн, манай томоохон түүхэн-уран сайхны киноны тоонд зүй ёсоор багтсан явдал юм.

Ерөөс Удвал ахайтан жижиг, том ямар ч зохиолынхоо гол болон гол бус дүрүүдийг товч тодорхой хэллэг, үйлдлийн тусламжтайгаар бүрэн дүүрэн тодорхойлж, цогц дүр болгон босгож бичдэгээрээ онцлогтой зохиолч юм. Түүний зохиолуудаар хийсэн “Хүргэн хүү”, “Үер” зэрэг уран сайхны киноны үйл явдал, зөрчил тэмцэл болон тэдгээрт дүрүүдийн өгч буй хариу үйлдлүүд, хувьсал өөрчлөлтийн зангилаа асар нягт сууж өгсөн байдгийг үзэгчид мэднэ. Ингэснээр зохиолын гол баатар яг л бодит хүн мэт танигдаж, үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшин үлдэж чаддаг юм. Дүр бүтээх энэ ур чадварыг нь түүний яруу найргийн бүтээлээс нь ч харж болох бөгөөд тэрбээр “Өөрийн тухай” өгүүлсэн богинохон шүлэгт,

Уншихад түвэгтэй ном гэлээ би
Учирхад түвэгтэй нөхөр билээ би
Уншсан хойноо хаямааргүй ном байхсан
Учирсан хойноо салмааргүй нөхөр байхсан
Хавтас нь хатуу ном гэлээ би
Ханилахад амаргүй хүн гэлээ би
Хавтас нь элэгдэшгүй ном байхсан
Ханилахад халгүй нөхөр байхсан
Ойлгоход ярвигтай ном гэлээ би
Олдоход жирийн нэгэн билээ би
Ойлгосон хойноо хэрэгтэй ном байхсан
Олдсон хойноо марташгүй нөхөр байхсан… 
хэмээн сэтгэлийн байдал, үзэл санаа, амьдралын зам мөрөө бүрэн гүйцэд илэрхийлсэн байдаг.

Амьдралын нөгөө тал

“Ховор хүн”, “Одгэрэл” зэрэг гол гол зохиолуудаа Удвал ахайтан өөрийн амьдралаас сэдэвлэсэн гэж уран зохиолын судлаачид үзэх нь бий. Судлаачдын үнэн бол түүний хувийн амьдралд сэтгэл санааны шаналан бэрхшээл, хардагдан сэрдэгдэхийн зовлон, адармаатай, эргэлзээтэй учрал тохиолдлууд олонтаа тохиолдсон бололтой. Ганцаардан гуньж, дотор сэтгэлдээ эмтрэн уйлж явсан ч гаднаа инээмсэглэж, хүмүүсийн нүднээ амжилтаар гялалзан буй эрхэмсэг жаргалтай хатан мэт үзэгдэж амьдрах гэгч хэчнээн бэрхийг төсөөлөхөд нэн түвэгтэй.

Дээр өгүүлсэн 1990 оны Бүгд хуралд хэлсэн үгэндээ Удвал ахайтан, “Маргааш өглөө машинд суугаад Зөвлөлтөд сургуульд явна гэж пасспортоо авчихаад байхдаа нөхөртөө цоожлуулаад явж чадаагүй үлдэж байхад Дашийн Дамба дарга дараа нь намайг дээд сургуульд оруулж өгсөн…” гэх нэгэн баримтыг онцолсон байдаг. Түүнийг ертөнцийн мөнх бусыг үзүүлэхэд Төрийн шагналт яруу найрагч Д.Цоодол “Мааньтай реквием” хэмээх харууслын шүлэг бичсэн. Энэ шүлэгт,

…“Нансалмаа шиг байтлаа Юндэнгээ олоогүй
Наадаж, жаргаж хань шиг ханьд эрхлээгүй
Уйлж болохгүй жүжгийн гол нэгэн баатар шиг
Уулзах болгондоо жаргалтай харагдсан “сайн жүжигчин” тэр… 
гэсэн нэгэн бадаг бий.

Тэрбээр нөхөр Б.Багаажаваасаа 1965 оны орчим салж, арав гаруйхан насны хүүхдүүдтэйгээ үлдсэн юм. Том охиноо 1977 онд алдаж, өнчин үлдсэн охиныг нь үрчлэн авч байлаа. 1980-аад он гарч тэтгэвэртээ суутлаа, хүүхдүүдээ ажил, амьдралд хөлөө олтол хойд эцгийн гар харуулаагүй. Харин тэтгэвэрт суусан хойноо бэлтгэл хурандаа Г.Доржтойгоо ханилан сууж, аяга цайгаа хуваан ууж, амьдралынхаа сүүлийн жилүүдийг улс оронд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлтийн хувь заяанд сэтгэл зовнин өнгөрүүлсэн юм. Тиймдээ ч түүний бидэнд үлдээсэн сүүлчийн гэрээс бол эв нэгдлийн тухай захиас байсан юм.

“Зууны 100 эмэгтэй”. 203 тал. Улаанбаатар. 2020

Д.Энхболдбаатар /baabar.mn/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Э.Дэлгэрцэцэг: Нууцхан хүслийг минь сонссон юм шиг “Давхар цагаан шугам” кинонд тоглох санал ирсэн

MNB-ийн цоо шинэ бүтээл “Давхар цагаан шугам” онц сонирхолтой телевизийн олон ангит уран сайхны кин

2020-10-27

“Single ladies 4”-ийн зарим зураг авалтыг “Кёсем хатан”-ы цайзад хийжээ

“Ufilm” уран бүтээлийн нэгдэл 2013 оноос эхлэн ганц бие гурван бүсгүйн амьдралыг харуулсан “Single

2020-10-25

Дуучин Ц.Сарнайгийн шавь И.Ч.Мишээлийн шинэ уран бүтээл

"Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнайгийн шавийн шинэ уран бүтээл цацагдаж эхэллээ. Түүнийг И.Ч

2020-10-25