Жин нэмдэггүй, туранхай байдаг нь гентэй холбоотойг тогтоожээ

2020-06-29 1157 0

Зарим хүмүүс ямар ч дасгал сургуулилт хийдэггүй, юу хүссэнээ иддэг атлаа туранхай хэвээр байдгийн нууц юунд байна вэ?
Энэ асуултад хариулахаар Америк, Канадын эрдэмтэд 47 мянган хүний генетикийн мэдээллийн санг ашиглан судалгаа хийсэн байна.

Судалгааны үр дүнд тодорхойлсон нэгэн төрлийн ген нь хүний туранхай байгаагийн шалтгаан болжээ. Шинжлэх ухааны “Cell” сэтгүүлд нийтлэгдсэнээр тус генийг танин мэдсэнээр ирээдүйд илүүдэл жинг эмчлэх арга боловсруулж болох юм.

Судалгааны багийн ахлагч, Мичиган дахь Амьдралын шинжлэх ухааны институтын захирал, Канад улсын Бритиш Колумби их сургуулийн профессор Жосеф Пеннингер “Таргалдаггүй хүмүүс нийт хүн амын ойролцоогоор нэг хувьд нь байдаг. Ийм хүмүүс юу дуртайгаа хүссэн хэмжээгээрээ идэж, дасгал хийхгүй байсан ч жин нэмдэггүй. Судлаачид үргэлж л таргалалтыг эмчлэхийн тулд таргалалтын талаар судалдаг. Харин бид үүнийг нөгөө талаас харж, туранхай байгаа учрыг судлахыг хүссэн” хэмээжээ.

Пеннингерээр удирдуулсан судалгааны баг Эстони улсын 22-44 насны 47’102 хүний генийн дээж бүхий генетикийн мэдээллийн санг ашигласан. Ингэхдээ хэвийн жинтэй хүмүүс болон туранхай боловч эрүүл хүмүүсийн ДНХ-ийн дээж, клиникийн мэдээллийг харьцуулан шалгасан байна.

Үр дүнд нь туранхай байгаа шалтгааныг “ALK” гентэй холбон тайлбарлажээ. Энэхүү ген хүний биед эсийн өсөлтийг зохицуулдаг нэгэн төрлийн уураг ялгаруулдаг ба тус уураг нь өөх тос хуримтлуулах явцыг дэмждэг байна. “ALK” ген нь буруу мутацид орсон үедээ хорт хавдар үүсгэдэг онкоген гэх нэрээрээ алдартай боловч өөр нэг төрлийн мутаци нь хүнийг туранхай байлгадаг байж болзошгүй аж.

Иймээс судлаачид хулганы “ALK” генийг устгаж, “ALK” гентэй болон генгүй амьтдыг ижил хэмжээгээр хооллоход “ALK” гентэй хулгана илүү таргалсан байна.
Пеннингер “Бид ALK генийг устгаж, эсвэл үүргийг нь бууруулж хүнийг туранхай хэвээр байлгаж болох юм. Гэхдээ ингэснээр ямар үр дүн гарахыг мэдэхгүй тул цааш судалж байна” хэмээжээ.

Эх сурвалж: ScienceDaily.com, Cell.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Э.ЦЭНДБААТАР Парисын олимпын эрхийн тэмцээний сорилд оролцоно

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Монголын боксын холбоонд энэ сарын 18-нд хүсэлт гаргасан.

2024-03-22

Даян аварга Н.Батсуурь “Наурызын баяр”-ын бөхийн барилдааны түрүүг авлаа

"Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн

2024-03-19

Б.Болор: Дэлхийн миссийн тайзан дээр Монгол бүжгээ гурвантаа бүжлээ

71 дэх удаагийн “Дэлхийн мисс” тэмцээн Энэтхэгийн Мумбай хотноо амжилттай болж Чех улсын гоо бүсгүй

2024-03-13