П.Баярмагнай:Би дуугүйгээр амьдралаа төсөөлж үнэхээр чаддаггүй, бүр хагас солиорчихсон гэмээр…

2020-04-08 1186 0

“Дотортой дуучин“ гэгддэг дуучин П.Баярмагнайтай ярилцлаа.

-Уран бүтээлийн олз омог арвинтай, сайхан хаваржиж байна уу?
-Би Төв аймгийн “Монгол туургатан” театрт гэрээ­гээр ажил­ладаг. Өнгөрсөн он уран бүтээлийн ганзага дүүрэн сайхан жил байлаа. “Монгол туургатан” театрт тавьсан “Учиртай гурван толгой”, “Хөхөө Намжил” дуурьт дуулсан. “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дүрд арван жилийн өмнө, дөнгөж сургуулиа төгсөөд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг найруулагчийн урилгаар анх дуулж байв. Тэр үед Ч.Ганхуяг найруулагч Төв аймгийн “Монгол туургатан” театрт “Учиртай гурван толгой”-г өөрийнхөөрөө тавьж, уг дуурьтаа дуулах дуучдыг Төрийн шагналт, Ардын жүжигчин Х.Уртнасан агсантай хамтран шалга­руулсан юм. Ингээд Нансалмаад Гавь­яат жүжигчин Ч.Баярмаа эгч, Балганд би дуулах болсон.

Төв аймгийн “Учиртай гурван толгой”-н онцлог нь Балган нь Юндэн, Нансалмаагаасаа илүү үүрэгтэй, гол дүр байдаг. 2009 онд Балганы дүрд дуулаад шилдэг уран бүтээлчийн шагнал авч, ажлын гараагаа эхэлж байлаа. Анх дуулснаас хойш Балганд хорь шахам удаа дуулаад, одоо гаршина гэдэг нь болж байна. Өөрөө ч Балгандаа дуртай. Өнгөрсөн онд Б.Дамдинсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой тохиож, уг ойд зориулан “Учиртай гурван толгой”-г дахин тавихдаа “Хэнийг дуулуулах вэ” гэж “Монгол туургатан” театрынхан хуралдсан юм билээ. Тэгээд удирдаач Аюуш багш “Манай хамт олон чамайг дуулуулах сонирхолтой байна” гэснээс хойш хэд хэдэн удаа тоглоход нь дууллаа.

Мөн “Хөхөө Намжил” дуурийн хувилгааны дүрд дуулсан. Энэ дуурийг ДБЭТ-т тоглодог. Би түүнээс арай өөр байхыг хүссэн. Ер нь их эсэргүү нөхөр л дөө, би. Найруулагч маань надад лам хувцас хийлгэснийг нь өмсөлгүй, нүцгэн биендээ хүрэм хэдэрч, хохимой толгой, далны яс барьж дуулсныг минь хүмүүс янз янзаар хүлээж авсан.
СУИС төгсөөд 10 жил болчихож. Түүнээс хойш дандаа л урилгаар энд, тэндхийн теарт, урлагийн байгууллагад ажиллаж ирлээ. Ийм дүрд тоглооч, шинэ уран бүтээлд оролцооч гэсэн саналыг дуун дээр нь зөвшөөрдөг. Хаана уран бүтээл хийж байна, хэнд миний хэрэг байна, би тийшээ явахад хэзээд бэлхэн байдаг. Манайх ийм уран бүтээл хийх гэж байгаа юм, та ирээд оролцооч гэж уривал би хаана ч, сумын улаан булан байсан ч очно. Тайз бол мөнхөд том. Би өөрөө л багад тооцогдож гологдоно уу гэхээс үзэгч, тайз надад гологдоно гэж байхгүй. Тэгж байж өөрийгөө олон талаар хөгжүүлнэ. Олон янзын найруулагчийн, олон төрлийн уран бүтээлд оролцоход тэр бүрээс шинэ юм олж авдаг. Байнга юм хийж, өөрийгөө болж өгвөл задалж, хөгжүүлж байхыг хичээдэг. Өнөөгийн нийгэм ч тийм байхыг шаардаж байна. Нэг байгууллагад ороод, оролцох ёстой юмандаа л оролцоод, цаг бүртгүүлж суух надад тийм ч таатай санагддаггүй.

-Цагт баригдахгүй, өөрийнхөөрөө, ингэж ажиллах нь амар байдаг уу?
-Харин ч хэцүү. Маш их золиос шаардана. Яг үнэндээ би өөрийгөө хөгжүүлэхийн төлөө яваад гэр бүлээ бараг л ор тас орхисон. Яах вэ, нэг газарт яаж ийж байгаад ажилд ороод, тэндээ байгаад байвал байгаад л байна. Гэхдээ урлагийн хүн эрэл хайгуул хийхгүй, буцалж даргилахгүй, өдөр хоног өнгөрөөх төдий явах гунигтай. Олонд танигдаж, хүлээн зөвшөөрөгдөж, нэр хүндтэй болъё гэвэл залуу уран бүтээлчид өөрийгөө хөгжүүлж, чадал чансаагаа бусдад харуулах хэрэгтэй. Тэгж байж урмын үг сонсоно. Би бол үүний төлөө өөртэйгөө тэмцэж, өөрийгөө хайж, шинийг эрэлхийлж яваа уран бүтээлч.

-Мэргэжлийн уран бүтээлчдийн хувьд томоохон театрт ажиллаж, байнгын бэлтгэл сургуулилалттай байж формоо хадгалдаг юм биш үү?
-Тийм байж болно. Гэхдээ миний хувьд хүсэл мөрөөдөл л өөрийгөө эрч хүчтэй байлгах гол хөшүүрэг. Хүн өөрөө хүсвэл хаана ч бэлтгэл хийж болно.
-Төгсөөд ДБЭТ-д орох мөрөөдөлгүй СУИС-ийн дуулаачийн анги төгсдөг хүн ховор байх. Чамд ч тийм бодол байсан л байлгүй?
-ДБЭТ-т орох юм сан гэсэн бодол байсан. Монголд дуурийн театр ганцхан байгаа нь надад дэндүү харамсалтай санагддаг. Гэхдээ би төгсөнгүүтээ Ч.Ганхуяг найруулагчийн урилгаар дуурийн гол дүрд дуулчихсан, бас Якутын дуурийн театраас урилга авчихсан болохоор тэгтлээ их шатаж тэмүүлээгүй юм байна. Намайг төгсөх жил Якутын дуурийн театрынхан Монголд айлчлан тоглолтоор ирээд, найруулагч нь Монголоос хоёр дуучин авмаар байна гэсэн. Тэгэхэд шалгаруулалтад оролцсон залуусаас ДБЭТ-ын гоцлооч Хүрэлбаатар, бид хоёр тэнцэж, тухайн жилийнхээ намар явахаар болсон юм. Гэтэл Якутын театрын дарга солигдоод, бид баахан бичиг цаас бүрдүүлж, бөөн ажил ундрахаар болсон. Тэгээд хэл ус ч байхгүй, тусалж дэмжих ч хүнгүй болохоор тэгс гээд орхисон. Би явахаар хувцас хунараа хүртэл бэлдчихсэн байсан юм.
Ингээд бүтэлгүйтэж, явж чадахгүй болох үед арваннэгдүгээр сар болчихсон, ДБЭТ болон бусад мэргэжлийн театрууд шинэ төгсөгчдөөс авахаа аваад, бүх юм дуусчихсан байсан. Манай үеийнхэн мундагийг ч хэлэх үү. Уралдаан тэмцээнд дандаа хамт орж, эхний байруудыг дараалан авдаг алтан баритонууд гэж яригддаг Г.Ариунбаатар, Э.Амартүвшин, Ч.Бадрал, Б.Батбаатар бид нэг үеийнхэн шүү дээ.
-Нэг үеийнхэн бүгд жигд сайн байх бахархам сайхан. Нөгөө талаараа жигдхэн сайхан дуучдын заримд нь боломж олдоно, заримд нь олдохгүй гэхээр..?
-Сайхан шүү дээ. Хувь тавилангаараа л явцгаана. Онгорхой цоорхойгоор нь ганц нэг тэмцээн уралдаанд орж, байр эзэлж л явлаа. Нэг тэмцээнд ороод түрүүлсэн хүн дараагийн удаа тэр тэмцээнд оролгүй бусдадаа боломж олгодог уламжлал дуурийнханд байдаг юм.
-Чи дуулахаас гадна хэд хэдэн кинонд тоглосон. Энэ нь олонд танигдах гэсэн оролдлогын чинь нэг хэсэг үү, жүжигчний ажилд сонирхолтойнх уу. Дуугаа ч их жүжиглэлттэй дуулж байгаа харагддаг?
-Зарим хүн надаас “Чи гурван бадаг дуулах гэж хөлс нь гоожиж, шатаад бөөн юм болох юм. Яагаад ингэдэг юм бэ” гэж асуудаг. Дуун дотор асар том агуулга бий, үг бүрийг нь мэдэрч, түүнийгээ өөрийнхөөрөө илэрхийлэн хүмүүст хүргэх юмсан гэж би боддог. Энэ бол миний онцлог, давуу тал. Дуучин хүн бүрт сайхан хоолой бий. Харин мэдрэмж бол хүн бүрт адил заяахгүй, давтагдашгүй өгөгдөл. Би зүгээр зогсож байгаад дуулахаас өөрөөр яаж хүмүүст хүргэх вэ гэж их боддог. Найруулагчийн хэлснээр хийгээд явах амархан. Түүнээс гадна хувь уран бүтээлч өөрөө бодож сэтгэж, найруулагчтайгаа ярил­цаж байж сайн уран бүтээл үзэгчдэд хүргэх ёстой гэж боддог.
Энэ бодол маань намайг драмын урлаг руу татдаг болов уу. Сайхан жүжигчдийн тоглосон жүжгийг үзэж, тоглолтыг нь харах дуртай. Драмын жүжигчидтэй ойр дотно. Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, жүжигчин Ц.Цэрэнболд ахтай дотно сайхан харилцаатай. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай намайг СУИС-д оюутан байхаас мэддэг, “Чамд нэг юм бий” гэж хэлдэг байлаа. 2011 онд “Universe best songs”-т оролцохдоо “Отелло” жүжгийн Ягогийн дүрд орж дуулахыг минь үзчихээд Ц.Гантөмөр гуай над руу утасдаж “Би Ягод тоглож байсан. Энэ дүрд ороод ингэж дуулж болно гэж бодож байсангүй. Чи надад хүн шиг харагдсангүй. Энэ дүрийг их сониноор харууллаа. Чи бид хоёр өнчин өрөөснөөрөө ч адилхан юм” гээд надад дээл бэлэглэж байв. Уралдаанд оролцохдоо дуугаа яаж хүмүүст хүргэх вэ гэж бодож байгаад өөрийнхөө бодсоноор л гаргасан нь тэр. Энэ мэтчилэнгээр нэг л мэдэхэд драмын урлаг, драмын жүжигчидтэй холбогдчихдог. Үүнийхээ буянд хэд хэдэн киноны жаахан ч гэсэн хэсэгт гарсан хэрэг.
“Universe best songs”-т оролцоод “Мартагдашгүй намар-2”, дараа нь “Сүүн замын сахиул”, “Хөхөө” уран сайхны кинонд тоглосон. “Хөхөө” гадаадын кино наадмуудад оролцож яваа, удахгүй Монголд нээлтээ хийнэ. Би өөрөө дуртай болохоор надад шинэ бүтээлийн санал ирэхэд шууд зөвшөөрдөг. Уран бүтээлчдийн дунд байхдаа хүмүүс яаж ажиллаж, хэрхэн жүжиглэж буйг харж, асар их зүйл сурдаг учраас би тэгж явахдаа дуртай.


-“Гэгээн муза” авч байсныг чинь санаж байна. Мэргэжлийн уран бүтээлчдийн өнгө төрхийг тодорхойлдог том шагнал шүү дээ?
-Монголын үндэсний урлагийн их театрт тавьсан “Оройн дээд” дуулалт жүжгийн Богд хааны дүрд дуулаад тухайн оныхоо “Гэгээн муза”-гийн шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн. Монголын тайзны анхны Богд хаан шүү дээ. Жүжиглэх авьяасаа хөгжүүлж буйн хэрэг гарч байгаа нь тэр байлгүй. Ер нь хөдөлмөрлөсөн хүн түүнийхээ үр шимийг үздэг, өөрийгөө хаахна явааг хардаг байх хэрэгтэй л дээ. Би уралдаанд өөрийгөө сорихоос хойш суудаггүй. Б.Шарав гуайн нэрэмжит мэргэжлийн дуулаачдын тэмцээнд гуравдугаар байрт орсон. Тэгэхэд хүмүүс “Нөгөө Баярмагнай чинь энэ байна” гэж шивнэлдэж байхыг сонсох их тааламжтай байлаа. Г.Бирваа агсны 100 жилийн ойд зориулсан уралдаанд тэргүүн, Ц.Чинзориг агсны нэрэмжит “Дууны хорвоо” мэргэжлийн дуучдын уралдаанд гуравдугаар байрт орж байлаа. Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд хоёр ч удаа амжилттай оролцож байсан.
-Баярмагнай гэдэг дуучин аль хэдийн хүмүүсийн мэддэг, сонсдог дуучин, хайртай уран бүтээлч болсон. Олны танил болоод ирэхээр хувийн амьдралыг нь хүмүүс сонирхдог талтай. Тэгэхээр Баярмагнай гэдэг хувь хүний талаар яриулахгүй өнгөрч болохгүй байх?
-Би Баянхонгор аймгийн уугуул. Багадаа өнчрөл хагацал, зовлон бэрхшээл туулсан ч дандаа сайн, сайхан хүмүүстэй учирч байсны буянд өдий зэрэгтэй яваа. Нутгаасаа эхнэр авч, хүү, охин хоёртой болсон. Би нэг талаас нь харвал их хатуу, нөгөө талаасаа их зөөлөн хүн байх. Хаана, хэн миний дууг хүснэ, тэнд л байна гэдэг бодлоосоо болоод гэр бүлээ их золиосолдог. Ц.Чинзориг агсны нэрэмжит мэргэжлийн дуучдын уралдаанд оролцож явахад эхнэр маань амаржиж байлаа. Би дэргэд нь байж чадаагүй. Ер нь уран бүтээлчид гэр бүл, хайртай хүмүүсийнхээ гоё сайхан мөч, баяр ёслолоор дандаа эзгүй байдаг гэж ярьдаг. Би бол бүр ч их эзгүй байдаг хүн. Гэрийнхэн маань аймагтаа, би нийслэлд, тэднээсээ тусдаа таван жил болж байна. Гэртээ хааяа л очдог.
-Нэгэнт нийслэлд байж, олны хөлийн газарт уран бүтээлээ туурвия гэж шийдсэн бол гэр бүлээ аваад ирж болдоггүй юм уу?
-Тэгж болно л доо. Гэхдээ бас хэцүү асуудал байна. Би нутаг орноо хүндэтгэж шүтэх үзэлтэй. Үр хүүхэд минь хаана төрж, өссөнөө илүү сайн ухаартлаа нутагтаа байх ёстой гэж боддог. Баянхонгорт төрсөн, гэхдээ аав минь шилжээд, бид тэр нутгаас хар багадаа гарсан гэж ярьдаг, аль ч нутгийнх биш болчихсон хүн олон шүү дээ. Тэдэн шиг болох вий гэж эмээдэг. Нутгийн зон олон дундаа бужигнаж, амьдралын сайн мууг мэддэг болоод, ухаан суугаад ирэх үедээ наашаа ирсэн нь дээр. Тэр хооронд би байр сууриа олж, байшингаар бол хүчтэй, хөдлөхгүй суурь тавих хэрэгтэй байна.
-Гэр бүлийн чинь хүн энэ бодолтой чинь санал нийлдэг бололтой?
-Намайг ойлгох ёстой. Би дуучин хүн. Нэгэнт л надтай хувь заяагаа нийлүүлсэн учраас аз жаргал, муу муухайг ч хамтдаа мэдэрч, миний дууг сонсоод зовлон бэрхшээлээ умартдаг байх ёстой гэж боддог. Ингээд ярихаар хатуу байна уу.

-Та ер нь гэр бүлдээ хайртай юм уу?
-Хайртай байлгүй яах вэ.
-Хайртай хүмүүс удаан хол байх хэцүү гэж бодоод л…
-Яаж сайхан байх вэ. Янз бүрийн л юм байна. Цаана нь миний дуу хуур, хүсэл мөрөөдөл байгаа учраас л үүнийхээ төлөө ингэж явна. Аав, ээж минь дэргэд суугаад, дуулахыг минь сонсох мэдрэмжийг дуу надад өгдөг. Тайзан дээр дуулахдаа л би хамгийн их аз жаргалыг мэдэрдэг. Дуулж байхад миний алдсан, надаас холдсон бүх хүн намайг харж байдаг учраас би дуу хоолойгоороо сайн сайхан яваагаа харуулах ёстой. Тиймээс би дуугүйгээр амьдралаа төсөөлж үнэхээр чаддаггүй. Бүр хагас солиорчихсон гэмээр ч юм уу, тийм л хүн.

-Багадаа өнчирсөн гэж дээр цухас дурдлаа. Бас шоунд оролцож байхдаа “Багш маань өргөж авсан” гэж ярьж байсан санагдана?
-Ээж минь намайг хоёрдугаар ангид байхад, аав дөрөвдүгээр ангид байхад нас барсан. Тэгэхэд надад асрамжийн газар руу явах уу, айлд өргүүлэх үү гэдэг хоёр сонголт тулгарсан. Бага ангийн багш минь намайг асрамжийн газар руу явуулахгүй, би өргөж авна гэсэн. Багш намайг миний хүү бол гэдэг байсан ч би очдоггүй байлаа. Овоо том болоод ухаан суучихсан болохоор хүлээж авч чадахгүй байсан хэрэг. Багш намайг харж ханддаг байлаа. Удалгүй багш хот руу шилжиж, би нутагтаа үлдсэн. Алсаас ч гэсэн багш надад байнга санаа тавьж “Миний хүү яаж байна, ядарч, зүдэрч явна уу. Өлсөж, цангаад хэцүү байвал наашаа шууд ирээрэй. Над руу яриарай. Би 38-р сургуульд багшаар орсон шүү” гээд, хаяг, утсаа өгнө. Багш маань хоёр охин, нэг хүүтэй, тэд нь жаахан. Би багшийнхаа амьдралыг мэддэг болохоор “Өрх толгойлсон, гурван нялх хүүхэдтэй хүнд ачаа нэмж, төвөг болоод яах вэ” гэх маягийн юм боддог байлаа. Жаахан хүүхэд гэхэд айхтар юм бодож байсан байгаа биз.
Ингээд оюутан боллоо. Бүтэн өнчин учраас төрийн зардлаар сурсан. Хичээлийнхээ хажуугаар барилга, ресторан гээд олдсон газартаа ажиллаж, хэрэг­лээний мөнгөө олно. Цалингаа авахаараа сүү, тараг аваад багшийндаа очно. Хүн угаасаа л хүнээр дутдаг шүү дээ. Намайг очихоор дүү нар маань баярлана. Би багшаасаа “Овоо шүү дээ, миний хүү” гэсэн халуун дулаан, баярласан үгийг нь сонсохыг хүснэ. Ингэж улам ойртсоор багш маань ээжийг минь орлосон ээж минь болж хувирсан. Гэтэл явсаар багшийн маань охин дэлхийн аварга боллоо. Дэлхийн аварга жүдоч М.Уранцэцэг шүү дээ.

Энд нэг зүйлийг ний нуугүй хэлмээр санагдаж байна. Хүмүүсийг битгий ийм байгаасай гэдэг талаас нь сануулах гээд байгаа хэрэг. Төрсөн дүү байхгүй, эр ганц миний хувьд төрсөн дүүгээс өөрцгүй дүү минь алдар гавьяанд хүрэх тусам хүмүүс намайг холдуулахыг, хамааралгүй гэж надад сануулахыг оролддог. “Миний дүү сайн барилдлаа, аварга боллоо” гээд юу ч бодохгүйгээр, чин сэтгэлээсээ баярлаж суухад хажуунаас “Чи төрсөн ах нь биш юм билээ шүү дээ” гэдэг. Энэ нь “Тийм ээ, тийм. Нээрэн тийм шүү дээ” гэж бодоход хүргэдэг. Надад маш муухай санагддаг. Дүүгээ дэлхийн аварга болоод ирэхэд нь өмнө нь очдог байсан сэтгэгдлээрээ очиход дүүрэн хүн шавчихсан, хэвлэлийнхэн цугла­чихсан байсан. Тэгээд “Ингээд орвол намайг хүмүүс юу гэж харах бол. “Зайлуул, эдний…” гээд л янз бүрээр ярьдаг хүмүүс түүнийгээ ярих байх даа” гэсэн бодол төрөөд, орохоос халширах жишээтэй.
-Өнчин хүн өөнтөгч гэдэг шүү дээ. Та хүмүүсийн санаандгүй хэлсэн үгийг хэтэрхий хүндээр хүлээж авдаг байж магадгүй санагдлаа?
-Тийм байж магадгүй. Би үгүйсгэхгүй. Уран бүтээлээр дамжуулж хүн маш их зүйлийг ойлгодог учраас би жил ирэх тусам эмзэг, мэдрэмтгий тал руугаа болж байгаа тал бий. Гэхдээ л “Чи юундаа баярлаад байгаа юм бэ, тэр чинь танай дүү биш биз дээ” гэхэд надад ямар муухай санагддаг гээч. Амьдралд янз бүрийн л зүйл таарна. Хүний сэтгэлд юу байгааг мэдэхгүй байж битгий янз бүрээр хэлж байгаарай л гэж хэлмээр санагддаг. Энэ хорвоо дээр төрсөн биш, мах цусны холбоогүй хүний аз жаргалаар өөрийнхөө амьдралыг гэрэл гэгээтэй болгож явдаг асар олон хүн бий. Тэгж яваа хүмүүст битгий ийм үг хэлээрэй. Мах цусны минь тасархай биш ч гэлээ даарахад нь өвөртлөөд унтсан, өлсөж цангахад нь хоолоо хувааж идсэн, ядрахад нь хөлсийг нь арчсан тэр мэдрэмж хамгийн үнэ цэнтэй санагддаг. Төрсөн ах, дүү нь л баярлах эрхтэй, бусад нь тийм эрхгүй байж болохгүй шүү дээ. Үүнийг би зөвхөн өөртэйгөө хамаатуулж яриад байгаа юм биш. Бахархмаар, гайхмаар, биширмээр, хүмүүсийг хүндэлдэг, магадгүй дэргэд нь очдог, хамт зургаа авхуулахыг хүсдэг, авхуулснаа танил мэт онгирч ярьдаг ч хүн байдаг. Хүний л амьдрал юм чинь, энэ болгонд хүндэтгэлтэй хандаж байгаасай гэж хүсдэг.
-Багш чинь нийслэл рүү шилжиж, өөрөө ганцаараа үлдсэн юм байна. Шилжилтийн хүнд үед ганцаараа үлдсэн өнчин хүү яаж тэр жилүүдийг давсан бол?
-Энэ тухай ярих жаахан хэцүү.
-Хэцүү бол ярихгүй байж болно оо.
-Тэр үед хүмүүс илүү хүнлэг байсан шиг санагддаг. Багш нар маань хичээл орохдоо надаас ямархуу байгаа, өлсөж, цангасан, эсэхийг минь асуудаг, хувцас хунар хиртэй байвал угаагаад өгдөг байлаа. Ангийн найзууд ч тусална. Тийм сайхан сэтгэл дунд өссөнөө миний азтайнх л гэж боддог. Үүнээс цаашихыг яримааргүй байна.
-СУИС-д элссэн тухайгаа дурсаач?
-Аймагт есдүгээр ангиа, нийслэлд аравдугаар ангиа төгссөн. Би СУИС-д л орно гэж зорьсон. Тэгээд гурван жил шалгалт өгч байж тэнцсэн. Эхний удаад нь хоёр оноо дутчихсан. Хоёр дахь жил нь шалгалт өгнө гэж бодсон ч бэлдсэн юмгүй явсаар хугацааг нь тулгаж, ганц хоног бэлдээд ортол 1.7 оноо дутав. Эцэг, эхтэй хүмүүс бол хөөцөлдөж байгаад орж болох л байсан байх. Би тэгж чадахгүй шүү дээ. Тэнцээгүй л бол тэнцээгүй гэж ойлгоод л явсан. Гурав дахь удаагаа шалгалт өгөхөд би сайндаа биш, багш нар “Зайлуул, энэ хүүхэд гурав дахь удаагаа шалгалт өгч байна” гэж бодсон байж магадгүй гэж боддог. Ингэж СУИС-д орсноосоо хойш харин намайг тэнцүүлж авсан хүмүүсийн итгэлийг дааж, дөрвөн жил онц сурсан шүү. 36 хичээлийн 35 нь А, нэг нь В дүнтэй, 3.9 голч оноотой төгссөн.
-Шинэ уран бүтээл төлөвлөж байна уу?
-Ардын жүжигчин А.Долгор эгчтэй “Зүрхний хайртай эх орон” дууг хамтарч дуулахаар болсон. А.Долгор эгч энэ дууг Гавьяат жүжигчин П.Ганбат агсантай хамт дуулаад, дүрсжүүлж чадаагүй орхичихсон байсан юм билээ. Энэ сайхан дууг ирэх сард дуулж, зургадугаар сард дүрсжүүлэх төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн жил 30 минутын телеконцерт хийсэн. Энэ жил дахиад хийе гэсэн бодолтой байгаа. Энэ мэтчилэн төлөвлөсөн зүйл зөндөө байна.
Хүн зөвхөн төлөвлөсөн юмаа л хийгээд байвал амьдрал жаахан уйтгартай. Тиймээс гэнэтийн юм гарч ирээсэй. Энд тэндхийн театрууд надад санал тавиасай гэж хүсэж байна. Хаашаа ч хамаагүй өөрийгөө хөгжүүлэхийн төлөө явмаар байна. Энэ театрт л орчихвол миний хүсэл мөрөөдөл ханалаа гэдэг цаг үе надаас бол холдчихлоо. Аль болох түүхтэй, мөртэй, хийсэн юмтай, ярих амттай яриатай л өвгөн болмоор байна. Хангайн сүрлэг уулсын оргилд дуулах, говийн намхан толгод дунд дуулах хоёрт шал өөр мэдрэмж төрнө гэдгийг би мэдэрдэг. Тийм учраас тэгж явахыг хүсээд, тэр нь надад илүү амттай санагдаад байна. Энэ миний л амьдрал юм чинь, яадаг юм бэ.
Миний дуулсан дуу бүхэн амьтай, сүнстэй байгаасай гэж хүсдэг. Хүн мөнх биш. Надад одоо нэр алдарт хүрэх нь тийм ч чухал биш. Хэзээ хойно миний дуулсан дууг хэн нэгэн санамсаргүй сонсоод “Гоё дуу байна. Энэ дуучин нь хэн бэ” гэж асууж байгаасай гэж боддог.

Х.Амина

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25

Н.Алтанхуяг: Тойрог томсгоно гэдэг гурван аймгийн атаман мөнгөө нэгтгэнэ гэсэн үг, гэсэн ч би нэр дэвшинэ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Тэрээр "Сэтгүүлчдээс ярилцлага

2024-01-10

“Айлын таван хүүхэд өнчрүүлээд муухай хүүхэн” гээд дайрч байсан тохиолдол ч бий

Монголын кино урлагийн сор бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог “Гарын таван хуруу“ киноны нэг го

2023-07-27